| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2019/0149/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/149 |
| Огноо | 2019-06-05 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2019/ШЦТ/149
2019/ШЦТ/149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхбаяраар хөтлүүлж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр
Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л овгийн Бн Бд холбогдох 1912 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 1 дүгээр багийн нутаг Цохиот гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд сум дундын 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, Л овгийн Б Б /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 17 цагийн орчим Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Сөрт багийн нутаг дэвсгэрт байрлах Наадмын талбайн урд иргэн Д.Ж модоор зүүн тахилзуур ясыг /шилбэ/ цохиж хугалан, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Д.Жын өгсөн:..2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Б хамт хөдөөнөөс сумын төвд орж ирээд дэлгүүрээс нэг шил архи аваад Шатахуун түгээгүүрт ажилладаг Ш ахынд ороод нэг шил архи ууя гэхэд Ш ах тэг тэг гээд гэртээ оруулсан. Тэднийд нэг шил архиа Б бид хоёр хувааж уугаад гараад явсан. Тэднийхээс гараад сумын наадмын талбайн баруун урд талд ирээд маргалдсан. Маргалдаад би Бг барьж аваад газарт унагаагаад чи зүгээр байгаарай гэж хэлээд тавьсан. Б босож ирээд мал эмнэлгийн хашааны шон аваад намайг цохиж эхэлсэн. Намайг цохиод байхаар нь болье оо миний дүү ах нь дахиж юм ярихгүй гэхэд Б чамайг алаад адууг чинь хулгайлж дуусгаад би шорондоо явна гээд цохиод байсан. Намайг Б цохиж зодож байхад сумын Засаг даргын тамгын газарт ажилладаг хүмүүс ирж салгасан. Б бид хоёр Ш гэх айлд архи ууж байхдаа хэрэлдэж маргалдаагүй. Тэр айлд маргалдаагүй гараад маргалдсан. Айлаас гараад сумын төв рүү явж байтал Б утсаар яриад байсан. Би хэнтэй яриад байгаа юм гэж асуухад Цэнхэр сумын Буйлан багийн О ярьж байсан гэхээр нь би утсыг нь аваад О мэнд мэдээд утсаа салгатал Б чи яахаараа гичий нохой гэж утсаар ярьдаг юм бэ гээд үл ялиг зүйлээс маргаан өдөж эхэлсэн. Би тэгэхээр нь Бг газар унагаагаад дараад авсан юм. Эхлээд намайг шонгоор толгой руу цохиод би газар унасан. Дараа нь харахад чихний ард шалбарсан байсан, би газарт унаад гар, хөлөөрөө биеэ хаагаад хэвтсэн. Б намайг унасан хойно нөгөө шонгоороо 10 гаруй удаа цохисон байхаа нэлээн олон удаа цохисон. Намайг цохисон гэх мод нь сумын төвийн мал эмнэлгийн хашааны метр гаран урттай модон шон байсан. Тухайн үед зодуулсны дараа 2 гар 2 хөл, 2 хонго тэр чигээрээ хүрэн эрээн болоод хөхөрсөн байсан, зүүн талын чихэн дээр шалбарсан, зүүн хөл гишгэж болохгүй байсан. Рентген зураг авахуулахад зүүн хөлийн шилбэний тахилзуур яс хугарсан байсан. Тухайн үед хөл гар өвдөөд явж чадаагүй, хаана гомдол гаргахаа мэдээгүй явсаар байгаад удсан. Би гомдолтой байна, эрүүл мэндээрээ хохирсон яс хугарсан, сар гаран гэртээ хэвтэрт байсан учраас 2.000.000 төгрөгийг Бгаас нэхэмжилж байна. Цагдаад өргөдөл өгөх гэж Архангай аймаг орсон, мэдүүлэг өгөх гэж Төвшрүүлэх сумын цагдаа дээр ирсэн гээд явдал чирэгдэл удсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/
Гэрч С.Б өгсөн:... 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр манай гэрт оройны 16 цагийн үед Ж танихгүй нэг залуутай орж ирээд Ш ахаа танайд нэг шил архи уучихаад гаръя гэсэн учраас би тэгээ гээд гэртээ оруулсан. Тэр хоёр архиа ууж дуусаад манайхаас маргалдаж хэрэлдээгүй гараад явсан. Гэрт Ж нөгөө орж ирсэн хүнтэйгээ байсан өөр хүн байгаагүй. Тэр хоёр зүгээр сууж байгаад архиа ууж дуусаад гарсан. Би тэр хоёрыг гарсны дараа дэлгүүр орох гэж гараад сумын мал эмнэлгийн гадаа тэр хоёрыг сууж байхыг харсан. Согтуу хүмүүс дээр очоод яах вэ гэж бодоод тойроод явсан. Ж Б зодолдсон эсэхийг би мэдэхгүй, энэ талаар сонсоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/
Гэрч Ч.Б өгсөн....манай сумын мал эмнэлгийн хажууд хоёр хүн хоорондоо зодолдоод нэг нэгнийгээ модоор цохиод байна гээд дуудсан. Тэгэхээр нь гараад харсан чинь нэг нь хэвтчихсэн нэг нь дээрээс нь модон шонгоор цохиод байсан. Б, Г бид 3 наанаас нь очиж явахад нэг нь мотоциклио унаад зугтаасан. Тэгэхээр нь араас нь хөөгөөд 1 км орчим явж байгаад мотоциклоосоо унаад өгөхөөр нь Г очоод тэр хүнийг таньсан байсан. Тухайн үед зодож байсан хүн нь саарал дээлтэй хүн байсан. Намайг харахад шонгоо 2 гараараа 4-5 удаа хөл хавьд нь цохиж байсан. Г хэлэхдээ Б гэх залуу байна гэж хэлсэн. Буцаад зодуулсан хүн дээрээ очиход манай сумын 2 дугаар багийн малчин Ж гээд залуу байсан. Тухайн үед очиход ил харагдах шарх байгаагүй, босоод явахад баруун талын хөл нь доголоод байсан. Тэгээд Б, Г бид гурав гэрт нь хүргэж өгсөн. Ж согтуу байсан, гэхдээ өөрийн гэсэн ухаантай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/
Гэрч Н.Бын өгсөн...наадмын талбайн урд хоёр хүн зодолдоод байх шиг нэг нь доор нь орсон байж байсан. Ойртоод харахад Цохиот гэх газар амьдардаг Б мал эмнэлгийн хашааны жижиг шонгийн мод барьчихсан доор байгаа хүнээ хэд хэд цохиод авсан. Би орилоод чи хүн аллаа шүү дээ болиоч гээд гүйгээд очтол Б шонгийн модоор цохиж байгаад намайг хараад мотоциклио унаад зугтаасан. Бгийн доор газар унаад зодуулж байсан хүн нь бас Цохиот гэх газар оршин суудаг Ж гэх залуу байсан. Б зодож байснаа мотоциклоо унаад зугтах үед нь би машинаа асаагаад араас нь хөөгөөд машиныхаа арын гуперээ хагалаад зогссон. Тухайн үед Бг гүйцээгүй. Б Ж шонгийн модоор 4-5 удаа цохиод байсан. Тэр шонгийн мод нь 1.5 метр орчим урттай манай мал эмнэлгийн хашааны мод байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-21 хуу/
Гэрч Л.О өгсөн...манай нутгийн Ж манай гэрт хөтөлгөө морьтой ирсэн. Манайд орж ирээд ах нь шартаад байна танай гэрт уух юм байна уу гэж асуусан. Би Ж манай гэрт архи байхгүй та харин Бг дагуулж архи ууж болохгүй шүү гэж хэлсэн. Дараа нь Ж Бг дагуулаад адуу услах гээд явсан байсан. Би адуу услаад ирэхгүй болохоор нь айлаас асуусан чинь манайд байна гэж Ганбаа гэдэг айл хэлсэн. Тэдний гэрт Ж орж монгол архи уусан байсан. Тэгээд Б гэртээ тухайн өдрийн 19 цагийн үед ирсэн. Орж ирэхдээ гуниж гутарсан байдалтай надад хэлэхдээ Ж намайг хулгайч гээд боож унагаахаар нь би шонгоор цохьчихлоо гэж хэлсэн. Бгийн зүүн талын өвдөг нь тухайн үед хавдсан байсан. Би наад өвдгөө яасан юм гэж асуухад Ж боогоод мотоцикль дээрээс унасан гэж надад хэлсэн. Бас гарынх нь эрхий хуруу булгарсан байсан. Б хүнтэй маргалдаад байдаггүй, тайван зантай хүн байгаа юм. Тэр өдөр Ж манай гэрт ирээд Бг дагуулж яваагүй байсан бол ийм зүйл болохгүй байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/
Б.Бгийн яллагдагчаар өгсөн.... 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өглөө 12 цагийн үед Ж манай гэрт морьтой ирээд ах нь шартаад байна уух юм байна уу гэхээр нь би хариуд нь манай гэрт архи дарсны юм алга даа гэж хэлсэн. Бид хоёр хамт морьдоод Төвшрүүлэх сумын цэцэрлэгийн ард байдаг цагаан дэлгүүр орсон. Ж 1 шил архи аваад хоёулаа Ш ахынд очоод ууя гэсэн. Би мотоцикль барьж яваа болох юм уу гэхэд Ж хоёулаа архиа уучихаад хойшоо гараад явъя гэсэн. Бид хоёр Ш буюу Батчулууны гэрт Жийн авсан 1 шил архийг хувааж уугаад сууж байхдаа маргалдаагүй зүгээр байсан. Бид хоёр Шгийн гэрээс гараад явж байтал Ж намайг хулгайч минь чи надаас үхэр идсэн гээд байсан. Би эргэж хараад та юу яриад байгаа юм бэ гэж хэлсэн. Намайг Ж гэнэт араас боогоод бид хоёр газар унасан. Би яагаад намайг боож байгаа юм бэ гэхэд яадаг юм бэ гээд намайг барьж аваад байсан. Би Ж дийлэхгүй байсан болохоор газар байсан наадмын талбайн нарийн шонгийн модыг гартаа бариад цохисон. Би Жгараараа цохиогүй, тэр шонг аваад 3, 4 удаа цохисон. Хамт явж байгаад намайг хулгайч гэх мэтээр дуудаад боож унагаасан болохоор муудалцсан. Бид хоёр өмнө нь маргалдаж байгаагүй. Өс хонзон, өр авлагын асуудал байхгүй. Гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 35-38 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 111 дугаартай дүгнэлт:
1. Д.Жын биед зүүн тахилзуур ясны дунд хэсгийн далд зөрөөтэй хугарал,
шилбэний зөөлөн эдийн няцрал, зүүн эрхий хурууны хумсны угт цус хуралт, хумс таллаж унасан гэмтэл тогтоогдлоо.
2. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүснэ.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар зүүн тахилзуур
ясны хугарал гэмтэл нь биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, хумсны угийн цус хуралт нь 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх
дүгнэлт /хх-ийн 20 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6 хуу/
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 8 хуу/
Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөхсүм багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 39 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 40 хуу/
Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 41-77 хуу/
Б.Бгийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 78 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 81-82 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 17 цагийн орчим Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Сөрт баг, Наадмын талбайн урд хохирогч Д.Ж модоор зүүн тахилзуур ясыг /шилбэ/ цохиж хугалан, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Б үйлдсэн болох нь
Хохирогч Д.Жын өгсөн:.. О ярьж байсан гэхээр нь би утсыг нь аваад О мэнд мэдээд утсаа салгатал Б чи яахаараа гичий нохой гэж утсаар ярьдаг юм бэ гээд үл ялиг зүйлээс маргаан өдөж эхэлсэн. Би тэгэхээр нь Бг унагаагаад дараад авсан юм. Эхлээд намайг шонгоор толгой руу цохиод би газар унасан. Дараа нь харахад чихний ард шалбарсан байсан, би газарт унаад гар, хөлөөрөө биеэ хаагаад хэвтсэн. Б намайг унасан хойно нөгөө шонгоороо цохиод байсан 10 гаран удаа цохисон байхаа нэлээн олон цохисон. Намайг цохисон гэх мод нь сумын төвийн мал эмнэлгийн хашааны метр гаран урттай модон шон байсан. Тухайн уед зодуулсны дараа 2 гар 2 хөл, 2 хонго тэр чигээрээ хүрэн эрээн болсон хөхөрсөн байсан, зүүн талын чихэн дээр шалбарсан, зүүн хөл гишгэж болохгүй байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/
Гэрч Ч.Бн өгсөн....манай сумын мал эмнэлгийн хажууд хоёр хүн хоорондоо зодолдоод нэг нэгнийгээ модоор цохиод байна гээд дуудсан. Тэгэхээр нь гараад харсан чинь нэг нь хэвтчихсэн нэг нь дээрээс нь модны шонгоор цохиод байсан. Б, Г бид 3 наанаас нь очиж явахад мотоциклио унаад зугтаасан. Тэгэхээр нь араас нь хөөгөөд 1 км орчим явж байгаад мотоциклоосоо унаад өгөхөөр нь Г очоод тэр хүнийг таньсан байсан. Тухайн үед зодож байсан хүн нь саарал дээлтэй хүн байсан. намайг харахад шонгоо 2 гараараа 4-5 удаа хөл хавьд нь цохиж байсан. Г хэлэхдээ Б гэх залуу байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/
Гэрч Н.Бын өгсөн...наадмын талбайн урд хоёр хүн зодолдоод байх шиг нэг нь доор нь орсон байж байсан. Ойртоод харахад Цохиот гэх газар амьдардаг Б мал эмнэлгийн хашааны жижиг шонгийн мод барьчихсан доор байгаа хүнээ хэд хэд цохиод авсан. Би орилоод чи хүн аллаа шүү дээ болиоч гээд гүйгээд очтол Б шонгийн модоор цохиж байгаад намайг хараад мотоциклио унаад зугтаасан. Бгийн доор газар унаад зодуулж байсан хүн нь бас Цохиот гэх газар оршин суудаг Ж гэх залуу байсан...Б Ж шонгийн модоор 4-5 удаа цохиод байсан. Тэр шонгийн мод нь 1.5 метр орчим урттай манай мал эмнэлгийн хашааны мод байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-21 хуу/
Гэрч Л.Он өгсөн... Б гэртээ тухайн өдрийн 19 цагийн үед ирсэн. Орж ирэхдээ гуниж гутарсан байдалтай надад хэлэхдээ Ж намайг хулгайч гээд боож унагаахаар нь би шонгоор цохьчихлоо гэж хэлсэн. Б тухайн үед гэртээ ирэхдээ зүүн талын өвдөг нь хавдсан байсан. Би наад өвдгөө яасан юм гэж асуухад Ж боогоод мотоцикль дээрээс унасан гэж надад хэлсэн. Бас гарынх нь эрхий хуруу булгарсан байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 111 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас Б.Бгийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч Б.Бг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Ж нь хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” /хх-ийн 81 дүгээр хуу/, шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.Бгаас хохирогчийн гомдол саналгүй болсон гэх баримтыг гаргаж өгсөн /хх-ийн 112 дугаар хуу/, мөн шүүгчийн туслахын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хохирогч Д.Ж руу утсаар ярьсан тэмдэглэлээс харахад хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хэлсэн /хх-ийн 108 дугаар хуу/ байх тул шүүгдэгч Б.Бг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хашааны модон шон нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Бгийн учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Б.Б нь энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л овгийн Бн Бг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялын 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр 150.000 төгрөгөөр төлж барагдуулахыг шүүгдэгч Б.Бд үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хашааны модон шон нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч
тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ