Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/01983

 

 

 

 

 

 

 

 

2024 11 15 210/МА2024/01983

 

 

Г.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2024/04525 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч Г.Э-ын нэхэмжлэлтэй

хариуцагч Н-т холбогдох,

хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Д.Г, Д.У, Г.Э нар нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/02466 дугаар захирамжаар Ж-д 171,212,732 төгрөг төлөхөөр болсон. Бид төлбөрийг хэсэгчлэн төлж байгаа бөгөөд цаашид төлж дуусгах талаар хичээж байгаа боловч үйл ажиллагаа доголдсоны улмаас төлөөгүй байгаа.

1.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эрхийн улсын Ү-******* дугаар бүртгэлтэй, Г.Э-ын өмчлөлийн, Б дүүргийн **** дугаар хороо, **** хотхон, **** гудамж, *** дугаар байр, ** дугаар орц зоорийн давхрын *** тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 52,552,000 төгрөгөөр үнэлүүлж, уг үнэлээг Г.Э-д 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдсэн.

1.3. Дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн шинжээчийн тайланд тусгагдсан 60,152,500 төгрөгийн үнэлгээг ч хүлээн зөвшөөрөхгүй. Хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн нь үндэслэлгүй байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Б***** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/02111 дугаар захирамжаар хариуцагч Д.Г, Д.У, Г.Э нараас 171,212,732 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж-д олгохоор шийдвэрлэсэн.

2.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ******* дугаар тогтоолоор үүсгэсэн. Төлбөр төлөгч Г.Э-ын өмчлөлийн эрхийн улсын Ү-******* дугаар бүртгэлтэй, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, **** хотхон, **** гудамж, *** дугаар байр, ** дугаар орц, зоорийн давхрын *** тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 01/232509 дугаар тогтоолоор битүүмжилж, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 07/232409 дугаар тогтоолоор хураан авсан.

2.3. Төлбөр төлөгч Г.Э үнийн санал өгөх боломжгүй талаар 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр бичгээр мэдэгдсэн бол төлбөр авагч Ж-гаас 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01 тоот албан бичгээр шинжээч томилуулах хүсэлтийг ирүүлсэн. Шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 02/73 тоот тогтоолоор шинжээчээр М ХХК-ийг томилсон. Шинжээч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 60,152,500 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч болон байгууллагуудад 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 4/171/5701, 4/171/5702 тоот албан бичгээр мэдэгдсэн.

2.4. Иймд эрхийн улсын Ү-******* дугаар бүртгэлтэй, Б*** дүүргийн ** дугаар хороо, **** хотхон, **** гудамж, *** дугаар байр, *** дугаар орц зоорийн давхрын *** тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоох ажиллагаа хууль зүйн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан Н-т холбогдох, Г.Э-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн ** дугаар хороо, **** хотхон, **** гудамж, *** дугаар байр, *** дугаар орц, зоорийн давхрын *** тоот, 30 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хийгдсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Г.Э-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Б***** дүүргийн ** дугаар хороо, **** хотхон, **** гудамж, *** дугаар байр, ** дугаар орц, зоорийн давхрын ** тоот, 30 м.кв талбайтай орон сууцны үнэлгээ тогтоохдоо 2 өөр үнэлгээ буюу үнэлгээний тайлан дээрээ 60,152,500 төгрөгөөр, мэдэгдэл дээрээ 52,552,000 төгрөгөөр үнэлсэн талаар дурдсан байна. Хөрөнгийн үнэлгээ 2 өөр зөрүүтэй байгаа нь үнэлгээ бодитой гарсан гэхэд эргэлзээтэй байхад анхан шатны шүүх энэ байдлыг харгалзан үзэхгүйгээр бидний гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үнэлгээг бодитоор тогтоох боломжийг олгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч Н-т холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргасан байна.

3. Б***** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/02466 дугаар захирамжаар ш Д.Г, Д.У, Г.Э нар 170,133,912 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор хувааж Ж-д төлөхийг зөвшөөрч, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй нөхцөлд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон талаарх үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

4. Энэ шийдвэр, гүйцэтгэх хуудсыг хариуцагч байгууллага хүлээн авч 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ***** дугаар тогтоолоор иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцааны зүйл болох Д.Г-ийн өмчлөлийн, эрхийн улсын Ү-**** дугаарт бүртгэлтэй, Б*** дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, *** хотхон ****-ийн гудамж, ** дүгээр байр, ** тоот хаягт байршилтай, 51,70 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Г.Э-ын өмчлөлийн эрхийн улсын Ү-******* дугаарт бүртгэлтэй, Б*** дүүргийн ** дугаар хороо, **** хотхон, **** гудамж, *** дугаар байр, *** дугаар орц зоорийн давхрын *** тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 01/***** дугаар тогтоолоор тус тус битүүмжилж, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 07/***** дугаар тогтоолоор тус тус хураан авч, талууд харилцан тохиролцоогүй гэх үндэслэлээр хариуцагч байгууллага нь М ХХК-ийг шинжээчээр томилсон зэрэг ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

5. Шинжээч дээр дурдсан Г.Э-ын өмчлөлийн эрхийн улсын Ү-******* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, **** хотхон, **** гудамж, ** дугаар байр, ** дугаар орц зоорийн давхрын ** тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 60,152,500 төгрөгөөр үнэлсэн./хх34-63, 110-111/

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 4-171/5701 дугаар мэдэгдлээр шинжээчийн үнэлгээг нэхэмжлэгч Г.Э-д 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр танилцуулж, гардуулж өгсөн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар хуульд нийцжээ./хх-66/ Мэдэгдэлд эд хөрөнгийн үнэлгээг 52,552,000 төгрөгөөг бичсэн нь шинжээчийн дүгнэлтэд 60,152,500 төгрөг гэж тогтоосноос өөр боловч энэ нь шинжээчийн үнэлгээг үгүйсгэх үндэслэл болохгүй талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхино.

6. Түүнээс гадна шинжээчийн дүгнэлт нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг ...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцсэн байх бөгөөд орон сууцны зах зээлийн үнэлгээг хийхдээ ижил төрлийн 4 ширхэг үл хөдлөх хөрөнгийг харьцуулан үнэлсэн нь хуульд заасан арга, аргачлалыг зөрчөөгүй, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2024/04525 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ЦОГТСАЙХАН