Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2017/01400

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШЗ2017/00897 дугаар шийдвэр,

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1437 дугаар магадлалтай,

           “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

           “П” ХХК-д холбогдох           

           133.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

           Хариуцагчийн төлөөлөгч П.М хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

           Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Э, нарийн бичгийн дарга  Ш.Мөнхжаргал нар оролцов.

          “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон  тайлбартаа: "П" ХХК нь манай компанитай харилцан тохиролцон 2015-04-23-ны өдөр "Харуул хамгаалалтын гэрээ" байгуулан, гэрээний дагуу төлбөрийг хавсралт 1-д тохирч Хан-Уул дүүргийн 4-р хороо, "Хүннү Молл" худалдаа үйлчилгээний төвийн зүүн талд, "Вива сити" хорооллын урд байрлах 10 га барилгын талбайд хамгаалалтын үйлчилгээ авахаар болсон. Талууд гэрээний дагуу төлөгдөөгүй үлдэгдэл төлбөрийн хэмжээг 2016-01-31-ний өдрийн байдлаар тооцоо нийлж баталгаажуулсан боловч, "П" ХХК нь биднийг хохироож байх тул нийт 133 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч "П" ХХК хариу тайлбартаа: Манай компани “Гангар Инвест" ХХК-тай тохиролцож түүний охин компани болох "Х" ХХК-ийн харуул хамгаалалтын албаар харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгүүлэхээр болсон. “Г” ХХК манай "П" ХХК-ийн хувь эзэмшигч байсан бөгөөд тухайн үед манай компаниас 4 тэрбум төгрөг зээлсэн. Уг зээлийн төлбөр дутуу байсан бөгөөд тэрхүү өглөг авлагын тооцооноос суутгаж, “Х” ХХК-д төлбөр төлөхгүй байхаар тохирсон. Гэтэл энэ тохиролцоог зөрчин “Х” ХХК нь ажлын хөлсийг манай компаниас нэхэмжилж байгаа нь харамсалтай байна. Бид “Х” ХХК-ийн толгой компанитай тохиролцсоны үндсэн дээр төлбөр тооцооны дүнг гаргах тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

        Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШЗ2017/00897 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг баримтлан "П" ХХК-с  133 600 000 төгрөг гаргуулан "Х" ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 825 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас  825 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар  сарын 23-ны өдрийн 1437 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШЗ2017/00897 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсгийн “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1” гэснийг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагчийн төлөөлөгч П.Мэндсайхан хяналтын гомдолдоо: “...Давж заалдах шатны магадлалд “П” ХХК-ийн хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Болорхишигийг оролцуулахгүйгээр түүнд хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангаагүй мөн давж заалдах шатны шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Болорхишиг нь өөрийн биеэр хуралд оролцох хүсэлт гаргаж хурлын товыг хүндэтгэх үзэх шалтгааны улмаас хойшлуулах хүсэлтийг гаргасан боловч хуралд оролцуулаагүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч талд анхан болон давж заалдах шатны шүүхийн шатанд хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгчид боломж олгоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан “...Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх эдэлнэ.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд ...магадлалыг хүчингүй болгож, уг хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх боломжоор хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         “Х” ХХК нь 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, “П” ХХК-с 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээний үүрэг буюу харуул хамгаалалтын хөлс 133.600.000 төгрөг гаргуулахыг шаардсан /хх 1/ байна. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч /хх 18/ маргажээ.

  Анхан шатны шүүх зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн нэхэмжлэлийг бүрэн хангасан байна. Давж заалдах шатны шүүх талууд хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан гэж үзэж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

       Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа “...давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй...” гэсэн үндэслэл заажээ.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Давж заалдах шатны шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг хариуцагчид мэдэгдэж /хх 39/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт гаргасныг хэлэлцэж хангахгүй орхихдоо /хх 41-46/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул “П” ХХК-н гомдлоор магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

        Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбараа нотлоогүй, давж заалдах шатны шүүх “Х” ХХК-н нэхэмжлэлийн талаар хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.  

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1437 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.4, 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болорхишиг улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 225.950 төгрөг, П ХХК 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 600.000 төгрөг нийт 825.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЦАГААНЦООЖ

                                ШҮҮГЧ                                                             Б.УНДРАХ