Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 1466

 

“ХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дамдин-Од, Ч.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 108/ШШ2016/00110 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХХ-д холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ-ын гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Ч.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч "ХХХ" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2015/03673 дугаар шийдвэрээр "ХХХХ" ХХК-иас 913 753 993 төгрөгийг гаргуулж Голомт банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөрт хураасан төлбөр төлөгч "ХХХХ" ХХК-ийн өмчлөлийн ХХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХХ тоотод байршилтай 1120 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХХХХ дугаарт бүртгэлтэй, 95 хувийн гүйцэтгэлтэй сэндвичин барилга, 6000 м.кв газрын хамт /ХХХХХХ/ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ 818 481 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна.

ХХХХ нь үнэлгээг хэзээ хийснээ огт мэдэгдээгүй, үнэлгээний мэдэгдлийг 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр бичсэн мөртлөө 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өгснийг гарын үсэг зурж хүлээн авсан. Тус компани нь дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дах хэсэгт заасны дагуу үнэлгээг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХХны итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2015/05771 дүгээр шийдвэрээр "ХХХХ" ХХК-иас 913 753 993 төгрөгийг гаргуулж Голомт банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч "ХХХХ" ХХК-д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй байх тул "ХХХХ" ХХК-ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХХХ дугаарт бүртгэлтэй, ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХ тоот хаягт байршилтай 1120 м.кв талбайтай, 95%-ийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХХХХ дугаарт бүртгэлтэй сэндвичин барилга, эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХ дугаарт бүртгэлтэй, ХХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороонд байрлалтай 6000 м.кв талбайтай газрын хамт, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/140, дугаар тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 140/04 дүгээр эд хөрөнгийг хураах тогтоолоор хураан авсан байна.

Төлбөр төлөгч "ХХХХ" ХХК-д 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 3/5837, 2016 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 3/9862 дугаар албан бичгээр удаа дараа үнийн саналаа өгөхийг "ХХХХ" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХт гардуулан өгч тэмдэглэл хөтөлсөн байна.

Дурьдсан хугацаанд үнийн санал өгөөгүй тул хөндлөнгийн шинжээч томилон үнэлүүлэхэд ХХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХХ тоот хаягт байршилтай 1120 м.кв талбайтай, 95%-ийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХХ дугаарт бүртгэлтэй сэндвичин барилга, эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХХ дугаарт бүртгэлтэй, ХХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороонд байрлалтай 6000 м.кв талбайтай газрын хамт 818 480 000 төгрөгөөр үнэлснийг 2016 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн 3/13299 дүгээр албан бичгээр төлбөр төлөгч "ХХХХ" ХХК захирал ХХХ-д тус ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХт 2016 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр гардуулан өгч тэмдэглэл хөтөлсөн байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороонд байрлалтай 6000 м.кв талбайтай газрын хамт 818 480 000 төгрөгийн 70 хувь болох 572 936 000 төгрөгөөр доод үнийг тогтоон 2016 оны 05 дугаар 13-ний өдөр оруулах мэдэгдлийг 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 3/16474 дүгээр албан бичгийг тус ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХт гарын үсэг зуруулан хүлээлгэн өгсөн байна.

Анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар тутмын сонинд мэдээлсэн боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар үнэлгээчин тогтоосон зах, зээлийн үнийн 50 хувиар дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагт болох 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд өдөр тутмын сонинд мэдээлсэн боловч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 26-ний өдрийн 101/Ш32016/21658 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн болно.

Тус алба нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар "ХХХ" ХХК-ийн ХХХХ-д холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7,1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч "ХХХ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-д зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 21658 дугаар захирамж хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2015/03673 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Төлбөрт хураасан төлбөр төлөгч "ХХХ" ХХК-ийн өмчлөлийн ХХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХХХХ тоотод байршилтай 1120 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн /ХХХХХХХХХ/, /ХХХХХХХХ/ дугаарт бүртгэлтэй, 95%-ийн гүйцэтгэлтэй сэндвичин барилга 6000 м.кв газрын хамт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ 818 480 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг 70 хувиар бууруулж 572 936 000 төгрөгөөр тогтоон 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Анхны дуудлага худалдаанд оруулах болсныг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргасан. Уг шүүх хуралдаанд миний бие ХХХХ нь "ХХХ" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон. Миний бие уг хуралд орохдоо өмгөөлөгч авах хүсэлтэй бичгээр гаргаж, өмгөөлөгч авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн хэдийч миний өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх эрхийг зөрчиж шүүх хурлыг хийсэн тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дугаар 181/ШШ2016/00110 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

         

          Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч “ХХХ” ХХК хариуцагч ХХХХ-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ХХХ” ХХК-ийн өмч болох ХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХ тоот хаягт байршилтай 1120 м.кв талбайтай, 95%-ийн гүйцэтгэлтэй болон 6000 м.кв талбайтай газрыг шинжээч “ХХХХ” ХХК нь 818 480 000 төгрөгөөр үнэлснийг нэхэмжлэгч буюу төлбөр төлөгчид 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр мэдэгдсэн нь хууль зөрчөөгүй гэжээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2015/05771 дүгээр шийдвэрээр “ХХХ” ХХК-аас 913 753 992.99 төгрөгийг гаргуулж Голомт банкинд олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар заажээ. /хэргийн 25-26 дугаар тал/

 

 Нэхэмжлэгч нь төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж барьцааны хөрөнгийг битүүмжлэн хурааж, үнэлгээг эрх бүхий үнэлгээний байгууллагаар тогтоолгоход үл хөдлөх хөрөнгө, газрын хамт 818 480 000 төгрөгөөр үнэлсний дагуу анхны дуудлага худалдаанд оруулж тэмдэглэл үйлдсэн, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12, 34, 36, 37, 48 дугаар зүйлд заасан хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байна гэж үзэв.

 

          Нэхэмжлэгч “ХХХ” ХХК нь шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнэлгээг зөвшөөрөхгүй тухай гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн дотор гомдол гаргах учиртай ч хугацааг хэтрүүлжээ.

 

Түүнчлэн хэргийн оролцогчид эрх, үүргийг нь тайлбарлаж өгсөн тухай баримтад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ танилцаж гарын үсэг зурсан /хэргийн 85 дугаар тал/ байх ба нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх зүйн туслалцаа авах боломжтой байсан шүүх хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

          Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 108/ШШ2016/00110 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХХХ” ХХК давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАТЗОРИГ

 

          ШҮҮГЧИД                          Д.ДАМДИН-ОД

 

                                                      Ч.ОЮУНЦЭЦЭГ