| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/0445/Э |
| Дугаар | 454 |
| Огноо | 2019-04-22 |
| Зүйл хэсэг | 17.1.3.1., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 454
-
-
2019 4 22 2019/ШЦТ/454
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Т.Алтантуяа, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга Б.Журагат,
улсын яллагч Б.Ундрах,
иргэдийн төлөөлөгч Ц.Энхтуяа,
хохирогч Ж.Эрдэнэбаатар,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэр,
шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт Б.Сыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808000001498 дугаар 3 хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1,
урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 274 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 310 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ял шийтгүүлж, 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хугацаа дуусч суллагдсан,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 276 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 5 сарын хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 169 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Боржигон овогт Болдын С РД:/ /.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Б.С нь:
1. 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, ГАБ-ын 5-1 тоотод байрлах иргэн Ж.Батсайханы хүн байнга амьдрах зориулалттай орон байрны жижиг цонхыг хагалж, нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр нэвтэрч, аккумулятор цэнэглэгч, цахилгаан гар хөрөө, гагнуурын аппарат зэрэг эд зүйл хулгайлж бусдад 424.000 төгрөгийн,
2. 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 7-2 тоотод оршин суух иргэн Н.Энхтуяагийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн вакум цонхыг хагалж, орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Тошиба брэндийн 32 инчийн хар өнгийн зурагтыг хулгайлан авч бусдад 413.000 төгрөгийн,
3. 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 41-136 тоотод оршин суух Я.Батзаяагийн хүн байнга амьдрах орон байрны цонхны сараалжийг хүрзээр хөшиж ороод гэрээс нь LG брэндийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 380.000 төгрөгийн,
4. 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Махын 20-40 тоотод оршин суух иргэн Т.Ганболдын хүн байнга амьдрах орон байрны вакум цонхыг түлхэж ороод Grunding брэндийн 32 инчийн хар өнгийн лед зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 441.000 төгрөгийн,
5. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их наран 16-05Б тоотод оршин суух иргэн Ч.Оюунчулууны хүн байнга амьдрах орон байрны цонхыг хөшин орж, цэнхэр өнгийн компрессор 1 ширхэг, хашаан дотроос гагнуурын аппарат 1 ширхэг, 90 амперын аккумулятор 1 ширхэг, ачааны автомашины нум 20 ширхэг, хуучин төмрийн хог, ачааны Хово машины кардан гол 1 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.162.000 төгрөгийн,
6. 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 19-31б тоот Цэндийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхыг хагалан орж 26 инчийн хуучин өнгөт зурагт, улаан өнгийн эмэгтэй хүний торгон дээл зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 240.000 төгрөгийн,
7. 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 19-23а тоотод оршин суух Ж.Эрдэнэбаатарын хүн байнга амьдрах орон байрны цонхыг түлхэж орон Монел брэндийн 32 инчийн зурагт, толгой байхгүй хөөрөгний бөгс, төмөр сейф, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, хар үүргэвчин цүнх, мөнгөн товч 9 ширхэг, нүдний шил 1 ширхэг, савхин бээлий 1 ширхэг, дээжийн модон цацал, модоор сийлсэн морь, Самсунг нөт-2 гар утас зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 2.184.000 төгрөгийн,
8. 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 2-2в тоотод оршин суух иргэн Н.Баасанжавын хүн байнга амьдрах өвлийн байшингийн цонхыг хагалан орж, 32 инчийн Шарп брэндийн зурагт 1 ширхгийг хулгайлан авч бусдад 300.000 төгрөгийн,
9. 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 2-53 тоотод оршин суух иргэн Б.Дүмбэн-Ойдовын хүн байнга амьдрах өвлийн байшингийн цонхоор нэвтрэн орж TCL брэндийн 32 инчийн зурагт удирдлагын хамт 1 ширхэг, эмэгтэй хүний гар цүнх 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 380.000 төгрөгийн,
10. 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 4-9 тоотод оршин суух иргэн Ж.Тунгалагийн хүн байнга амьдрах орон байрны цонхоор нэвтэрч, 2 ширхэг гар утас, мөнгөн аяга 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 600.000 төгрөгийн,
11. 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоо 23-22 тоотод оршин суух иргэн Н.Шаравсамбуугийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цоожийг эвдэж орон Могул брэндийн 32 инчийн зурагт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 300.000 төгрөгийн хохирол, бусдад нийт 7.824.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Согтуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн. Бүгдийг нь зөвшөөрч байна. Гэмшиж байна. Хохирлоо төлнө. Мөнгө олох зорилгоор хулгай хийсэн” гэв.
Хохирогч Ж.Эрдэнэбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 11 цагт гэрээс гараад 14 цагт ирэхэд цонхоор орсон байсан. Эд зүйл алдагдсан. Хохирлоо барагдуулж авмаар байна. Төлж чадахгүй гэдгээ хэлж байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэв.
Эрүүгийн 1808000001498 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
1. 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, ГАБ-ын 5-1 тоотод байрлах иргэн Ж.Батсайханы байшингийн цонхыг хагалж нэвтрэн, аккумлятор цэнэглэгч, цахилгаан гар хөрөө, гагнуурын аппарат хулгайлж, 424.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
Хохирогч Ж.Батсайханы: “...2018 оны 11 дүгээр сарын 20-ны 12 цагийн үед гэрээсээ гараад ...14 цагийн үед ирсэн чинь манай байшингийн баруун тийш харсан модон цонхны шилийг хагалж ороод аккумлятор, цахилгаан хөрөө, гагнуурын аппарат зэрэг эд зүйл алдагдсан. ...2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр цагдаагийн газраас дуудаад алдагдсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн. Надад санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-55-56/,
Шүүгдэгч Б.Сын яллагдагчаар өгсөн: “Би 2018 оны 11 дүгээр сарын 20-ны ...өдрийн 13 цагийн үед ...айлын цонхыг хашаанд нь байсан улаан тоосгоор хагалж ороод цахилгаан хөрөө, аккумлятор, цэнэглэгч, гагнуурын аппарат аваад гэртээ тавьсан байсныг цагдаа нар хураагаад аваад явсан. Маргааш эд зүйлийг гэрийн эзэнд нь хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-4-6/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, 20-24/, мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-40/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-41, 43/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2018.11.21-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Нийт хохирлын дүн 424.00 төгрөг” гэжээ /1 дүгээр хавтас, хх-62-65/,
2. 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 7 дугаар гудамж, 2 тоотод байрлах иргэн Н.Энхтуяагийн байшингийн цонхыг хагалж нэвтрэн “Тошиба” маркийн 32 инчийн зурагт хулгайлж, 413.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
Хохирогч Н.Энхтуяагийн: “2018 оны 11 дүгээр сарын 12-ны орой ...23 цагийн үед ...гэртээ ирэхэд манай байшингийн зүүн тийшээ гарсан гал тогооны цонхыг хагалж хулгайч орон том өрөөний тавиур дээр байсан Тошиба нэртэй 32 инчийн зурагтыг хулгайлаад явсан байсан. Зурагтаа хүлээн авсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-119-121/,
Иргэний нэхэмжлэгч Ц.Бат-Очирын: “...2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ажил дээр байсан чинь үл таних залуу ирээд “мөнгөний хэрэг болоод байна, та зурагт авах уу” гэхээр нь би “хэний зурагтыг зарах гэж байгаа юм бэ” гэж асуухад “манай ахын зурагт байгаа юм” гэсэн. “30.000 төгрөг гэж байна” гэхээр нь тэр зурагтыг нь асууж үзээд 30.000 төгрөгөөр худалдан авсан. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр надад зурагт зарсан залуу цагдаа нар дагуулж ирээд зурагтыг хураагаад аваад явсан. Би 30.000 төгрөгөө нэхэмжилмээр байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-127/,
Шүүгдэгч Б.Сын яллагдагчаар өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цагийн үед ...гэртээ харих гэж байгаад Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 7 дугаар гудамж, 2 тоот улаан тоосгон байшингийн гал тогооны өрөөний цонхыг хагалж ороод 32 инчийн Тошиба загварын зурагтыг нь аваад ...дугуй засварт 30.000 төгрөгөөр зарсан. Би зурагтыг гэрийн эзэнд буцааж авч өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-98-100/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-102-104/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-112-115/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2018.11.16-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд “Хохирлын дүн 413.000 төгрөг” гэжээ /1 дүгээр хавтас, хх-129-131/,
3. 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 41 дүгээр гудамж, 136 тоотод байрлах иргэн Я.Батзаяагийн байшингийн цонхыг хөшиж нэвтрэн “LG” маркийн 32 инчийн зурагт хулгайлж, 380.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
Хохирогч Я.Батзаяагийн: “2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ...эхнэр Б.Наранчимэг нь “17 цагийн орчим манай гэрт хулгай ороод зурагт алдагдсан байна” гэж хэлсэн. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-169-170/,
Гэрч Б.Наранчимэгийн: “2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ цоожлоод 7 хоног эзэнгүй байж байгаад өнөөдөр өвлийн сууцны гал тогооны үүдний хэсэгт байрлах урагшаа харсан вакум цонхны төмрийг гагнаасаар нь салгаж байгаад вакум цонхны салхивчийг түлхэн хулгай орж 32 инчийн LG маркийн зурагт хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-171-172/,
Гэрч А.Гансүхийн: “...С зурагт үүрээд “ломбард орж зурагт тавих гэсэн юм” гэхээр нь би такси барьж өгөөд бид хоёр 21 дүгээр хорооллын шөнийн захын урд ломбард ороод уулзахад удирдлага нь байхгүй гээд авахгүй байхаар нь буцаад Толгойт руу явж С удирдлагаа аваадахъя гэхээр нь буцаад явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-173-174/,
Гэрч С.Наранбаатарын: “Би 2018 оны 11 дүгээр сарын 17 ны өдөр Толгойтын хуучин эцэс чиглэлээс 21-ийн буудал чиглэл рүү таксинд явж байхад замын урд хэсэгт байрлах Шунхлай клонкийн дэргэд эрэгтэй хүн гар өргөөд зогсож байсан. “Хаашаа явах юм” гэж асуухад “ломбард орж зурагтаа тавьчихаад СХД-ийн нэгдсэн эмнэлэг орно” гэж хэлсэн. Би машиндаа суулгасан. Тус 2 эрэгтэй хүн цагаан өнгийн даавуунд ороочихсон зурагт тэвэрчихсэн байсан. Нөгөө 2 залуу машинд суугаад авто сургуулийн замаар дээшээ өгсөөд Азука төвийн ломбард орсон. Такси барьсан 2 залуу ломбард руу зурагтаа тэвэрч оролд удалгүй гарч ирснээ “зурагтны удирдлага нь байхгүй авахгүй гэж байна, буцаад айлд очоод удирдлагаа авъя” гээд машинд суусан. ...Толгойтын хуучин эцэс орчим явж байхад цагдаа нар саатуулаад зогсоосон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-175-176/,
Шүүгдэгч Б.Сын яллагдагчаар өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 41-13б тоотод айлын том өрөөний цонхыг хагалж ороод 32 инчийн зурагтыг аваад явж байгаад цагдаад баригдаад зурагтыг буцааж өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-143-145/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-147-151/, эд зүйл хураан авч, үзлэг хийн, хүлээлгэж өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-162, 164, 166/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2018.11.19-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд “Хохирлын дүн 380.000 төгрөг” гэжээ /1 дүгээр хавтас, хх-180-182/,
4. 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Махын 20-40 тоотод байрлах иргэн Т.Ганболдын байшингийн вакум цонхыг түлхэж нэвтрэн “Grundig” маркийн 32 инчийн зурагт хулгайлж, 441.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
Хохирогч Т.Ганболдын: “2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ...манай хүү ажилдаа яваад орой ирэхэд нь манай байрны вакум цонхоор нэвтэрч 32 инчийн хар өнгийн LED зурагтыг хулгайлсан байсан. Зурагтаа авчихвал гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-223-224/,
Иргэний нэхэмжлэгч О.Эрдэнэбулганы: “2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр манай ломбарданд Б.С гэгч нь найзынхаа паспорт гэж хэлээд Бавуу овогтой Гантулга гэсэн нэрээр 32 инчийн Grunding маркийн хар өнгийн зурагтыг 200.000 төгрөгөөр тавьж мөнгөө бэлнээр авсан. Зурагт барьцаанд тавихдаа ганцаараа явсан. Маргааш нь цагдаа ирээд манай ломбарданд үзлэг хийгээд Б.С гэгчийн барьцаанд тавьсан зурагтыг хурааж авсан. ...Би 200.000 төгрөг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-226-227/,
Гэрч Г.Алтангэрэлийн: “2018 оны 11 дүгээр сарын 14-ний ...20 цагийн үед гэртээ ирээд байшингийн хаалганы цоожийг онгойлгоод, мөн цонх онгорхой байсан. Тэгээд гэрээс 32 инчийн лед зурагт алдагдсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-228/,
Шүүгдэгч Б.Сын яллагдагчаар өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, МАХ-20-04 тоотод айлын гал тогооны салхивчны цонхыг хөшиж ороод 32 инчийн лед загварын зурагтыг аваад 21 дүгээр хороололд байх ломбарданд 200.000 төгрөгөнд тавьсан. Орой нь цагдаад баригдаад буцааж өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-190-192/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-194-199/, эд мөрийн баримт хураан авч, үзлэг хийн хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-208-212/, “Арвин 2” барьцаат зээлийн газрын эд зүйл тавьсан талаарх баримтын хуулбар /1 дүгээр хавтас, хх-214/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2018.11.17-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд “Хохирлын дүн 441.000 төгрөг” гэжээ /1 дүгээр хавтас, хх-230-232/,
5. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 16 дугаар гудамж, 05Б тоотод байрлах иргэн Ч.Оюунчулууны байшингийн цонхыг хөшиж нэвтрэн компрессор, хашаанаас гагнуурын аппарат, 90 ампертай аккумлятор, ачааны машины 20 ширхэг нум, хуучин төмрийн хог, Хово машины кардан гол 1 ширхгийг хулгайлж, 2.162.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
Хохирогч Ч.Оюунчулууны: “2018 оны 10 дугаар сарын сүүлээр гэр бүлээрээ хөдөө явсан хойгуур манайд хулгай орж эд зүйлс алдагдсан. Манай нэг давхар өвлийн сууцны вакум цонхыг хагалж байшин дотор байсан гагнуурын аппарат, гадаа хашаанд ил тавьсан байсан компрессор, 85-55 УНБ улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн Истана машины аккумлятор, хашаанд байсан ачааны автомашины 20 ширхэг нум, машины сэлбэгүүд болох нийт 200 кг орчим төмрийн хогнууд, Хово машины кардан голнууд алдагдсан. ...Алдагдсан компрессорыг цагдаагаас буцааж авсан. Төмөр авдаг газраас алдагдсан төмрөө таньж манай нөхөр тал төмрийг нь буцааж авсан. Бусад алдсан зүйлээ олж авмаар байна.
...Манай урд хашаанд байдаг С манайхаас хулгай хийсэн төмрөө төмөр авдаг газар өгсөн байсныг мэдсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-12-13, 14-15/,
Иргэний нэхэмжлэгч Б.Болормаагийн: “2018 оны 10 дугаар сарын сүүлээр яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Тэр хавиар явж байдаг нэг залуу манайд “компрессор зарна, авах уу” гэхээр нь “компрессор авахгүй” гэсэн чинь “авчих” гээд гуйгаад байхаар нь шалгаж үзсэн ажиллахгүй байсан. Тэгсэн тэр залуу компероссороо төмрөнд 1 кг 200 төгрөгөөр бодоод 5.000 төгрөгт өгчихөөд явсан. Сүүлд цагдаа нар хулгайн эд зүйл байна гэж хэлээд хурааж авсан. Манайд компрессор тушаасан залууг С гэдэг нэртэй болохыг сүүлд мэдсэн. ...5.000 төгрөгөө төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-18-20/,
Гэрч Г.Болорчулууны: “Би Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Улаанчулуутын хогийн цэгийн урд талд түүхий эд авах цэгт ажилладаг. ...2018 оны 10 дугаар сарын суулээр санагдаж байна нэг xүн ирээд “хаягдал төмөр авах уу, хэдэн төгрөгөөр авах уу” гэж acууxaaр нь “цул төмрийг нь 150 төгрөг, ширэм нь 50 төгрөг” гэж хэлсэн. Удаагүй Портер машинаар ачаад ирсэн Тэр хүний төмөр нь ширэм болон цул төмөр холилдсон 200 кг орчим болж байсан. Би 40.000 төгрөг өгөөд төмрийг нь авсан. Маргааш нь төмөр тушаасан залуу цагдаа нар дагуулж ирсэн. ...Тухайн үед хаягдал төмрийг ачуулаад явуулсан байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-24/,
Шүүгдэгч Б.Сын яллагдагчаар өгсөн: “2018 оны 10 дугаар сарын сүүлээр ...Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, 16 дугаар гудамж, 5 тоотод цагаан өнгийн байшингийн цонхыг хөшиж ороод гэрээс нь гагнуурын аппарат, аккумлятор, компрессор зэрэг эд зүйл аваад гэрийнхээ ойролцоо байдаг түүхий эд авах цэгт зарсан. 5 хоногийн дараа буюу 10 дугаар сарын 05-ны өдөр цагдаа нарт баригдсан. Хулгайн эд зүйлийг зарсан байсан газраас буцааж авч эзэнд нь өгсөн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-240-242, 3 дугаар хавтас, хх-36-39/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-245-250/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-4-8/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2018.12.04-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд “Хохирлын дүн 2.162.000 төгрөг” гэжээ /2 дугаар хавтас, хх-25-28/,
6. 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 19 дүгээр гудамж, 31б тоотод байрлах иргэн Ц.Цэндийн байшингийн цонхыг хагалан нэвтрэн 26 инчийн зурагт, эмэгтэй хүний улаан торгон дээлийг хулгайлж, 240.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
Хохирогч Ц.Цэндийн: “2018 оны 11 дүгээр сарын 23-ны өглөө байшингаа цоожлоод ажилдаа яваад 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 16 цаг 20 минутын үед ирэхэд байшингийн дунд талын вакум цонхны салхивчны шил хагарч, нээгдсэн байхаар нь би цагдаа дуудсан. Дүү Цэнд-Аюушийн хамт хаалгыг түлхүүрээр нээгээд ороход хойморт байсан 26 инчийн хуучин өнгөт зурагт 1 ширхэг, чемоданд байсан улаан өнгийн эмэгтэй хүний торгон дээл алга болсон байсан. ...Дээлээ олж авсан. Зурагтаа олж авахыг хүсч байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-65-66/,
Гэрч Ц.Цэнд-Аюушийн: “...2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр би эгчийн хамт түүний гэрт ирэхэд байшингийн голын цонхыг хагалж хулгай орсон байна. 26 инчийн дээр үеийн зурагт, эмэгтэй хүний улаан торгон дээл алдагдсан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-69-70/,
Шүүгдэгч Б.Сын яллагдагчаар өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, 19 дүгээр гудамж, 31б тоотод айлын вакум цонхыг улаан өнгийн тоосгоор хагалж ороод гэрээс нь 26 инчийн зурагт, улаан торгон дээл зэрэг эд зүйлийг нь аваад гудамжинд танихгүй хүнд 30.000 төгрөгөөр зурагтыг зараад, улаан дээлийг гэртээ байлгаж байсан чинь цагдаа нар ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-39-40/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтас, хх-42-49/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-56-60/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2018.12.03-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд “Хохирлын дүн 240.000 төгрөг” гэжээ /2 дугаар хавтас, хх-72-74/,
7. 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 19 дүгээр гудамж, 23а тоотод байрлах иргэн Ж.Эрдэнэбаатарын байшингийн цонхыг түлхэж нэвтрэн эд зүйл хулгайлж, 2.184.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
Хохирогч Ж.Эрдэнэбаатарын: “2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 10 цагаас 14 цагийн хооронд гадуур ажил хөөцөлдөөд гэртээ ирсэн чинь байшингийн вакум цонхыг түлхэж ороод баруун талд байсан сейфийг эвдэж дотор нь байсан толгойгүй шар манан хөөрөг, дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга, 9 ширхэг мөнгөн товч, Самсунг нөт-2 гар утас 1 ширхэг, хүүхдийн хар үүргэвч, дээж өргөдөг цацал, морь болгож сийлсэн модон морь, нүдний шил, савхин бээлий, 32 инчийн Монел загварын зурагтыг авч гарах гэж байгаад эвдсэн байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-111-112/,
Гэрч Б.Одмаагийн: “2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ломбардандаа байсан чинь 15 цагийн үед өөрийнхөө иргэний үнэмлэхний лавалгааг үзүүлээд “надад мөнгөний хэрэг гараад байна, энэ миний эд зүйл байгаа юм” гэж хэлээд 14 хоногийн хугацаатай барьцаанд тавьсан. 14 хоногийн дараа зээлийн баримт дээр бүртгүүлсэн 88156704 дугаарын утас руу олон удаа залгасан боловч холбогдоогүй. Тэгээд манай байгууллага дотоод журамдаа заасны дагуу хугацаа нь дууссан зээлээ 14 хоног хүлээгээд зардаг юм” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-115-116/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018.12.05-ны өдрийн 04/401 дүгээр дүгнэлтэд: “1. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны Их нарангийн 19-23 тоотод хулгай орж эд зүйл алдсан гэх хэргийн газраас илрүүлж бэхжүүлэн авсан 1 гэж дугаарласан гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд тэнцэх 1 гэж дугаарласан гарын мөр нь МN000ШШГ03252 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн С овогтой Болдын баруун гарын алганы хээтэй тохирч байна...” гэжээ /2 дугаар хавтас, хх-127-129/,
Шүүгдэгч Б.Сын яллагдагчаар өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 12 цагийн үед ...гэр лүүгээ харих замдаа Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 19 дүгээр гудамжны 23 тоот айлын цэнхэр өнгийн хашааг давж ороод улаан тоосгон байшингийн вакум цонхыг хөшиж ороод гэрээс Монел брэндийн 32 инчийн зурагт, толгойгүй хөөрөгний их бие, гэрт нь байсан саарал өнгийн төмөр сейфийг эвдэж дотроос нь мөнгөн товч, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, хар өнгийн үүргэвчин цүнх, мөнгөн товч 9 ширхэг, нүдний шил, савхин бээлий, дээж өргөдөг цацал, модон морь зэрэг эд зүйлийг аваад Азуука гэдэг ломбарданд бүгдийг нь 120.000 төгрөгт тавиад мөнгөөр нь би архи ууж, хоол унд авч идээд дуусгасан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-80-81/,
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтас, хх-83-85/, “Баян самбуу” ХХК-ийн барьцаат үйлчилгээний тасалбар /2 дугаар хавтас, хх-108/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээийн тайланд “Хохирлын дүн 2.184.000 төгрөг” гэжээ /2 дугаар хавтас, хх-119-122/,
8. 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 2 дугаар гудамж, 2в тоотод байрлах иргэн Н.Баасанжавын байшингийн цонхыг хагалж нэвтрэн Шарп маркийн 32 инчийн зурагт хулгайлж, 300.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
Хохирогч Н.Баасанжавын: “Би Сонгинохайрхан дүүргийн Зээлийн 2-2в тоот гэртээ байхгүй байгаа. Гэхдээ ойр ойрхон эргэж тойроод байгаа. Уг хэрэг гардаг өдөр би өглөө нь ирчихээд үдээс хойш ирж чадахгүй болчихоод өөрийн найз Ядамсүрэнд хэлэхдээ “чи манай гэрээр нэг ороод ямар байгаа талаар харчихаарай” гэж хэлсэн. Манай найз орой 22 цагийн үед ирээд шалгасан чинь “байшингийн гал тогооны өрөөний цонхыг гадна талаас нь хагалаад хаячихсан байна” гэхээр нь өөр юу болсон талаар асуухад “зурагт чинь байхгүй байнаа, алга болсон” гэж хэлэхээр нь би мэдсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-168-169/,
Гэрч Д.Ядамсүрэнгийн: “Манай найз Баасанжав намайг Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 2-2в тоотод байх гэрээ эргэчих гэхээр нь 22:51 цагт иртэл сууцных нь 1 давхрын вакум цонхыг хагалж хулгайч ороод зурагтыг нь аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-170-171/,
Шүүгдэгч Б.Сын яллагдагчаар өгсөн: “...Би тэр өдөр ...Отгонбаатарын гэр лүү очихоор зам дагуу алхаж байхдаа цоожтой байшин байхаар нь очсон. Тэр байшин нь 2 давхар байсан. 1 давхарт байсан гал тогооны өрөөний цонхыг хагалж орсон. 2 давхарт нь гараад ханандаа хадчихсан байсан 32 инчийн Шарп маркийн хавтгай дэлгэцтэй зурагтыг авсан. Тэр айлаас өөр зүйл аваагүй. ...ломбарданд тавих гэж байгаад Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгч Занабазартай тааралдсан. Би хулгайлсан гэдгээ хүлээсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-145-146/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтас, хх-148-151/, шүүгдэгч Б.Сын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-161-163/, “Мастер үнэлгээ” ХХК-ийн тодорхойлолтод “Нийт 335.000 төгрөг” гэжээ /2 дугаар хавтас, хх-175-176/, эд мөрийн баримт хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-185-186/,
9. 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 2 дугаар гудамж, 53 тоотод байрлах иргэн Б.Дүмбэн-Ойдовын байшингийн цонхоор нэвтрэн эд зүйл хулгайлж, 380.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
Хохирогч Б.Дүмбэн-Ойдовын: “2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ...17 цагийн үед гэртээ очтол байшингийн цонх онгорхой байсан. Гайхаад очоод хартал гэрт хулгай орчихсон байсан. 32 инчийн TCL маркийн зурагт, удирдлага, эмэгтэй хүний хар өнгийн гар цүнх алдагдсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-214-216/,
Шүүгдэгч Б.Сын яллагдагчаар өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ...Баянхошууны Зээл рүү Отгонбаатар гэдэг найзынхаа гэр лүү алхаж явсан. Харанхуй болж байсан. Баянхошууны Зээлд байсан хашааны хаалга нь онгорхой хашаа руу ороод цоожтой байсан, төмөр торон хаалттай цонхны хаалтыг хашаанд ил байсан хүрзээр хөшиж нээгээд вакум цонхыг мөн адил хүрзээр хөшөөд нээж орсон. Байшин дотор ороод 32 инчийн TCЛ гэдэг хавтгай дэлгэцтэй зурагтыг авсан. Мөн зурагтны удирдлагыг авсан. Өөр зүйл аваагүй гарч явсан. “Азука” гэдэг нэртэй ломбард ороод зурагтаа барьцаалж 200.000 төгрөгийн зээл авсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-189-190/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтас, хх-192-198/, шүүгдэгч Б.Сын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-161-163/, “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2019.01.03-ны өдрийн тодорхойлолтод “Нийт 380.000 төгрөг” гэжээ /2 дугаар хавтас, хх-224-225/,
10. 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 4-9 тоотод байрлах иргэн Ж.Тунгалагийн байшингийн цонхоор нэвтрэн эд зүйл хулгайлж, 600.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
Хохирогч Ж.Тунгалагийн: “2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ...2 дүү болох Энхжаргал, Мөнх-Оргил нар “тамхи байвал өгөөч” гэж утсаар залгаж гуйхаар гэрт орсон. ...Тэр айлд Шагай гэдэг зүс таних залуу, өөр нэг танихгүй залуу байсан юм. Айлд байсан 4 хүн манай гэрт орж ирсэн. Манайд цайлж ундлаад, нэг шуудай нүүрс аваад гарсан. Тэд нар надаас ганц шил архины мөнгө гуйхаар нь би өөртөө байсан 6.000 төгрөгөө өгөөд хамтдаа гэр лүү нь явсан. ...30 орчим минут сууж байгаад гэртээ ороход манай цонх онгорхой байсан. Эд зүйлээ бүртгээд үзэхэд миний 2 ширхэг гар утас, 1 ширхэг мөнгө аяга алга болсон байсан. Тэр танихгүй залууг С гэдэг гэсэн. Түүнийг сэжиглэж шалгуулахад манай гэрээс алдагдсан эд зүйлийг хулгайлсан нь тогтоогдоод буцааж өгсөн. ...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-249-250/,
Иргэний нэхэмжлэгч Б.Удамбуянгийн: “Би 2018 оны 12 дугаар сарын 27-ны 15 цагийн үед “UNO” барьцаат зээлийн газар зээлийн ажилтан О.Нямлхагвын хамт байсан чинь үл таних залуу орж ирээд “эд зүйл тавих гэсэн юм, машинаа эвдчихлээ, мөнгө хэрэг болоод байна” гэж хэлээд Самсунг Он-7 загварын утас 1 ширхэг, LG загварын утас 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхгийг барьцаанд Болд овогтой С ЧА87011214 дугаартай иргэний үнэмлэхний хуулбараар 200.000 төгрөгөнд барьцаанд тавьсан. Удаагүй цагдаа нар нөгөө хүнийг дагуулан ирээд барьцаанд тавьсан зүйлийг хураан аваад явсан. ...Би тэр залуугаас 200.000 төгрөгөө нэхэмжилмээр байна...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-2-3/,
Гэрч О.Нямлхагвын: “2018 оны 12 дугаар сарын 27-ны 15 цагийн үед ажлаа хийгээд ломбарданд байж байтал нэг залуу орж ирээд “машинаа эвдчихлээ, мөнгө хэрэг болоод байна” гээд Самсунг Он-7 маркийн гар утас 1 ширхэг, LG маркийн дэлгэц нь толботой хар өнгийн гар утас 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхгийг тус тус ломбарданд тавьсан. Нийт 200.000 төгрөгөөр тавьчихаад явсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-4-5/,
Шүүгдэгч Б.Сын яллагдагчаар өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ...Шагай “хуурай эгчийндээ очъё” гэхээр нь хамт очсон. ...Тэгээд Шагай бид хоёр айлаас гарч явахад айлын эгч “хүнтэй уулзана” гээд гэрээ цоожлоод цугтаа гарцгаасан. ...би буцаж очоод том өрөөнийх нь цонхоор ороод 1 ширхэг мөнгөн аягыг сервантнаас, шүүгээнд байсан 2 ширхэг мэдрэгчтэй гар утас зэргийг аваад 21 дүгээр хорооллын ломбард руу явсан. Цонхыг нь онгойлгохдоо хашаанд байсан тоосгоор цоожных нь харалдаа цохиж нээсэн. 21 дүгээр хороололд очоод автобусны буудлын ойролцоо байсан нэг ломбарданд 2 гар утас, 1 ширхэг мөнгөн аягыг нийтэд нь 200.000 төгрөгөөр тавьсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-229-230/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтас, хх-232-234/, мөрдөгчийн тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-237/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-245/, “Мастер үнэлгээ” ХХК-ийн тодорхойлолтод “Нийт 600.000 төгрөг” гэжээ /3 дугаар хавтас, хх-19-20/,
11. 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овооны 23 дугаар гудамж, 22 тоотод байрлах иргэн Н.Шаравсамбуугийн монгол гэрийн цоожийг эвдэж нэвтрэн “Могул” маркийн 32 инчийн зурагт хулгайлж, 300.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
Хохирогч Н.Шаравсамбуугийн: “2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ...23 цаг 30 минутын орчим эхнэрийн хамтаар гэртээ ирэхэд монгол гэрийн хаалга онгорхой цоож, цүү нь хаалганы эгц доошоо цохиж унагаасан байдалтай байхаар нь орж хартал гэрийн эд зүйлсийг энд тэндгүй онгичсон байдалтай байхаар нь цагдаад дуудлага өгсөн. 32 инчийн Могул брендийн зурагт удирдлагын хамт болон ногоон өнгийн орны бүтээлэгний хамтаар алга болсон байсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-66-68/,
Иргэний нэхэмжлэгч М.Одмаагийн: “2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ажил дээрээ байсан чинь үл таних залуу орж ирээд “мөнгө хэрэг болоод байна, зурагтаа ломбарданд тавих гэсэн юм” гэхээр нь “танд бичиг баримт байна уу, та хэний зурагтыг тавих гэж байгаа юм” гэсэн чинь тэр залуу “миний өөрийн зурагт” гэж хэлээд өөрийнхөө иргэний үнэмлэхний лавлагаагаар 32 инчийн Могул зурагтыг 150.000 төгрөгийн барьцаанд тависан. ...2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Самсунг Нөт-2 гар утас, мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөн товч 9 ширхгийг 125.000 төгрөгөнд тавьж байсан. Цагдаа нар баримтыг нь аваад явсан. ...2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Б.С гэдэг залуу ТСЛ загварын 32 инчийн зурагт согтуу тавих гээд ирэхээр нь “чиний өмнө тавьсан 32 инчийн зурагтны хугацаа дуусах гэж байна” гэсэн чинь тэр залуу “одоо энэ зурагтыг тавиад хугацааг нь сунгуулна” гэж хэлэхээр нь “нэг айлд юу гэж 2 зурагт байдаг юм бэ, дэмий юм яриад бай, цагдаа дуудлаа” гэж хэлсэн чинь тэр залуу авчирсан зурагтаа аваад гараад явсан. ...Би тэр залуугаас 150.000 төгрөгөө нэхэмжилмээр байна.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-74/,
Шүүгдэгч Б.Сын яллагдагчаар өгсөн: “Би Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан- Овооны 23 дугаар гудамжны 22 тоотоос 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр монгол гэрийн хаалгыг эвдэж ороод 32 инчийн Могул зурагтыг удирдлагын хамт орны ногоон бүтээлгэнд нь ороож авч яваад Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Азука төвийн баруун талд байдаг ломбарданд 150.000 төгрөгөөр барьцаанд тависан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-36-39/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтас, хх-41-44/, эд зүйлийн мэдээлэл /3 дугаар хавтас, хх-45-46/, “Баянсамсуу” ХХК-ийн барьцаат үйлчилгээний тасалбар /3 дугаар хавтас, хх-51/, эд мөрийн баримт хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3 дугаар хавтас, хх-55, 82/, хөрөнгө үнэлсэн тайлан /3 дугаар хавтас, хх-75-77/,
Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл /3 дугаар хавтас, хх-56-62/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /3 дугаар хавтас, хх-83, 87/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа /3 дугаар хавтас, хх-89/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3 дугаар хавтас, хх-91, 92/, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны тодорхойлолт /хх-93/, шийтгэх тогтоолуудын хуулбар /3 дугаар хавтас, 97-107/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэн шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.С нь Сонгинохайрхан дүүргийн 3, 4, 24, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай 11 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдад нийт 7.824.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Сыг нэр бүхий хохирогч нарын хүн байнга амьдрах монгол гэр, хувийн сууцанд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан санаатай 11 удаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Хулгайлах гэмт хэргийн улмаас 11 хохирогчид нийт 7.824.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, 620.000 төгрөгийн шууд бус хохирол тус тус учирсан байна. Үүнээс хохирогч Ж.Батсайхан, Н.Энхтуяа, Я.Батзаяа, Т.Ганболд, Ж.Тунгалаг нарын хохирол биет байдлаар төлөгдсөн болох нь тэдний мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-55-56, 119-121, 2 дугаар хавтас, хх-65-66, 249-250/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-43, 115, 166, 211, 2 дугаар хавтас, хх-59, 245/ зэргээр тогтоогдсон тул шүүгдэгч Б.Сыг дээрх нэр бүхий хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин шүүгдэгч Б.Саас нийт 5.276.000 төгрөг гаргуулж,
төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Өмнө нь 4 удаагийн ял шийтгэлтэй, 60 гаруй хоногийн хугацаанд 11 айлын орон байранд нэвтэрсэн тул засарч хүмүүжээгүй байна гэж дүгнэж байна. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Анхнаасаа хэргээ хүлээсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олоход тусалсан” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Иймд 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. Хохирлоо төлье гэж байгаа ч бодит боломжгүй байгаа байдлыг харгалзан үзнэ үү” гэж,
хохирогч “Хохирол төлж чадахгүй гэдгээ хэлж байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэж,
шүүгдэгч “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэж тус тус дүгнэлт гаргалаа.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүйг дурдаж байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтдээ дурдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй болно. Тухайлбал гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олоход тусалсан шүүгдэгчийн ямар нэгэн идэвхтэй үйлдэл, оролцоо огт байхгүй бөгөөд гэмт хэрэг үйлдээд баригдах үедээ тухайн эд зүйлийг авч явсан, эсхүл гэртээ аваачаад тавьсан байсныг цагдаагийн байгууллагын алба хаагч нар хуульд заасан зохих ажиллагаа хийхдээ илрүүлсэн байх тул шүүгдэгчийг тусалсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн болно.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /11 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /бусдад нийт 7.824.000 төгрөгийн эд хөрөнгийн шууд хохирол учруулсан, зарим эд зүйлийг биет байдлаар хураалган хохирогчид нарт өгсөн/, шүүгдэгчийн хувийн байдал /урьд энэ төрлийн гэмт хэрэгт 4 удаа ял шийтгэгдэж байсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн/-ыг тус тус харгалзан улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэв. Гэвч хорих ялын хэмжээний хувьд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд буюу 11 удаагийн үйлдэл, хохирлын хэмжээ, орон байранд нэвтэрч үйлдсэн зэрэг үйлдэлд 10 жил хорих ял оногдуулах улсын яллагчийн, 5 жил 1 сарын хорих ял оногдуулах өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтүүд нь хууль ёсны зарчим болоод шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч Б.Сад 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, дээрх тогтоогдсон нөхцөл байдлыг харгалзан уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Сын 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 хоног, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл урьдчилан хоригдсон 114 хоног, нийт 115 /нэг зуун арван тав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулах тооцох нь зүйтэй гэж үзлээ. /1 дүгээр хавтас, хх-79-80, 85-86, 91-92, 2 дугаар хавтас, хх-133/.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Болдын Сыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч Б.Сыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Сад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.С хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Сын урьдчилан хоригдсон 115 /нэг зуун арван тав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Саас нийт 5.276.000 төгрөг гаргуулж, хохирогч Ч.Оюунчулуун / /-д 2.012.000 төгрөгийг, хохирогч Ц.Цэнд / /-д 60.000 төгрөгийг, хохирогч Ж.Эрдэнэбаатар / /-т 2.184.000 төгрөгийг, хохирогч Н.Баасанжав / /-д 35.000 төгрөгийг, хохирогч Б.Дүмбэн-Ойдов / /-т 380.000 төгрөгийг, хохирогч Н.Шаравсамбуу / /-д 20.000 төгрөгийг,
иргэний нэхэмжлэгч Ц.Бат-Очир / /-т 30.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч О.Эрдэнэбулган / /-д 200.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Болормаа / /-д 5.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Удамбуян / /-д 200.000 төгрөгийг, /-д 150.000 төгрөгийг тус тус олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Сын эдлэх ялыг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Сад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
Г.МӨНХЗУЛ