Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/01968

 

 

 

 

 

 

 

 

2024 11 08 210/МА2024/01968

 

 

Ш.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2024/04260 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч Ш.Ц-гийн нэхэмжлэлтэй

хариуцагч Л.Х-т холбогдох,

хамтын амьдралтай байсныг тогтоолгох, дундын өмчлөлийн хөрөнгөөс ногдох хэсэг 37,574,500 төгрөг гаргуулах тухай үндсэн, 23,900,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагч Л.Х, хариуцагчийн өмгөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие Л.Х-тай 2008 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн хамтран амьдарсан. Бид гэрлэлтээ батлуулаагүй. Хамтран амьдрах хугацаанд зээл авч, гэр орон, тавилга, автомашин зэргийг авсан. Л.Х-ын зан ааш өөрчлөгдөж, эрүүл, согтуугийн алинд ч намайг зоддог, доромжилдог байсан.

1.2. Бидний хамтран амьдрах хугацаанд С дүүргийн, ** дугаар хороо, З**** уул ** дүгээр гудамж, ***а тоот хаягт байршилтай ******* нэгж талбарын дугаартай 308 м.кв талбайтай Г-***** дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн дээрх хаягт байршилтай 56 м.кв талбайтай Ү-***** дугаарт бүртгэлтэй хувийн сууц, **** УАТ улсын дугаартай Тоёота приус-*** маркийн автомашин зэрэг хөрөнгө бий болсон. 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний компанид хандаж үнэлгээ хийлгэхэд газар болох хувийн сууцыг 53,899,000 төгрөг, приус маркийн автомашиныг 21,251,000 төгрөг, нийт 75,149,000 төгрөгийн хөрөнгөөс өөрт ногдох хэсэг буюу 37,574,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Миний бие Ш.Ц-тай 2008 оны 03 дугаар сарын 28-ны өдөр танилцаж, улмаар нийтийн байр хөлсөлж хамтран амьдарсан. 2016 онд ээжийнх нь хашаанд гэр барьж амьдарч байгаад хөөгдсөн. Байнгын хэрүүл маргаантай амьдарч байсан. Таарч тохирохгүй салья гэхээр өөрөө хүрээд ирдэг. Эмэгтэй хүн гэж бодоод юм хэлэхгүй орхидог байсан. 2021 онд Ш.Ц цагдаа дуудаж, Зөрчлийн тухай хуулиар баривчлах арга хэмжээ авахуулсан.

2.2. Ш.Ц гэрийн хамаг эд зүйлийг дур мэдэн авч явсан. Ямар үндэслэл шаардлагаар дундын өмчлөлөөс ногдох хэсэг гаргуулж авна гэж нэхэмжлэл гаргасныг ойлгохгүй байна. Би ажил хөдөлмөр эрхэлсэн цалин орлого болон банкнаас зээл авч хашаа байшингийн үнийг төлсөн. Ш.Ц хашаа, байшин худалдан авахад мөнгө гаргасан бол нотлох ёстой. Иймд шүүх хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

3.1. Намайг цагдаагийн байгууллагаас шалгаж, шүүхээр 30 хоногийн баривчлах арга хэмжээ авахуулсан. Ш.Ц нь намайг эзгүй хойгуур гэрийн эд хөрөнгийг ачиж аваад явсан байсан. Үүнд хөргөгч 2,000,000 төгрөг, хөлдөөгч 450,000 төгрөг, цахилгаан зуух 750,000 төгрөг, угаалгын машин 450,000 төгрөг, печь 250,000 төгрөг, тоос сорогч 150,000 төгрөг, тень 250,000 төгрөг, өнгөт зурагт 1,600,000 төгрөг, мөнгөн аяга 3 ширхэг 1,250,000 төгрөг, хөөрөг 3,000,000 төгрөг, буйдан урт 2,400,000 төгрөг, том өрөөний стенк 1,800,000 төгрөг, гал тогооны тавилга 1,900,000 төгрөг, хивс 250,000 төгрөг, жижиг хивс 200,000 төгрөг, түлээний мод 350,000 төгрөг, гал тогооны модон ширээ сандал 700,000 төгрөг, том автомашины данхрад 200,000 төгрөг, усны сав 460,000 төгрөг, газын плитка 350,000 төгрөг, индукцин плитка 140,000 төгрөг, модон ширээ 500,000 төгрөг, өвлийн гутал 200,000 төгрөг, зуны ботинка 300,000 төгрөг, жижиг шүүгээ 300,000 төгрөг, цонхны хөшиг 4 хос 700,000 төгрөг, шкаф 450,000 төгрөг, соната-6 маркийн автомашин 7,100,000 төгрөг, микро автобус 13,800,000 төгрөг, микро автобусны мотор 1,800,000 төгрөг, хүүхдийн сургалтын төлбөр 5,000,000 төгрөг, нийт 47,800,000 төгрөгөөс 50 хувь, 23,900,000 төгрөгийг Ш.Ц гаас гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

4.1. Л.Х нь анх элентра маркийн автомашинтай байсан. Тухайн үед бид хоёр гэрийнхээ хажуу талд цайны газар түрээслэн ажиллуулдаг ба ашиг орлогыг Л.Х мэддэг байсан. 2011 онд анх Хадгаламж банкнаас зээл авч, верна аксент маркийн автомашин 3,700,000 төгрөгөөр худалдаж авсан. Мөн зурагт, хөргөгч, хашаа байшин зэргийг зээлээр худалдан авсан. Гэвч Л.Х архи ууж, агсам тавьж, намайг зодох болсон. 2012 онд микро автобус 13,700,000 төгрөгөөр худалдан авч, Л.Х жолооч хийж би өөрөө кондуктор хийдэг байсан боловч архи ууж, мөрийтэй тоглодог байсан учраас 2022 онд микро автобусыг худалдсан.

4.2. 2018 оны 05 дугаар сард Л.Х нь Б ХХК-ийн оператроор ажилд орж, 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр цалингийн зээлээр С дүүргийн ** дугаар хороо, З**** уулын ** дүгээр гудамж, **а тоот хаягт байршилтай хашаа байшинг худалдан авсан. 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 10 хоногийн баривчилгаанд явахдаа гэрээс өнгөтэй өөдтэй бүх юмыг авч явсан. Үүнд автомашин, 2 ширхэг зурагт, алтан булаг хивс, гутал, малгай, ширээ, багаж, төслийн зуух яндан, зурагтны станц гээд бүгд байхгүй болсон байсан тул би үлдсэн хөрөнгүүдээ авсан. Намайг байхгүйд хулгайлж авч явсан гэж гүтгэж байгаад гомдолтой байна. Л.Х-ын нэхэмжлэл үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Х аас 34,368,620 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Ц д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,205,880 төгрөгийн шаардлага болон хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Х нь 23,900,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 416,022 төгрөг, хариуцагчийн төлсөн 277,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Х аас улсын тэмдэгтийн хураамж 329,793 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Ц д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн ажлын хөлсөнд хариуцагч Л.Х аас 455,000 төгрөг, нэхэмжлэгч Ш.Ц гаас 45,000 төгрөг гаргуулж тус тус Төрийн сан дахь ****** тоот дансанд оруулж тус тус шийдвэрлэжээ.

6. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2, 116 дугаар зүйлийн 116.2, 116.3, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус ноцтой зөрчсөн шүүхийн шийдвэр гарсан. Учир нь шүүхээс Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг шийдвэрлэхдээ мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.2-т гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үйл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө гэх заалтыг орхигдуулан шийдвэрлэсэн байна. Мөн Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт хуульд зааснаар эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж заасан байдаг нь хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчтэй ямар нэгэн хэлцэл хийгээгүй бөгөөд тухайн хөрөнгийг худалдаж авах үедээ өөрийн охиндоо үлдээх гэж авсан, би битгий булаалдаарай гэж хариуцагч учирлаж хэлж байсан бөгөөд тухайн хашаа, байшин нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан бус, өөрийн цалингийн зээлээр буюу зөвхөн өөрийн орлогоороо худалдаж авсан бөгөөд тухайн үед хариуцагч бид хоёр тусдаа амьдарч байсан бөгөөд хариуцагчаас тухайн хашаа, байшинг худалдан авахад ямар нэгэн дэмжлэг, туслалцаа, мөнгө орлого авч байгаагүй. Энэ талаар ямар нэгэн нотлох баримт хэрэгт байхгүй байдлаас үзэхэд энэ хашаа, байшинг дундын өмч гэж үзэх боломжгүй юм. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бодитойгоор үнэлж дүгнэлт хийгээгүй. Хариуцагч Хаан банкнаас зээл авч хашаа, байшинг худалдаж авсан тухай өөрөө мэдүүлж нотолсоор байтал хэрэгт ач холбогдол өгч үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Л.Х-тай хамт амьдарч байх хугацаандаа 2 хүүхэдтэйгээ нуугаагүй. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг өөрөө төлдөг байсан. Маргаан бүхий хашаа, байшинг авах үед би эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Үүнтэй холбоотой баримт хэрэгт авагдсан. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хамт амьдарч байх хугацаанд Ш.Ц-гийн олсон бүх орлогыг Л.Х авдаг байсан. Ш.Ц болон Л.Х нар хоёулаа ажил хийдэг боловч Л.Х ганцаараа нийгмийн даатгал төлдөг. Л.Х нийгмийн даатгал төлсөн байсан гэх давуу байдлаа ашиглан зээл авч, хашаа, байшин авсан. Ш.Ц г эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд Л.Х хашаа, байшин өөрийн нэр дээр худалдан авч, давуу байдал болгон ашиглаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Ш.Ц нь хариуцагч Л.Х-т холбогдуулан хамтын амьдралтай байсныг тогтоолгох, С дүүргийн, ** дугаар хороо, З**** уул ** дүгээр гудамж, ***а тоот хаягт байршилтай 308 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн дээрх хаягт байршилтай 56 м.кв талбайтай хувийн сууц, **** УАТ улсын дугаартай Тоёота приус-** маркийн автомашин зэрэг хөрөнгүүдийн үнээс ногдох хэсэг буюу 37,574,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Уг шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч дундын эд хөрөнгө болох гэрийн эд хогшлийн үнээс өөрт ногдох хэсэг 23,900,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 23,900,000 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсан байна.

3. Ш.Ц нь Л.Х-тай 2008 оны 03 дугаар сарын 28-ны өдөр танилцаж, энэ үеэс эхлэн 2023 оныг хүртэл хугацаанд хамтран амьдарсан болох нь зохигчийн тайлбар, С дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, гэрч Г.Н, Д.Н, Ш.Ц нарын мэдүүлэг, гэрэл зураг зэрэг баримтаар тогтоогдсон, энэ талаар хариуцагч маргаагүй.

4. Л.Х нь С дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2021/ЗШ/1615 дугаар шийтгэвэр, мөн шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ЗШ/1709 дугаар шийтгэвэр, тус шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЗ/1897 дугаар шийтгэврээр хамтран амьдрагч Ш.Ц г хэл амаар доромжилж, зодсон, айлган сүрдүүлсэн зөрчилд холбогдож баривчлах шийтгэлээр тус тус шийтгэгдсэн байна./хх13-14, 22-23, 24-25/

4.1. Гэр бүлийн таарамжгүй харилцаа, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөний улмаас зохигчид тусдаа амьдарч байгаа үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

5. Талууд маргааны зүйл болох газар, хувийн сууц, автомашин зэрэг хөрөнгийг худалдан авахад оруулсан мөнгөн хөрөнгийн талаар болон дундын өмч бий болсон эсэх талаар маргасан.

5.1. Хариуцагч Г.Х нь Б.Э-тай 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний үндсэн дээр С дүүргийн, ** дугаар хороо, З**** уул ** дүгээр гудамж, ***а тоот хаягт байршилтай 308 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн дээрх хаягт байршилтай 56 м.кв талбайтай хувийн сууцыг худалдан авч, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна./хх-66, 68/

5.2. Дээрх газар, хувийн сууцыг худалдан авахад Ш.Ц , Г.Х нар нь Г ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр №ЗГ21051588291 дугаар зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөг, Х банк ХХК-тай 2011 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 7 дугаар барьцаат зээлийн гэрээгээр 6,500,000 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 13 дугаар барьцаат зээлийн гэрээгээр 5,700,000 төгрөг, Н ББСБ ХХК-тай 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр №107200358 дугаар зээлийн гэрээгээр 3,800,000 төгрөг тус тус зээлсэн, Ш.Ц хамтран зээлдэгчээр оролцсон байх ба зохигчийн банкин дахь дансны хуулгаас үзвэл хамтын амьдралдаа зориулж бусдаас үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан үйл баримт тогтоогдож байна./хх51-52, 53-55, 59-60, 62-63, 64-65, 86-87, 2хх186-251/

5.3. Эдгээр хөрөнгүүдийг зохигчид хамт эзэмшиж, ашигласан нь хамтран амьдарсан цаг хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэгч нь уг хөрөнгийн үнэлгээнээс өөрт ногдох хэсгийг 1/2 гэж тодорхойлж хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй.

6. Зохигчид хамтран амьдрах хугацаанд хэн аль нь ажил хөдөлмөр эрхэлж, цалин орлоготой байсан, ийнхүү хөдөлмөрийн хөлс, цалин орлогоо хамтын амьдралдаа зарцуулж, өрхийн төсөв бүрдүүлэхэд, ахуйн хэрэгцээгээ хангахад ижил хэмжээгээр оролцсон болох нь хэргийн баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

6.1. Иймд хариуцагч Г.Х ын нэр дээр бүртгэлтэй дээрх хөрөнгийг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж заасныг үндэслэн тэдгээрийн дундын өмчөөр тогтоосон шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

6.2. 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр А ХХК-ийн гаргасан зах зээлийн үнэлгээ болох газар, хувийн сууцыг 49,737,240 төгрөг, **** УАТ улсын дугаартай Тоёота приус 30 маркийн автомашиныг 19,000,000 төгрөг, нийт 68,737,240 төгрөгөөр үнийг тодорхойлж, нэхэмжлэгчид ногдох хэсэг 34,368,620(68,737,240/2) төгрөгийг хариуцагч Г.Х аас гаргуулж нэхэмжлэгч Ш.Ц д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт заасантай нийцжээ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус харин дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэж дүгнэж уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв. Энэ талаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргаагүй болно.

8. Мөн шүүх хариуцагч Г.Х нь дундын эд хөрөнгө буюу гэрийн эд хогшлоос ногдох хэсэг 23,900,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцсэн байна.

9. Хариуцагч талын ...шүүх дундын өмчлөлийн хөрөнгийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.2-т заасан зохицуулалтыг хэрэглээгүй гэх агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй. Учир нь хэргийн баримтаар Ш.Ц , Г.Х нар гэрлэлтээ албан ёсоор төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй, хамтын амьдралтай байсан болох нь тогтоогдсон тул тэдгээрийг гэрлэгчид гэж үзэхгүй. Иймд зохигчийн хамтран амьдрах хугацаанд бий болсон хөрөнгө нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.2-т хэсэгт заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх эд хөрөнгөд хамаарахгүй. Хэдийгээр зохигчдын хооронд хэлцэл хийгдээгүй боловч тухайн хөрөнгийг бусдаас худалдан авсан нь хамтын амьдралын хүрээнд тодорхой хэмжээний хувь хөрөнгө оруулсныг үгүйсгэх үндэслэл болохгүй. Зохигчдын хэн нэгний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө байгаагаас үл хамаарч дундын өмчлөлийн зүйл гэж дүгнэхэд саад болохгүй тул уг гомдлыг хангахгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2024/04260 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329,793 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ЦОГТСАЙХАН