Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/02053

 

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 27 өдөр Дуга 210/МА2024/02053

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Мандалбаяр, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 09-ний өдрийн 183/ШШ2024/04078 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Б ХХК, Ц.Ц, Д.Н , НФ ХХК-д тус тус холбогдох,

 

1,967,044,020 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэвээндэмбэрэл, хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. А ХХК нь 2020 оны 08 сарын 25-ны өдөр Б ХХК-тай №21-2020/IСIС дугаар Шатахуун дараа төлбөрт нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу тохиролцсон бараа /шатахуун/-г тогтоосон хугацаанд бүрэн нийлүүлсэн юм.

1.2. Мөн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2020 оны 09 сарын 09-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан иргэн Ц.Д гийн болон хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн.

1.3. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.3-т Тухайн зээлээр худалдан авсан шатахууны төлбөрийг Худалдан авагч хүлээн авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор ... бүрэн шилжүүлнэ. гэж заасан боловч хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй юм.

1.4. Түүнчлэн гэрээний 3.4-д ...худалдан авагч 3.3-т заасан хугацаанд төлбөрөө барагдуулаагүй бол төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд зээлийн төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлнө... гэж заасан.

1.5. 2021 оны 09 сарын 15-ны өдрийн байдлаар дээрх гэрээний дагуу хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр гэрээний үлдэгдэл төлбөрийг тооцоход нийт үндсэн төлбөр 911,382,880 төгрөг, алдангийг хариуцагчийн хүсэлтээр бууруулсан хэмжээгээр тооцоход 300,000,000 төгрөг, нийт 1,211,382,880 төгрөгийн үлдэгдэлтэй харилцан тооцоо нийлж, баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан.

1.6. Хариуцагч нь 2021 оны 01 сарын 13-ны өдрийн дотор төлбөрийг бүрэн төлж барагдуулах тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хамааран үүссэн алдангийг 300,000,000 төгрөг болтол бууруулж өгөх талаар хүсэлт гаргасныг манайх хүлээн авах боломжтой талаар мэдэгдсэн боловч хариуцагч нь төлбөр төлөх үүргээ тохирсон хугацаанд гүйцэтгээгүй, алдангийн хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул өнөөдрийн байдлаар нийт 455,691,440 төгрөгийн алданги үүсээд байна.

1.7. Мөн хариуцагч Б ХХК нь 2019 оны 10 сарын 28-ны өдрийн З ХХК-тай №108/2019/БЗС/01 дугаар Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу хариуцагч нь З ХХК-д 599,969,700 төгрөгийн төлбөр төлөх үүрэг хүлээж байсан.

1.8. А ХХК нь З ХХК-ийн хариуцагчаас авах ёстой төлбөрийн эрхийг 2021 оны 07 сарын 26-ны өдрийн Шаардах эрх шилжүүлэх гэрээ-гээр шилжүүлэн авч, хариуцагч үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор иргэн Ц.Ц, Д.Н , НФ ХХК-ийн нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд шүүхэд хандах, нэхэмжлэх эрхийн хамт шилжүүлэн авсан.

1.9. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 08 сарын 25-ны өдрийн №21-2020/IСIС дугаарын Шатахуун дараа төлбөрт нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээ-ний үүрэгт 1,367,074,320 төгрөг, 2021 оны 07 сарын 26-ны өдрийн 108/2021/IС/01 тоот Шаардах эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу 599,969,700 төгрөг, нийт 1,967,044,020 төгрөгийг гаргуулах, хариуцагч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б ХХК-ийн хариу тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч нэхэмжлэгч тал мөнгө гаргуулах гэж байгаа эсвэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах гэж байгаа аль нь болох нь тодорхойгүй салаа утга бүхий нэхэмжлэл гаргажээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Ц.Цгийн хариу тайлбарын агуулга:

Б ХХК-ийн урьд нь ч хэлж байсан. Үеэлээрээ дамжуулж, үеэлдээ тусалж байна гэж бодож орхисон байсан. Тэгтэл ингэж дам дамаараа дамжиж ийм зүйл болсон байна. Шүүх яаж шийднэ, дараа нь өөрийнхөө юмыг шүүхийн журмаар яаж салгаж авч болох уу тиймэрхүү зүйл бодоод л байж байна гэжээ.

 

4. Хариуцагч НФ ХХК хариу тайлбар гаргаагүй болно.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 123 дугаар зүйлийн 123.1, 232 дугаар зүйлийн 232.4, 56 дугаар зүйлийн 56.1.8, 156 дугаар зүйлийн 156.3-т заасныг баримтлан 455,691,440 төгрөг болон Б ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, нүхтийн зам, 24/9 тоот үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Б ХХК-аас шатахууны төлбөрт нийт 1,511,352,580 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож,

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар Ц.Цгийн өмчлөлийн улсын эрхийн бүртгэлийн Ү-***** дугаартай ХХХХХ тоот хаягт байршилтай 72 м.кв талбайтай хувийн сууц, НФ ХХК-ийн өмчлөлийн улсын эрхийн бүртгэлийн Ү-***** дугаартай, ХХХХХ тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай, 332.8 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Гэрчилгээний ***** дугаартай, нэгж талбарын ***** дугаартай, ХХХХХт, 4,590 м.кв үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Д.Н т холбогдох ххххх тоот хаягтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-***** дугаартай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт нэхэмжлэгч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,993,171 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-аас 7,855,113 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 455,691,440 төгрөг болон хариуцагч Б ХХК-ийн өмчлөлийн ххххх тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй гэж үзэхээр байна.

6.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... А ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Д.Т болох нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна, ... тус компанийн захирал Д.Т дүрмээр олгосон гэрээ, хэлцэл хийх эрхээ дэд захирал Б.Бд итгэмжлэлээр олгоогүй, энэ талаарх баримтыг шүүхэд нэхэмжлэгч тал ирүүлээгүй байх тул 2020 оны 08 сарын 25-ны өдрийн Шатахуун дараа төлбөрт нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээ-ний 3.4-т заасан хэлцэл болон 2020 оны 09 сарын 09-ний өдрийн №22-2020/1С1С дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, хүчин төгөлдөр бус байх хэлцлүүд юм гэж дүгнэсэн.

6.3. Гэтэл Шатахуун дараа төлбөрт нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээ-ний анз тохирсон заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт зааснаар бичгээр байгуулагдсан. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь хуульд заасны дагуу бичгээр байгуулагдан, нотариатаар гэрчлүүлж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрээ болно. Тодруулбал, дээрх гэрээнд гарын үсэг зурсан дэд захирал Б.Б нь А ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд юм.

6.4. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт зохицуулснаар аливаа хуулийн этгээд нь өөрийгөө хуулийн үндсэн дээр болон итгэмжлэлээр төлөөлүүлж болно. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт зааснаар төлөөлөх бүрэн эрхийг амаар, цахимаар, бичгээр олгож хэлцэл хийгч этгээдэд мэдэгдсэнээр төлөөллийн харилцаа үүсэх боломжтой.

6.5. 2020 оны 08 сарын 25-ны өдрийн Шатахуун дараа төлбөрт нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээ болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулах үед ч дэд захирал Б.Бд гэрээ байгуулах бүрэн эрхийг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий гүйцэтгэх удирдлага Д.Т миний бие амаар болон бичгээр олгож гэрээний нөгөө тал болох Б ХХК-д мэдэгдэж байсан.

6.6. Хэрэв гэрээ байгуулагдах үед Б.Б нь төлөөлөх бүрэн эрхгүйгээр компанийн нэрийн өмнөөс хэлцэл хийсэн гэж үзсэн ч хэлцлийн хүчин төгөлдөр эсэх нь Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэж хуульчилснаар төлөөлүүлэгчийн буюу А ХХК-ийн зөвшөөрлөөс шалтгаална.

Дээр дурдсанчлан А ХХК нь эдгээр гэрээг хууль зүйн хүчин төгөлдөр гэж буй хүсэл зоригоо хангалттай илэрхийлсэн ба үүний хамгийн тод илрэл нь гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг шаардаж, анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан явдал байхыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй.

6.7. Хариуцагч нарын зүгээс Б.Б нь төлөөлөх эрхтэй этгээд байсан эсэх талаар огт маргаагүй ба энэ талаар татгалзлын үндэслэлдээ дурдаагүй, Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэгт зааснаар зөвшөөрөл олгохыг ч шаардсан зүйлгүй. Харин ч хариуцагч Б ХХК-аас шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэлийн зарим хэсгийг шаардлагыг зөвшөөрч буйгаа илэрхийлсэн. Мөн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс дэд захирал Б.Б нь гэрээнүүдийг баталгаажуулах, гарын үсэг зурах бүрэн эрхтэй болох тухай тайлбарлаж, хариуцагч нарын зүгээс энэ талаар маргасан тохиолдолд нэмэлтээр нотлох баримтаар гаргах боломжтойг дурдсан.

6.8. Шүүхийн шийдвэрийн үндэслэн хэсэгт ... Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг гэрээ байгуулах эрхгүй этгээд гэрээ байгуулсан, мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т Барьцааны гэрээ бичгээр байгуулна, 156.3-т Энэ хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна. гэж зааснаар ... нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. гэсэн.

6.9. Гэтэл дээрх болон 2020 оны 09 сарын 09-ний өдрийн №22-2020/IСIС дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г бичгээр байгуулан, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Өөрөөр хэлбэл, хуулиар эрх олгогдсон улсын бүртгэлийн газар нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, бүртгэлийг хийсэн болохыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй.

6.10. Ийнхүү анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн нотлох баримтыг дутуу үнэлсний улмаас манай компани их хэмжээний анз шаардах эрхгүй болох улмаар өр төлбөрөө барагдуулах баталгаа болсон өндөр дүнтэй үл хөдлөх хөрөнгийн барьцаагаа алдах эрсдэл үүсээд байгаа тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 09-ний өдрийн 183/ШШ2024/04078 дугаартай шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагч Ц.Цгийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

7.1. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардаж аваад хариу тайлбар өгөхдөө нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй, зөвшөөрөхгүй байгаа шалтгаанаа миний бие А ХХК, Б ХХК, З ХХК нартай шатахуун зээлээр авах гэрээний аль нэг талд оролцоогүй, ямар нэг гэрээ хэлцэл хийгээгүй. Өөрийн үл хөдлөх эд хөрөнгөө өөрөө зөвшөөрч барьцаалаагүй.

7.2. Мөн миний үл хөдлөх хөрөнгө ххххх байрлалтай зуслангийн газар бөгөөд зөвхөн Хувийн сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийг минь салгаж барьцаалсан зэргээр хуулийг болон миний хөрөнгийг маш их зөрчсөн.

7.3. Шүүхэд анх ирээд л намайг хуурсан төөрөгдөлд оруулсан болохыг мэдсэн. Би ямар нэг байдлаар шатахуун болон зээлийг нэхэмжлэгч компаниас аваагүй, ашиглаагүй атлаа бусдын өр төлбөрийг төлөх болж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

7.4. Мөн би өөрөө хуулийн мэдлэггүй, хариуцагч бусад компани болон Б ХХК-аас өмгөөлөгч оролцоно тэр хүн намайг өмгөөлөх ёстой байтал шүүх хуралд эрүүл мэндийн чөлөөтэй гэсэн акт өгсөн байсан. Би өмгөөлөгчгүй, хууль мэдэхгүй тус хуралд оролцож хэлж тайлбарлах зүйлээ хэлж чадаагүй, хэргийн материалтай танилцаагүй байж шүүхийн туслахыг энд зураарай гэхээр нь гарын үсэг зурсан зэргээр буруу төөрөгдөлд орсон байна. Иймд миний эрхийг ноцтойгоор зөрчиж шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд гаргасан Б ХХК-ийн тайлбарын агуулга:

8.1. Гэрээ хүчин төгөлдөр бус, төлөөлөх эрхгүй этгээд гэрээнд гарын үсэг зурсан гэх шүүхийн дүгнэлтийг Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар төлөөлүүлэгч зөвшөөрсөн бол тухайн гэрээг хүчин төгөлдөр гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байна. Төлөөлүүлэгч зөвшөөрсөнтэй холбоотой баримт хэрэгт байхгүй.

8.2. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой. Нөгөөтэйгүүр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой. Гэтэл хэрэгт төлөөлүүлэгч зөвшөөрсөнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна.

8.3. Хариуцагч Ц.Ц ... Барьцаа хөрөнгөө барьцаалуулахад би өөрөө зөвшөөрөөгүй, тухайн үед энэ талаар мэдээгүй, өөрийнх нь гарын үсэг байхгүй мэтээр давж заалдах гомдол гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлага болон хэрэгт авагдсан баримтууд тодорхой байснаар маргаангүй байдлаар хэргийг шийдвэрлэх ёстой. Гэтэл энэ асуудлаар шүүхээс ямар нэгэн тайлбар, дүгнэлт өгөөгүй гэжээ.

9. Хариуцагч Б ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

9.1. Тус хэргийн шүүх хуралдаан 2024 оны 10 сарын 09-ний өдөр товлогдсон боловч хурал болохоос нэг хоногийн өмнө миний бие хоолны хордлогод орсоны улмаас хуралдаа оролцох боломжгүй болсон тул өрхийн эмнэлгээс өгсөн эмчийн бичгээ хавсаргаад хурал хойшлуулах хүсэлт өгсөн боловч шүүхээс намайг шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцэх боломжоор хангахгүй шүүх хуралдааныг шууд үргэлжлүүлж шийдсэн.

9.2. Нэхэмжлэлийн шаардлага нь 2021 оны 07 сарын 26-ны өдрийн З ХХК болон А ХХК нарын хооронд байгуулсан 108/2021/IС/01 тоот Шаардах эрх шилжүүлэх гэрээтэй холбоотой маргаан боловч Б ХХК, Ц.Ц, Д.Н , НФ ХХК нарыг хариуцагчаар татаж нэхэмжлэлийн шаардлагадаа Б ХХК-аас 599,969,700 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

9.3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаж хэргийг шийдэх учиртай. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага агуулга өөрөө зөрүүтэй ойлгомжгүй ба барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахтай холбоотой шаардлага гаргаагүй байхад түүнийг тодруулж нэг мөр болгоогүй байж хариуцагч нарт хуваарилан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж шийдэж байгаа нь хууль зөрчсөн шийдвэр болжээ.

Иймд хариуцагчийн эрх хууль ёсны ашиг сонирхол болоод хууль зөрчсөн Шийдвэр байх тул 2024 оны 10 сарын 09-ний өдрийн 183/ШШ2024/04078 дугаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

10. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

10.1. Хүндэтгэн үзэх шалтгаантай байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлж, талуудын мэтгэлцэх эрхийг хангаагүй гэж давж заалдах гомдол гаргаж байна. Өмнө нь шүүх хуралдаан 3 удаа товлон зарлагдсан. Өөрөөр хэлбэл, Б ХХК-ийн шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрх болон шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж, шүүх хуралдаан хойшилж байсан.

10.2. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн эмчийн магадлагаа хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй буюу эх хувь баримт биш. Эмчийн магадалгаа олгох журамд заасны дагуу эмчийн магадалгаа олгох гэж байгаа тохиолдолд магадалгаа олгосон эмчийн гарын үсэг болон тухайн эмнэлгийн ерөнхий эмчийн тамга дарагдаж, гарын үсэг зурагдсан байх ёстой. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн баримт дээр дурдсан шаардлага хангаагүй.

10.3. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад тодорхой бус зүйл байхгүй. Хариуцагч Б ХХК-аас 1,900,000,000 орчим төгрөг гаргуулна. Хэрвээ хариуцагч Б ХХК дээрх мөнгөн хөрөнгийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагад тодорхой бус зүйл байхгүй. Д.Н ээс татгалзахдаа хэрвээ Б ХХК гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлийг төлөөгүй тохиолдолд Д.Н ийн өмчлөлийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах хэсгээс татгалзсан. 

10.4. Хариуцагч Ц.Цгийн давж заалдах гомдолд холбогдуулан тайлбар хэлье. Ц.Ц шүүх хуралдаанд байнга оролцдог байсан. Шүүхээс шүүх хуралдаан болгонд өмгөөлөгч авах, хэргийн материалтай танилцах эрх үүргийг тайлбарладаг байсан. Сүүлд Ц.Цд 2024 оны 10 сарын 09-ний өдөр хэргийн материалтай танилцаж, эрх үүрэг тайлбарлуулж, баримтад гарын үсэг зурсан.

Тиймээс хариуцагч Ц.Цгийн эрх хангагдаагүй буюу буруу зөрүү ойлгосон гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Мөн анхан шатны шүүх хуралдаанд ... шүүх хуралдааныг үргэлжлүүлж өгнө үү гэх хүсэлтийг хариуцагч Ц.Ц гаргасан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б ХХК, Ц.Ц, НФ ХХК-аас Шатахуун дараа төлбөрт нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 1,367,074,320 төгрөг гаргуулах, Шаардах эрх шилжүүлэх гэрээний үүрэгт 599,969,700 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч НФ ХХК нь хариу тайлбар гаргаагүй, хариуцагчБ ХХК, Ц.Ц нар нь эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч Д.Н ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэх хангуулах нэхэмжлэлээс татгалзсан байна.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч А ХХК болон хариуцагч Б ХХК нарын хооронд 2020 оны 08 сарын 25-ны өдөр №21-2020/ICIC дугаар Шатахуун дараа төлбөрт нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч нь дизель түлшийг дараа төлбөрт нөхцөлөөр шилжүүлэх, худалдан авагч нь түлшийг хүлээн авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор худалдагчийн дансанд төлбөрийг бүрэн шилжүүлэхээр харилцан тохиролцсон; /хх-16-18/

 

3.2. Тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд 2020 оны 09 сарын 09-ний өдөр №22-2020/ICIC дугаар Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, гэрээгээр Ц.Д гийн өмчлөлийн Ү-2203025867 тоот улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хандгайт, 3 хэсэг гудамж, 98-5 тоот 183 м.кв талбайтай хувийн зориулалтай сууц, Б ХХК-ийн өмчлөлийн Ү-***** тоот улсын бүртгэлийн дугаартай, ххххх тоот 577.8 м.кв талбайтай, зуслангийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан; /хх-19-22/

 

3.3. Түүнчлэн Б ХХК нь З ХХК-тай 2019 оны 10 сарын 28-ны өдөр №108/2019/БСЗ/01 дугаар Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр худалдагч нь худалдан авагчид 200,000 литр дизель түлшийг нийлүүлэх, худалдан авагч нь бараа нийлүүлсэн өдрөөс хойш хуанлийн 30 хоногийн дотор төлбөрийг бүрэн шилжүүлэхээр тохиролцсон;/хх-28-32/

 

3.4. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд 2019 оны 10 сарын 28-ны өдөр №108/2019/ББСЗ/01 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр Ц.Цгийн өмчлөлийн Ү-***** тоот улсын эрхийн бүртгэлийн дугаартай ххххх тоот хаягт байршилтай 72 м.кв талбайтай хувийн сууц, НФ ХХК-ийн өмчлөлийн Ү-***** тоот улсын эрхийн бүртгэлийн дугаартай,ххххх тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай, 332.8 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ***** гэрчилгээний дугаартай, нэгж талбарын ***** дугаартай, ххххх хэсэгт, 4,590 м.кв үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалсан;/хх-34-46/

 

3.5. Мөн А ХХК нь З ХХК-тай 2021 оны 07 сарын 26-ны өдөр №108/2021/IC/01 дугаар Шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулж, гэрээгээр З ХХК болон Б ХХК нарын хооронд 2019 оны 10 сарын 28-ны өдөр байгуулагдсан №108/2019/БСЗ/01 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний худалдагчийн шаардах эрх болон 2019 оны 10 сарын 28-ны өдөр байгуулагдсан №108/2019/ББСЗ/01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-ний барьцаалагчийн эрхийг А ХХК-д шилжүүлсэн байна./хх-49-50/

4. Анхан шатны шүүх дээрх гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон атлаа гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргасныг залруулна.

 

Нэхэмжлэгч талын итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу гүйцэтгэх удирдлага Д.Т болон дэд захирал Б.Б нэхэмжлэгч талд хамааралтай тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан үндэслэлээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргах эрхтэй этгээд нь нэхэмжлэгч А ХХК байна.

 

А ХХК-ийн дүрмийн 8.6.1-т хувьцаа эзэмшигчдийн хурлаас олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийн өмч хөрөнгийг захиран зарцуулах, 8.8-т Гүйцэтгэх удирдлага нь ээлжийн амралт эдлэх, гадаад, дотоодод албан томилолтоор ажиллах, удаан хугацаагаар өвчлөх, чөлөө авах тохиолдолд өөрийн эрх, үүргийг бүхэлд нь хувьцаа эзэмшигч нартай зөвшилцөн, түүний томилсон этгээдэд түр шилжүүлнэ гэж заасан боловч Б.Б нь хариуцагч байгууллагатай 2020 оны 08 сарын 25-ны өдөр Шатахуун дараа төлбөрт нөхцлөөр худалдах, худалдан авах хэлцлийн 3.4-т заасан хэлцэл болон 2020 оны 09 сарын 09-ний өдөр №22-2020/ICIC дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсныг зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийн байгуулсан хэлцлийг зөвшөөрсөн ойлголтод хамаарна.

 

Зохигч талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 08 сарын 25-ны өдөр Шатахуун дараа төлбөрт нөхцлөөр худалдах, худалдан авах хэлцлийн 3.4-т заасан хэлцэл болон 2020 оны 09 сарын 09-ний өдөр №22-2020/ICIC дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч нь уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

 

5. Зохигч талууд 2021 оны 07 сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэл хариуцагч нь 1,811,358,580 төгрөгийн төлбөртэй болохыг баталгаажуулж тооцоо нийлсэн акт үйлдсэн байна. /хх-52-53/

Хариуцагч нь 2020 оны 08 сарын 25-ны өдөр Шатахуун дараа төлбөрт нөхцлөөр худалдах, худалдан авах гэрээ-ний үндсэн төлбөрт 911,382,880 төгрөг төлөхийг эс зөвшөөрч маргаагүй.

 

Талуудын хооронд байгуулсан 2020 оны 08 сарын 25-ны өдрийн Шатахуун дараа төлбөрт нөхцлөөр худалдах, худалдан авах гэрээ-ний 3.4-д ... төлбөрөө барагдуулаагүй бол төлбөр төлөх хугацааг хэтэрсэн хоног тутамд зээлийн төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5-тай тэнцэх хэмжээний торгуулийг төлнө гэж тохиролцсон, мөн тооцоо нийлсэн актад алдангийн хэмжээг 300,000,000 төгрөгөөр тооцож төлөх тухай тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6 дахь хэсэгт нийцсэн байна.

 

Дээрх тооцоо нийлсэн 1,811,358,580 төгрөгийг төлбөрт 2020 оны 08 сарын 25-ны өдөр Шатахуун дараа төлбөрт нөхцлөөр худалдах, худалдан авах гэрээ-ний үндсэн төлбөрт 911,382,880 төгрөг, 2021 оны 07 сарын 26-ны өдрийн №108/2021/IC/01 дугаар Шаардах эрх шилжүүлэх гэрээ-ээр шаардах эрхийг шилжүүлж авсан 599,969,700 төгрөгийн төлбөр, болон алданги 300,000,000 төгрөг тооцогдсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул талуудын тохиролцсон хэмжээгээ буюу хариуцагч Б ХХК-аас 1,811,352,580 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс алданги 155,691,440 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцэх тул нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

 

6. Хариуцагч Б ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй.

6.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 10 сарын 09-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 сарын 09-ний өдрийн 183/ШЗ2024/21651 дугаар захирамжаар эмнэлгийн магадлагаа нь шаардлага хангаагүй байсан үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг буруутгахгүй.

 

6.2. Нэхэмжлэлийн шаардлага нь Шатахуун дараа төлбөрт нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээ-ний төлбөрт 1,367,074,320 төгрөг гаргуулах, Шаардах эрх шилжүүлэх гэрээ-ний үүрэгт 599,969,700 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тодорхой шаардлага гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нийцсэн байна.

 

6.3. Талуудын хооронд байгуулагдсан №108/2019/ББСЗ/01 дугаар Барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байх ба барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасантай нийцэж байх тул энэ талаар хариуцагч Ц.Цгийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

7. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр бус бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг гэрээ тус бүрээр үүргийн гүйцэтгэл хангуулах хэсгийг тодорхой заагласан найруулгын өөрчлөлт оруулна.

 

Тодруулбал, талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ, болон эрх шилжүүлэх гэрээ тус тусдаа байгуулагдсан бөгөөд уг гэрээнүүдийн барьцааны зүйл тус тусдаа байх тул гэрээний үүргийн гүйцэтгэл тус бүрээр барьцааны зүйлийг ялган тодруулах нь Иргэний хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцнэ.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 09-ний өдрийн 183/ШШ2024/04078 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б ХХК-аас 1,811,352,580 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлээс 155,691,440 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан 1,211,352,880 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг Б ХХК-ийн өмчлөлийн Ү-***** тоот улсын бүртгэлийн дугаартай, ххххх тоот 577.8 м.кв талбайтай, зуслангийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр, 599,969,700 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг Ц.Цгийн өмчлөлийн Ү-***** тоот улсын эрхийн бүртгэлийн дугаартай ххххх тоот хаягт байршилтай 72 м.кв талбайтай хувийн сууц, НФ ХХК-ийн өмчлөлийн Ү-***** тоот улсын эрхийн бүртгэлийн дугаартай,ххххх тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай, 332.8 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ***** гэрчилгээний дугаартай, нэгж талбарын ***** дугаартай, ххххх хэсэгт, 4,590 м.кв үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай. гэж,

 

тогтоох хэсгийн 4 дэх заалтад ... 7,855,113 ... гэснийг ... 9,284,912 ... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Ц.Цгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Б ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 7,784,913 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч А ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,506,610 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Б.МАНДАЛБАЯР

 

С.ЭНХБАЯР