Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 133

 

О.Г-, Х.Ц-, Ч.А- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч О.Г-ийн өмгөөлөгч Б.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/240 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ДШМ/495 дугаар магадлалтай, О.Г-, Х.Ц-, Ч.А- нарт холбогдох 2110000000732 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч О.Г-ийн гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт ****оршин суух хаягтай, урд нь:

Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 462 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 50,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж, биечлэн эдлэх ялыг 10 жил 1 сарын хугацаагаар тогтоож 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 2015 оны Эрүүгийн хуулийн тэгшитгэлээр суллагдсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны              12 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хорих ял дээр 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 50 хоногийн хорих ялд шилжүүлж, нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 жил 50 хоногийн хугацаагаар тогтоож, 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1042 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар тус тус шийтгүүлсэн, Б овогт О Г- /РД: ***/,

2. Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг, 7 дугаар гудамжны 01 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт, **** хаягтай, урд нь:

Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар дээрх ялаас чөлөөлсөн,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 630 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Д овогт Х Ц- /РД: ***/,

3. Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Завхан аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, нагац ахын хамт Төв аймгийн Жаргалант сумын 2 дугаар баг, Өгөөмөр Салхитын 11 дүгээр гудамжны 7 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 20 дугаар хороо, **** хаягтай, урд нь:

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж, нийт 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хорих ял дээр 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 90 хоногийн хорих ялд шилжүүлж, нэмж нэгтгэн, нийт 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, М овогт Ч А- /РД: ***/.

Шүүгдэгч О.Г- нь:

2021 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 21 цагийн орчим Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “ТБД” андууд дэлгүүрийн хойно байрлах 5 дугаар байрны зүүн талд 66 дугаар цэцэрлэгийн баруун талд найзыгаа өмөөрч Г.Э-той маргалдан улмаар түүний биед нь халдаж “баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсгөнд шарх, зүүн доод 1,2 дугаар шүдний сулрал, цээжний урд хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Нарантуул” Олон улсын худалдааны төвийн урд, Нарны замын урд байрлах “Эрдэнэдрийлинг” ХХК-ийн ертөнцийн зүгээр зүүн талд, “Монсуль” шатахуун түгээх станцын баруун талд байрлах чингэлгүүдийн дунд К.О-ийг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байхад нь шалтаг шалтгаангүйгээр гараараа болон тоосгоор цохиж зодон, биед нь халдаж эрүүл мэндэд нь “... дагз ясны зүүн хэсгийн шугаман хугарал, их тархины хоёр тал бөмбөлгийн дух, чамархай, зулай, суурийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, дагзны хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, зүүн чамархайн хуйх, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхи, хүзүүний баруун хажуу гадаргууд цус хуралт, зүүн дунд чөмөгний хүзүүний хугарал, зүүн чихний дэлбэн, баруун шилбэ, баруун даланд зулгаралт” бүхий хүнд хохирол учруулан К.О- нь 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 16 цаг 51 минутад Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн очоод эмчлэгдэж байгаад 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 21 цаг 25 минутад амь хохирсон,

2021 оны 08 дугаар 21-ний өдрийн 20 цаг 36 минутад М.Билэгдэмбэрэлтэй бүлэглэн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын автобусны буудлын хойд талбай, Нэхмэлийн 7 дугаар байр, “Долоон наран” хүнсний дэлгүүрийн урд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн О.Ц-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний биед 39 удаа гар, хөлөөрөө өшиглөсөн, М.Билэгдэмбэрэл нь зодооныг салгахаар очихдоо О.Ц-г 1 удаа өвдөглөж 2 удаа өшиглөсний улмаас О.Ц-д “... тархины няцралт, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун тал бөмбөлгийн хатуу хальсны дээрх, доорх, цус хураа, ховдол дахь цус харвалт, цусаа хураа, ... ” бүхий хүнд хохирол учруулан, О.Ц- нь 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн очоод эмчлэгдэж байгаад 2021 оны 08 дугаар сарын 27-ны  өдрийн 14 цаг 30 минутад амь хохирсон,

2021 оны 09 дүгээр сарын 15-ны орой 22 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Төмөр замын дээд сургуулийн зүүн талын 7 дугаар байрны хойд талд, үерийн ус зайлуулах далан дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа О.Г-гийн араас очин түүнийг түлхэж унаган баруун талын мөрөндөө үүрсэн байх хар бор шоотой арьсан цүнхийг булаан авч, 97,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Х.Ц- нь:

2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 20 цагийн үед Хан-Уул 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын автобусны буудлын хажууд “Долоон наран” хүнсний дэлгүүрийн гадна хамт архи уусан иргэн О.Ц-гийн нүүр рүү цохиж, хөл рүү нь өшиглөн “... нүүр мөчдийн цус хуралт, зулгаралтууд” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ч.А-той бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын 32 дугаар байрны орчим иргэн Ц.Г-ыг цохилоо гэх шалтгаанаар биед нь гар, чулуугаар цохин, эрүүл мэндэд нь “... зулайн хуйханд язарсан шарх, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун шанаа, духанд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Ч.А- нь:

2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Х.Ц-тай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын 32 дугаар байрны орчим иргэн Ц.Г-ыг цохилоо гэх шалтгаанаар биед нь гар, чулуугаар цохин, эрүүл мэндэд нь “... зулайн хуйханд язарсан шарх, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун шанаа, духанд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 240 дүгээр шийтгэх тогтоолоор: Хан-Уул дүүргийн прокурорын газраас Х.Ц-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Б овогт О.Г-ийг “Хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж, хоёр хүнийг алсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн,

Д овогт Х.Ц-, М овогт Ч.А- нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дуаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч О.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11 дахь заалтад зааснаар бүх насаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Х.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сар 23 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар,

шүүгдэгч Ч.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 520 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11 дэх заалтад зааснаар оногдуулсан бүх насаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн бүх насаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-т оногдуулсан бүх насаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-ийн 181 хоног, Х.Ц-гийн 114 хоног, Ч.А-ын 4 хоног тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг тэдний эдлэх ялд оруулан тооцож эдлэх ялаас хасаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.А-од оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож,

шүүгдэгч Ч.А- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,

энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.Ц-, Ч.А- нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-оос 97.800 төгрөг гаргуулж хохирогч О.Г-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-ын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,

шүүгдэгч Ч.А-, Х.Ц- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч О.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж түүний эдлэх ялыг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 495 дугаар магадлалаар:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 240 дүгээр шийтгэх тогтоолын:

- тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Хан-Уул дүүргийн прокуророос Х.Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн            34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Хан-Уул дүүргийн прокурорын газраас Х.Ц-г хохирог О.Ц-, Ц.Г- нарын буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргээс хохирогч О.Ц-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн               34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 6 дахь заалтын “...шүүгдэгч О.Г-ийн 181 хоног,...” гэснийг “...шүүгдэгч О.Г-ийн 164 хоног,...” гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-т Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1402 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан       500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-ийн 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 74 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч О.Г- гаргасан гомдолдоо “... хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, маш их харамсаж байна. Талийгаач О-ийг би хоёр удаа зодоогүй. О-ийг алсан хэргийн хувьд камерын бичлэг, нотлох баримт огт байхгүй. Би согтууруулах ундаа хэрэглээгүй, өөрийгөө бүрэн хянах чадвартай, болсон явдлыг бүгдийг нь санаж байгаа. О- нь надтай муудалцсанаас хойш 3 хоногийн дараа эмнэлэгт хүргэгдсэн. Надад огт хамааралгүй үхэлд хүргэсэн байхад намайг алсан гэж байгаад гомдолтой байна. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас намайг хоёр хүний амь насыг санаатайгаар хохироосон гэж зүйлчлэлийг хүндрүүлж байгаад гомдолтой. О- гэдэг талийгаач надаас хойш 3 хоногийн дараа эмнэлэгт хүргэгдсэн байхад надад яагаад энэ хүнийг алсан гээд байгаа юм бэ. Би үнэхээр үнэн зөв шалгуулах хүсэлтэй байна. Талийгаач О- архи уугаад, өөр хүнд зодуулсан гэж би бодож байна. Миний бие анхан шатны шүүх дээр талийгаач О-ийн нас барсан үхэл надад ямар ч хамаагүй гэж маргасан. Мөн миний урьд өмнө цагдан хоригдсон 16 хоногийг эдлэх ялд оруулж тооцоогүй. Анхан шатны шүүгчид, прокурор хэт нэг талыг барьж миний эрх зүйн байдлыг дордуулсан. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхээс оногдуулсан бүх насаар хорих ялыг хэвээр үлдээсэн. Хэргийг минь нягтлан шалгаагүй тул Улсын дээд шүүхийн шүүх бүрэлдэхүүн та бүхэн хэргийг минь үнэн зөвөөр тал бүрээс нь нягтлан шалгаж өгнө үү гэж гуйж байна. Иймд шүүх бүрэлдэхүүн та бүхэн миний бүх насаар хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү ...” гэжээ.

Шүүгдэгч О.Г-ийн өмгөөлөгч Б.Баттулга хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Шүүгдэгч О.Г- нь бичиг үсэг мэдэхгүй, боловсролгүй иргэн байгаа. Тиймээс эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан үеэс эхлэн өмгөөлөгчөөр оролцож эхэлсэн. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд гэм буруугийн талаар маргахгүй, хүлээн зөвшөөрч мэдүүлж байсан боловч анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсний дараа давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан. Миний үйлчлүүлэгчийн гэм буруугийн талаар маргаагүй нөхцөл байдлыг анхан болон давж заалдах шатны шүүх харгалзаж үзэлгүйгээр бүх насаар хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Иймд оногдуулсан хорих ялыг хугацаатай хорих ял болгон өөрчилж өгнө үү ...” гэв.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Шүүгдэгч О.Г- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11-т заасан гэмт хэргийг мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, шүүгдэгч Х.Ц-, Ч.А- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай бүрэн тогтоогдсон байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгч О.Г-т анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээнд тохирсон байна гэж дүгнэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг үнэлэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Гомдлын хувьд хэрэгт авагдсан 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1724 дугаар шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудад хохирогч К.О- нь 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ГССҮТ-д “... 3 хоногийн өмнө зодуулсан гэх асуумжтай эмнэлэгт хүргэгдэж ирсэн ...” гэх баримт авагдсан байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/240 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ДШМ/495 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Г-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Шүүгдэгч О.Г-ийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд болон шүүгдэгч Х.Ц-, Ч.А- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзээд шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байна гэж хяналтын шатны шүүхээс дүгнэлээ.

2. Шүүгдэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэргийн нөхцөл байдалтай уялдуулан хянаж үзэхэд гомдлыг хүлээн авах үндэслэлгүй болохыг дараах байдлаар дэлгэрүүлэн тайлбарлах нь зүйтэй.

2.1. Шүүгдэгч О.Г- “... би К.О-ийг зодоогүй, надтай муудалцсанаас хойш 3 хоногийн дараа эмнэлэгт хүргэгдсэн байхад намайг яагаад энэ хүнийг алсан гээд байгаа юм бэ. Энэ хэргийн хувьд хяналтын камерын бичлэг, нотлох баримт огт байхгүй. К.О- архи уугаад өөр хүнд зодуулсан байх гэж бодож байна ...” гэсэн агуулга бүхий гомдлыг хяналтын шатны шүүхэд гаргажээ.

Хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр байж, бусдын амь насыг хохирооход чиглэсэн, санаатай үйлдэл хийсний үр дагаварт хүн нас барсан явдлыг тооцдог бөгөөд хохирогч хэзээ нас барсан нь уг хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.

Шүүгдэгч О.Г- нь амь хохирогч К.О-ийг зодож, цохисон үйлдэл болон хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.

Амь хохирогч К.О-ийг зодож амь насыг нь хохироосон гэмт хэргийн талаар шүүгдэгч О.Г- анхан шатны шүүх хуралдааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан бол давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо амь хохирогчийн нас барсан үйлдэлд хамааралгүй гэх байдлаар дурддаг хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтууд болох шинжээчийн дүгнэлт, гэрч Х.Ц-, Д.Гантулга, Т.Урнаа, Х.Энхбат, А.Пүрэвсүрэн, Г.Мөнхбат, шинжээч эмч Ц.Нандин-Эрдэнэ нарын мэдүүлэг зэргээр няцаагдаж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байгаа дээрх гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж байх бөгөөд хэргийн үйл баримт бүрэн, эргэлзээгүй байдлаар тогтоогджээ.

Иймд шүүгдэгч О.Г-ийн үйлдсэн гэмт хэрэг хөдөлбөргүй нотлогдсон талаарх шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх, няцаах нотлох баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн “... К.О- архи уугаад өөр хүнд зодуулсан байх гэж бодож байна ...” гэсэн гомдлын тухайд бол хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй тул хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дахин шинжлэн судалж хэргийн үйл баримтыг өөрчлөн дүгнэх боломжгүйг дурдах нь зүйтэй.

2.2. Шүүгдэгч О.Г-ийн гомдолд “... бүх насаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэж мөн дурджээ.

Бүх насаар нь хорих ялыг онцгой тохиолдол буюу гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлын хэд хэдэн шинжийг агуулж бусдын амь насыг санаатай хохироох, хэд хэдэн хүний амь насыг хохироох, үндэсний аюулгүй байдалд халдаж ноцтой хохирол учруулах, хэрцгийгээр хүч хэрэглэх зэрэг гэмт хэрэгт оногдуулах нь зүйд нийцнэ.

Монгол Улсын Эрүүгийн хуульд нийт 14 төрлийн гэмт хэрэгт бүх насаар хорих ял оногдуулахаар заасны нэг нь хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар алах гэмт хэрэгт хэрэглэж болохыг хуульчилсан билээ.

Иймд гэм буруутай этгээдэд “Бүх насаар нь хорих” хамгийн хүнд төрлийн ялыг сонгон оногдуулахад энэ төрлийн бусад гэмт хэргүүдээс ямар ялгаатай, хуульд заасан эрүүгийн хариуцлагын хамгийн хүнд хэлбэрийг хэрэглэхээс өөр аргагүй нөхцөл байдал тогтоогдож байгаа талаар шүүх заавал дүгнэлт хийсэн байвал зохино.

Өөрөөр хэлбэл, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алах гэмт хэрэгт арван хоёроос хорин жил хүртэл, эсхүл бүх насаар хорих ял оногдуулах сонголт байгаа бөгөөд хүндрүүлсэн сонголтыг хийхэд Эрүүгийн хуулиар нарийвчлан тодорхойлсон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа эсэхийг дүгнэх зайлшгүй шаардлагатай.

Шүүгдэгч О.Г-ийн хувьд хоёр хүний амь насыг хохироосон нь хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон, амь хохирогч нарыг алах үйлдэл хийхдээ ямар нэг шалтаг шалтгаангүй, үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, үйлдлийнх нь улмаас амь нас нь хохирох боломжтойг мэдсээр байж гараараа болон тоосгоор олон удаагийн давтамжтай толгой, нүүр рүү нь цохих, өшиглөх, дэвсэх зэрэг шууд санаатай үйлдлээр олон тооны шарх, гэмтэл учруулан, хор уршгийг хүсэж, зориуд хүргэсэн шинж болон урьд гурван удаагийн ял шийтгэл хүлээж байсан хувийн байдлыг харгалзан анхан болон давж заалдах шатны шүүхээс О.Г-т оногдуулсан бүх насаар хорих ялыг зайлшгүй хөнгөрүүлж, хугацаатай хорих ял болгон өөрчлөх хууль зүйн үндэслэл, нотолгоо, баримт хэрэгт авагдаагүй тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ. 

2.3. Шүүгдэгчийн “... миний урьд өмнө цагдан хоригдсон 16 хоногийг эдлэх ялд оруулан тооцоогүй ...” гэх гомдлын тухайд О.Г- нь 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног баривчлагдан суллагдсан,         2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тасралтгүй цагдан хоригдож байгаа бөгөөд анхан шатны шүүх хуралдаан хүртэл 162 хоног, үүнээс хойш давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл 74 хоног цагдан хоригдсон болохыг тодорхойлж, анхан шатны шүүхийн цагдан хоригдсон хоногийг буруу тооцсон алдааг 164 хоног гэж зөвтгөж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий болжээ.

3. Шүүгдэгч О.Г- нь ганцаараа болон бусадтай бүлэглэн хоёр хүнийг алсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Х.Ц-, Ч.А- нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудаар хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна.

4. Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч О.Г-ийн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11 дэх заалт, тус хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн тус хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, түүнд бүх насаар хорих ялаар шийтгэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирчээ.

5. Шүүхээс шүүгдэгч Х.Ц-гийн хохирогч О.Ц-гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үйлдэл тогтоогдоогүй тул гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байх ба харин шүүгдэгч Х.Ц-, Ч.А-той бүлэглэн хохирогч Ц.Г-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан, хэргийн зүйлчлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Шүүх тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Х.Ц-д 3 сар 23 хоногийн зорчих эрх хязгаарлах ял, шүүгдэгч Ч.А-од 520 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус оногдуулж шийдвэрлэснийг буруутган дүгнэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

6. Шүүгдэгч О.Г-т анхан шатны шүүхээс Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1042 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хэрхэн эдлүүлэх талаар дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй орхигдуулсныг зөвтгөн дүгнэж, шүүгдэгчийн дээрх үйлдлийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлэх талаар нэмэлт заалт оруулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.

7. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй,  хуульд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул шийтгэх тогтоол, магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

8. Анхан шатны шүүх нь Эрүүгийн хуульд заасан “хөнгөн хохирол” гэсэн ойлголтыг “хөнгөн гэмтэл” гэх байдлаар хуульд заагаагүй нэр томьёо ашигласан, мөн шийтгэх тогтоолын 24 дэх талд “... шүүгдэгч Х.Ц- нь хувийн байдлын хувьд байнга оршин суух бүртгэлтэй хаяг дээрээ оршин суудаггүй, тэнэмэл амьдралтай ... зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сар 23 хоногийн зорчих эрх ял хязгаарлах ... оногдуулахаар шийдвэрлэв ...” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болсон, яллах дүгнэлтэд алдаатай тусгасан үйл баримтыг анхан шатны шүүх зөвтгөсөн байхад давж заалдах шатны шүүх алдаатай байдлаар дүгнэснийг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

9. Нэгтгэн дүгнэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан, шүүгдэгч нарт холбогдох хэргийг хоёр шатны шүүх үндэслэлтэй зөв шийдвэрлэж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтойгоор зөрчөөгүй байх тул шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Г-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/240 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ДШМ/495 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч О.Г-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

            ДАРГАЛАГЧ                                                Б.БАТЦЭРЭН

            ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                 С.БАТДЭЛГЭР

                                                                                  Б.ЦОГТ

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН