Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 1557

 

 

 

 

 

 

 

 

 

“Бауроуд” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2016/00263 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Бауроуд” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Баянгол зочид буудал” ХК-д холбогдох

27 190 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батбаярын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Эрдэнэчимэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Самданжамц, Ш.Нарантуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус компани нь Баянгол зочид буудал ХК-тай 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Баянгол зочид буудлын гадна зам талбайг пресс бетон, энгийн бетоноор цутгаж, тэгшилж, өнгөлөх ажил хийлгэхээр тохиролцсон. Гэрээ байгуулах үед манай талаас зураг төслийг гарган баталгаажуулсан боловч, захилагч Баянгол зочид буудлын зүгээс 90 метр урт ус зайлуулах сувгийг шинээр зураг төсөлд тусгах талаар санал гаргасан. Үүний дагуу бид 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хур ус зайлуулах сувагжилтын зургийг Авто замын тээврийн газрын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандад танилцуулж, өөрчлөгдсөн зургийн дагуу гэрээт ажил болон нэмэлт ажлыг хийж 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ажил хүлээлцэх акт үйлдсэн. Гэрээт ажлыг гүйцэтгэж байх үед захиалагч талын шийдвэрийн дагуу нэмэлтээр ус зайлуулах хоолой хийхэд 24 770 000 төгрөг /ус зайлуулах хоолойны төлбөр 6 020 000 төгрөг, ус зайлуулах хоолой хийхэд 125 м3 бетон зуурмагны үнэ 18 750 000/-ийн зардал гарсныг одоог хүртэл бидэнд шийдэж өгөөгүй байна. Мөн биднээс шалтгаалаагүй буюу цаг агаарын болон дулааны шугамын өргөтгөл хийх, захиалагч талын шийдвэр гаргалтын хугацаа зэргээс хамааран нийт 11 өдрөөр хугацаа хэтэрсэн ба уг өдрүүдийн хугацаа хэтрэлтийн төлбөр болох 2 420 000 төгрөгийг гэрээний үнийн дүнгээс хасаж тооцсоныг бид хүлээн зөвшөөрөхгүй. Иймд хариуцагч Баянгол зочид буудал ХК-иас 27 190 000 төгрөгийг гаргуулж биднийг хохиролгүй болгож өгнө үү. Бид 24 770 000 төгрөгийн нэмэлт ажил хийж байгаа талаар хариуцагч Баянгол зочид буудалд мэдэгдээгүй, зөвшилцөөгүй. Гэхдээ нэмэлтээр ажил хийж байгаа гэдгийг тэд харж байсан. Нэмэлтээр хийсэн нь үнэн юм чинь авч болно гэж бодож байна” гэжээ.

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Тус компани нь Бауроуд ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа гэрээний бүх нөхцлүүдийг 2 байгууллагын хуулийн зөвлөхүүд хянаж боловсруулсан бөгөөд гэрээний зүйл, хэсэг тус бүрийн талаар ойлголтоо нэгтгэн нэг мөр ойлголттой байгаа тухай гэрээний 1.1-д дурдсан байдаг. Нэхэмжлэгч талаас 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 15-021 дугаар албан бичгээр ус зайлуулах хоолойн зардал болох 6 020 000 төгрөг болон 125 м3 зуурмагны үнэ болох 18 750 000 төгрөгийг нэхэмжлэхэд л одоо шүүхэд хандан нэхэмжлээд байгаа ажлын хөлс, зардлын тухай асуудлыг анх мэдсэн. Дээрх албан бичгийг ирүүлэхийн өмнө буюу 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 15-020 дугаар албан бичгээр гүйцэтгэсэн гэрээт ажлын хөлсний нийт үлдэгдэл болох 39 600 000 төгрөгийг төлөхийг хүссэн бөгөөд энэ дүнгээс ус зайлуулах сувгийн дээр байршуулсан решетконы үнийг хасахыг зөвшөөрсөн байсан. Өөрөөр хэлбэл ус зайлуулах сувгийн ажилтай холбоотойгоор зөвхөн решетконы нэмэлт зардал гарсныг ажлын хөлсний дүндээ хамтатган тооцох боломжтой бөгөөд өөр нэхэмжлэх зүйлгүй гэдгийг энэ албан бичгээрээ нотолсон байгаа юм. Гэрээт ажлыг гүйцэтгэх явцад нэмэлтээр гүйцэтгэсэн гэх ус зайлуулах сувагтай холбоотойгоор гарсан гэх нэмэлт материалын зардлыг тухайн үедээ мэдэгдэж, ажил гүйцэтгэх гэрээний 10.3-т “Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг талууд тохиролцож, нэмэлт гэрээ байгуулсны үндсэн дээр шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шийдвэрлэх байсан. Гэрээт ажлыг гэрээний 6.1-д зааснаар 35 хоногийн дотор гүйцэтгэж 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр дуусган хүлээлцэхээр хугацааг тохиролцон гэрээний хавсралтаар ажил гүйцэтгэх графикийг баталсан. 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр гэрээт ажлын гүйцэтгэлийг дүгнэхэд гэрээт ажлыг хүлээлгэн өгөх хугацаа 23 хоног хэтэрсэн байсан. Баянгол зочид буудал ХК-ийн хариуцлагатай жижүүрийн өдөр тутмын рапорт болон тус компанийг төлөөлөн Барроуд ХХК-ийн ажилд хяналт тавьж байсан ажилтнуудын бүртгэл тооцооноос үзэхэд ажил зогссон өдөр байгаагүй бөгөөд хугацаа хэтэрсэн нь тухайн компанийн ажлын төлөвлөлт, дотоод зохион байгуулалт, ажилтнуудын ажлын гүйцэтгэлтэй холбоотой гэж үзэж байна. Иймд ажил гүйцэтгэх гэрээний 8.1-д заасны дагуу алданги тооцсон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг баримтлан хариуцагч Баянгол зочид буудал ХК-иас 2 420 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Бауроуд” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24 770 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Бауроуд” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 293 900 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Баянгол зочид буудал” ХК-иас тэмдэгтийн хураамжид 53 670 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Бауроуд” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батбаяр давж заалдах гомдолдоо: “...Талуудын хооронд байгуулсан гэрээний хавсралтаар батлагдсан зураг төсөлд заасан ус зайлуулах сувгийн 90 метр уртын хэмжээг захиалагчаас гаргасан саналаар 145 метрээр нэмэгдүүлж, зураг төсөлд өөрчлөлт оруулснаар ус зайлуулах сувгийг 235 метр уртын хэмжээгээр байгуулсныг шүүх хуралдаанд хариуцагчаас маргалгүйгээр хүлээн зөвшөөрсөөр байтал хуульд заасан шаардлагыг хангахгүй нотлох баримтаар үндэслэсэн хариуцагчийн хууль бус тайлбарт үндэслэн гүйцэтгэгчийг Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-т “Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэж заасны дагуу төсвийн хэмжээ нэмэгдэх талаар захиалагчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүйгээс хариуцагч “Баянгол зочид буудал” ХК нь мөн хуулийн 345 дугаар зүйлийн 345.3-т “Төсвийн хэмжээ нэмэгдсэнээс захиалагч нь гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн бол...” гэж заасны дагуу гэрээг дуусгавар болгох эсэхийг шийдвэрлэх эрхээ хэрэгжүүлээгүй байна. Иймд нэмэлт ажлын хөлсийг гэрээгээр харилцан тохиролцоогүй, төсөвт өртөг нэмэгдэж буй талаар гүйцэтгэгч нь захиалагчид нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр 24 770 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангахгүй байгаа нь энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү ” гэжээ.  

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч “Бауроуд” ХХК нь хариуцагч “Баянгол зочид буудал” ХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн нэмэлт хийсэн ажлын зардал 24 770 000 төгрөг, гэрээний дүнгээс алдангид суутган төлөөгүй 2 420 000 төгрөг, нийт 27 190 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. 

 

            Зохигчдын хооронд 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулагдаж нэхэмжлэгч “Бауроуд” ХХК нь Баянгол зочид буудлын гадна талбайг пресс бетон, энгийн бетоноор цутгаж, тэгшилж, өнгөлөх ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч “Баянгол зочид буудал” ХК нь гүйцэтгэсэн ажлын хөлс 220 000 000 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүргийг харилцан хүлээсэн бөгөөд хариуцагч нь уг гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэж, захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авч, ажлын хөлсийг төлсөн үйл баримт нь хэрэгт авагдсан гэрээ, ажил хүлээлцсэн акт, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна. /хх 7-18, 44-47, 130-132/

 

            Иймд шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

            Талууд гэрээний дагуу гүйцэтгэх ажлын төсвийн талаар тохиролцсон болох нь дээрх гэрээний 2.1, 3.5, 7.1, 10.3 дахь хэсэгт “...гүйцэтгэгч нь ажлыг гэрээний нийт үнэ 220 000 000 төгрөгийн төсөвт багтаан гүйцэтгэх, ажлыг гүйцэтгэх явцад гарах аливаа зардлыг хариуцах, гэрээгээр зохицуулаагүй асуудлыг талууд харилцан тохиролцож нэмэлт гэрээ байгуулах замаар шийдвэрлэнэ” гэж зааснаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт “Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.” гэж заажээ.

Харин талуудын гэрээнд заасан уг төсвөөс илүү нэмэлт ажлын хөлс шаардлагатай талаар талууд гэрээгээр харилцан тохиролцсон гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс нэмэлт ажлын хөлс 24 770 000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт хэргийн баримт, хуульд нийцсэн байна.

Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх хугацааг нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч хэтрүүлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийн хувьд гэрээний дагуу төлбөл зохих төлбөрөөс 2 420 000 төгрөгийг суутган, төлөөгүй нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт нийцэхгүй юм. Иймд захиалагчийн алдангид суутган авсан уг мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн 40 дүгээр талд хариуцагч “Баянгол зочид буудал” ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлээгүй хуулбар авагдсан байх боловч тус компанийн гүйцэтгэх захирал Х.Цэндбаяр нь ажил гүйцэтгэх гэрээг баталсан, түүнчлэн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 249 тоот албан бичгээр Д.Самданжамц, Ш.Нарантуяа нарыг байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон, 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 276 тоот албан бичгээр шүүхэд хариу тайлбараа ирүүлсэн зэрэг байдлаас Х.Цэндбаярыг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд гэж үзэх боломжгүй тул Д.Самданжамц, Ш.Нарантуяа нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлөхдөө эрхийн зөрчилгүй оролцсон гэж үзнэ. /хх 7-15, 39, 44-47/

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2016/00263 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батбаярын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Бауроуд” ХХК-ийн төлсөн 281 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                           ШҮҮГЧИД                                   С.ЭНХТӨР

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН