| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 183/2023/04331/И |
| Дугаар | 210/МА2024/02124 |
| Огноо | 2024-12-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2024/02124
2024 оны 12 сарын 06 өдөр Дуга 210/МА2024/02124
К ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 07-ны өдрийн 183/ШШ2024/03224 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: К ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Э.М, Э.У нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 347,162,849.10 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Уртнасан, хариуцагч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Иргэн Э.М нь К ББСБ ХХК-тай 2019 оны 10 сарын 02-ны өдөр ЗГ2019/10/103 тоот Зээлийн гэрээ байгуулж, 100,000,000 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай, жилийн 45,6 хувийн хүүтэй авсан.
1.2. Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч нь зээл, зээлийн хүүг хэсэгчлэн төлж байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй бөгөөд гэрээний хугацааг сунгах тухай зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн талууд тохиролцсон 2020 оны 01 сарын 02-ны өдөр ЗНГ19/10/103 тоот Зээлийн нэмэлт гэрээ байгуулж, тухайн үеийн үндсэн зээлийн үлдэгдэл болох 54,750,000 төгрөгийн зээл төлөх хугацааг 3 сараар, 2020 оны 05 сарын 22-ны өдөр ЗНГ19/10/103 тоот Зээлийн нэмэлт гэрээгээр дахин 3 сараар буюу 2020 оны 09 сарын 02-ны өдрийг хүртэл сунгасан.
1.3. Зээлдэгч нь үндсэн зээл 57,750,000 төгрөг, зээлийн хүү 76,862,476.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,664,960 төгрөг, нийт 146,277,436.58 төгрөг, 2023 оны 08 сарын 16-ны байдлаар үндсэн зээл 74,372,602.74 төгрөг, зээлийн хүү 106,480,376.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,032,433.75 төгрөг, нийт 200,885,412.52 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
1.4. Иймд ЗГ19/10/13, ЗГ20/2002 тоот зээлийн гэрээнүүдийн үүрэгт зээлдэгчээс нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2023 оны 08 сарын 16-ны өдрийн байдлаар нийт 347,162,849.10 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
Энэ зээлийг аваад хүүгээ төлж чадахгүй их удаан явсны улмаас зээл гуйж, гарын үсэг зурсан. Зээл болгож гаргаад буцаагаад, шилжүүлж байсан. Хүүг багасгаад өгч болох уу. Боломжтой бол шинжээч томилж өгөөч. Би өөрөө эдийн засгийн талаар мэдэхгүй байна. Би анхны зээлийн хүүгээ зээл болгоод л өгөөд байсан юм. Авсан үндсэн зээлээ хүүтэй нь төлөхөд бол асуудалгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 282 дугаар зүйлийн 282.8-д зааснаар хариуцагч Э.Мгээс 224,997,804 төгрөг гаргуулж, К ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 122,165,045 төгрөг, хариуцагч Э.Уд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Э.М зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол Э.Угын өмчлөлийн ***** тоот, 94 м.кв 3 өрөө орон сууц, Э.Мн өмчлөлийн ***** тоот 75,15 м.кв 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,963,965 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Мгөөс 1,282,939 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч К ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 07-ны өдрийн 183/ШШ2024/03224 дугаар шийдвэрт Э.М миний өмчлөлийн ***** тоот, 75,15 м.кв, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.
4.2. Тус эзэмшлийн орон сууцыг 2019 оны 11 сарын 28-ны өдрийн гэрээгээр худалдан борлуулсан ба одоо тус орон сууц өөр хүний эзэмшилд шилжсэн тул ***** тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
Хариуцагчийн давж заалдах шатны журмаар гаргасан гомдолд барьцаа хөрөнгийн гүйцэтгэл хангуулах үндэслэлийг хүлээн зөвшөөрсөн. Уг гомдолд дурдсан барьцаа хөрөнгө нэхэмжлэлийн шаардлагад байхгүй тул маргаагүй. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ буруу дүгнэсэн гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч К ББСБ ХХК нь хариуцагч Э.М, Э.У нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 347,162,849.10 төгрөг гаргуулах, *****тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Э.У бүхэлд нь эс зөвшөөрч, хариуцагч Э.М 90,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч тус тус маргажээ.
3. Нэхэмжлэгч К ББСБ ХХК, хариуцагч Э.М нарын хооронд 2019 оны 10 сарын 02-ны өдөр ЗГ19/10/103 дугаар Зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 100,000,000 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай, жилийн 45,6 хувийн хүүтэй зээлдүүлэх, Э.М нь зээлийн мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд хүүгийн хамтаар буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон, /хх-6-7/ мөн 2020 оны 01 сарын 02-ны өдөр ЗНГ19/10/103 дугаар Зээлийн нэмэлт гэрээ байгуулж, гэрээгээр ЗГ19/10/103 дугаар Зээлийн гэрээний хугацааг 3 сараар, 2020 оны 05 сарын 22-ны өдөр ЗНГ19/10/103 дугаар Зээлийн нэмэлт гэрээ байгуулж, гэрээгээр ЗГ19/10/103 дугаар үндсэн Зээлийн гэрээний хугацааг 3 сараар тус тус сунгажээ. /хх-8-9/
Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд 2019 оны 10 сарын 02-ны өдөр БГ19/10/103 дугаар Зээлийн барьцааны гэрээ байгуулж, гэрээгээр ***** тоот 75,15 м.кв 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. /хх-13-14/
4. Зохигчид 2020 оны 02 сарын 06-ны өдөр ЗГ20/02/002 дугаар Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 60,000,000 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай, жилийн 45,6 хувийн хүүтэй зээлдүүлэх, Э.М нь зээлийн мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд хүүгийн хамтаар буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцож, /хх-10-11/ 2020 оны 05 сарын 22-ны өдөр ЗНГ20/02/002 дугаар Зээлийн нэмэлт гэрээ байгуулж, гэрээгээр ЗГ20/02/002 дугаар Зээлийн гэрээний хугацааг 3 сараар сунгажээ. /хх-12/
Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд 2020 оны 02 сарын 06-ны өдөр БГ20/02/002 дугаар Зээлийн барьцааны гэрээ байгуулж, гэрээгээр Э.Угын өмчлөлийн *****тоот 94 м.кв, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. /хх-15-17/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа, 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.
5. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 347,162,849.10 төгрөг гаргуулах, Э.Угын өмчлөлийн *****тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх тухайн хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагаас хальж Э.Мн өмчлөлийн ***** тоот, 75,15 м.кв 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь шүүх хөндлөнгийн байх, мөн талуудын зарчимд нийцэхгүй.
Тодруулбал, иргэний хэргийн шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаанд эрх зүйн дүгнэлт өгч шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн нь буруу. Иймд, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
6. Анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэгт нийт 224,997,804 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 122,165,045 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.8 гэсэн Иргэний хуульд байхгүй зохицуулалтыг баримталсан хууль хэрэглээний алдаа гаргасныг залруулж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгээс хасна.
Банк, эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа нь тусгай зохицуулалттай бөгөөд түүнд ердийн зээлийн харилцааны зохицуулалтыг баримтлан зээлийн хүүг багасгаж байгаа хууль хэрэглээний алдаа гэж үзнэ.
Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдэлд давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс энэ үндэслэлээр өөрчлөлт оруулахгүй.
7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 07-ны өдрийн 183/ШШ2024/03224 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтаас ... 282 дугаар зүйлийн 282.8 ... гэснийг хасаж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтаас ... Э.Мн өмчлөлийн ***** тоот 75,15 м.кв 3 өрөө орон сууцаар ... гэснийг хасаж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
С.ЭНХБАЯР