Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 255

 

 

 

 

 

 

 

 

 

А.Түмэндэмбэрэлд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Алтантүлхүүр,

хохирогч Я.Алтангэрэл,

хохирогч Н.Батболдын өмгөөлөгч А.Төмөрчулуун,

            нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Ё.Цогтзандан, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 59 дүгээр шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Алтантүлхүүрийн бичсэн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 6 тоот улсын яллагчийн эсэргүүцлээр эрүүгийн 201301051244 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Сартуул овогт Амгалангийн Түмэндэмбэрэл, 1970 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Түмэн гэгээ” сургалтын төвийн захирал, ам бүл 3, охин, хүргэний хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овоогийн 7 дугаар гудамжны 8 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ХП70051162/;

А.Түмэндэмбэрэл нь ганцаараа шунахайн сэдэлтээр, давтан үйлдлээр буюу 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Л.Зулжаргалаас “мөнгө хэрэгтэй байна” гэж 11,000,000 төгрөг, 2013 оны 2 дугаар сард “Хаан” банкинд зээлийн бичиг баримт бүрдүүлж, “Банк бус санхүүгийн байгууллагаас хүнд зээл авч өгнө” гэж 200,000 төгрөгийг тус тус хуурч мэхлэх аргаар залилан авч нийт 11,200,000 төгрөгийн,

2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.Оюунцэцэгийн эзэмшлийн халтар манан хөөргийг “зараад өгье” гэж хуурч мэхлэх аргаар залилан авч 7,000,000 төгрөгийн,

2016 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Я.Алтангэрэлээс харлаг манан болон гартаам 2 ширхэг хөөргийг “худалдан авна” гэж хуурч мэхлэх аргаар залилан авч 8,800,000 төгрөгийн,

2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Түшээ гүн” ХХК-ийн байранд хохирогч Д.Бүтэнбаярт “гадаадаас элэгний эм оруулж ирэх ашигтай бизнес байна” гэж хуурч мэхлэх аргаар залилан авч 4,800,000 төгрөгийн,

мөн сэжигтэн Б.Нарандаваатай бүлэглэн урьдчилан үгсэж тохиролцон, шунахайн сэдэлтээр, давтан үйлдлээр Дархан-Уул аймгийн 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, 10 дугаар гудамж 4 тоот орон сууцыг 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Голомт” банкинд 10,000,000 төгрөгийн барьцаанд тавих итгэмжлэлийг бусдад ашиглуулах зорилгоор хуурамчаар үйлдэн, байнга засварлан 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкнаас 30,000,000 төгрөгийн хэрэглээний зээл авч, хохирогч Ц.Бямбажавыг итгэл эвдэх аргаар залилан мэхэлж 35,600,000 төгрөгийн,

яллагдагч Ю.Болорсайхан, сэжигтэн Б.Нарандаваа нартай бүлэглэн урьдчилан үгсэж тохиролцон шунахайн сэдэлтээр хуурамч итгэмжлэл болон байрны зураг үзүүлэн “Ц.Бямбажав Солонгос улс руу явсан” гэж хуурч мэхлэн 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр “Хаан” банкнаас авсан зээлээ хохирогч Ц.Батболдоор хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар төлүүлэн залилан мэхэлж 28,800,000 төгрөгийн хохирол, нийт 6 удаагийн давтан үйлдлээр 96,200,000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол тус тус учруулсан,

мөн сэжигтэн Б.Нарандаваатай бүлэглэн урьдчилан үгсэж тохиролцон, шунахайн сэдэлтээр, давтан үйлдлээр Дархан-Уул аймгийн 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, 10 дугаар гудамж 4 тоот орон сууцыг 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Голомт” банкинд 10,000,000 төгрөгийн барьцаанд тавих итгэмжлэлийг “Хаан” банкинд 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдөр, 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гэж тус тус засварлан хуурамчаар байнга үйлдэн ашигласан,

яллагдагч Ю.Болорсайхантай бүлэглэн бусдын эзэмшлийн орон сууцны зургийг “Ц.Бямбажавын эзэмшлийн орон сууцны зураг” гэж хуурамч хэвлэмэл зургийг “Хаан” банкинд гаргаж өгч, бусдад ашиглуулах зорилгоор хуурамчаар үйлдсэн,

бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2015 оны 12 дугаар сарын 25-наас 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд прокурорын хяналтын шатнаас оргож, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: А.Түмэндэмбэрэлийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Түмэндэмбэрэлд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн үүнийг шүүх хуралдаанаар нөхөж гүйцэтгэх боломжгүй гэж үзэж дараах үндэслэлүүдээр мөрдөн байцаалт хийлгэхээр буцаажээ.

А.Түмэндэмбэрэлийн 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.Оюунцэцэгийн эзэмшлийн халтар манан хөөргийг “зараад өгье” гэж хуурч мэхлэх аргаар залилан авсан гэх үйлдлийн эд зүйлийн үнэлгээ нь 7,000,000 төгрөг гэж тогтоосон байна /3-р хх-ийн 62/. Уг эд зүйлийн үнэлгээгээр 32 граммтай, 23 дм өргөнтэй, шүрэн толгойтой, алтан нухтай, зааны ясан халбагатай, хуучны дунд гарын халтар манан хөөрөг гэсэн байна. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Оюунцэцэг нь мэдүүлэхдээ “...би өөрийн хөөргөө 14,000,000 төгрөгөөр үнэлнэ ээ, уг үнийн дүнгээ нэхэмжилнэ, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөөрөг минийх, мөн харин толгой нь солигдсон байна...” гэж мэдүүлсэн, мөн хавтас хэрэгт авагдсан хөөрөгний гэрэл зургийг, шүүхийн хэлэлцүүлгийн нотлох баримт шинжлэн судлах үед хохирогч Х.Оюунцэцэг нь “Мөрдөн байцаалтын шатанд миний зүгээс ийм хөөрөгний гэрэл зургийг би гаргаж өгөөгүй” гэж маргаж байна. Иймд дээрх хөөрөгний үнэлгээг эрх бүхий эртний эдлэлийн мэргэжлийн байгууллагаар дахин гаргуулах шаардлагатай. Хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн хөөргийг шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Оюунцэцэг, Я.Алтангэрэл нар нь хоорондоо өөрсдийн эзэмшлийнх гэж маргаж байх ба хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэний эзэмшлийнх болохыг тогтоох боломжгүй, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн байна.

Хохирогч Н.Батболдод учирсан хохирлын хэмжээг улсын яллагчийн яллах дүгнэлтэд “28,000,000” төгрөг гэж бичигдсэн атлаа, шүүх хуралдааны хэлэлцүүлэг, шүүмжийн шатанд хохирогч Н.Батболд нь 30,756,650 төгрөг нэхэмжлэх бөгөөд улсын яллагч уг үнийн дүнгээр нь шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах санал гаргасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан ажиллагааг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийж нарийвчлан тогтоох шаардлагатай.

Мөн яллах дүгнэлтэд А.Түмэндэмбэрэлийг яллагдагч Ю.Болорсайхан, сэжигтэн Б.Нарандаваа нартай бүлэглэн урьдчилан үгсэж тохиролцон, шунахайн сэдэлтээр, хуурамч итгэмжлэл болон байрны зураг үзүүлэн “Ц.Бямбажав Солонгос улс явсан” гэж хуурч мэхлэн 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр “Хаан” банкнаас авсан зээлээ хохирогч Н.Батболдоор хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар төлүүлэн залилан мэхэлж, 28,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэсэн атлаа Ю.Болорсайханыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24 1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь /4-р хх-ийн 246- 247/ ойлгомжгүй гэж дүгнэж А.Түмэндэмбэрэлд холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт буцааж, хэргийг Прокурорын газарт очих хүртэл А.Түмэндэмбэрэлд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн дунд гарын халтар манан гэх хөөрөг нэг ширхэгийг хэргийн хамт хүргүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Алтантүлхүүр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 59 тоот шүүхийн тогтоол нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, хууль ёсны болон үндэслэл бүхий болж чадаагүй байна. Учир нь: шүүгдэгч А.Түмэндэмбэрэлийн 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.Оюунцэцэгийн эзэмшлийн халтар манан хөөргийг “зараад өгье” гэж хуурч мэхлэх аргаар залилан авч 7.000.000 төгрөгийн, мөн 2016 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Я.Алтангэрэлээс харлаг манан болон гартаам хөөргийг “худалдан авна” гэж хуурч мэхлэх аргаар залилан авч 8.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргүүдэд мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Түмэндэмбэрэл нь энэ хөөрөг хохирогч Я.Алтангэрэлийнх, би түүнээс аваад мөрдөн байцаагч Ш.Ренцэнд аваачиж “хохирогч Х.Оюунцэцэгийн хөөрөг” гэж хэлээд өгсөн гэж мэдүүлдэг бол, хохирогч Я.Алтангэрэл “Энэ хөөрөг минийх, минийх болох нь сэв толбо, хонхор хэсгээрээ ялгаатай” гэх содон шинж тэмдэг нэг бүрээр дэлгэрэнгүй тогтвортой мэдүүлдэг. Дээрх мэдүүлгүүд Я.Алтангэрэлээс гаргаж өгсөн түүний эзэмшлийн хөөрөгний гэрэл зургийн үзүүлэлттэй тохирдог болохоор хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөөрөг нь хохирогч Я.Алтангэрэлийн эзэмшлийнх болох нь тогтоогддог. Харин хохирогч Х.Оюунцэцэг мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж, тогтвортой мэдүүлж чадаагүй, гэрч Ч.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Ш.Рэнцэнд “Х.Оюунцэцэгийн заруулахаар өгсөн хөөрөгний зураг” гэж авч ирж өгсөн гэрэл зургийн үзүүлэлт нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөөрөгнөөс эрс өөр хөөрөг байдаг тул уг хөөрөг хохирогч Х.Оюунцэцэгийн эзэмшлийнх биш нь тогтоогдсон. Түүнчлэн хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй Б.Минжүүрдорж, С.Наранцэцэг, Д.Галсандамба нарыг гэрчээр байцааж, геологийн төв лабораторийн шинжилгээний дүгнэлт гаргуулсан. /4-р хх-ийн 101-103/, Уг дүгнэлттэй холбогдуулан шинжээч Т.Төгөлдөрийг байцаахад “...миний дүгнэлт гаргасан халтар мана хөөрөгтэй дээрх үнэлгээ хийсэн харлаг мана хөөрөг таарч байна. Манай байгууллагаас үнэлгээ гаргадаггүй...” /5-р хх-ийн 30/ гэж мэдүүлдэг. Хохирогч Х.Оюунцэцэг болон Я.Алтангэрэл нарт учирсан хохирлыг нийт 3 удаа эд зүйлийн үнэлгээ /3-р хх-ийн 62, 5-р хх-ийн 19-28, 48/ хийлгэснээс гадна хөөрөгний чиглэлээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ченж гэх гэрч Ж.Баттогтох /4-р хх-ийн 225/, С.Галбадрах /4-р хх-ийн 226/ нарыг олж гэрчээр байцаах байдлаар дээрх үйлдлийн улмаас бусдад учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг бүрэн шалгаж тогтоосон. Цаашид эрх бүхий эртний эдлэлийн мэргэжлийн байгууллага нь Х.Оюунцэцэгийн эзэмшлийн хөөрөг биет байдлаар байхгүй тохиолдол дүгнэлт гаргах боломжгүй, үнэлгээ хийдэггүй нь геологийн төв лабораторийн шинжилгээний хүрээлэнгийн албан тоот, шинжээч Т.Төгөлдөрийн мэдүүлэг зэргээр тогтоогддог тул хохирогч Х.Оюунцэцэгийн эзэмшлийн халтар манан хөөрөгний үнэлгээг дахин гаргуулах боломжгүй, үүнийг дахин тодруулан шалгах шаардлагагүй, мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч А.Түмэндэмбэрэл нь бусадтай бүлэглэн, урьдчилан үгсэж тохиролцон шунахайн сэдэлтээр хуурамч итгэмжлэл болон байрны зураг үзүүлэн “Ц.Бямбажав Солонгос улс явсан” гэж хуурч мэхлэн 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр “Хаан” банкнаас авсан зээлээ хохирогч Ц.Батболдоор хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар төлүүлэн залилан мэхэлж 28,800,000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Н.Батболд, А.Түмэндэмбэрэл нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний /1-р хх-ийн 101/ үнийн дүнгээр тогтоосон. Хохирогч Н.Батболд нь дээрх зээлийн гэрээний үнийн дүн болох 28,800,000 төгрөгийг гаргаж А.Түмэндэмбэрэлийн “Хаан” банкнаас авсан зээлийг төлж барагдуулсан хохирол дээр нэмж, Дархан Уул аймаг руу явсан тээврийн болон буудалд хоносон, хоол хүнсний зардал 1,956,650 төгрөгийг нэмж, нийт 30,756,650 төгрөг нэхэмжилдэг. Улсын яллагчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан шууд ба шууд бус хохирлыг оруулан тооцож А.Түмэндэмбэрэлээс гаргуулан хохирогч Н.Батболдод олгох хохирлын талаарх саналыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан. Үүнийг шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан бусдад учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээтэй холбон үзэж дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Батболдод А.Түмэндэмбэрэлийн үйлдлийн улмаас нийт 28,800,000 төгрөгийн хохирол учруулсан нь хохирогч Н.Батболдын удаа дараа өгсөн мэдүүлэг, гэрч Г.Отгонтуяа, Ц.Батчимэг, Ц.Золзаяа, Б.Туяа нарын мэдүүлгүүд, зээлийн гэрээнүүд зэргээр тогтоогдсон тул түүнд учирсан хохирлыг дахин тодруулан шалгах шаардлагагүй. Шүүх иргэний нэхэмжлэлийг хангах эсэх, хэрэв хангавал хэнд, ямар хэмжээгээр олгох, түүнчлэн иргэний нэхэмжлэл гараагүй бол эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх эсэх, нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг буюу хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгон хэргийг хянан шийдвэрлэх боломжтой юм.

Шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийж хэргийг үндэслэлгүйгээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан байна. Прокурор яллах дүгнэлтэд “А.Түмэндэмбэрэл нь яллагдагч Ю.Болорсайхан, сэжигтэн Б.Нарандаваа нартай бүлэглэн урьдчилан үгсэж тохиролцон, шунахайн сэдэлтээр, хуурамч итгэмжлэл болон байрны зураг үзүүлэн Ц.Бямбажав Солонгос улс явсан гэж хуурч мэхлэн 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр “Хаан” банкнаас авсан зээлээ хохирогч Н.Батболдоор хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар төлүүлэн залилан мэхэлж 28,800,000 төгрөгийн хохирол учруулсан” гэж дурдсан нь яллах дүгнэлтэд тусгагдвал зохих зүйлс буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийг зөрчөөгүй болно. Учир нь А.Түмэндэмбэрэл нь сэжигтэн Б.Нарандаваатай бүлэглэн урьдчилан үгсэж тохиролцон, шунахайн сэдэлтээр, хуурамч итгэмжлэл ашиглан “Хаан” банкнаас авсан зээлээ хохирогч Н.Батболдоор хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар төлүүлэн залилан мэхэлж 28.800.000 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт цугларсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар тогтоогддог. Харин “А.Түмэндэмбэрэл нь яллагдагч Ю.Болорсайхантай бүлэглэж” гэж дүгнэн бичсэн алдааг шүүх хуралдаанаар “А.Түмэндэмбэрэл нь Б.Нарандаваатай бүлэглэн” гэж зөвтгөн нөхөж гүйцэтгэх боломжтой болно.

Иймд мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн тул анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд хянан үзэж, хууль зүйн дүгнэлт хийж хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлага хангаагүй байх тул хүчингүй болгож, А.Түмэндэмбэрэлд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү...” гэв.

Хохирогч Н.Батболдын өмгөөлөгч А.Төмөрчулуун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн өмгөөлөгчийн хувьд прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.

Хохирогч Я.Алтангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хураагдсан хөөрөг бол миний хөөрөг юм. Удам дамжсан хөөргөө би сайн танина. Эд мөрийн баримтаар хураагдсан хөөргөө авмаар байна...” гэв.

ХЯНАВАЛ:

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 59 дүгээр шүүхийн тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагад нийцжээ.

            Анхан шатны шүүхийн тогтоолд дурдсан дүгнэлтүүд үндэслэлтэй бөгөөд нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаагаар шалгасны дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч А.Түмэндэмбэрэлийг хохирогч Я.Алтангэрэлээс 2 ширхэг хөөрөг, хохирогч Х.Оюунцэцэгээс нэг ширхэг хөөргийг тус тус залилж авсан асуудлын талаар мөрдөн байцаалтын шатанд шалгаж нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотлоогүй байна.

            Тухайлбал хавтаст хэрэгт:

            -“32 граммтай, 23 дм өргөнтэй, шүрэн толгойтой, алтан нуухтай, зааны ясан халбагатай, хуучний дунд гарын халтар манан хөөрөг 7,000,000 төгрөг” /3-р хх-ийн 62/,       -“харлаг мана, гартаам хөөргийг 12,000,000 төгрөгөөр үнэлэх боломжгүй /4-р хх-ийн 230/,

            -“Алтан нуухтай, дунд гарын харлаг манан хөөрөг. Геологийн төв лабраторийн дүгнэлтээр 1800-д оны үеийнх гэх. Хуурамч чулуун толгойтой. Алтан нуухтай, тэмээний ясан халбагатай, ухалт муутай гэх хөөргийг 20,000,000 төгрөг, гартаам чулуун хөөргийг 1,800,000 төгрөг” /5-р хх-ийн 20-28/,

            -“32 граммтай, 23 дм өргөнтэй, шүрэн толгойтой, зааны ясан халбагатай, хуучний дунд гарын халтар манан хөөргийг 7,000,000 төгрөг” /5-р хх-ийн 50/ гэж эд зүйлийн үнэлгээ авагдсан бөгөөд эдгээр үнэлгээний дүн тус бүрдээ зөрүүтэй байхад прокурор аль үнэлгээг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлт хийсэн нь ойлгомжгүйгээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хэрэгт холбогдуулж нэг ширхэг манан хөөрөг эд мөрийн баримтаар хураагдсан байх бөгөөд хохирогч Я.Алтангэрэл, Х.Оюунцэцэг нарын хэнийх нь хөөрөг болох нь тодорхойгүй, хохирогч Я.Алтангэрэл, Х.Оюунцэцэг нарын хоёр өөр манан хөөргийг нэг хөөрөг байдлаар шинж байдлыг тодорхойлон үнэлгээ хийлгэсэн нь ойлгомжгүй байх тул  А.Түмэндэмбэрэлийн үйлдсэн хэрэг,  хохирлын хэр хэмжээг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасны дагуу хөдөлбөргүй тогтоох   шаардлагатай.

            Мөн прокурор “...А.Түмэндэмбэрэл нь сэжигтэн Б.Нарандаваатай бүлэглэн урьдчилан үгсэж тохиролцон, шунахайн сэдэлтээр, давтан үйлдлээр Дархан-Уул аймгийн 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, 10 дугаар гудамж 4 тоот орон сууцыг 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Голомт” банкинд 10,000,000 төгрөгийн барьцаанд тавих итгэмжлэлийг бусдад ашиглуулах зорилгоор хуурамчаар үйлдэн, байнга засварлан 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкнаас 30,000,000 төгрөгийн хэрэглээний зээл авч, хохирогч Ц.Бямбажавыг итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, 35,600,000 төгрөгний, мөн яллагдагч Ю.Болорсайхан, сэжигтэн Б.Нарандаваа нартай бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцон, хуурч мэхлэх итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, Ц.Батболдод 28,800,000 төгрөгийн хохирол учруулсан” гэж яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд уг яллах дүгнэлтээр Ю.Болорсайхан, Б.Нарандаваа гэх хүмүүс залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэхэд бүлэглэн оролцсон гэж үзэхээр, “Хаан” банк, иргэн Ц.Бямбажав нарын хэн нь хэргийн жинхэнэ хохирогч болох нь ойлгомжгүй байгаа зэргийг шүүх таамаглан дүгнэн шийдвэрлэх боломжгүй байх тул яллах дүгнэлтийг тодорхой болгож, хуулийн дагуу зөвтгөн ирүүлэх нь зүйтэй байна.

            Хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцааж, анхан шатны шүүхийн тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан ажиллагаануудыг хийж, үйл баримт, үйлдэл холбогдлыг тодруулах нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой тул прокурор Н.Алтантүлхүүрийн бичсэн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 6 тоот улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 59 дүгээр шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Н.Алтантүлхүүрийн бичсэн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 6 тоот улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

 

                                    ШҮҮГЧИД                                                       Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                                                                                   О.ЧУЛУУНЦЭЦЭГ