| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 182/2024/01221/И |
| Дугаар | 210/МА2024/01969 |
| Огноо | 2024-11-08 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2024/01969
2024 11 08 210/МА2024/01969
Б.Г-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2024/03370 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Г-ийн хариуцагч Т ХК-д холбогдох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, Ж.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. Миний бие Т ХК-д 2013 оны 08 дугаар сараас эхлэн ажилласан ба ажиллах хугацаандаа хөдөлмөрийн алтан медаль, Санхүү банкны тэргүүний ажилтан цол тэмдэг, Сангийн яамны жуух бичиг зэргээр шагнуулж байсан.
1.2. Гэтэл тус банкны захирлын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/70 дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалаар ажлаас халсан. Тус тушаалыг гаргахаас өмнө Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу надаас тайлбар аваагүй.
1.3. Би ажиллах хугацаанд 2 хоног чөлөө зөвшөөрөлгүй ажил тасалж байгаагүй. Ээлжийн амралтаа хэсэгчлэн авах хүсэлтээ гаргаад зохих зөвшөөрлийн дагуу амралт авсан. Гэтэл ажил тасалсан мэт тушаал гарган намайг үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байна. Иймд Т ХК-ийн урьд эрхэлж байсан харилцааны менежерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Б.Г нь Т ХК-ийн Хонхор тооцооны төвд харилцааны менежерээр ажиллаж байсан.
2.2. Ажил олгогчоос Б.Г-т 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/971 дугаар, мөн оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/1082 дугаар тус тус тушаалаар нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан.
Нэхэмжлэгч Б.Г нь 2023 оны 12 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд шууд удирдлагадаа мэдэгдэлгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 өдөр ажил тасалж, хөдөлмөрийн дотоод журмын 15.2.1-д заасныг ноцтой зөрчсөн. Мөн Б.Г нь 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 24-01/44, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 24-01/48, 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 24-01/52, 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 24-01/54, 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 24/01/57 дугаар албан бичгүүдийг тухайн өдрүүдэд тооцооны төвийн захирлын шүүгээний лацыг хөндөж, захирлын тэмдгийг дарж, өөрийн гарын үсэг зурсан үйлдэл нь хөдөлмөрийн дотоод журмын 15.2.5, 15.2.27-д тус тус заасныг ноцтой зөрчилд хамаарна.
2.3. Иймээс тус компанийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/70 дугаар тушаалаар Б.Г нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7‑д зааснаар Т ХК-д холбогдох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5‑д зааснаар нэхэмжлэгч Б.Г нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Т ХК нь 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр, 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрүүдийн зөрчлийг 2023 оны 08 дугаар сард илрүүлсэн бөгөөд сахилгын шийтгэл оногдуулахдаа 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор оногдуулах ёстой байхад 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр сахилгын шийтгэл оногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4, 123.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн.
Т ХК нь Б.Г зөрчил гаргасан эсэхийг тогтоосны дараа сахилгын шийтгэл оногдуулах ёстой байхад цагдаагийн байгууллагад хандаж эцэслэн шийдвэрлүүлээгүй атлаа ажлаас халсан нь үндэслэлгүй. Мөн ажлын хариуцлага алдсан хүн Б.Г биш ажлын байрандаа удаа дараа байдаггүй Р.Е захирал байхад зөрчлийг тогтоолгүйгээр Б.Г-т сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй.
Хонхор тооцооны төвийн захирал Р.Е-ныг Харилцааны менежер орлож ажиллаж байсан болохыг тухай бүр нь Р.Е захирал мэдэж байсан ба зөрчил гэж үзэж байгаа бол хуульд заасны дагуу илрүүлснээс хойш 1 сарын дотор буюу 2023 оны 10 дугаар сарын 29-нийн өдөр сахилгын шийтгэл оногдуулах ёстой байтал хуульд заасан хугацааг хэтрүүлж, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Б.Г-т сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, зөрчлийг хэзээ илрүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад шүүхээс таамаглалд тулгуурлан зөрчлийг 2024 оны 01 дүгээр сард илрүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
4.2. Би банкны барьцаа хөрөнгө чөлөөлөх албан тоотод гарын үсэг зурсан. Тухайн өдрүүдэд захирал ажлын байран дээрээ байхгүй байсан тул ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу захирлын эзгүйд орлон ажиллаж, банкны баримтуудад өөрийн гарын үсгээ зурж тамга тэмдэг дарсан. Учир нь өмнө нь захирлыг орлон ажлаагүй гэж тушаалаар шийтгэл авч байсан болохоор ажил үүргээ гүйцэтгэсэн, энэ нь банкинд хохирол учруулсан зүйл байхгүй. Зээлдэгч зээлээ хаасан бол шууд чөлөөлөх бичгийг банк хийж өгөх үүрэгтэй, захирал байхгүй чөлөөлөх бичгээ маргааш ав гэж хүнд суртал гаргах нь харилцагчид хохирол учруулах эрсдэлтэй. Харилцагчаа хүндэлж түргэн шуурхай үйлчилж банкны ажил явуулсаныхаа төлөө хувийн зорилгодоо ашигласан зүйлгүй. Банк улирал бүр ажлын үзүүлэлтээ дүгнүүлж, урамшуулалт цалингаа авдаг нотлох баримтууд байна. Би ажлаа сайн хийснийхээ төлөө ажлаас халагдсанд гомдолтой байна. Би өрх толгойлсон 5 хүүхдийн эх бөгөөд 2 жил ажиллаад тэтгэвэрт гарахаар байхад надаас шалтаг шалтгаан хайж ажлаас халсан.
Б.Г нь үүрэгт ажил, албан тушаалаа урвуулан ашигласан, өөртөө давуу тал олж авсан, хувийн зорилгодоо ашигласан, банкны бичиг баримтуудыг засварласан, хуурамчаар үйлдсэн, хамтран оролцсон талаар зөрчлийг тогтоогоогүй, зөрчлийг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байна. Нөгөөтэйгүүр, Б.Г-т хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журмаар Р.Е захирлыг орлох эрх олгогдсон. Тухайлбал, хөдөлмөрийн гэрээний 6.1.7, 7.2.1, 7.2.3, ажлын байрны тодорхойлолтын 14, хөдөлмөрийн дотоод журмын 3.11.5-д тус тус заасны дагуу Хонхор тооцооны төвийн захирал Р.Е ы эзгүйд харилцааны менежер Б.Г орлон ажилласан нь өөрт олгогдоогүй, зөвшөөрөгдөөгүй эрхийг эдэлсэн гэж үзэхээргүй байна. Эсрэгээрээ захирлыг орлож ажиллагаагүй гэдэг үндэслэлээр өмнө сахилгын шийтгэл оногдуулж байсан. Р.Е захирал гадуур ажилтай байх үед Б.Г нь түүнийг орлож явсан бичиг дээр гарын үсэг зурсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын тэмдэглэлд Р.Е ... Намайг ажил дээрээ байхгүй дандаа гадуур ажилтай байх үед энэ үйлдлүүдээ хийсэн. Гадуур ажилтай байсныг нотлох баримтууд байгаа... гэх мэдүүлэг, Б.Г, гэрч Н.П нарын хооронд бичсэн мессеж, гэрч Н.П-ийн ...Захирлыг эзгүйд харилцааны менежер орлож ажилладаг, захирал энэ талаар мэддэг... гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
4.3. Б.Г-ийн ээлжийн амралт 3 хоног дутуу байсан бөгөөд оноос өмнө заавал биеэр эдлэх ёстой гэж хүний нөөцөөс шаарддаг. Үүнийг захирал мэдээгүй гэх үндэслэл байхгүй, имэйлээр хүсэлт очсон нотлох баримт байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасны дагуу дутуу ээлжийн амралтаа эдэлсэн нь ажлаас халах үндэслэл болохгүй. Төрийн банкны зүгээс мөнгөн урамшуулал олгосон баримт хэрэгт байхгүй, ээлжийн амралтыг биеэр эдлэх боломжгүй ажлын зайлшгүй шалтгааныг нотолсон баримт хэрэгт гаргаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулиар хүлээсэн ээлжийн амралт биеэр эдэлсний төлөө ажлаас халсан нь үндэслэлгүй байхад шүүх ээлжийн амралтыг чөлөө гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь үндэслэлгүй.
Мөн 2021 оны 12 дугаар сарын 06 ны өдрийн ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журмын 1.2-т заасан үүргээ Т ХК биелүүлээгүйгээс ажилтан хуулиар олгосон амрах эрхээ эдлэхэд маргаан үүсэн байна. Б.Г хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслаагүй болох нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдоно. Үүнд, Б.Г, гэрч Н.П нарын хооронд бичсэн мессеж, гэрч Н.П-гийн ...Өглөөний дасгал хийж байхад 27, 28-ны өдрүүдэд ээлжийн амралтаа авах талаар захирал Р.Е д хэлж байсан... гэх мэдүүлэг, программд ээлжийн амралт авах хүсэлт оруулсан и-мэйлд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч хариуцагчийн зүгээс энэхүү үйл баримтад маргаагүй учраас шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулан хүсэлтээсээ татгалзсан. Өөрөөр хэлбэл, Б.Г нь хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр шууд удирдлагадаа мэдэгдэлгүйгээр ажил тасалсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Г Т ХК-ийн захирлын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/790 тоот тушаалаар аюулгүй байдал хамгаалалтын дотоод журмын заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй гэх зөрчилд сахилгын шийтгэл хүлээсэн. 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Б/1082 тоот тушаалаар зээлийг зориулалтын дагуу ашигласан эсэхэд хяналт тавиагүй гэх үндэслэлээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл оногдуулсан. Уг тушаалд хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй тул хүчин төгөлдөр болсон. Сахилгын зөрчлийг 1 жилд 2 удаа давтан гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, хөдөлмөрийн дотоод журмын 15.2.3, хөдөлмөрийн гэрээний 8.4.3-т заасан үндэслэлд хамаарч байна. Б.Г-ийн гаргасан зөрчил тус бүрд сахилгын шийтгэл оногдуулсан тул сахилгын шийтгэлийн давхардуулан оногдуулсан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. Б.Г-т гүйцэтгэх захирлыг орлох эрх олгож, хүний нөөцийн программд баталгаажуулаагүй, тооцооны төвийн тэмдгийг актаар хүлээлгэж өгөөгүй байхад тооцооны төвийн тэмдэг дарж, өөрийн гарын үсгийг дарж 5 харилцагчийн барьцааны албан бичигт гарын үсэг зурсан зөрчил гаргасан. Уг зөрчлийг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр илрүүлж, хуульд заасны дагуу 1 сарын хугацаанд сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг гаргасан. Б.Г 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ээлжийн амралтын үлдэгдэл 2 хоногоо эдлэх хүсэлтээ программд оруулсныг шууд удирдлага нь баталгаажуулаагүй буюу татгалзсан байхад 2023 оны 12 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй болох нь нэхэмжлэгчийн цагийн бүртгэл болон хүний нөөцийн мэдээллийн сангийн баримт, тооцооны төвийн захирал Р.Е ы Б.Г-т эй харилцсан цахим захидалд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрч Б.Б-ын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогддог. Иймд Б.Г-ийн гаргасан зөрчлийг хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил болохыг тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Т ХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Б.Г нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, Т ХК-ийн Налайх дүүрэг, салбарын харьяа Хонхор тооцооны төвийн харилцааны менежерээр ажиллаж байсан./хх38-42/ Талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
4. Т ХК-ийн захирлын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Б/971, 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Б/1082 дугаар тус тус тушаалаар Б.Г-т нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна./хх-44, 45/
4.1. Дээрх тушаалуудыг Б.Г эс зөвшөөрч хуульд заасан эрх бүхий байгууллагад гомдол гаргаагүй байх тул эдгээр тушаал хүчин төгөлдөр гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Т ХК-ийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/70 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Т-ны Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1.2, 15 дугаар зүйлийн 15.2.1, 15.2.3, 15.2.5, 15.2.7, 15.2.27, 24 дүгээр зүйлийн 24.3.5 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.4.1, 8.4.3, 8.4.5, 8.4.7, 8.4.27 дахь заалтыг тус тус үндэслэн Налайх дүүрэг, салбарын харьяа Хонхор тооцооны төвийн харилцааны менежер Б.Г-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон./хх-43/
5.1. Дээрх тушаалын агуулга нь ажилтан буюу нэхэмжлэгч 2023 оны 12 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд ажил тасалсан, тооцооны төвийн захирлын өмнөөс гарын үсэг зурж, тэмдэгийг дарсан ноцтой зөрчил гаргасан. Мөн сахилгын давтан зөрчил гаргасан үндэслэлийг заажээ.
6. Нэхэмжлэгч Б.Г нь нэхэмжлэлийн шаардлагаа ...2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ээлжийн амралтын үлдэгдэл 2 хоногийг авах хүсэлтээ хүний нөөцийн программд оруулсан, ээлжийн амралтыг зохих зөвшөөрлийн дагуу авсан гэж тодорхойлжээ.
6.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Г нь 2023 оны 12 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй, ажил тасалсан зөрчил гаргасан нь гэрч нарын мэдүүлэг, цагийн бүртгэл, хүний нөөцийн мэдээллийн сангийн баримт, захирал Р.Е ы фэйсбүүк хаягаар бичсэн цахим зурваст үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтаар ажил тасалсан болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
Тодруулбал, хөдөлмөрийн дотоод журмын 15.2.1, 19.4, хөдөлмөрийн гэрээний 8.4.1-д заасны дагуу Б.Г-ийн ээлжийн амралтын үлдэгдэл 2 хоногийн чөлөө авах хүсэлтийг шууд удирдлага нь баталгаажуулаагүй, түүнд зохих ёсоор чөлөө зөвшөөрөл олгоогүй байхад тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан байх тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т нийцсэн байна.
Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн дотоод журамд ажилтны ээлжийн амралт эдлэх ба ээлжийн амралтыг хэсэгчлэн авах тохиолдолд нэг удаагийн хэсэгчлэн амрах хугацаа 10 өдрөөс доошгүй байхаар зохицуулсан бөгөөд ажилтан ээлжийн амралт хэрхэн ямар хугацаагаар авах эсэх талаар шууд удирдлагад мэдэгдэх үүрэгтэй. Хэдийгээр нэхэмжлэгч Б.Г нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ээлжийн амралтын үлдэгдэл 2 өдрийн амралт авах хүсэлтээ Хүний нөөцийн программд оруулсан боловч уг хүсэлтийг ажилтны шууд удирдлага нь баталгаажуулаагүй байна. Иймд ажил олгогчийн зүгээс ээлжийн амралт эдлэх зөвшөөрөл олгоогүй байхад 2 хоног ажил тасалсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөнийг буруутгахгүй.
7. Нэхэмжлэгч Б.Г нь ажиллаж байх хугацаандаа Т ХК-ийн Х тооцооны төвийн захирал Р.Е ы өмнөөс өөрийн гарын үсгийг зурж, тэмдэг дарсан нь зөрчил мөн эсэх, зөрчлийг хэзээ илрүүлсэн талаар талууд маргажээ.
7.1. Ажилтан Б.Г нь Н дүүрэг, салбарын харьяа Х тооцооны төвийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 24-01/44, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 24-01/48, 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 24-01/52, 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 24-01/54, 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 24-01/57 тоот зээлийн барьцааг чөлөөлөх агуулга бүхий нийт 5 албан бичиг үйлдэж, өөрт олгогдоогүй, зөвшөөрөгдөөгүй эрхийг хэрэгжүүлж шууд удирдлагын өмнөөс гарын үсэг зурж, тэмдэг дарсан нь хөдөлмөрийн дотоод журмын 15.2.5, 15.2.27-д заасныг зөрчсөн байна./хх65-69/
Нэхэмжлэгч нь ...хариуцагч компанийн 5 албан бичигт гарын үсэг зурж, байгууллагын тэмдэг дарж, тус төвийн захирлыг орлон ажилладаг, захирал өөрөө мэдэж байгаа гэж тайлбарладаг боловч энэ нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул байгууллагыг төлөөлөх эрхийг шууд хэрэгжүүлэх эрхтэй этгээд гэж үзэхгүй.
Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Г нь өөрт олгогдоогүй, зөвшөөрөгдөөгүй эрхийг хэрэгжүүлж, Хонхор тооцооны төвийн захирал Р.Е ы нэрийн өмнөөс барьцаа хөрөнгө чөлөөлөх агуулгатай албан бичгүүдэд гарын үсэг зурж, тэмдэг дарсан зөрчил гаргасан болох нь зохигчдын тайлбар, Р.Е ы цагийн бүртгэл, гэрч Б.Б-ын мэдүүлэг зэрэг нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх журмыг зөрчөөгүй байна./хх115, 126, 127, 156-158/
7.2. Нөгөөтэйгүүр тус төвийн захирал тухайн цаг үед өвчтэй, чөлөөтэй байсан тохиолдолд түүнийг хэн хэрхэн орлох эсэх асуудал яригдана. Гэтэл хэргийн баримтаар захирал Р.Е нь чөлөө аваагүй, ажлын цагийг бүртгэлд бүртгэгдсэн байдаг. Иймд Б.Г нь өөрт олгогдоогүй эрхийг эдэлсэн гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт зөв байх тул ажлын байрандаа удаа дараа байдаггүй Р.Е захирлыг орлон ажиллах хугацаандаа уг баримтыг үйлдсэн гэх гомдол үндэслэлгүй болно.
7.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна. гэж заасан.
Анхан шатны шүүх хариуцагч байгууллагын төлөөлөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулах, саналын хуудсыг үйлдсэнээр зөрчлийг илрүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх тул уг дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэнэ.
Б.Г дээрх 5 албан бичгийг дараалан үйлдсэн нь зөрчил үргэлжилсэн болохыг илэрхийлж байна. Иймээс нэхэмжлэгчийн зөрчил гаргасан сүүлийн өдөр болох 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш 6 сарын дотор буюу 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тушаал гарсан гэж үзнэ. Учир нь зөрчлийг илрүүлж даруй арга хэмжээ авсан бол нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулдаг. Гэтэл 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр сүүлийн зөрчил илэрсэнээс хойш 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тушаал гаргасан нь 6 сарын хугацаанд сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Хариуцагч байгууллага нь сахилгын шийтгэл ногдуулах, саналын хуудсыг үйлдсэнээр зөрчил гаргасан болохыг илрүүлсэн гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотолж чадаагүй.
Иймд 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр зөрчил илэрсэнээс хойш 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ажлаас чөлөөлөх тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан нэг сарын доторх хугацаанд хамаарахгүй. Харин зөрчил гаргасан сүүлийн өдөр болох 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш 6 сарын дотор буюу 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гаргасанд хамаарах тул уг зохицуулалтыг хэрэглэх учиртай.
8. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл анхан шатны шүүх Б.Г-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д заасантай нийцсэн гэж дүгнэж, ажилд эгүүлэн тогтоолгох, үр дагаврыг арилгуулахтай холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.
9. Иймээс нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан хариуцагчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасныг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхийг хариуцагчид даалгахаар шаардах эрхгүй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2024/03370 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Д.ЦОГТСАЙХАН