Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2019/0522

 

 

 

 

Ц.О-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Н.Хонинхүү, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Ц.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0443 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.О-ийн нэхэмжлэлтэй, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0443 дугаар шийдвэрээр:

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын нэхэмжлэгч Ц.О-г Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар томилоогүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, хариуцагчийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/165 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийг тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар томилж, ажилгүй байсан 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг түүний өмнө нь авч байсан ТЗ-12 зэрэглэлийн 3 дугаар шатлалын 921.067 төгрөгийн үндсэн цалингаар тооцон олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 221/МА2017/0374 дугаартай магадлалаар Д.Ж-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн талаар хэлэлцсэн. Уг магадлалаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 03 дугаар тушаалаар тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар Ц.О-г томилсон нь хууль бус болохыг тогтоож, Д.Ж-ыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилсон байна. Гэтэл захиргааны хэргийн анхан шатны шүүхээс уг хэрэг ач холбогдол бүхий дээрх нотлох баримтыг бүрэн шинжилж судлаагүй байна.

2. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан бөгөөд шүүхээс эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа Д.Ж-ыг гуравдагч этгээдээр томилох ёстой гэж үзээд хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

3. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 03/1542 дугаартай албан бичгээр Ц.О-ийн нэхэмжлэлтэй Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэрэгт тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ш.У-ийг томилсон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2-т заасныг ноцтой зөрчиж итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хэргийн материалтай танилцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй юм.

4. Нэхэмжлэлийн шаардлагад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/165 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар гаргасан бөгөөд уг тушаал нь Авлигатай тэмцэх газрын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 05/11233 дугаар албан бичгийг үндэслэсэн бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй” гэж заасан. Гэтэл уг газраас ирүүлсэн албан бичигт “...Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар томилогдохоор нэр дэвшсэн Г Г нартай холбоотой гомдол, мэдээллийг хүлээн авч Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 28 дугаар зүйлийн 28.1.2-т заасныг тус тус үндэслэн холбогдох хяналт шалгалтын ажлыг явуулж байна” гэж дурдсан нь уг этгээдийг албан тушаалд томилохгүй байх үндэслэл болохгүй юм. Учир нь тус хуулийн 23 дугаар зүйлийн тайлбарт “23.9.Энэ хуулийн 23.7-д заасан тохиолдолд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд мөн хуулийн 8 дугаар зүйлийг хэрэгжүүлж ажиллах талаар баталгаа гаргах бөгөөд түүнийг тухайн албан тушаалд томилох эсэхийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ” гэж заасантай зөрчилдөж байгаа бөгөөд уг албан бичгийг үндэслэн шүүх шийдвэр гаргасан нь шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-д заасны дагуу гуравдагч этгээдийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах хүсэлтийг хариуцагчаас гаргасан боловч анхан шатны шүүх хүсэлтийг хангалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн шийдвэр гаргасан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ц.О-с Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарын бичгийн даргад холбогдуулан “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Ц.О-г Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар томилоогүй үйлдэл хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргад даалгах, мөн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Ажилд томилох тухай” Б/165 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Анхан шатны шүүхийн дүгнэлт, хэрэгт цугларсан нотлох баримтууд болон маргааны үйл баримтаас үзвэл, хариуцагч нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг батлах тухай” 370 дугаар тогтоол, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д заасныг тус тус үндэслэн “Ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/144 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Ажил, албан тушаалд томилох тухай” Б/145 дугаар тушаалыг гаргахдаа нэхэмжлэгчийг албан тушаалд нь эгүүлэн томилоогүй хууль бус эс үйлдэхүй гаргасан нь тогтоогджээ.

Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 23 дугаар зүйлийн 23.4-д “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдсон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө” гэж заажээ.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг батлах тухай” 370 дугаар тогтоолоор тус яамны бүтцийн нэгж өөрчлөгдөхөд нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаал, түүний ажлын чиг үүрэг өөрчлөгдөөгүй, газрын бүтэц, зохион байгуулалтын нэгж хэвээр хадгалагдсан байхад нэхэмжлэгчийг ажилд томилоогүй нь дээрх зохицуулалтад нийцэхгүй байна.

Тиймээс хариуцагч нь нэхэмжлэгчийн ажлын байрны чиг үүрэг, бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөөгүй байхад Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангагдах эрхийг зөрчиж, нэхэмжлэгчийг ажил албан тушаалд нь эгүүлэн томилоогүй эс үйлдэхүй гарган, улмаар уг албан тушаалд томилогдох боломжтой эсэх нь тогтоогдоогүй гуравдагч этгээд Г.Г-г маргаан бүхий Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргаар томилсон нь хууль бус бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 221/МА2017/0374 дугаартай магадлалаар Д.Ж-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн талаар хэлэлцсэн. Уг магадлалаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 03 дугаар тушаалаар тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар Ц.О-г томилсон нь хууль бус болохыг тогтоож, Д.Ж-ыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилсон байна. Гэтэл захиргааны хэргийн анхан шатны шүүхээс уг хэрэг ач холбогдол бүхий дээрх нотлох баримтыг бүрэн шинжилж судлаагүй...” гэх давж заалдах гомдлын тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “Анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гаргахгүй” гэж заасан бөгөөд тус баримтыг давж заалдах шатны шүүх үнэлэх хууль зүйн үндэслэлгүй. Харин хариуцагчаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 32.4-д заасан үүргээ хэрэгжүүлж анхан шатны шүүхэд өөрөө гаргаж өгөх бүрэн боломжтой байсан.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа Д.Ж-ыг гуравдагч этгээдээр татах ёстой байсан...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаалгахаар гаргасан” давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0443 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН