Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/01984

 

 

 

 

 

 

 

 

2024 11 15 210/МА2024/01984

 

 

Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2024/04753 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч Ж.А, Ч.С нарт холбогдох,

худалдах, худалдан авах гэрээний үнэд 1,193,640 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Ж.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ч, хариуцагч Ч.С, хариуцагч Ж.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Гэгээ хүнсний дэлгүүрийн 7 дугаар лангууны харилцагч Н.А нь Н ХХК-аас 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 420 төгрөгийн үнэтэй Баян С1 сортын 1,440 ширхэг өндөг, 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 420 төгрөгийн үнэтэй Баян С1 сортын 1,440 ширхэг өндөг тус тус худалдан авсан. Өндөгний нийт үнэ 1,193,640 төгрөг болсон.

1.2. Н.А нь дээрх үнийг төлөөгүй. Иймээс удаа дараа өндөгний үнэ төлөхийг шаардахад төлсөн гэж худал хэлж татгалзсан.

1.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...хариуцагч Н.А нь Ч.С өндөгний үнэд 538,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарласан учраас Ч.С ыг хамтран хариуцагчаар татсан. Энэ нь Н.А гийн хүлээх үүрэг гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 206 дугаар зүйлийн 206.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хариуцагч Н.А гаас 1,193,640 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК -д олгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Ж.А-гийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Гэгээ хүнсний дэлгүүрийн 8 дугаар лангууны бизнес эрхлэгч Ч.С ын хамт Н ХХК-ийн борлуулагчаас 2023 оны 06 дугаар сарын 21, 24-ний өдрүүдэд 2 хайрцаг буюу 2,880 ширхэг өндөг хүлээн авсан.

2.2. Уг өндөгнөөс Ч.С 18 ширхэгийг, Ж.А 20 ширхэгийг буцаасан. Ч.С нь 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар үлдэгдэл төлбөр 79,560 төгрөгийн хамт нийт 676,800 төгрөг болсон бөгөөд тухайн өдрөө 436,800 төгрөгийг нэхэмжлэгчийн Хаан банкны 5622787271 тоот дансаар, 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр бэлнээр 138,200 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 101,720 төгрөгийг дансаар тус тус төлж барагдуулсан гэж хэлээд холбогдох баримтыг надад гаргаж өгсөн.

2.3. Иймд Ч.С надаар гарын үсэг зуруулж хүлээн авсан нийт 1,440 ширхэг өндөгний үнийг төлсөн тул миний бие өөрийн худалдаж авсан 1,440 ширхэг өндөгнөөс буцаасан 20 ширхэг өндөгний үнийг хасаад 1,420 ширхэг өндөгний үнэ болох 596,400 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 597,240 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Ч.С ын тайлбар, татгалзлын агуулга:

3.1. 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Н ХХК-аас 2 хайрцаг өндөг авч, үүнээс 18 ширхэг буцаасан. 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр дахин 2 хайрцаг өндөг авсан. Ч.С ын хувьд нийт 4 хайрцаг буюу 1,422 ширхэг өндөг авсан. Уг өндөгний төлбөр болох 597,240 төгрөгийг 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 436,880 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 160,720 төгрөгийг 2 хуваан төлсөн. Нэг өдөр нийт 8 хайрцаг өндөг ирсэн ба нэг зарлагын баримттай байсан. Би өөрийнхөө авсан 4 хайрцаг өндөгний мөнгө болох 597,240 төгрөгийг төлсөн. Надад өндөгний өр төлбөр байхгүй. Уг зарлагын баримтыг Ж.А хүлээн авч гарын үсэг зурсан тул надад зарлагын баримт байхгүй.

3.2. Н ХХК -д өмнөх өндөгний тооцоог дуусгаагүй төлбөрийн үлдэгдэлтэй байдаг. Өмнөх үлдэгдлүүдээ 4 хайрцаг өндөгний мөнгөтэй нийлүүлэн төлсөн. Ж.А д 4 хайрцаг өндөгнөөс өөр төлбөр тооцоо байсан. Үлдэгдлүүд нь гарч ирсэн гэж үзэж байна. Санхүүгийн тайлангаар хэн хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаарх баримт хэрэгт авагдсан байна. Ч.С нь худалдаж авсан өндөгний үнийг бүрэн төлсөн. Одоо өр төлбөргүй гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.А гаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,193,640 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК -д олгож, хариуцагч Ч.С т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 33,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.А гаас 33,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагч Ж.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар хэргийн оролцогч, түүний төлөөлөгч хэргийн материалтай танилцах эрхтэй. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянагдаж байх үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагч Ч.С ын харилцагчийн дэлгэрэнгүй тайлан ирснийг мэдэгдээгүй, уг баримттай танилцуулахаар холбогдох ажилллагаа хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Учир нь хариуцагч Ч.С 2023 оны 06 дугаар сарын 21, 24-ний өдрүүдэд Ж.А гаар дамжуулан хүлээн авсан өндөгний үнийг төлсөн гэж маргадаг боловч нэхэмжлэгч талаас ирүүлсэн Ч.С ын харилцагчийн дэлгэрэнгүй тайлангаас харахад тэрээр өмнөх өрөө төлж ирсэн нь нотлогддог ба уг баримт нь талуудын мэтгэлцэх зарчмыг хангах чухал баримт байсан байна.

5.2. Шүүх ...нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Ж.А д 2023 оны 06 дугаар сарын 21, 24-ний өдөр тус тус нийт 2,880 ширхэг өндөр нийлүүлсэн, үүнээс 1440 ширхэгийг хариуцагч Ч.С авсан, нийт өндөгнөөс Ж.А 20 ширхэг, Ч.С 18 ширхэг өндөг буцаасан талаар маргаагүй байна гэж дүгнэсэн атлаа ...нэхэмжлэгч Н ХХК , хариуцагч Ч.С нарын хооронд 2023 оны 06 дугаар сарын 21, 24-ний өдөр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч нь хариуцагч Ч.С аас энэ өдрүүдийн гэрээний үүргийг шаардах эрхгүй байх тул хариуцагч Ч.С т холбогдох шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов гэсэн хоорондоо эрс зөрүүтэй дүгнэлтийг хийжээ.

Түүнчлэн, анхан шатны шүүх ...Талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, гэрээ аман хэлбэрээр байгуулсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан хэлцлийн хэлбэр шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна. 6. Зохигч /Н ХХК , хариуцагч Ж.А /-ийн хооронд 2023 оны 06 дугаар сарын 21, 24-ний өдөр тус тус нийт 2,880 ширхэг өндөг худалдах худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэсэн үндэслэлгүй дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэн.

Хариуцагч Ж.А-гийн тайлбартаа тухайн өдрүүдэд юу болсон талаар үнэн зөв тайлбарыг гарган өгсөн бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахад хариуцагч Ч.С нь 1,440 ширхэг өндөг хүлээн авч, 18 ширхэгийг буцаасан талаараа үнэн зөв тайлбарыг гаргасан. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэж заасан бөгөөд хариуцагч Ч.С нь Н ХХК-ийн хүлээлгэн өгсөн өндгийг өөрөө хүлээн авснаа хүлээн зөвшөөрч байгаа ба харин уг өндөгний үнийг төлсөн гэж ойлгож, тийнхүү тайлбарлаж байсан нь хариуцагч Ч.С ын харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, түүний тайлбар зэргээр нотлогдож байхад Ж.А-гийн гарын үсэгтэй баримтыг үндэслэн зөвхөн Ж.А гаас төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

5.3. Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н ХХК нь Гэгээ хүнсний төв дэх 7 ба 8 гэсэн хоёр лангуунд үйлчилгээ явуулдаг Ж.А, Ч.С нарт өндөг нийлүүлсэн нь тогтоогдсон ба маргаан бүхий 2023 оны 06 дугаар сарын 21, 24-ний өдрүүдэд нэхэмжлэгч компанийн борлуулагчийн үйлдсэн баримт дээр 7 ба 8 дугаар лангуу гэж бичигдэлгүй зөвхөн Гэгээ 1,440 ширхэг өндөг гэж тэмдэглэгдсэн. Энэ нь нэхэмжлэгч компанийн борлуулагч уг төвийн 2 лангуунд өндгөө нийлүүлэхдээ аль байсан хүнд нь хүлээлгэн өгдөг байсан нь нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтаас тодорхой харагдаж байгааг анхан шатны шүүх зөв үнэлж, дүгнээгүй.

5.4. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас Ч.С т холбогдох 597,240 төгрөгийн шаардлагыг хасаж, тус мөнгийг Ч.С аас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

6.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасны дагуу нотлох баримттай танилцах, эсрэг талын тайлбар татгалзлаа нотлох эрхийг хуульчилсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхийг хэргийн оролцогч өөрөө эдлэх эрхтэй, хэргийн материалтай танилцах боломж нь нээлттэй байдаг. Анхан шатны шүүх хуралдааныг хариуцагч талын хүсэлтээр хойшлуулсан бөгөөд дараагийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хоцорч ирсэн тул шүүх хэргийг эзгүйд шийдвэрлэсэн. Тэгэхээр хариуцагч тал өөрөө эрх, боломжоо эдлээгүй атлаа шүүх эдлүүлээгүй учир гомдолтой байна гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

6.2. Маргаан бүхий хэрэг нь анх С***** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэгдээгүй бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэгдэж байгаад хариуцагч талын хүсэлтээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шилжсэн. Тиймээс хариуцагч тал үнэн зөв мэдүүлэг, тайлбар өгөх хэрэгтэй. Мөн хариуцагч тал нь шүүх нотлох баримтыг буруу үнэлж, шийдвэрээ гаргасан гэж тайлбарладаг атлаа чухам ямар нотлох баримтыг буруу үнэлж шийдвэр гаргасан талаар мэтгэлцээгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 42 дугаар зүйлд хэлцлийг амаар, бичгээр, бодит үйлдлээр байгуулна гэж хуульчилсан. Талуудын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээг заавал бичгээр байгуулах хууль зүйн шаардлагыг тавигдаагүй.

6.3. Тухайн үеийн буюу маргааны үйл баримт болсон 1,193,640 төгрөгийн өндгийг хариуцагч Ж.А худалдаж авсан баримт хэрэгт авагдсан буюу шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн ба маргаан бүхий хэрэгт Ж.А нь нэхэмжлэгчийн үнийн дүнд тохирсон өндгийг худалдаж авсан атлаа төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж заасан ба эд хөрөнгө хүлээн авах үйлдлийг хариуцагч Ж.А хийсэн буюу худалдагчаас эд хөрөнгийг худалдаж авсан атлаа хариуцагч Ч.С авсан тул тал мөнгийг нь төлөх ёстой гэх тайлбарыг хэлдэг. Иймд хариуцагч тал нь анхан шатны шүүхийн шийдвэрийн чухам аль хэсэг, ямар зүйл заалтыг эс зөвшөөрч байгаа талаар мэтгэлцэж, тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүй тайлбар гаргаж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Ч.С ын тайлбарын агуулга: Миний хувьд өөрийн авсан өндөгний тооцоог бүгдийг хийсэн ба нэхэмжлэгч компанитай ямар нэгэн тооцоогүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч Ж.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Ж.А, Ч.С нарт холбогдуулан худалдах, худалдах авах гэрээний үнэд 1,193,640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ж.А нь 596,400 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх төлбөрийг төлөхгүй, хариуцагч Ч.С төлөх төлбөргүй гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, зарлагын баримт, өдөр тутмын тооцооны бланк, Н ХХК-ийн Х ХК-ийн дансны хуулгыг тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, ач холбогдолтой талаас нь үнэлээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэнэ.

4. Хэргийн 7 дугаар талд авагдсан зарлагын баримтаар Н ХХК нь 2023 оны 06 дугаар сарын 21, 24-ний өдрүүдэд 420 төгрөгийн үнэтэй, нийт 2,842 ширхэг өндөгийг Ж.А д хүлээлгэн өгч, уг баримтад тэрээр гарын үсэг зурж баталгаажуулсан байна./хх-9, 10/

Иймд анхан шатны шүүх хариуцагч Ж.А д бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн байдлыг үндэслэн тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж гэрээний харилцааг зөв тодорхойлжээ.

5. Дээрх гэрээний дагуу 2,842 ширхэг өндөг нийлүүлсэн болон 38/20+18/ ширхэг өндөг буцаагдсанд талууд маргаагүй, энэ талаар шүүх зөв дүгнэжээ.

6. Хариуцагч Ч.С нь ...2023 оны 06 дугаар сарын 21, 24-ний өдрүүдэд нийт 4 хайрцаг 1,422 ширхэг өндөг авсан. Уг өндөгний төлбөр болох 597,240 төгрөгийг төлсөн. ...нэг зарлагын баримттай байсан учраас Ж.А бид хоёр 4 хайрцагаар нь нийлж хувааж авсан. ...Уг зарлагын баримтыг Ж.А хүлээн авч гарын үсэг зурсан тул надад зарлагын баримт байхгүй гэж тайлбарласан./2хх-20/

Дээрх тайлбар болон хэрэгт авагдсан зарлагын баримтыг харьцуулан дүгнэвэл хариуцагч Ж.А нь өөрийн хүлээж авсан 2,842 ширхэг өндөгний үнийг худалдагч Н ХХК -д төлөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд Ч.С аар дамжуулан 597,240 төгрөг төлсөн тул энэ хэмжээгээр үүргээ биелүүлжээ.

Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Ч.С ын хариу тайлбар болон өндөгний үнэ 597,240 төгрөг төлсөн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар няцааж чадаагүй гэж дүгнэв.

Анхан шатны шүүх хариуцагч Ч.С т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч түүний төлсөн төлбөрийг хариуцагч Ж.А-гийн хүлээх үүргээс хасч тооцоогүй нь буруу болжээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ж.А гаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 596,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 597,240 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

7. Хариуцагч талаас анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Учир нь хариуцагч талаас 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд харилцагчийн дэлгэрэнгүй тайлан гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүхээс хангаж шийдвэрлэсэн ба 2 дугаар хавтаст хэргийн 5-7, 8-10 дугаар талд дээрх баримтууд авагджээ. Эдгээр баримттай хариуцагч Ж.А танилцах эрх нь нээлттэй бөгөөд уг эрхээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгахгүй. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй.

8. Дээрх үндэслэлээр хариуцагч Ж.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2024/04753 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 1,193,640 гэснийг 596,400 гэж, ...олгож... гэсний дараа ...нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 597,240 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, гэж,

2 дахь заалтын 33,200 гэснийг 18,542 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 18,568 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ЦОГТСАЙХАН