| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/0463/Э |
| Дугаар | 458 |
| Огноо | 2019-04-24 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Нямбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 458
-
-
2019 4 24 2019/ШЦТ/463
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Баярмаа,
улсын яллагч Д.Нямбат,
хохирогч Н.О,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн,
шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1908016560509 дүгээр хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хорчин овогт Хүрэлбаатарын Б /РД: /.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Х.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 30-29 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Н.Оийг “гэртээ хоноогүй” гэх шалтгаанаар зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хөнгөн гэмтэл учруулснаа хүлээж байна. 2019 оны 3 дугаар сарын 19-нд ажлаа хийж яваад осолд орсон. Биеийн байдал тааруу, ажилгүй байгаа. Гэм буруугаа ойлгож байна. Эхнэрээсээ уучлалт гуйя. Тиймээс нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж торгох ялаар сольж өгнө үү” гэв.
Хохирогч Н.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж мэдүүлэг өгөхгүй. Асуултад хариулъя. Эмчилгээ хийлгэсэн. Эмнэлэгт 5 хоног хэвтсэн. Нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэв.
Эрүүгийн 1908016560509 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Н.Оийн: “2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нөхөртөө хэлэлгүй 10 жилийн найзуудын хамтаар Сэлэнгийн Баруунхараа орж хоночихоод өчигдөр орой 23 цагийн үед гэртээ халамцуу байдалтай ирсэн. Намайг ирэхэд дөрвөн хүүхэд байсан. Шөнө нөхөр Х.Б гаднаас согтуу байдалтай орж ирээд “чи хаагуур хоногоор яваад ирж байгаа юм” гэж хэл амаар доромжилж байгаад намайг орон дээр хэвтэж байхад шууд зодож эхэлсэн. Би “амь авраарай” гэж орилох үед цагдаа нар ирээд нөхрийг авч яваад саатуулсан. Гадуур хонолоо гэж уурлаад толгой руу гараараа зөндөө олон удаа цохиж хөлөөрөө нүүрэнд нэг удаа өшиглөж, нуруу гэдсэнд гар хөлөөрөө цохиж байсан. ...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-6-7/,
Гэрч Т.Алтантуяагийн: “2019 оны 3 дугаар сарын 18-ны өглөө гэртээ байхад охин О утсаар залгаад “орой нөхөр Б намайг зодчихлоо, би босож чадахгүй байна, эмнэлэгт үзүүлмээр байна” гэж хэлсэн. Би гэрт нь яваад очтол хүүхдүүд нь “цагдаа руу явсан” гэж хэсэн. Цагдаа дээр ирээд охинтойгоо уулзахад нүүр ам нь хавдчихсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хх-8-10/,
Гэрч Х.Уранцэцэгийн: “...2019 оны 3 дугаар сарын 17-ны орой гэртээ ирэх үед дүү эхнэрийгээ ирэхгүй болохоор нь гадаа хүлээж байгаад ортол гэртээ ирчихсэн байсан. “Хаана хоноод ирэв” гэтэл найзындаа хоносон гэж худлаа ярьснаас болж тэд муудалцаж байгаад дүү эхнэрээ 2 удаа алгадсан гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-13/,
Гэрч Х.Батцэнгэлийн: “...Н.О уржигдар гэрээсээ гарч яваад нэг шөнө хоёр өдөр ирэхгүй байж байгаад 2019 оны 3 дугаар сарын 17-ны орой ирээд дүүтэй маргалдаж байгаад дүү хоёр алгадчихлаа гээд надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-16/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.03.21-ний өдрийн 3568 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Н.Оийн биед баруун 4-р хавирганы хугарал, хоёр зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зөөлөн эдийн няцрал, хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад цус хуралт, баруун доод зовхи, хоёр хацар, хэвлий, цээж, нуруу, зүүн тавхайд зулгаралт, баруун дал, баруун бугалганд цус хуралт, зулгаралт, хоёр сарвуу, хоёр шуу, баруун тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэжээ /хх-18/,
Шүүгдэгч Х.Бын яллагдагчаар өгсөн: “2019 оны 3 дугаар сарын 16-ны өглөө эхнэр О ажилтай гээд гэрээсээ гарсан. Орой нь гэртээ ирж хоноогүй. Утсаар залгаад ерөөсөө аваагүй. Маргааш нь ч аваагүй. Мессеж бичээд “би гэртээ байхгүй байна, гадуур байна, хүүхдүүд дээрээ оч” гэж хэлээд худлаа мессеж бичсэн чинь орой гэртээ ирээд амарч байсан. Би гэртээ ирээд “хаагуур хоноод ирэв” гээд асуутал надад худлаа ярихаар нь би уур хүрээд түүнийг алгадаж ор луу шидсэн чинь босож ирээд хэрэлдэж, маргалдаад байхаар нь өмсөж байсан бүх хувцсыг нь ураад “одоо ингээд яв” гээд гэрээсээ хөөтөл гарахгүй зууралдаад байхаар нь гараараа далан дээр нь 2-3 удаа цохиж байтал гаднаас цагдаа орж ирээд намайг саатуулсан...” гэх мэдүүлэг /хх-25-26/,
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан иргэн Н.Оийн өргөдөл /хх-3/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-28/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-29/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-30/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-31/, нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-32/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-33/, аюулгүйн зэргийн үнэлгээний маягт /хх-34-37/, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-38-39/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-40-44/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-45-47/, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны тодорхойлолт /хх-48/, “Сиднейконстракшн монголиа” ХХК-ийн тодорхойлолт /хх-50/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-55/, хохирогчийн хүсэлт /хх-61/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Х.Б согтуурсан үедээ 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 30 дугаар байр, 29 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Н.Оийг зодож, баруун 4-р хавирганы хугарал, хоёр зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зөөлөн эдийн няцрал, хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад цус хуралт, баруун доод зовхи, хоёр хацар, хэвлий, цээж, нуруу, зүүн тавхайд зулгаралт, баруун дал, баруун бугалганд цус хуралт, зулгаралт, хоёр сарвуу, хоёр шуу, баруун тохойд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Н.Оийн “...Х.Б ...намайг орон дээр хэвтэж байхад шууд зодож эхэлсэн. ...Гадуур хонолоо гэж уурлаад толгой руу гараараа зөндөө олон удаа цохиж хөлөөрөө нүүрэнд нэг удаа өшиглөж, нуруу гэдсэнд гар хөлөөрөө цохиж байсан” гэх мэдүүлэг /хх-6-7/, гэрч Т.Алтантуяагийн “...О утсаар залгаад “орой нөхөр Б намайг зодчихлоо, би босож чадахгүй байна, эмнэлэгт үзүүлмээр байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-8-10/, гэрч Х.Уранцэцэгийн “...дүү эхнэрээ 2 удаа алгадсан гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-13/, гэрч Х.Батцэнгэлийн “...дүү хоёр алгадчихлаа гээд надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-16/, шүүх эмнэлгийн 3568 дугаар “1. Н.Оийн биед баруун 4-р хавирганы хугарал, хоёр зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зөөлөн эдийн няцрал, хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад цус хуралт, баруун доод зовхи, хоёр хацар, хэвлий, цээж, нуруу, зүүн тавхайд зулгаралт, баруун дал, баруун бугалганд цус хуралт, зулгаралт, хоёр сарвуу, хоёр шуу, баруун тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-18/, шүүгдэгч Х.Бын яллагдагчаар өгсөн: “2019 оны 3 дугаар сарын 16-ны өглөө эхнэр О ажилтай гээд гэрээсээ гарсан. Орой нь гэртээ ирж хоноогүй. Утсаар залгаад утсаа ерөөсөө аваагүй. “Хаагуур хоноод ирэв” гээд асуутал надад худлаа ярихаар нь би уур хүрээд түүнийг алгадаж ор луу шидсэн чинь босож ирээд хэрэлдэж, маргалдаад байхаар нь өмсөж байсан бүх хувцсыг нь ураад “одоо ингээд яв” гээд гэрээсээ хөөтөл гарахгүй зууралдаад байхаар нь гараараа далан дээр нь 2-3 удаа цохиод...” гэх мэдүүлэг /хх-25-26/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан иргэн Н.Оийн өргөдөл /хх-3/, аюулгүйн зэргийн үнэлгээний маягт /хх-34-37/, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-38-39/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-40-44/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Х.Бын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.Оийг зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Оийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “...Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-6-7, шүүх хуралдааны тэмдэглэл/, хохирогчийн гаргасан “...эмчилгээтэй холбоотой зардал мөнгийг нэхэмжлэхгүй. Бид хоёр эвлэрсэн тул гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-61/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Торгох ял оногдуулах үндэслэлгүй байсан. Зээлтэй, мөн эрүүл мэндийн хувьд уг ялыг эдлэх боломжтой харагдаж байна” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруу дээр маргахгүй. Эхнэрийн зүй бус үйлдэл буюу 1,5-12 насны хүүхдүүдээ орхиод хоногоор явсан үйлдлээс гэмт хэрэг үйлдэгдсэн. Шүүгдэгчийн осолд орж биеийн байдал муу байгаа. Иймд торгох ял шийтгэж өгнө үү. Торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. Эрүүл мэндийн хувьд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй байна” гэж,
шүүгдэгч “Гэм буруугаа ойлгож байна. Эхнэрээсээ уучлалт гуйя. Торгох ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4-т “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хардалтаас шалтгаалан хохирогчийн эрх чөлөөнд халдсан, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /ам бүл 5, 4 хүүхэдтэй, эрүүл мэндийн хувьд зам тээврийн осолд орж бэртсэн, торгох ялыг биелүүлэх боломжтой болох нь эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, ажлын газрын тодорхойлолт зэргээр тогтоогдсон/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлгүй байна гэж үзэн шүүгдэгч Х.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг үндэслэн шүүгдэгч Х.Быг 600.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Б урьдчилсан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хорчин овогт Хүрэлбаатарын Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Быг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Быг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Х.Б урьдчилсан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР