| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 183/2023/06342/И |
| Дугаар | 210/МА2024/02054 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2024/02054
2024 оны 11 сарын 27 өдөр Дуга 210/МА2024/02054
М ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 01-ний өдрийн 183/ШШ2024/03904 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: С ХХК-д холбогдох,
2021 оны 06 сарын 22-ны өдрийн №21/010 тоот Бартерын журмаар хамтран ажиллах гэрээ болон 2021 оны 12 сарын 08-ны өдрийн №22/01 тоот Бартерын журмаар хамтран ажиллах гэрээнээс тус тус татгалзаж, нийлүүлсэн тавилгын үнэ болох 185,914,538 төгрөг, хохирол 35,712,370 төгрөг, нийт 221,626,900 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Номуунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Талууд анх 2019 оны 10 сарын 20-ны өдөр Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-г байгуулж, уг гэрээгээр С ХХК нь чанарын шаардлага хангасан бетон зуурмагийг нийлүүлэх, М ХХК нь гэр ахуйн тавилга нийлүүлэхээр тохиролцсон.
1.2. Энэхүү гэрээний дагуу талууд тооцоо нийлж, уг тооцоо нийлсэн актаар С ХХК нь 43,361,440 төгрөгийн зуурмагийг нийлүүлээгүй болох нь тогтоогдсон тул талууд дахин 2021 оны 06 сарын 22-ны өдөр Бартерын журмаар хамтран ажиллах гэрээ-г байгуулж, тус гэрээгээр С ХХК нь 2 өрөө орон сууцыг 83,300,000 төгрөгт тооцон М ХХК-д шилжүүлэх, М ХХК нь үлдэгдэл 43,361,440 төгрөгийг суутган тооцоод, дээр нь 45,908,560 төгрөгийн үнийн дүнд тавилга нийлүүлэхээр тохиролцсон.
1.3. Мөн талууд 2021 оны 12 сарын 08-ны өдөр мөн Бартерын журмаар хамтран ажиллах гэрээ-г байгуулсан ба гэрээгээр С ХХК нь 110,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг нэхэмжлэгчид өгөх, нэхэмжлэгч нь хариуцагчид гэр ахуйн тавилга нийлүүлэхээр тохиролцсон.
1.4. М ХХК нь дээрх 3 гэрээний үүрэгт нийтдээ 185,914,538 төгрөгийн үнэ бүхий тавилгыг С ХХК-д нийлүүлсэн боловч хариуцагч нь тухайн орон сууцуудыг огт шилжүүлж өгөөгүй, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй.
1.5. Хэрвээ хариуцагч тал гэрээний дагуу үүргээ биелүүлсэн бол нэхэмжлэгч тал нь дээрх үнийн дүнгээр өөрийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулах, ихээхэн хэмжээний ашиг олох бүрэн боломжтой байсан ба хариуцагч нь энэ боломжийг хаасан. Нэхэмжлэгч хамгийн бага үнэлгээгээр буюу хугацаагүй хадгаламжид хийсэн хүүгийн дундаж үнэлгээгээр хохирлыг тооцоход нийт 35,712,370 төгрөг болох байсан.
Иймд хариуцагчаас тавилгын нийт үнэ 185,914,538 төгрөг, 2021, 2022, 2023 оны арилжааны банкны хугацаагүй хадгаламжийн дундаж дүнгээр тооцон хохирол 35,712,370 төгрөг, нийт 221,626,908 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талаас хариу тайлбар гаргаагүй болно.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.1, 227 дугаар зүйлийн 227.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч С ХХК-аас 185,914,538 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 35,712,370 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,389,342 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-аас улсын тэмдгийн хураамжид 1,087,523 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга
4.1. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д Талуудын хооронд үүссэн эрхзүйн харилцаа нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний харилцаанд хамаарах бөгөөд гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэв гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.
4.2. Учир нь талууд анх 2019 оны 10 сарын 20-ны өдөр Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр С ХХК нь М ХХК-д М-100-М-500 маркийн бетон зуурмаг нийлүүлэх, М ХХК нь төлбөрийг гэр ахуйн болон оффисын тавилгаар бартерын журмаар төлөхөөр тохиролцсон. Энэ нь арилжааны гэрээний шинжийг агуулж байгааг хүлээн зөвшөөрнө.
4.3. Талууд уг гэрээг 2020 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар дүгнэж үзэхэд С ХХК нь 43,391,040 төгрөгийн төлбөртэй гарсан./Үндэслэх хэсгийн 5/
Улмаар 2021 оны 06 сарын 22-ны өдөр дахин гэрээ байгуулж С ХХК нь өмнөх гэрээний үлдэгдэл 43,391,040 төгрөгт тооцож 47 м.кв талбайтай 89,300,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг М ХХК-д шилжүүлэх, М ХХК нь зөрүү төлбөр 45,098,560 төгрөгт тавилга нийлүүлэхээр тохиролцсон. Энэ гэрээний дагуу 45,098,560 төгрөгийн тавилгыг хүлээн авсан.
4.4. Ингээд 2021 оны 12 сарын 08-ны өдөр талууд гэрээгээ дүгнээд С ХХК нь өмнөх 2 гэрээний нийт төлбөр болох 88,489,600 төгрөгт тооцож 45-50 м.кв орон сууцыг 1 м.кв үнийг 2,200,000-2,400,000 төгрөгийн хооронд тооцож, 110,000,000 төгрөгийн үнэ бүхий бартерын орон сууцаар төлбөрийг төлж барагдуулахаар тохиролцон Бартерын журмаар хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу талууд хэн алиндаа ямар ч эд зүйл хүлээлгэн өгөөгүй болно.
4.5. Хариуцагч нь бодит байдал дээр нэхэмжлэгч талаас бартерын журмаар авсан барааны тооцоонд 88,489,600 төгрөгийн үлдэгдэлтэй байхад шүүхэд С ХХК-ийн гарын үсэггүй падааныг шүүх шаардлага хангасан нотлох баримтын хэмжээнд үнэлж манай компаниас үндэслэлгүйгээр 185,914,538 төгрөг гаргуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
4.6. Ийнхүү анхан шатны шүүх нэхэмжлэгч тал нийт 185,914,538 төгрөгийн тавилга нийлүүлсэн болохоо баримтаар нотлоогүй байхад тэдний талын өөрсдийнх нь нөхөж бичсэн, хүлээн авсан талын гарын үсэггүй олон тооны падааныг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
5.1. Талууд нийт 3 удаа гэрээ байгуулсан. Гэрээний дагуу М ХХК нь С ХХК-д 185,914,538 төгрөгийн үнэ бүхий тавилгыг нийлүүлсэн. Гэрээ байгуулж тавилга нийлүүлсэн 2019, 2020, 2021 онууд нь Ковид-19 цар тахал гарсан үе бөгөөд үүнээс болж талууд сар бүр уулзаж падаанд гарын үсэг зуруулж чадаагүй. Гэхдээ талуудын нягтлангууд 6, 6 сарын зайтай нийт 7 удаа тооцоо нийлж акт үйлдсэн бөгөөд уг тооцоо нийлсэн актыг шүүхэд нотлох баримтаар өгсөн. Шүүх уг баримтыг үнэлэн нийт 185,914,538 төгрөгийн тавилгыг нийлүүлсэн гэж үзэж хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн.
5.2. Тухайн үед С ХХК нь фэйсбүүк чатаар н.У гэх хүн рүү энэ тавилгыг энэ газарт хүргэж өгнө үү гэх байдлаар захиалга өгдөг бөгөөд манайх падаан бичээд тухайн газарт нь хүргэж өгч тооцоо нийлдэг байсан. Гэтэл хариуцагч 185,000,000 төгрөг биш 88,000,000 төгрөгийн тавилга авсан гэх худал тайлбар гаргасан. Хэрэв хариуцагчийн ярьдаг нь үнэн бол тухайн үед тооцоо нийлж баримтад гарын үсэг зурах байсан.
5.3. Талууд бартер буюу тавилга нийлүүлээд оронд нь орон сууц авахаар тохиролцсон бөгөөд тохиролцооны дагуу бараагаа нийлүүлээд оронд нь орон сууц авна гэж итгээд тавилга нийлүүлдэг байсан ч орон сууцыг өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч С ХХК-д холбогдуулан 33,560,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч С ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд хариу тайлбар гаргаагүй байна.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоожээ.
3.1. Зохигч талууд 2019 оны 10 сарын 20-ны өдөр №19/23 тоот Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нийлүүлэгч С ХХК нь М100-М500 маркийн бетон зуурмагийг техникийн нөхцөл, стандартын шаардлагын дагуу үйлдвэрлэн захиалагчид нийлүүлэх, захиалагч М ХХК нь төлбөрийг гэр ахуйн болон оффисын тавилгаар бартерын журмаар төлөхөөр харилцан тохиролцсон;/хх-160-163/
3.2. Мөн талуудын хооронд 2021 оны 06 сарын 22-ны өдөр 21/010 дугаар Бартерын журмаар хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, гэрээгээр хариуцагч С ХХК нь 2019 оны 10 сарын 20-ны өдрийн №19/23 тоот гэрээний тооцоо нийлсэн актын үлдэгдэл 43,391,440 төгрөгийн төлбөрт 47 м.кв байрыг талууд харилцан тохиролцож 1 м.кв-ийн үнийг 1,900,000 төгрөгөөр үнэлэн нийт 89,300,000 төгрөгийн үнэ бүхий бартерын орон сууцаар төлбөрийг төлж барагдуулах, нэхэмжлэгч М ХХК нь 89,300,000 төгрөгийн 40,000,000 төгрөгт НӨАТ төлөхгүй бөгөөд үлдэгдэл 49,300,000 төгрөгийн НӨАТ-ыг С ХХК-д төлөхөөр харилцан тохиролцжээ; /хх-10-12/
3.3. Талууд 2021 оны 12 сарын 08-ны өдөр 22/01 дугаар Бартерын журмаар хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч С ХХК нь 45-50 м.кв бүхий орон сууцыг 1 м.кв-ийн үнийг 2,200,000-2,400,000 төгрөгөөр тооцож 110,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцаар төлбөрийг барагдуулах, нэхэмжлэгч М ХХК нь бартерын орон сууцны төлбөрт ОХУ-д үйлдвэрлэгдсэн гэр ахуйн болон бүх төрлийн бэлэн тавилга нийлүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх-7-9/
4. Анхан шатны шүүх зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар дүгнэлт үндэслэлтэй.
5. Зохигчид 2022 оны 07 сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 сарын 14-ний өдрийг хүртэл хариуцагч нь 185,914,538 төгрөгийн төлбөртэй болохыг баталгаажуулж тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулсан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6-д заасантай нийцсэн байна.
Хэрэгт цугларсан баримтаар хариуцагч тал нь нэхэмжлэгчээс 185,914,538 төгрөгийн үнэ бүхий тавилга хүлээж авсан, мөн тооцоо нийлсэн баримт үйлдэж өр авлагатай болохыг баталгаажуулсан зэрэг үйл баримтыг үгүйсгэх баримтыг гаргаагүй тул хариуцагч талын ... зөвхөн 88,000,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй.
6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн атлаа хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлага, хэргийн үйл баримтыг харьцуулан дүгнэхгүйгээр гэрээнээс татгалзсантай холбоотой зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу болжээ. Нэхэмжлэгч нь хариуцагч талд нийлүүлсэн тавилганы үнийг шаардсан байхад Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.1, 227 дугаар зүйлийн 227.1 гэсэн заалтыг баримталсан хууль хэрэглээний алдаа гаргасныг залруулж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгээс хасна.
Харин, гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой шаардах эрхийг хэрэгжүүлэх зохицуулалт буюу Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримталсан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 01-ний өдрийн 183/ШШ2024/03904 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.1, 227 дугаар зүйлийн 227.1 ... гэснийг ... 219 дүгээр зүйлийн 219.1 ... гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,087,523 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
С.ЭНХБАЯР