| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/0444/Э |
| Дугаар | 447 |
| Огноо | 2019-04-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 447
-
-
2019 4 18 2019/ШЦТ/447
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Журагат,
улсын яллагч А.Ганзориг,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал,
шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Аыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908013710427 дугаар эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт оршин суух,
урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 5 жилийн хорих ял шийтгүүлж, 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 2 хоногийн ялыг өршөөн хэлтрүүлсэн, Буянт овогт Батбилэгийн А /РД: /.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 25 дугаар гудамжны 41 тоотод оршин суух иргэн Г.Бгийн эзэмшлийн эд хөрөнгийг буюу “Skyworth” маркийн 40 инчийн зурагт, хөнжил, эмэгтэй хүний гутал зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гутлыг нь өгсөн. Ээж нь гомдол саналгүй гэсэн. Эцэг, эхтэйгээ амьдардаг, дахин алдаагаа давтахгүй” гэв.
Эрүүгийн 1908013710427 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Г.Бгийн: “2019 оны 02 дугаар сарын 28-ны 18 цагийн орчим ажил дээрээ байтал бага хүү Санчир утсаар залгаад “гэрт Сүхээ ах найз нартайгаа архи уугаад тасраад унасан хойгуур найз нь манай зурагтыг хулгайлаад явсан байна, би цагдаад дуудлага өгчихлөө” гэхээр нь би шууд гараад цагдаа дээр ирээд өргөдөл гаргасан. ...“Skyworth” маркийн 40 инчийн LCD зурагт 2018 онд 700.000 төгрөгөөр, 2 хүний хөнжил 2019 онд 150.000 төгрөгөөр, ботинк 2019 онд 250.000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...Өнөөдөр би алдагдсан зурагт, хөнжил хоёроо бүрэн бүтэн хүлээн авлаа. Хэдий миний гутлын хохирлыг төлөөгүй байгаа ч гэсэн надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-9, 10/,
Гэрч Р.Сүхийн: “Би Ховд аймгаас 2019 оны 02 дугаар сарын 27-ны шөнө ирээд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 25-41 тоотод байх гэртээ ирсэн. Тэгээд маргааш өглөө нь найз Аын хамт Жанцангийн автобуснаас Аын найзтай 11 цагийн орчимд уулзсан. Манай гэр лүү гурвуулаа очсон. Би эхний архиа уусны дараа унтаад өгсөн. ...Намайг унтаад сэрэхэд А, түүний найз хоёр алга болсон байсан. Манай гэрийн зурагт хөнжил зэрэг эд зүйлс алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-13/,
Гэрч С.Сайнбатын: “2019 оны 02 дугаар сарын 28-ны 15 цагийн орчим манай ах Наранбат эхнэр хүүхдийн хамт манайд ирсэн. Би 17 цагийн орчим ах Наранбатын 20-63 УНН улсын дугаартай Приус 11 маркийн машиныг гуйж аваад усанд явахаар гарсан. Автобусны буудлын тэр хавьд явж байхад зам дээр нэг ах зурагт цагаан өнгийн даавуугаар бүтээгээд тэвэрсэн явж байсан. Такси барих гээд байж байхаар нь “хаана очих юм” гэж асуухад “энэ зурагтыг ломбарданд тавих гэсэн юм, ломбард хүргээд өгчих” гэхээр нь ...Хархорин захын тэр хавьд очиход миний машинд сууж явсан хүн “бичиг баримт байхгүй байна, чамд бичиг баримт байвал тавиад өгчих” гэхээр нь “надад бичиг баримт байхгүй, гэртээ орхичихсон” гэж хэлсэн юм. Би тэр хүнийг Зүүнсалаанаас Хархорин хүртэл авч ирсэн юм чинь гэж бодоод Хархорин захын гүүрний хойд талд байдаг ломбарданд очоод зурагт тавих гэсэн юм гэж асуухад “иргэний үнэмлэх байх шаардлагатай” гэхээр нь буцаж гараад ахын машины урд талын хайрцгийг шалгахад ...иргэний үнэмлэхний хуулбар байхаар нь ...ломбарданд очоод “энэ болох юм болов уу” гэж асуухад “болно” гэж хэлсэн. Харин зурагтын эзэн “300.000 төгрөгөөр тавина” гэхэд ломбардны хүн “250.000 төгрөгөөр авна” гэхээр нь 250.000 төгрөгт тавьсан...” гэх мэдүүлэг /хх-17/,
Иргэний нэхэмжлэгч А.Эрдэнэзаяагийн: “2019 оны 02 дугаар сарын 28-ны орой ажил дээрээ сууж байтал орой 19 цаг өнгөрч байхад 30-35 орчим насны нэг залуу орж ирээд “танайх зурагт авдаг уу” гэж асуухаар нь “авна, ямар зурагт юм бэ” гэж асуухад “би гаднаас оруулаад ирье” гээд гарсан. Удалгүй тухайн залуу 30 орчим насны нэг залуутай хоёулаа орж ирсэн. Цагаан өнгийн хөнжил юм уу, даавуугаар зурагтаа боочихсон байдалтай орж ирэхээр нь зурагтыг асаагаад шалгахад хэвийн ажиллагаатай байсан. Ингээд тухайн залуу 250.000 төгрөгөөр 7 хоногийн хугацаатай барьцаанд тавиад явсан...” гэх мэдүүлэг /хх-29-31/,
“Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019.03.13-ны өдрийн 19/017 дугаар тайланд: “зурагт, хөнжил, ботинк, нийт дүн 1.000.000 төгрөг” гэжээ /хх-41-42/,
Шүүгдэгч Б.Аын яллагдагчаар өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сүх дахиж 2 шил архи аваад уухаар болсон. Бид хоёр архи ууж байхад Хүрэлбаатар над руу 13 цагийн орчим залгаад “хаана байгаа юм” гэж асуухаар нь “найзындаа архи ууж байна” гэхэд “яваад очъё” гэхээр нь Сүх бид хоёр Жанцангийн автобусны буудал дээр очиж Хүрэлбаатарыг тосож аваад Сүхийн гэрт нь буцаж очоод авсан архиа ууж дуусгасан. Сүх согтоод унтаад өгсөн. ...Сүхийн гэрт байсан “Skyworth” нэртэй 40 инчийн зурагтыг цагаан өнгийн хөнжилд боогоод үүдэнд нь байсан эмэгтэй хүний ботинк гутал байхаар нь аваад гарсан. ...Хархорин захын хойд талд байрлах нэг ломбарданд очоод таксины жолоочийн бичиг баримтаар нь 250.000 төгрөгөөр барьцаанд тавьсан...” гэх мэдүүлэг /хх-50-52/,
эд зүйл хураан авч, үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-32, 38/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-36-37/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-59/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-60/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-64/, хохирогчийн “Зурагт, хөнжлийг авсан тул ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хх-92/, хохирогчид хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-95/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн иргэний нэхэмжлэгч “Баялаг хишиг” ХХК-ийн барьцаат зээлийн газарт хохирол төлсөн баримтыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.А согтуурсан үедээ 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 25 дугаар гудамж, 41 тоотод байрлах хохирогч Г.Бгийн гэрээс “Skyworth” маркийн 40 инчийн зурагт, хөнжил, эмэгтэй хүний гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.000.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Г.Бгийн “...бага хүү Санчир утсаар залгаад “гэрт Сүхээ ах найз нартайгаа архи уугаад тасраад унасан хойгуур найз нь манай зурагтыг хулгайлаад явсан байна...” гэхээр нь...” гэх мэдүүлэг /хх-9, 10/, “Мастер үнэлгээ” ХХК-ийн 19/017 дугаар “зурагт, хөнжил, ботинк, нийт дүн 1.000.000 төгрөг” гэх тайлан /хх-41-42/, гэрч Р.Сүхийн “...Намайг унтаад сэрэхэд А болон түүний найз хоёр алга болсон байсан. Манай гэрийн зурагт хөнжил зэрэг эд зүйлс алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-13/, гэрч С.Сайнбатын “...автобусны буудлын тэр хавьд явж байхад ...нэг ах зурагт цагаан өнгийн даавуугаар бүтээгээд тэврэн явж байсан. Тэр хүн такси барих гээд байж байхаар нь “хаана очих юм” гэж асуухад “энэ зурагтыг ломбарданд тавих гэсэн юм, ломбард хүргээд өгчих” гэхээр нь...” гэх мэдүүлэг /хх-17/, иргэний нэхэмжлэгч А.Эрдэнэзаяагийн “...Орж ирэхдээ цагаан өнгийн хөнжил юм уу, даавуугаар зурагтаа боочихсон байдалтай орж ирэхээр нь...” гэх мэдүүлэг /хх-29-31/, шүүгдэгч Б.Аын яллагдагчаар өгсөн “...Сүхийн гэрт байсан “Skyworth” нэртэй 40 инчийн зурагтыг гэрт нь байсан цагаан өнгийн хөнжилд боогоод үүдэнд нь байсан эмэгтэй хүний ботинк гутлыг аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх-50-52/, эд зүйл хураан авч, үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-32, 36, 38/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Аын хохирогч Г.Бгийн гэрт байхдаа зурагт, хөнжил, гутал зэрэг эд зүйлийг нь хууль бусаар авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Бд 1.000.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч “Баялаг хишиг” ХХК-д 250.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн өгсөн “...Би алдагдсан зурагт, хөнжил хоёроо хүлээн авлаа. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-9, 10/, иргэний нэхэмжлэгч “Баялаг хишиг” ХХК-ийн гаргаж өгсөн “...Skyworth зурагтыг 250.000 төгрөгийн барьцаанд тавьсан байсныг ....Б.А ...төлж ломбардыг хохиролгүй болгосон” гэх баримт /шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 1 хуудас баримт/ зэргийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Учирсан хохирлыг нөхөн төлснийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Аыг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруу, хэргийн зүйлчлэлийн асуудлаар маргахгүй. Учирсан хохирлыг нөхөн төлсөн, эцэг, эхтэйгээ амьдардаг, дахин алдаа гаргахгүй гэдгээ өөрөө илэрхийлж байгаа зэргийг харгалзаад улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэж тус тус дүгнэлт гаргалаа.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /найзындаа хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэн, улмаар согтуурсан үедээ гэрийн эзнийг унтаж байгааг далимдуулан санаатай гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 1.000.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч байгууллагад 250.000 төгрөгийн тус тус хохирол учирсан, хохирлыг биет байдлаар болон мөнгөн хэлбэрээр төлсөн, “Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /эцэг, эхийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй/-ыг тус тус харгалзан улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Б.Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.А урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Буянт овогт Батбилэгийн Аыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.А урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Аод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР