Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 396

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.У

Хариуцагч: Б дүүргийн Засаг дарга

Хариуцагч: Б дүүргийн *2 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурал

Гуравдагч этгээд: Б дүүрийн *2 дугаар хорооны Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “...2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хуралдсан  Б дүүргийн *2 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурал Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалтыг зөрчсөн болохыг тогтоолгож, тус хуралдаанаас гаргасан тогтоолуудыг хүчингүй болгуулж, С.Мыг *2 дугаар хорооны Засаг даргаар томилсон Б дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн  Б/124 дүгээр  захирамжийг хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.У, хариуцагч Б дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Б дүүргийн *2 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Г.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, гуравдагч этгээд С.Ма, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Чингис нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь.

 Нэг. Нэхэмжлэгч  Д.У 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б дүүргийн *2 дугаар хорооны иргэн Д.У миний бие 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тус шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр болсон тус дүүргийн *2 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.4 дахь заалтыг зөрчиж хуралдсан болохыг тогтоолгох, мөн хурлаас гарсан бүх тогтоолуудыг хүчингүй болгуулах, үүнтэй холбоотойгоор С.Мыг *2 дугаар хорооны Засаг даргаар томилсон Б дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар 26-ны өдрийн Б/122 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Иргэдийн Нийтийн Хурал нь анхан шатны иргэдийн өөрөө удирдах байгууллага юм. Гэтэл Б дүүргийн хэмжээнд *3 хороо тухайн өдөр нэг зэрэг хурал хийсэн бөгөөд үүнийг нь дээд албан тушаалтнуудаас өгсөн үүрэг даалгавар гэж үзэж байна.

Өмнө нь үүнтэй адил 2012 онд А нам Улсын Их Хурал болон орон нутгийн сонгуульд олонх болсон бөгөөд үүний дагуу орон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрхэд шууд халдсан байдаг. Тухайн Иргэдийн Нийтийн Хурлын дарга нь тогтоол гаргаж иргэдийн төлөөлөгчөө явуулж, иргэдийн хэлэлцэж шийдэх ёстой асуудлыг шийдэж байсан. Тухайн үед улс төрийн нөхцөл өөр байсан учир бид хүлээн зөвшөөрсөн. 2012 онд иргэн н.Б нь тус дүүргийн 15 дугаар хороонд болсон хууль бус үйл явдлын талаар ганцаараа заргалдаж жилийн дараа захиргааны хэргийн шүүхийн тогтоол нэхэмжлэгч н.Бийн талд гарсан байдаг. Энэ үйл явдал дахин давтагдаж *3 хороо зэрэг хурал зарласан нь хууль бус юм.

Хуульд анхдугаар хуралдааныг тухайн эрх нь дуусгавар болж байгаа хурлын Тэргүүлэгчид 15 хоногийн өмнө нийтэд зарласан байна гэсэн заалтыг зөрчсөн. Иргэдийн Нийтийн Хурлын дарга гэх Г.Дг хажууд сууж байсан хүн нь дэвшүүлээд биднээс ямар нэг санал авалгүй өөрийгөө танилцуулсан. Энэ нь бусдын өөрөө сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байгаа.

Тухайн өдөр хурал болоход хуралдаан даргалагч нар хуралдааны дэгээ иргэдэд танилцуулсны үндсэн дээр горимын дагуу явж байна гэж үзнэ. Гэтэл тийм ямар ч дэг байхгүй, шууд редакцийн комисс болон тооллогын комиссоо байгуулна гэж зүтгэсэн. Гуравдагч этгээд болох С.Матай ямар нэг маргаан үүсгээгүй, нэгэнт эхэлсэн хурлыг үймүүлэхийг би хүсээгүй. Тухайн үед хурал дээр бидний яригдаж байсан зүйлсээс хурлын тэмдэглэлд тэмдэглэгдээгүй. Хурлын тэмдэглэл нь хурал эхэлснээс дуусах хүртэл бүх зүйл тэмдэглэгдэх ёстой.

Бид мэдээллийг тулгаж авсан ч гэсэн хурлаа хүндэтгээд очсон. Хуралдаан даргалагч н.С нь өөрөө хуралдаан даргалах 3 хүнийг сонгосон бөгөөд үүн дээр бид ямар нэг маргаан гаргаагүй. Харин хуралдаанд 3 даргалагч сууснаас хойш бид шаардлага тавьсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.4 дах заалтыг хэрхэн биелүүлсэн талаар асууж, холбогдох баримт, зарлалыг шаардахад ямар нэг зүйл танилцуулаагүй. Мөн тогтоол уншиж танилцуулсан зүйл байхгүй. Хуралдааны тэмдэглэлд 16 хоногийн өмнө тогтоол гэх зэрэг гараагүй баримт, яригдаагүй зүйлсийг тэмдэглэсэн байна. Хуралдаан эхлэхэд тогтоолыг бидэнд танилцуулсан бол бид тийм маргаан гаргахгүй байсан. Бид ганцхан ирцийн асуудал дээр маргаагүй харин зарлалыг хэзээ тавьсан бэ гэдэг дээр маргасан. Хуралдаан даргалагч 3 хүн нь суудал дээрээсээ зарласан гэсэн тайлбар л хэлсэн.

Тэгтэл хуралдааны тэмдэглэлд ямар ч авцалдаагүй зүйл бичсэн бөгөөд тогтоолын бланк нь хүртэл буруу байсан. Учир нь биднийг шүүхэд нэхэмжлэл гаргасныг мэдээд яарч нөхөж гаргасан баримт юм. Хэрвээ хуралдааны товыг хэвлэн гаргаж хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 объект байрлуулсан юм бол, анх бид нарт танилцуулсан бол өнөөдөр ямар нэг маргаан гарахгүй байсан. Засаг даргад 2 хүн нэр дэвшсэн бөгөөд нэг нь даргын үүрэг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа хүн бөгөөд санал хураалтыг нууцаар авах байсан. Гэтэл шууд илээр гар өргүүлж авсан бөгөөд иргэд Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болон Иргэдийн Нийтийн Хурлын дарга, хорооны хэсгийн ахлагч нарынхаа нүдэнд ил санал өгч байгаа учир саналаа надад өгч чадаагүй шалтгаан болсон гэж үзэж байна. Хорооны иргэн н.Н гуай С.Мын нэрийг дэвшүүлсэн бөгөөд н.А гэж иргэн С.Мыг сайн мэддэг, дэвшүүлэхийг дэмжиж ахмадын зөвлөлийн дарга н.Алтангэрэл нь хурал шуугиантай байгаа тул илээр санал хураалт явуулах санал гаргаж, хуралдаан даргалагч түүнийг дэмжиж илээр санал хураалт явуулсан.

Хурлын тэмдэглэлд С.Ма бид хоёрыг мөрийн хөтөлбөр танилцуулсан гэж тэмдэглэсэн байх бөгөөд үнэндээ мөрийн хөтөлбөр танилцуулах боломж ч олдоогүй. Биднээс ямар нэг санал хэлэхэд хурал үймүүлж байна, хурлыг орхихыг шаардаж байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд нараас нарийн зүйлийн талаар хэн нь ч сайн мэдэхгүй. Тухайн хурал дээр иргэдийн Нийтийн Хурлын төлөөлөгч гээд нэг эмэгтэй босож ирж тухайн хурлыг хянах үүрэгтэй гэж тайлбарлаж байсан. Иргэдийн Нийтийн Хурал нь иргэд хоорондоо хэлэлцэж шийдвэрлэх ёстой бөгөөд ямар нэг гадны нөлөө байх ёсгүй. Бид тухайн хурал болохыг хурлын өмнөх орой 23:00 цагт мэдсэн бөгөөд орой болсон байсан учир дэмжигч нартаа хэлж чадаагүй өглөө 8 цагаас эхэлж иргэдтэй ярьж байж хуралд очсон. Бид хурлыг орхиж гарах гэж байсан боловч хуралд анх ороход С.Ма иргэдийн үнэмлэхийг канондож авч байсан учир нэгэнт хурлын ирцэд орсон учир хурал орхисон ч хуралдааныг үргэлжлүүлэх юм байна гээд орхиж гарч чадаагүй. Хэрвээ бид гарсан бол өнөөдөр надад ямар нэг нотлох баримт ч байхгүй байх байсан” гэжээ.

Хоёр. Хариуцагч Б дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Б дүүргийн *2 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17, 23, 24, 25, 26 дугаар зүйлүүдэд заасан эрх хэмжээний хүрээнд тухайн хурлаас гарсан шийдвэрийн дүнд хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх саналыг хэлэлцээд тус хуулийн 26.2-д зааснаар “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж заасныг дагуу тус хурлаас С.Мыг хорооны Засаг даргыг томилуулах тогтоол гарч, түүнийгээ албан бичгээр ирүүлсний дагуу 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/124 дүгээр тушаалаар С.Мыг хуулийн дагуу Засаг даргаар томилсон.

Засаг даргын зүгээс тухайн хурлыг үнэн зөв бодитой явагдсан эсэх болон хуульд заасны дагуу хуралдаагүй байна гэж үзэх үндэслэлгүй. Учир нь Засаг даргад тийм бүрэн эрх байхгүй, мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлд Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно гэж заасны дагуу Засаг дарга тухайн хуралдааныг үнэн бодитой эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх эрхгүй. Тийм учраас Иргэдийн Нийтийн хурлаас ирүүлсэн тогтоолыг үндэслээд тус хорооны Засаг даргыг томилсон. Ийм нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гурав. Хариуцагч Б дүүргийн *2 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Г.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М шүүхэд  ирүүлсэн хариу тайлбар болон 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Б дүүргийн *2 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17.1-д заасны дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тогтоол гаргаж, 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хуралдуулсан. Ийнхүү хуралдуулсан нь тус хуулийн 23.4 дэх хэсгийг зөрчсөн зүйл байхгүй бөгөөд хуульд заасан Тэргүүлэгчид тухайн хуралдааныг эхлэхээс 15 хоногоос доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна гэсэн заалттай тохирч байгаа бөгөөд 16 хоногийн өмнө хурлын товыг тогтоосон.

Энэхүү тогтоолын дагуу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.10 дахь хэсэгт заасан хороо, аймаг, сумын төвийн 20-30 өрх тутмаас 1 хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно гэж заасны дагуу тус хорооны улсын бүртгэлд бүртгэгдсэн 2100 өрх бүртгэлтэй бөгөөд үүнийг 30-д хуваахаар 73.13 иргэн ирснээр хүчинтэйд тооцогдох хуралд нийт 157 иргэн ирж ирцийг хангасан. Нэхэмжлэгч Д.Уд сонгох сонгогдох эрх нь нээлттэй байсан бөгөөд үүнийхээ үндсэн дээр өөрөө Засаг даргад нэр дэвшээд ялагдсан бөгөөд энэ нь бичлэг дээр болон өөрийн хэлсэн тайлбар дээрээс ч харагдаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хараад байхад нэхэмжлэгч нь өөрөө Засаг даргаар сонгогдох сонирхолтой байсан боловч сонгогдоогүй учир шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Өөрийн дэмжигчийг цуглуулж амжаагүй гэдэг нь нийтийн хурал нь тухайн зарыг сонссоноор хуралд оролцохыг хүссэн иргэд нээлттэй оролцсоноор хурал хуулийн дагуу болсон. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлд хурлын даргыг сонгох гэдэг нь 11.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно”, 11.2-т “Сонгуулийн дүнгээр тухайн Хуралд хамгийн олон суудал авсан нам, эвсэл Хурлын даргад эхэлж нэр дэвшүүлэх эрхтэй”,  11.4-д “Хурлын даргад нэг хүний нэр дэвшсэн бол илээр, хоёр ба түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан төлөөлөгчийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно” гэж заасан байдаг. Төлөөлөгчид гэдэг нь орон нутгийн сонгуулиар сонгогдсон төлөөлөгчид хамааралтай хуралдааныг тус хуулийн 11 дүгээр зүйлээр зохицуулсан. Харин баг хорооны нийтийн хурал дээр төлөөлөгч байхгүй, илээр санал хураана гэсэн зүйл тус хуульд байхгүй.

Иймд иргэн Д.Угаас гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Дөрөв. Гуравдагч этгээд С.Ма 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: “...Б дүүргийн *2 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17.1-д заасны дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тогтоол гаргаж, 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хуралдуулсан. Ийнхүү хуралдуулсан нь тус хуулийн 23.4 дэх хэсгийг зөрчсөн зүйл байхгүй бөгөөд хуульд заасан Тэргүүлэгчид тухайн хуралдааныг эхлэхээс 15 хоногоос доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна гэсэн заалттай тохирч байгаа бөгөөд 16 хоногийн өмнө хурлын товыг тогтоосон.

Энэхүү тогтоолын дагуу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.10 дахт хэсэгт заасан хороо, аймаг, сумын төвийн 20-30 өрх тутмаас 1 хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно гэж заасны дагуу тус хорооны улсын бүртгэлд 2100 өрх бүртгэлтэй бөгөөд үүнийг 30-д хуваахаар 73.13 иргэн ирснээр хүчинтэйд тоогдох хуралд нийт 157 иргэн ирж ирцийг хангасан гэж үзэж байна.  Энэ хурлаас гаргасан тогтоолууд  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

                                                              ҮНДЭСЛЭХ нь

           Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хуралдсан Б дүүргийн *2 дугаар хорооны Иргэдийн Нийтийн хурал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалтыг зөрчсөн болохыг тогтоолгож, тус хуралдаанаас гаргасан тогтоолуудыг хүчингүй болгуулж, С.Мыг *2 дугаар хорооны Засаг даргаар томилсон Б дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн  Б/124 дүгээр  захирамжийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

           Нэхэмжлэгч Б дүүргийн *2 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын зарыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт “хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж заасныг зөрчсөн гэж, хариуцагч тал хурлыг хуульд заасан хугацаанд товлож зарыг байршуулсан гэж маргажээ.

            Б дүүргийн *2 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурал 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж, 2016 оны 12 дугаар  сарын  24-ний өдрийн “Хорооны Иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгож батлах тухай” 4 дүгээр, “хорооны Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгож батлах тухай” 5 дугаар, “Хорооны Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 7 дугаар тогтоолуудыг тус тус батлан гаргажээ.

 

            Б дүүргийн *2 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хуралдаж, 16 дугаар тогтоолыг гаргажээ. Уг тогтоолын 1 дэх заалтаар  Иргэдийн Нийтийн  хуралдааныг 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 11:00 цагт хуралдуулахаар товлож, 2 дахь заалтаар хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тогтоож, 3 дахь заалтаар хурлын бэлтгэл ажлыг хангаж, хуралдааны товыг зарлахыг Иргэдийн Хурлын нарийн бичгийн даргад даалгасан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох  Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолоор нотлогдож байх бөгөөд энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна” гэж, 25 дугаар зүйлийн 25.1-д “хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд ... баг хорооны хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батлана” гэж, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “...бусад хуралдааныг тухайн хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж заасныг зөрчөөгүй  байна. 

Б дүүргийн *2 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хуралдах товыг тухайн хорооны иргэд зараар, хэсгийн ахлагч нараас болон бусад иргэдээс зэрэг янз бүрийн  байдлаар мэдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээр тогтоогдож байгаа боловч Б дүүргийн *2 дугаар хороо нь 2194 өрхтэй,  2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Иргэдийн Нийтийн Хуралд 157 иргэн ирж оролцсон гэдэгт талууд маргадаггүй, мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэснийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч  Д.У нь  2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б дүүргийн 22 хорооны Иргэдийн Нийтийн Хуралд оролцож, хорооны Засаг даргад нэр дэвшиж, олонхийн санал авч чадаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон тухайн хурлын бичлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэснийг Б дүүргийн *2 дугаар хорооны Засаг даргад нэр дэвшиж, олонхийн санал авсан С.Мыг Засаг даргаар томилуулахаар уламжилсан Б дүүргийн *2 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар 24-ний өдрийн “Хорооны Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 07 дугаар тогтоол зөрчөөгүй байна.

 Б дүүргийн Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “С.Мыг *2 дугаар хорооны Засаг даргаар томилох тухай” Б/124 дүгээр захирамжаар С.Мыг тус дүүргийн *2 дугаар хорооны Засаг даргаар томилсон нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д “Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол аймаг, нийслэлийн Засаг даргыг Монгол Улсын Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй” гэж заасантай нийцэж байх бөгөөд нэхэмжлэгч гуравдагч этгээд С.Мыг нэр дэвшигчийн шаардлага хангасан эсэх дээр маргахгүй гэсэн болно.  

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.       

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 23 дугаар зүйлийн 23.1, 23.4, 23.10, 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-д заасныг баримтлан Д.Угийн нэхэмжлэлээр Б дүүргийн Засаг дарга, Б дүүргийн *2 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасанаар “2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хуралдсан Б дүүргийн *2 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хуралдаан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалтыг зөрчсөн болохыг тогтоолгож, тус хуралдаанаас гаргасан тогтоолуудыг хүчингүй болгуулж, С.Мыг *2 дугаар хорооны Засаг даргаар томилсон Б дүүргийн Засаг даргын 2016 оны 12 лугаар сарын 26-ны өдрийн Б/124 дүгээр  захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ЧАНЦАЛНЯМ