Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 460

 

 

 

 

 

 

-

-                                                                

 

-                           

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Журагат,

улсын яллагч Ж.Энхжаргал,

хохирогч Х.Э,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал,

шүүгдэгч А.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Чыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1903000000111 дүгээр эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Өөлд овогт Аюурзаны Ч /РД: /.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч А.Ч нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 13 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, “МД” хүнсний дэлгүүрийн зүүн замд “Апекс Финанс” ХХК-ийн эзэмшлийн Hyundai Sonata маркийн 97-63 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Х.Эыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Явган хүний гарц, тэмдэглэгээг 30 метрийн зайнаас харсан. Тоормос гишгэсэн. Явган зорчигчийг анзаараагүй. Анхаарал сарнисан асуудал байхгүй. 917.000 төгрөг төлсөн. 540.000 төгрөгийг төлөөгүй. Өнөөдөр гаргаж өгсөн зардлыг төлнө” гэв.

Хохирогч Х.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 02 дугаар сарын 28-нд автобусны буудал дээр зогсож байгаад гарцаар бага хүүхдээ тэврээд гарсан 1 дүгээр эгнээний машин зам тавьж өгсөн. 2 дугаар эгнээнд машин харагдаагүй. Тэгээд мөргүүлсэн байсан. Толгой их өвддөг, цаашид эмчилгээ хийлгэнэ. Шүүгдэгч тухайн үед эмчилгээний зардлыг төлөөд явсан. 210.350 төгрөгөө нэхэмжилнэ” гэв.

 

Эрүүгийн 1903000000111 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Х.Эын: “2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 13 цагийн орчимд бага хүү Төрбатыг тэврээд Сонгинохайрхан дүүргийн нутаг, 7 дугаар хорооны хойд талын гэрэл дохиогүй явган хүний гарцаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш зам хөндлөн гарч явахад 1 дүгээр эгнээнд явсан машин явган хүний гарцны урд зогсохоор нь тэр чигээрээ зам хөндлөн алхаж явахад ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо буюу миний зүүн гар талаас суудлын автомашин ирж мөргөх үед уг машины салхины шилийг мөргөөд унахдаа хүүгээ алдаад машины урд талд унасан. Миний хүү машины зүүн урд хэсэгт унасан. Би баруун урд хэсэгт унасан. Хүүг минь машин дайрах гэж байхаар нь дайрахаас нь өмнө хүүгээ дугуйны урдаас татаж авсан. Жолооч нэг эмэгтэй хүнтэй бууж ирээд намайг босгосон. Замын зүүн талд байсан манай охин гүйж ирээд бага дүүгээ машины урдаас авсан. Ингээд түргэн ирээд хүү бид хоёрыг үзээд явсан...” гэх мэдүүлэг /хх-18-19/,

Насанд хүрээгүй гэрч У.Үүлэннамууны: “2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 12 цаг өнгөрч байхад ээж, 2 дүүгийнхээ хамт гэрээсээ гарсан. Би сургууль орох гэж байсан учраас нэг дүүгийнхээ хамт зүүн талын автобусны буудал дээр үлдсэн. Харин манай ээж бага дүүг тэврээд “хороолол орно” гэж байсан учраас явган хүний гарцаар зүүнээс баруун тийш зам хөндлөн гарсан. Ээж дүүг тэврээд явган хүний гарцаар гарч явахад урдаас нэг саарал өнгийн суудлын машин 2 дугаар эгнээгээр их хурдтай орж ирээд ээж дүү хоёрыг машины урд хэсгээр мөргөж унагаасан. Ээж машины баруун урд хэсэгт, дүү машины зүүн дугуйны урд унасан. Би шууд ээж дүү хоёр луугаа гүйж очоод эхлээд машины дугуйны урдаас дүүгээ авч тэвэрсэн...” гэх мэдүүлэг /хх-32/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.03.04-ний өдрийн 2935 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Х.Эын биед зүүн хөлийн шаант ясны дээд булуунд шахагдсан хугарал, зүүн өвдөгний урд чагтан холбоосын суналт, зүүн өвдөгний дотор ташуу холбоосын бүрэн бус урагдал, тойгны холбоосын сэмэрсэн урагдал, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун тохой, баруун өвдөгт цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-37/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.03.04-ний өдрийн 2936 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. У.Төрбатын биед баруун хөлийн тавхайнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй” гэжээ /хх-39/,

Мөрдөгчийн 2019.03.05-ны өдрийн 67 дугаар магадлагаанд: “1. 97-63 УНД дугаартай Х.Соната-6 маркийн автомашины жолооч А.Ч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 16.1.“Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч Х.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна...” гэжээ /хх-40-41/,

Шүүгдэгч А.Чын яллагдагчаар өгсөн: “2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 13 цагийн орчимд гэр бүлийнхээ хүний хамтаар өөрийн эзэмшлийн 97-63 УНД дугаартай Х.Соната-6 маркийн автомашиныг жолоодоод Цайзын Алтан-Өлгий орохоор гэрээсээ гараад ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо 50 орчим км/цаг-ийн хурдтай Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороог өнгөрөөд явж байхад миний баруун гар талд буюу 1 дүгээр эгнээнд явсан машин явган хүний гарцны урд талд гэнэт зогсох үед би анзаараагүй шууд чигээрээ явахад гэнэт явган хүний гарцаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээ 1 дүгээр эгнээнд зогссон автомашины урдуур хүүхэд тэвэрсэн нэг эмэгтэй хүн зам хөндлөн ороод ирэхээр нь тоормос гишгээд машины урд хэсгээр мөргөж унагаад зогссон. Машинаасаа буугаад харахад мөргүүлсэн эмэгтэй машины баруун урд хэсэгт унасан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-46-47/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-14/, “Med trauma hospital” эмнэлгийн томографийн шинжилгээ /хх-25, 26, 27, 29/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-48/, жолоочийн лавлагаа /хх-50/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-52/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-53/, шүүгдэгч А.Чаас хохиролд төлсөн хохирлын баримтууд /хх-64-66/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн гаргаж өгсөн 9 ширхэг хохирлын баримтуудыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Улсын яллагч “Жолоочийн 100% хариуцлагагүй үйлдлээс хэрэг гарсан. Зам орчны байдал, замын тэмдэг, тэмдэглэгээ тодорхой харагдаж байсан. Гэм буруутай болох нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү. 917.000 төгрөгийн хохирол төлөгдсөн. Сая гаргаж өгсөн 242.650 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох, цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдуулах саналтай” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй. Болгоомжгүйгээр үйлдэгдсэн. Эмнэлгийн тусламж үзүүлж байсан, гэм буруугаа ухаарч байгаа. Хохирлыг төлүүлэх нь зүйтэй” гэж,

хохирогч “Цаашид толгой, чихээ үзүүлэх шаардлагатай байгаа. Чих юм сонсохоо больсон, их хэцүү байгаа” гэж,

шүүгдэгч “Гэм буруугаа хүлээж байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч А.Ч нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 13 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, “МД” хүнсний дэлгүүрийн зүүн замд “Апекс Финанс” ХХК-ийн эзэмшлийн Hyundai Sonata маркийн 97-63 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс явган зорчигч Х.Эыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Х.Эын “...Зам хөндлөн гарч явахад 1 дүгээр эгнээний машин зогсохоор нь тэр чигээрээ алхаж явахад ...миний зүүн гар талаас суудлын автомашин ирж мөргөх үед уг машины салхины шилийг мөргөөд унахдаа хүүгээ алдаад, би баруун урд хэсэгт унасан...” гэх мэдүүлэг /хх-18-19/, насанд хүрээгүй гэрч У.Үүлэннамууны “...Ээж дүүг тэврээд явган хүний гарцаар зам хөндлөн гарч явахад урдаас нэг саарал өнгийн суудлын машин 2 дугаар эгнээгээр их хурдтай орж ирээд мөргөж унагаасан...” гэх мэдүүлэг /хх-32/, шүүх эмнэлгийн 2935 дугаар “1.Х.Эын биед зүүн хөлийн шаант ясны дээд булуунд шахагдсан хугарал, зүүн өвдөгний урд чагтан холбоосын суналт, зүүн өвдөгний дотор ташуу холбоосын бүрэн бус урагдал, тойгны холбоосын сэмэрсэн урагдал, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун тохой, баруун өвдөгт цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-37/,  мөрдөгчийн 67 дугаар “1. 97-63 УНД дугаартай Х.Соната-6 маркийн автомашины жолооч А.Ч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.’’ 16.1.“Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Явган зорчигч Х.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна” гэх магадлагаа /хх-40-41/, шүүгдэгч А.Чын яллагдагчаар өгсөн “...автомашины урдуур хүүхэд тэвэрсэн нэг эмэгтэй хүн зам хөндлөн ороод ирэхээр нь тоормос гишгээд машины урд хэсгээр мөргөж унагаад зогссон. Машинаас буугаад харахад мөргүүлсэн эмэгтэй машины баруун урд хэсэгт унасан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-46-47/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-14/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.Чын хохирогч Х.Эыг явган хүний гарцаар гарч байхад нь мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “шүүгдэгч тухайн үед эмчилгээний зардлыг төлөөд явсан. Сая гаргаж өгсөн баримттай 210.350 төгрөгөө нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “мөрдөн шалгах ажиллагааны явцад 917.000 төгрөг хохиролд төлсөн” гэсэн мэдүүлгийг тус тус үндэслэн эмчилгээний болон эм тарианы зардалд 917.000 төгрөгийг шүүгдэгч төлсөн болох нь тогтоогдож байна гэж үзлээ. 

Хэрэгт авагдсан шүүгдэгчийн гаргаж өгсөн хохирлын баримтуудаас дүрс оношлогооны үнэ 540.000 төгрөгийн баримт нь санхүүгийн тэмдэг дарагдаагүй, төлсөн эсэх нь тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч А.Ч нь уг төлбөрийг төлөөгүй гэснийг харгалзан хавтаст хэргийн 65 дугаар хуудасны ар талд авагдсан баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдаж байна.

Харин шүүх хуралдаанд хохирогчоос гаргаж өгсөн эмчилгээний баримтаар 242.650 төгрөг тогтоогдож байх тул уг төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Х.Э /Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Овооны 1 дүгээр гудамж, 11а тоотод оршин суух, РД-ГД83112369/-д олгуулахаар, түүнчлэн хохирогч Х.Э цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Хохирлын шинж чанар, хохирол төлөгдсөн байдал, гэмт хэрэг гарахад жолоочийн хэтэрхий хайхрамжгүй үйлдэл нөлөөлсөн, гарцан дээр хохирогчийг мөргөснийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Гэмт хэрэг үйлдсэн нөхцлийн хувьд хамгийн багаар ялын санал тавьсан. 800.000 төгрөгөөс доош ял оногдуулах үндэслэлгүй...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Даатгалаас мөнгөө аваад хохирлоо төлнө гэж тайлбарладаг. Иймд 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулаад 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү...” гэж,

хохирогч “800.000 төгрөгөөр торгох саналыг дэмжиж байна” гэж тус тус дүгнэлт гаргалаа. 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хохирогчийг явган хүний гарцтай замын гарцтай хэсгээр зам хөндлөн явахад мөргөсөн, түүнчлэн 1 дүгээр эгнээний тээврийн хэрэгсэл зогсож зам тавьж өгсөн байхад 2 дугаар эгнээгээр явахдаа зам тавьж өгөлгүй мөргөсөн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, дийлэнх хохирол төлөгдсөн, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хандлага, гэм буруугаа хүлээж байгаа/-ыг тус тус харгалзан улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлгүй гэж шүүх дүгнэн шүүгдэгч А.Чад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.Ч урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Өөлд овогт Аюурзаны Чыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Чыг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч А.Чаас 242.650 /хоёр зуун дөчин хоёр мянга зургаан зуун тавь/ төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Э / /-д олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.Ч урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Чад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР