Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 463

 

 

 

 

 

 

-

-

     2019           4           24                                         2019/ШЦТ/463         

-                                         

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгч Б.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Зыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1908016960528 дугаар хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хоос доктор” ХХК-д туслах ажилтнаар ажилладаг гэх, ам бүл 3, эцэг, эхийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Рашаант овогт Батбаярын З /РД: /.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Б.З нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Хгийн нүүрэн тус газар нь духаараа мөргөж эрүүл мэндэд нь зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд хамт суралцаж байсан. Гэм буруугаа хүлээж байна. Уг гэмтлийг мөргөж учруулсан. Хохиролд 500.000 төгрөг өгсөн” гэв.

Эрүүгийн 1908016960528 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Хгийн: “...2019 оны 01 дүгээр сарын 31-ний орой уулзаж ярилцаж байгаад РС-нд тоглож хонохоор болсон. Тэгээд тоглож хоноод өглөө 06 цагийн үед гараад явж байхдаа би түүний бээлийг өмсөөд “чи миний бээлийг өгөөгүй болохоор энийг чинь авлаа” гэсэн чинь З уурлаад миний нүүрэнд цохиод авахаар нь би зөрүүлээд нүүрэнд нь цохисон чинь “хоёулаа холдож байгаад үзье” гээд бага зэрэг холдох үед шууд өөдөөс духаараа тулж байгаад гэнэт мөргөж, миний үүдэн дээд нэг шүд хугарчихаар нь би “цагдаад өгнө” гэж хэлтэл “битгий өг, би төлөөд өгнө” гэж байгаад сүүлдээ сураггүй болчихоор нь цагдаад өгсөн. ...Ангийн найз З надаас уучлалт гуйж бид хоорондоо эвлэрсэн, эмчилгээнд 500.000 төгрөг төлсөн тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-8/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.03.27-ны өдрийн 3809 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Б.Х-н биед зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чаварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-16/,  

Шүүгдэгч Б.Зын яллагдагчаар өгсөн: “2019 оны 01 дүгээр сарын 31-ний орой ...РС-нд тоглож хоноод өглөө 06 цагийн үед гараад би Хтай хамтдаа явж байтал миний бээлийг Х өмсөөд яваад байхаар нь “би бээлийгээ авъя” гээд хэлтэл “чи миний бээлийг урьд нь аваад буцааж өгөөгүй болохоор одоо би бээлийнийхээ оронд чиний бээлийг авч байна” гээд миний бээлийг өгөхгүй байхаар нь би жаахан үгээр идэж “чи ямар том болчихсон юм бэ” гээд заамдаж байгаад гараараа нүүрэнд нь нэг удаа цохих үед Хишигбаяр зөрүүлээд нүүрэнд цохиод би “хоёулаа холдож байгаад үзчих үү” гэж хэлээд бид цэцэрлэгийн саадны ойролцоо очиж муудалцаж байгаад би түүнийг нэг удаа мөргөх үед Хгийн үүдэн нэг шүд хугарч унасан. Тэгээд цус гарчихаар нь зодолдоогүй эвлэрээд салсан...” гэх мэдүүлэг /хх-24-25/,

шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-27/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-28/, “Хоос доктор” ХХК-ийн тодорхойлолт /хх-32, 33/, дансны хуулга /хх-34-38/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгуулах хуудас /хх-41/, эвлэрлийн баталгаа /хх-45, 46/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.З нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Хг зодож, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний хугарал бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.Хгийн “...З ...шууд өөдөөс духаараа тулж байгаад гэнэт мөргөж, миний үүдэн дээд нэг шүд хугарчихаар нь...” гэх мэдүүлэг /хх-8/, шүүх эмнэлгийн 3809 дүгээр “1. Б.Х-н биед зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-16/, шүүгдэгч Б.Зын яллагдагчаар өгсөн “...нэг удаа мөргөх үед Хгийн үүдэн нэг шүд хугарч унасан...” гэх мэдүүлэг /хх-24-25/ зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Зын хохирогч Б.Хг мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Хгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн хохирогчийн “...Ангийн найз З надаас уучлалт гуйж бид хоорондоо эвлэрсэн эмчилгээнд 500.000 төгрөг төлсөн тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-8/, мөн “...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” талаар гаргасан эвлэрлийн баталгаа /хх-45/-г тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шинжлэн судлагдсан баримтуудаар тогтоогдож байна. Бусдад төлөх төлбөргүйг харгалзан 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай” гэж,

шүүгдэгч “Зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогчийн эрх чөлөөнд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохиролд 500.000 төгрөг төлсөн, хохирогч “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс /400.000 төгрөгийн цалинтай/-ийг үндэслэн шүүгдэгч Б.Зыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.З урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Рашаант овогт Батбаярын Зыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зыг 600.000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.З урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР