Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2024/0020

 

“Н ө у” НҮТББ-ын

нэхэмжлэлтэй, Булган аймгийн татварын хэлтсийн

татварын улсын байцаагч нарт холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч, шүүгч: Ц.Цогт

       Шүүгчид:                  М.Батсуурь

                                             Х.Батсүрэн

                                             П.Соёл-Эрдэнэ

       Илтгэгч шүүгч:       Д.Батбаатар

       Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 158/ШШ2023/36 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2023/674 дүгээр магадлалтай,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 11 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, С.С /цахимаар/ нарыг оролцуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Булган аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн № НА-04220000019 дүгээр нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох болгуулах тухай;

2.Хэргийн нөхцөл байдал: Татварын улсын байцаагч нар “Н ө у” НҮТББ-д “нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болох үүрэг үүссэн өдрөө бүртгүүлээгүй, бүртгүүлснээс хойших хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй, эрсдэлийн дунд үнэлгээтэй, борлуулалтын орлогоор төлбөрийн баримт үүсгэсэн боловч тухайн борлуулалтын орлогыг “чөлөөлөгдөх орлого” гэж тайланд тусгаагүй” үндэслэлээр нөхөн татварын акт үйлдсэн.

3. Нэхэмжлэгчээс “ ... “и-баримтаар шивсэн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй гэж үзэн зөрчилд тооцсон нь хууль бус” гэж, хариуцагчаас “ ... “төлбөрийн баримт үүсгэсэн борлуулалтын орлогоо тайланд чөлөөлөгдөх орлого гэж тусгаагүй” гэж тус тус маргажээ.  

4.Анхан шатны шүүх: “ ... “хариуцагч нар хяналт шалгалтыг үргэлжлүүлэн хийхээр өөрчилсөн шийдвэрийг мэдэгдсэн байх үүргээ бүрэн гүйцэтгээгүй, шилжүүлсэн мөнгөн хөрөнгө нь борлуулсны улмаас олсон орлого биш, бүртгүүлээгүй байсан тул татварыг суутгах авах зэрэг харилцааг үүсгэх эрхгүй байсан” үндэслэлээр Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1, 73 дугаар зүйлийн 73.1, 73.1.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.1.1, 81 дүгээр зүйлийн 81.1, 81.1.4, 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.2.3, 40.3, 45 дугаар зүйлийн 45.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

5.Давж заалдах шатны шүүх: “ ... “нэхэмжлэгч нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх үүргээ биелүүлэлгүйгээр орлого олсон өдрөөс хойш 2 сарын дараа суутган төлөгчөөр бүртгүүлсэн, анхан шатны шүүх хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарласан“ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8, 5 дугаар зүйлийн 5.2.1, 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

6.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Г гомдолдоо:

6.1.Давж заалдах шатны шүүх урьдчилсан, борлуулалтын орлогуудыг онцлог, ялгааг гаргалгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн,

6.2.Урьдчилж орсон 103,200,000 төгрөгийн орлогыг борлуулалтын орлого болгож нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр гэж үзэхгүй.

6.3.2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “Сэлэнгэ” үүлдрийн үржлийн зориулалттай үхрийг Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны өмчлөлд шилжүүлж өгөөгүй.

6.4.Малчдаас 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр үхрээ хүлээн авч, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны өмчлөлд шилжүүлж, гэрээ дүгнэн, төлбөрийн баримт үйлдсэн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.8-д заасан нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр юм.

6.5.Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаагүй, үүний улмаас нотлох баримтыг дутуу үнэлж, нөхцөл байдлыг бүрэн үнэлээгүйд гомдолтой байна.

6.6.Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

8.Хариуцагч нараас нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

9.Давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

10.“Н ө у” НҮТББ “нэмэгдсэн өртгийн албан татварын татварын суутган төлөгч болсноос хойш үйл ажиллагаа явуулаагүй үндэслэлээр суутган төлөгчөөс хасуулах” хүсэлт гаргаснаар Булган аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч татварын хяналт шалгалтыг явуулж, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “2021 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн баталгаажуулалтаар 185,890,000 төгрөгийн борлуулалтын орлогыг тайлагнаагүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8, 7 дугаар зүйлийн 7.1.1, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтуудыг зөрчсөн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.4, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн 18,589,000 төгрөгийн нөхөн татвар, 5,576,700 төгрөгийн торгууль, 3,766,876 төгрөгийн алданги, нийт 27,932,576 төгрөгийн төлбөр төлүүлэхээр № НА-04220000019 дүгээр нөхөн ногдуулалтын акт үйлдсэн байна.

11.Хариуцагч Нөхөн ногдуулалтын актыг Зөрчлийн тухай хуулийг үндэслэн гаргахдаа Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл /“2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө”/-ийг баримталжээ.

12.Хуулийг буцаан хэрэглэх нь тухайн зохицуулж буй харилцаанд оролцогчийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх, эсхүл эрхийг зөрчихөөр байвал шинээр баталсан хуулийг бус эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг хэрэглэх агуулгатай, тодруулбал, зөрчилд холбогдсон этгээдэд шийтгэл ногдуулахад зөрчил гаргаснаас хойш тухайн харилцааг зохицуулсан хууль шинээр батлагдсан тохиолдолд түүнийг буцаан хэрэглэх эсэх нь яригдана.

13.Харин нэхэмжлэгч байгууллагын зөрчил гаргасан гэх 2021 онд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Татварын ерөнхий хууль үйлчилж байсан тул уг хуулийг буцаан хэрэглэх эсэх асуудал үүсэхгүйг хариуцагч анхаараагүй байна.

14.Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлвөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана”, 42 дугаар зүйлийн 42.1-д “Татварын улсын байцаагч энэ хуулийн ...41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, ...үйлдэх...”-ээр, 44 дүгээр зүйлийн 44.1-д “Татварын хяналт шалгалтын явцад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил илэрсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ”, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн зохицуулалтаас үзвэл татварын улсын байцаагч нарын актын тэмдэглэх хэсэгт дурдсан зөрчлийг Зөрчлийн тухай хуулиар бус Татварын ерөнхий хуульд заасны дагуу Нөхөн ногдуулалтын актаар шийдвэрлэхээр байна.

15.Хариуцагч Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсэгт “2021 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн баталгаажуулалтаар 185,890,000 төгрөгийг борлуулалтын орлогыг тайлагнаагүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай болон Татварын ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн” гэх дүгнэлт хийсэн атлаа Тогтоох хэсэгтээ өөр үндэслэл буюу татвар төлөгч үйл ажиллагаа явуулж байгаа газрын хаягаа буруу тодорхойлсон, татварын албанаас дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, татвар, алданги, торгууль төлөхөөс зайлсхийсэн, татварын хяналт шалгалтын зорилгоор шаардсан магадалгаа, баримтын хуулбар, банкны гүйлгээний хуулгыг хугацаанд нь ирүүлээгүй, татварын өр хураах зорилгоор хөрөнгө битүүмжлэхэд саад учруулсан зөрчлүүдэд шийтгэл ногдуулахаар зохицуулсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4-д зааснаар хариуцлага хүлээлгэсэн нь өөр хоорондоо зөрчилтэй, болжээ.

16.Эндээс тухайн маргаан бүхий актыг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 /“Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно”/-д заасны дагуу хууль бус гэж дүгнэхээр байна. Тиймээс Татварын ерөнхий хуулийн торгууль болон алданги ногдуулахтай холбоотой заалтуудыг тухайн актад давхар баримталсан нь уг зөрчлийг үгүйсгэж, актыг хууль ёсны гэх үндэслэл болохгүй.

17.Давж заалдах шатны шүүх энэ талаар тодорхой дүгнэлт өгөлгүй, маргаан бүхий актыг зөвтгөн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцэхгүй тул магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

18.Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар албан татвараас чөлөөлөх харилцааг зохицуулсан 13 дугаар зүйлд “малчин, мал бүхий этгээдийн борлуулсан таван хошуу мал...” гэсэн 13.1.29 дэх заалт нэмснийг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2023/674 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 158/ШШ2023/36 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Н ө у” НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгч “Н ө у” НҮТББ-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.ЦОГТ

                         ШҮҮГЧИД                                                   М.БАТСУУРЬ

                                                                                                 Х.БАТСҮРЭН

                                                                                                 П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                 Д.БАТБААТАР