Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2019/0507

 

 

 

 

Л.И-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Л.И нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0470 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Л.И-ын нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0470 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Г-ын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэж хууль тогтоомжид нийцүүлэн дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Л.И нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тас, 05 дугаар сарын 05-ны өдөр тас, 05 дугаар сарын 26-аас 30-ны өдөр хүртэл тас, 06 дугаар сарын 21-ний өдрөөс 25-ны өдөр хүртэл тас, 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, мөн 11 дүгээр сард 3 өдөр, 12 дугаар сард 1 өдөр тасалж, 2 өдөр бүртгэл дутуу, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр бүртгэл дутуу, 04-ний өдрөөс 16-ны өдрийг дуустал тасалсан ба 17-ны өдөр бүртгэл дутуу зэрэг ажлын цагийн бүртгэлтэй байдаг. Мөн ажлын байран дээр хэд хэдэн удаа согтуурсан, мансуурсан байдалтай ирж байсныг харсан албан хаагчид байдаг ба тэд энэ талаар гэрчилнэ. Хүний нөөцийн мэргэжилтнээс болон удирдлагаас албан ёсоор чөлөө авахгүй олон хоногоор удаа дараа ажил тасалж, даргаас өгсөн яаралтай гүйцэтгэх даалгаврыг биелүүлээгүй зэрэг байдалд ажлаас халах үндэслэл бүрдсэн байсан.

Ёс зүйн хороо Л.И-ын удаа дараагийн шинжтэй зөрчлийг хэлэлцэхээр 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаж, 01 дүгээр хурлын дүгнэлтээр Л.И нь ажлын байран дээр архидан согтуурч, ажлын байраа удаа дараа хаяж явсан мөн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэггүй тул ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй гэж үзсэн. Ингээд түүнийг биечлэн байлгаж сонсох ажиллагаа хийх шаардлагатай гэж Ёс зүйн хороо үзэж, хурлыг хойшлуулсан. Ингээд 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс тасралтгүй түүнтэй холбогдох гэж хуулийн мэргэжилтэн Б.А, хүний нөөцийн мэргэжилтэн Г.Н, удирдлагууд 00000000 утас руу нь болон гэр бүлийн гишүүд рүү нь залгаж байсан боловч холбогдож чадаагүй.

Гэтэл 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Л.И нь ажил дээрээ ирсэн ба ирэхдээ акт болон хүсэлтээ авч ирээгүй. Түүнийг ирсэн өдөр удирдлагын зүгээс Ёс зүйн хороог хуралдуулж, Л.И-д сонсох ажиллагаа хийж, хариуцлага тооцохыг Ёс зүйн хорооны дарга Б.Г-д даалгасан. Гэтэл тухайн өдөр өөрт нь сонсох ажиллагаа хийж, хариуцлага тооцох болсныг мэдсэний дараа Л.И ажлын байраа орхин явсан байсан. Хүний нөөцийн мэргэжилтэн болон Ёс зүйн хорооны дарга удаа дараа утас руу нь залгасан боловч утсаа авахгүй байсан ба хэд хэд залгасны дараа Хүний нөөцийн мэргэжилтэн Г.Н болон Ёс зүйн хорооны дарга В.Д нарын утсыг авсан байдаг. Г.Н Л.И-д 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Ёс зүйн хороо хуралдаж, сонсох ажиллагаа хийгдэх талаар мэдэгдсэн боловч 2 дугаар эмнэлэгт хэвтэж байгаа тул очиж чадахгүй гэж хэлсэн байдаг. Ёс зүйн хорооны дарга В.Д түүн рүү залгаж холбогдоход, мөн л 2-р эмнэлэгт хэвтэж байгаа тул хуралд очиж чадахгүй гэж хэлсэн байдаг.

Энэ үйл явдлын дараа иргэн Л.И 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүсэлт болон эмнэлгийн магадлагаа зэргийг өөр хүнээр ирүүлсэн. Хүсэлтэд цаашид албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлэх шаардлагатай болсон тул албан ажлаас чөлөөлж 6 сарын чөлөө олгохыг хүссэн байдаг.

Ийнхүү түүний ирүүлсэн эмнэлгийн магадлагааг үзэхэд 2019 оны 01 сарын 03-аас 19-ний өдөр хүртэл буюу 16 хоногт өдрөөр ирж эмчилгээ хийлгэдэг тул ажлаас чөлөөлсөн магадлагаа байв.

Удирдлагуудын зүгээс дээрх үйл явдлын уялдаа холбоо бодит буюу итгэл үнэмшил төрүүлэхээр байгаагүй. Учир нь Л.И нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ажил дээрээ ирэхдээ, ямар нэгэн хүсэлт болон эмнэлгийн магадлагаа зэргийг ирүүлээгүй ба өөрт нь сонсох ажиллагаа хийж, хариуцлага тооцох талаар мэдсэнээр тухайн өдрөө ажлын цаг дуусаагүй байхад ажлын байраа орхин явсан байсан. Ингээд 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өөр хүнээр эмнэлгийн магадлагаа, хүсэлтээ Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт ирүүлсэн байсан. Эндээс үзэхэд дээрх ажил тасалсан үйлдлээ өвчтэй байсан мэтээр аргацаах гэж хийсэн үйлдэл гэж харагдсан ба өдрөөр эмчилгээ хийлгэсэн хүн яагаад өвчтэй байсан талаараа мэдэгдчих ухамсар, ёс зүй, нөгөө талаасаа хариуцлагатай байж болдоггүй юм бэ гэсэн асуудал гарч ирсэн.

Даргаас өгсөн чиглэлийн дагуу Ёс зүйн хороо дээрх асуудлыг хэлэлцэхээр 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Ёс зүйн хороо дахин хуралдаж, 2 дугаар хурлын дүгнэлтээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.3.1 “Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг зохих хугацаанд нь биелүүлж, үр дүнг тухай бүр мэдэгдэх, өөрийн ажлын чиг үүрэгтэй холбоотой мэдээллийг удирдлага болон холбогдох албан хаагчид шуурхай танилцуулах” гэж заасныг зөрчсөн, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 16-ны өдрийг хүртэл хугацаанд ажилдаа ирээгүй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлснээ албан ёсоор мэдэгдээгүй тул хүсэлтийнх нь дагуу ажлаас нь чөлөөлөх үндэслэлтэй гэж дүгнэсэн.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 23-ны Б/27 дугаар тушаалаар Л.И-д сахилгын шийтгэл ногдуулж байсан. Төрийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 48.6-д зааснаар Л.И-ын сахилгын шийтгэлтэй байх хугацаа 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөр дуусгавар болох байсан.

Сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн /хуучин/ 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь заалт “Төрийн жинхэнэ албан хаагч нь төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх нийтлэг үүрэгтэй”, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.2.1. Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийг тогтоосон хугацаанд нь үр дүнтэй хангах, 3.2.5. Ажлын цагийг бүрэн, үр бүтээлтэй ашиглах, 4.7.2 Албан үүргээ биелүүлэх явцад болон ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, хэрэглэсэн байдалтай ирэх; заалтыг зөрчсөн тул сахилгын шийтгэл авч байсан.

Сахилгын зөрчилтэй хугацаа дуусаагүй байхад дээрх зөрчлийг удаа дараа давтан гаргасан тул тус мэргэжилтнийг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-д зааснаар төрийн албанаас халах үндэслэл бүрдсэн байсан.

Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаар Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай тогтоолоор тогтоосон арга хэмжээг авч ажиллахыг Засгийн газрын агентлагийн дарга нарт үүрэг болгосон.

Тогтоолын 1.7-д төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслах зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт боллн хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис, хэрэгслийг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглахыг байгууллагын дотоод журамж тусган хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох, тогтоолын 1.9-д төрийн байгууллагад ажлын цаг ашиглалтыг хурууны хээний болон камерын хяналтын системээр байнга бүртгэж, түүнд тавих хяналтыг сайжруулах.

Дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлэх хүрээнд иргэн Л.И-ын ажлын цагийн бүртгэлийг шалгахад дээр дурдсан ажлын цагийн бүртгэл гарч ирсэн. Мөн төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ”, 37.1.7-д “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 37.1.16-д “Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах”, 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна гэж заасан байдаг. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хөдөлмөрийн дотоод журмын 12.1.5-д “албан хаагчийн чөлөөний хугацаа дуусгавар болсноос хойш ажлын 2 ба түүнээс дээш өдрөөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй нь түүнд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно” гэж заасан байдаг. Дээрх үндэслэлүүдээр сахилгын шийтгэл хүлээлгэж, халах нөхцөл бүрэн бүрдсэн байсан.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-д заасан сахилгын шийтгэл болох ажлаас халах шийдвэрийг төлөвлөж байсан хэдий ч Л.И нь удирдлагуудтай өөрийн биеэр уулзаад, ёс зүйн зөрчил гаргаж ажлаас халагдсан гэвээс цаашдын төрийн албанд зүтгэх нэр төр, амьдрал ахуй зэрэгт сөрөг нөлөөтэй байх тул өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдье гэж хүсэлт гаргаж байсан.

Иймд түүний хүсэлтийн дагуу Ёс зүйн хорооны саналыг үндэслэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4 дэх заалтыг үндэслэн өөрийн хүсэлтээр нь төрийн албанаас чөлөөлсөн.

Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс дээрх тушаалыг хүчингүй болгож, төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад даалгаж буй нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхээс дараах нотлох баримтуудыг хангалттай шинжлэн судлаагүй.Үүнд:

1. Л.И-ын цагийн бүртгэл

2. Буянт-Ану эмнэлгийн магадлагаа

Тодруулбал, Л.И-ын цагийн бүртгэл нь тухайн хүнийг ажилдаа ямар байдлаар ханддаг болох, ажлаас халах ч үндэслэл бүрдсэн байхад энэ баримтыг авч хэлэлцээгүй. Б-А эмнэлгийн магадлагаан дээрх өдрөөр ирж эмчилгээ хийлгэсэн хугацаа нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл гадуур эмчилгээ хийлгэсэн байсан. Дээрх эмнэлгээс 16 өдрөөс 2 өдөр эмчилгээ хийлгэсэн гэсэн нь үнэн болно гэсэн албан бичгийг шүүхэд ирүүлсэн байдаг. Эдгээр баримт материалыг авч хэлэлцэхгүйгээр шүүх нэг талыг баримталж шүүхийн шийдвэрийг гаргасан нь илтэд хууль бус байна.

Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0470 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Л.И-с Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад холбогдуулан “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Г-ын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтыг үндэслэн дахин шинээр тушаал гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт “...миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл гадуур эмчилгээ хийлгэсэн. Цаашид албан ажлаа хийхгүй эмчлүүлэх шаардлагатай болсон тул албан ажлаас чөлөөлж, 6 сарын чөлөө олгоно уу” гэсэн хүсэлт гаргасан байна.

Улмаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4-д заасныг баримтлан нэхэмжлэгчийг “Төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг нь харгалзан ...” гэх үндэслэлээр төрийн албанаас чөлөөлжээ.

Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь түр чөлөөлөх, чөлөөлөх харилцааг ялган зохицуулсан бөгөөд хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас түр чөлөөлөх” гэж, 46 дугаар зүйлийн 46.2-т “төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх” гэж тус тус заажээ.

Харин Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4-д “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” бол төрийн жинхэнэ албан хаагч төрийн албанаас чөлөөлөгдөх харилцааг зохицуулсан бөгөөд маргаан бүхий Б/05 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “...бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй байна.

Учир нь нэхэмжлэгч өөрийн санаачлагаар төрийн албанаас “чөлөөлөгдөх” бус эрүүл мэндийн шалтгааны улмаас 6 сарын хугацаагаар “түр чөлөө олгох” хүсэлт гаргасан байхад уг хүсэлтийг нь үндэслэн түүнийг төрийн албанаас “чөлөөлж” шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... анхан шатны шүүхээс Л.И-ын цагийн бүртгэл, Б-А эмнэлгийн магадлагааг хангалттай шинжлэн судлаагүй ...” гэх давж заалдах гомдлын тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох”-оор, 24.2-т “...бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээх”-ээр заажээ.

Гэтэл хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагаа хийж, түүнд үндэслэн шийдвэр гаргаагүй атлаа шүүхэд “...ажил удаа дараа тасалсан, зөрчил гаргасан учраас халах үндэслэл бүрдсэн байсан ч хүсэлтийг нь харгалзан үзээд төрийн албанаас чөлөөлсөн...” гэж хожим тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

Иймд маргаан бүхий захиргааны актын үндэслэлд тусгаагүй баримтыг үндэслэн тайлбарлаж байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгон, Л.И-ын хүсэлтийг хууль тогтоомжид нийцүүлэн дахин шийдвэрлэх замаар шинэ акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0470 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН