| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/0443/Э |
| Дугаар | 445 |
| Огноо | 2019-04-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Мөнхзул |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 445
-
-
2019 4 17 2019/ШЦТ/445
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч А.Мөнхзул,
шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Гыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1908008380466 дугаар хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1962 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Зана овогт Дашзэвэгийн Г /РД: /.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Д.Г нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баянхошууны эцсийн автобусны буудал дээр үл ялих зүйлээр шалтаглан иргэн С.Бийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хэргээ хүлээж байгаа. “Захирлын утасны дугаар өгчих” гэхэд өгөхгүй болохоор нь гараараа цохичихсон. 128.000 төгрөг хохиролд өгсөн. Согтууруулах ундаа хэрэглэсэн байсан” гэв.
Эрүүгийн 1908008380466 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч С.Бийн: “2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баянхошууны эцэс дээр таксинд явах гээд зогсож байтал Г ирээд манай компанийн захирлын дугаарыг асуухаар нь “би мэдэхгүй, мөнгө хураадаг хүнээс очоод асуучих” гэсэн чинь Г хойшоо алхчихаар нь би машинаасаа буусан чинь эргэж хараад миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохисон. Миний баруун нүднээс цус гоожсон. Тэр хавиар явж байсан хүмүүс цаас авчирч өгөөд цусыг тогтоож өгсөн...” гэх мэдүүлэг /хх-8-9/,
Гэрч У.Эрдэнэбаатарын: “2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянхошууны эцэст байрлах махны лангуун дээр зогсож байгаад гартал Г таксины зогсоол дээр байсан Бээс захирлынх нь дугаарыг асуух гээд согтуу байж байсан. Б “мэдэхгүй” гэсэн чинь Г хойшоо гудамж руу алхаж байгаад буцаж ирээд Бийн нүүр лүү гараараа нэг удаа цохисон чинь Бийн нүүрнээс цус гарчихсан...” гэх мэдүүлэг /хх-21/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.02.01-ний өдрийн 1966 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. С.Б-н биед баруун нүдний зовхины цус хуралт, няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэжээ /хх-11/,
Шинжээч Ж.Ганцэнгэлийн: “...С.Бийн биед учирсан гэмтэл нь 1 удаагийн мохоо зүйлээр үүсгэгдэнэ. ...Хүний гар, хөл мохоо зүйлд хамаарна” гэх мэдүүлэг /хх-14/,
Шүүгдэгч Д.Гын яллагдагчаар өгсөн: “2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Баянхошууны эцэс дээр байлах “Андууд” таксины зогсоол дээр би Бээс “Дэлгэрэх зогсоолын утасны дугаарыг өгчих” гэсэн чинь Б “би мэдэхгүй” гэхээр нь би “чи яахаараа мэддэггүй юм бэ, чи компанид нь ажиллаж цалин авдаг биз дээ” гээд би нүүр рүү нь гараараа цохичихсон...” гэх мэдүүлэг /хх-44-45/,
эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-23/, хохирлын баримтууд /хх-24/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-27/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-28/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-29/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-30/, “Хаан банк” ХХК-ийн тодорхойлолт /хх-31/, Асап сангийн лавлагаа /хх-32-36/, эвлэрлийн гэрээ гэх гар бичвэр /хх-52/, хохирогчийн “Ямар нэгэн гомдол саналгүй...” гэх хүсэлт /хх-53/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Г согтуурсан үедээ 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баянхошууны эцсийн автобусны буудал дээр үл ялих зүйлээр шалтаглан хохирогч С.Бийн нүүрэнд гараараа цохиж баруун нүдний зовхины цус хуралт, няцарсан шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч С.Бийн “...Г миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохисон, нүднээс цус гоожсон. ...Г согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-8-9/, шүүх эмнэлгийн 1966 дугаар “1. С.Б-н биед баруун нүдний зовхины цус хуралт, няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх шинжилгээ /хх-11/, гэрч У.Эрдэнэбаатарын “...Г ...Бийн нүүр лүү гараараа нэг удаа цохисон чинь Бийн нүүрнээс цус гарчихсан. Г согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-21/, шүүгдэгч Д.Гын яллагдагчаар өгсөн “...би Бийн нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохичихсон. ...Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-44-45/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Гын хохирогч С.Бийн “захирлынхаа утасны дугаарыг өгсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан түүний нүүрэн тус газарт цохиж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байна гэж шүүх дүгнэж түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч С.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч, шүүгдэгч нарын “...эвлэрсэн ямар нэгэн гомдол саналгүй...” гэх эвлэрлийн гэрээ гэх гар бичвэр /хх-52/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн болох нь тогтоогдож байна. Шүүгдэгчийн буруутай үйл ажиллагаанаас гэмт хэрэг үйлдэгдсэн, цааш явж байгаад буцаж ирээд цохиж байгаа санаатай үйлдэл хийсэн. Бусдад төлөх төлбөргүй, гэм хор арилсан гэж үзэн 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, орлого олдоггүй тул торгох ял оногдуулах үндэслэлгүй байсан. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй...” гэж,
шүүгдэгч “Хэлэх зүйл байхгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шүүгдэгч согтуурсан үедээ, үл ялих зүйлээр шалтаглан хүний эрх, эрх чөлөөнд санаатай үйлдлээр халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирол төлөгдсөн, хохирогч “Гомдол саналгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилгүй, 57 настай/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. Гэвч хэмжээний хувьд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд буюу шүүгдэгчийн ямар нэгэн шалтаг шалтгаангүй хүний эрх чөлөөнд халдсан үйлдэлд оногдуулах улсын яллагчийн 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлагын дүгнэлт нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Год 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Г урьдчилсан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Зана овогт Дашзэвэгийн Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гыг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Г урьдчилсан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР