Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/02057

 

 

 

 

 

 

 

 

2024 11 27 210/МА2024/02057

 

 

 

Б.Х ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч С.Энхбаяр, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2024/04137 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Х ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч А ХХК-д холбогдох,

Хими цэвэрлэгээний тоног төхөөрөмж чөлөөлүүлэх тухай үндсэн, цахилгааны төлбөрт 26,115,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие Б.Х нь А ХХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 38,5 м.кв талбайг сарын 1,200,000 төгрөгөөр тохиролцон хими цэвэрлэгээний газар ажиллуулах зорилгоор түрээсэлсэн. Түрээслүүлэгч нь цахилгаан таслах зэргээр үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулах болсон тул 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гэрээ дуусгавар болгох тухай мэдэгдэл өгч, түрээсийн байрыг хүлээлгэж өгөх хүсэлтээ илэрхийлсэн. Гэвч хариуцагч нь тоног төхөөрөмжүүдийг байрнаас гаргахгүй байгаагаас цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод байна.

Иймд хариуцагч А ХХК-ийн хууль бусаар эзэмшиж байгаа хими цэвэрлэгээний тоног төхөөрөмжүүд болох хуурай бодисын 15 литрийн SX-8D 1 ширхэг, хуурай хими цэвэрлэгээний машин Tosie D-223 1 ширхэг, нойтон цэвэрлэгээний машин XGOP-25, уур хатаагч машин CILANIE 1 ширхэг, нойтон угаалгын жижиг машин 3 ширхэг, индүүний машин 2 ширхэг, бойлуур LDR24KW-0 уур гаргагч, хөлтэй өлгүүр 6 ширхэг, хувцасны ширээ шар 1 ширхэг, тог цахилгааны хэрэглэл, дагалдах хэрэгслийн хамт, гадна гэрэл, самбар, үүдний тавиур 1 ширхэг, компьютер, гэр интернэтийн төхөөрөмж, дотоод камер 4 ширхэг, хас банкны посын машин 1 ширхэг, үстэй дээл зэргийг чөлөөлүүлэх шаардлага гаргасан.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгчтэй түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээний дагуу түрээсийн төлбөрт тог, ус цахилгааны төлбөр багтаж байсан ба хими цэвэрлэгээний тоног төхөөрөмж 220 биш 380 вольтын цахилгааны хэрэглээтэй байсан тул 380 цахилгааныг тусад нь татаж тоолуур тавьсан. Улмаар цахилгааны зардлаа нэхэмжлэгч өөрөө хариуцахаар харилцан тохиролцсон бөгөөд түрээсийн төлбөрөөс илүү цахилгааны төлбөр гарч байсан, мөн тоног төхөөрөмж нь бүгд бүрэн байгаа. Манай компани хэрэглэж эзэмшсэн зүйл огт байхгүй. Цахилгааны төлбөрөө төлөөд тоног төхөөрөмжөө авах боломжтой.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: "А" ХХК нь иргэн Б.Х тай 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс нэг сарын 1,400,000 төгрөг, 2022 оноос 2,700,000 төгрөгөөр Сутай дээд сургуулийн 2 давхрын 38.5 м.кв талбайг түрээслэхээр гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээний дагуу 220 вольтын хүчдэл бүхий цахилгааны төлбөрийг гэрээний үнэнд багтахаар, харин 380 вольтын хүчдэлтэй цахилгааны хэрэглээг тооцохын тулд тэг заалттай тоолуур тавьж цахилгааны хэрэглээг тооцон төлөхөөр тохиролцсон энэхүү хэрэглэсэн цахилгааны зардлаа төлөхгүй одоог хүртэл явсан тул нэхэмжлэгч Б.Х аас 380 вольтын цахилгааны зардал 26,115,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: Талууд түрээсийн гэрээ байгуулж, үнийг тогтоохдоо цахилгааны төлбөр, ашиглалтын зардлыг оруулаад тогтоосон. Тийм учраас нэмэлт зардлыг хариуцагч шаардах эрх байхгүй. Нэг тал дангаараа шийддэг зүйл биш. Гэрээний гол нөхцөлийг хоёр тал харилцан ярилцаж тогтоосон. Гэрээнд огт тийм зүйл байхгүй. Түүнчлэн ямар хугацааны зардал шаардаад байгаа нь тодорхой бус байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 301 дүгээр зүйлийн 301.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Х д хуурай бодисын 15 литрийн SX-8D 1 ширхэг, хуурай хими цэвэрлэгээний машин Tosie D-223 1 ширхэг, нойтон цэвэрлэгээний машин XGOP-25, уур хатаагч машин CILANIE 1 ширхэг, нойтон угаалгын жижиг машин 3 ширхэг, бойлуур LDR24KW-0 уур гаргагч, хөлтэй өлгүүр 6 ширхэг, хувцасны ширээ шар 1 ширхэг, тог цахилгааны хэрэглэл, дагалдах хэрэгслийн хамт, гадна гэрэл, самбар, үүдний тавиур 1 ширхэг, компьютер, гэр интернэтийн төхөөрөмж, дотоод камер 4 ширхэг, үстэй дээл 1 ширхэг зэргийг хүлээлгэн өгөхийг хариуцагч А ХХК-нд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас индүүний машин 2 ширхэг, Хас банкны посын машин 1 ширхэгийг гаргуулах шаардлага болон хариуцагч А ХХК-ийн 380 вольтын цахилгааны төлбөрт 26,115,000.00 төгрөгийг нэхэмжлэгч Б.Х аас гаргуулах тухай сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200.00 төгрөг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,525.00 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 70,200.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Х д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Түрээслэгч Б. Хишигдулам анх гэрээ байгуулахад цахилгааны төлбөрийг түрээслэгч төлөхөөр тохиролцон тэг заалттай тоолуур тавьж ажил нь эхэлсэн байдаг. Энэ хугацаанд Б.Х нь хэрэглэсэн цахилгааны төлбөрөө төлөхгүй удаа дараа шаардуулж байсан тул цахилгааныг нь таслах арга авч байсан болно. Энэ тухай Б.Х шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа дурьдсан. Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Б.Х ын төрсөн эгч нь төлбөрийг төлөх тухай түрээс хариуцсан менежертэй утсаар харьцаж байсан баримт олдсон. Цахилгааны төлбөрөө төлнө гэж бичиж байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Хариуцагчийн баримтаар гаргаж өгсөн бусад гэрээнүүдтэй талуудын хооронд байгуулсан гэрээний заалтуудыг харьцуулж үзэхэд хариуцагчийн сүүлд гаргаж өгсөн гэрээнд зардлыг тусад нь төлнө гэсэн зохицуулалт байдаг. Түрээсийн үйл ажиллагаа явуулдаг учраас ямар гэрээнд үндсэн төлбөрт тооцох уу, ямар төлбөрийг тусад нь төлүүлэх вэ гэдэг нь тодорхой. Гэрээний загварыг түрээслүүлэгч талаас гаргасан түрээслэгч талаас гэрээнд гарын үсэг зурсан. 2022 оны 05 дугаар сард түрээсийн төлбөр нэмсэн албан тоот өгсөн. Цахилгааны төлбөр нэмэгдсэн, ашиглалтын төлбөр нэмэгдэж байгаа учраас бид түрээсийн төлбөрөө нэмсэн гэх агуулгаар 1,200,000 төгрөгийг 2,7000,000 төгрөг буюу 125 хувь нэмсэн. Цахилгаан тасалдаг асуудлын хувьд ашиглалтын зардлаа төлөөгүй асуудлын хувьд биш түрээсийн төлбөрөө хоцроосон тохиолдолд цахилгаан тасалдаг байсан. Зарим үед түрээсийн төлбөрөө хоцроосон тохиолдолд байгаа үүнийг үгүйсгэхгүй. Уг объектоос гарах үедээ түрээсийн үлдэгдэл төлбөргүй гарсан. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч А ХХК-д холбогдуулан хими цэвэрлэгээний тоног төхөөрөмжүүдийг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, цахилгааны төлбөрт 26,115,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4. Талууд 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч А ХХК нь 38,5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хими цэвэрлэгээний үйл ажиллагаа явуулах зориулалтаар нэхэмжлэгч Б.Х д түрээслүүлж, 2023 оны 04 сард түрээсийн гэрээ дуусгавар болсон талаар талууд хэн аль нь тайлбарласан байна. /1-р хх-ийн 7/

 

5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ түрээсийн гэрээ дуусгавар болсон боловч хариуцагч А ХХК нь үндэслэлгүйгээр их хэмжээний цахилгааны төлбөр нэхэмжилж, хими цэвэрлэгээний тоног төхөөрөмжийг хууль бусаар эзэмшиж байна гэх агуулгаар тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч 220 вольтын хүчдэл бүхий цахилгааны төлбөрийг түрээсийн төлбөрт оруулж тооцох, харин 380 вольтын хүчдэл бүхий цахилгааны зардлыг түрээслэгч хариуцан төлөхөөр тохиролцсон боловч нэхэмжлэгч Б.Х нь 380 вольтын хүчдэл бүхий цахилгаан хэрэглэж, 26,115,000 төгрөгийн төлбөр үүссэн, уг төлбөрийг төлөөгүй тул тоног төхөөрөмжийг өгөх боломжгүй гэжээ. Өөрөөр хэлбэл, ашиглалтын зардлыг талуудын аль нь хариуцан төлөх эсэх нь маргааны зүйл болжээ.

 

6. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэсэн. Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээх ба талуудын байгуулсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр байна.

 

6.1. Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтаар талуудын байгуулсан түрээсийн гэрээ дуусгавар болсон бөгөөд түрээсийн төлбөрийн маргаангүй боловч нэхэмжлэгчийг түрээсийн хугацаанд ашиглалтын зардал болох 380 вольтын хүчдэл бүхий цахилгааны төлбөрийг төлөөгүй үндэслэлээр хариуцагч нь Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хими цэвэрлэгээний тоног төхөөрөмжүүдийг саатуулан барьсан үйл баримт тогтоогджээ.

 

6.2. Иргэний хуулийн 301 дүгээр зүйл нь хуульд зааснаар үүсэх барьцааны эрх бөгөөд 301.1 дэх хэсэгт газар, байшин болон орон сууц хөлслүүлэгч нь эд хөрөнгө хөлслөх гэрээг биелүүлэхтэй холбоотой шаардлагаа хангуулах зорилгоор тухайн газар, байшин орон сууцанд байгаа хөлслөгчийн эд хөрөнгийг саатуулан барих эрхтэй байхаар зохицуулсан.

Хариуцагч нь түрээсийн хугацаанд 380 вольтын цахилгааны зардлыг түрээслэгч төлөхөөр гэрээгээр тохиролцсон гэх боловч хэрэгт авагдсан түрээсийн гэрээнд энэ талаар тохиролцсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Тодруулбал, 1 дүгээр хавтаст хэргийн 15 дугаар талд авагдсан түрээсийн төлбөр нэмэгдүүлэх тухай албан бичгийг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас цахилгааны төлбөр нэмэгдсэн үндэслэлээр түрээсийн төлбөрийг нэмж байгаагаа илэрхийлсэн агуулга бүхий мэдэгдлийг нэхэмжлэгчид илгээж, улмаар төлбөрөө нэмснээс үзэхэд цахилгааны төлбөрийг түрээсийн төлбөрт оруулан тооцохоор тохиролцсон гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Түүнчлэн хариуцагч нь цахилгааны төлбөрт 26,115,000 төгрөгийн үүрэг үүссэн талаар тайлбарлаж, нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргасан боловч энэ нь ямар хугацааг хамарч байгаа болох, уг төлбөрийг цахилгаан эрчим хүчээр хангагч байгууллагад төлсөн эсэх болон мөнгөн дүнгийн тооцоолол тодорхойгүй байх бөгөөд шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Иймээс хариуцагч нь нэхэмжлэгчийн тоног төхөөрөмжийг саатуулан барих эрхгүй, хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч нь уг тоног төхөөрөмжүүдийг шаардах эрхтэй байна.

 

6.3. Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.3 дахь хэсэгт Талууд тохиролцсон бол нэмэлт зардлын төлбөрийг нэгэн адил төлнө. гэж заажээ. Нэмэлт зардал гэдэгт цахилгаан, дулааны зардал зэргийг оруулан тооцох бөгөөд хуулийн дээрх зохицуулалтаар талууд тохиролцсон байхыг шаардаж байна.

Цахилгааны төлбөрийг түрээслэгч буюу нэхэмжлэгч хариуцан төлөхөөр тохиролцсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул цахилгааны төлбөрт 26,115,000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2024/04137 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,525 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Т.БАДРАХ

 

ШҮҮГЧ  С.ЭНХБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ