Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2024/02096

 

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 02 өдөр Дуга 210/МА2024/02096

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 09-ний өдрийн 182/ШШ2024/04141 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Э ХК холбогдох,

 

Нэмэлт ажлын төлбөр 48,394,842 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Азжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч нь Э ХК-ийн зарласан Спорт цогцолборын барилга, агуулахын барилга, харуулын байр, гадна хашааны байгууламжийн зураг төсөл, төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний тендерт шалгаран, 2021 оны 07 сарын 09-ний өдөр ЭТТ-2021/501 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулж улмаар тус гэрээнд заасан ажлын даалгаврын дагуу зөвлөх үйлчилгээний ажлыг захиалагчийн хүсэл, зорилготой уялдуулан хийж эхэлсэн бөгөөд 2021 оны 08 сарын 13-ны өдөр эхний шатны ажил болох эскиз зургаа тохиролцсоны дагуу хугацаандаа хийж дуусган баталгаажуулахаар хүлээлгэн өгсөн.

1.2. Э ХК-ийн зүгээс 2021 оны 08 сарын 26-ны өдрийн хурал болон 2021 оны 08 сарын 31-ний өдөр ирүүлсэн 06/1664 дугаартай албан тоотоор Ц дэх салбар байгууллага нь анх төлөвлөж тооцоолсноос хүн хүчний хувьд нэмэгдсэн тул гэрээнд заасан 2 давхар 1,873 м.кв талбай бүхий ажлын цар хүрээ хүчин чадлыг 3 давхар 2,615 м.кв талбай болгон томсгож, нэмж өөрчлөн төлөвлөж өгөхийг хүссэн.

1.3. 2021 оны 09 сарын 13-ны өдрийн 57 тоот албан бичгээр Э ХК-д хүргүүлэн баталгаажуулж, эрх бүхий байгууллагуудаар хянуулан, батлуулж, 2021 оны 10 сарын 19-ний өдөр бүрэн дуусган хүлээлгэж өгч, эхний ажлын гүйцэтгэлийн 30 хувийн санхүүжилтээ авч, улмаар дараагийн шатны ажил болох ажлын зургийг эхлүүлсэн. Ийнхүү дараагийн шатны ажлын зургийн гүйцэтгэл 80 хувьтай явж байтал манай компанийн зүгээс шалтгаалаагүй асуудал үүсэж, дуусах дөхөж байсан ажлын зурагтаа өөрчлөлт оруулах шаардлагатай болж түүнээс үүдэн Э ХК гэрээний хугацаагаа 2021 оны 12 сарын 13-ны өдрийн ЭТТ-2021/501-01 тоот нэмэлт өөрчлөлтөөр сунгасан байдаг.

1.4. Ингээд манай компанийг үнийн саналаа явуулаарай гэсний дагуу 2022 оны 01 сарын 04-ний өдөр үнийн саналаа бодож явуулсан боловч хариу өгөх удсан. Үүнээс шалтгаалж бидний ажил зогсонги байдалд орж, энэ талаар Э ХК-д хандан Өмнөх ажил бүрэн зогссон байгаа тул тохиролцсон ёсоор шинээр өөрчлөн хийх ажлаа эхлүүлэхээ илэрхийлэн, ажил эхлүүлэхэд шаардлагатай зүйлсээ шийдвэрлэж өгөхийг хүссэн албан бичиг хүргүүлсэн байдаг.

1.5. 2022 оны 03 сарын 31-ний өдөр албан ёсоор шинэчлэн боловсруулсан ажлын даалгавраа гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулж манай компанид өгсөн ба шинэчилсэн ажлын даалгаварт тусгагдсан цар хүрээ болон талбайн хэмжээг үндэслэн үнээ нарийвчлан тооцож үнийн саналаа явуулсан бөгөөд мөн тус шинэ ажлын даалгаврын дагуу ажлаа үргэлжлүүлэн хийж байсан ба байнга ажлын явцаа тухай бүрт тайлагнаж, 2022 оны 05 сарын 13-ны өдөр Э ХК-аар нэмэлт ажлын эскиз зураг буюу шинэ загвар зургаа баталгаажуулахаар хүргүүлсэн. 2022 оны 06 сарын 07-ны өдөр Ө аймгийн Ц сумын эрх бүхий байгууллагуудаар батлуулан эхний ажлаа бүрэн дуусган дараагийн шатны ажлаа эхэлсэн байдаг.

1.6. Нэхэмжлэгчийн хувьд анхны санхүүжилт авснаас хойш нэг ч төлбөр авалгүй нэлээдгүй хугацаа өнгөрсөн нь манай туслан гүйцэтгэгч байгууллагуудад давхар асуудал үүсэж эхэлсэн ба энэ талаар удаа дараа Э ХК-д мэдэгдэж байсан.

1.7. Гэтэл хариуцагчаас шинэчлэн томсгон өөрчилж хийлгүүлж байсан ажлыг 2022 оны 07 сарын 05-ны өдрийн хурлаар гэнэт болиулж /эскиз зураг 100 хувь, ажлын зураг 30 хувийн гүйцэтгэлтэй байсан/, анхны хийж байсан ажлын даалгаврын дагуу тухайн зогсоосон анхны хувилбарыг үргэлжлүүлэх болсон гэнэтийн шийдвэрийг бидэнд мэдэгдсэн.

Нэхэмжлэгч талаас шинээр хийж байсан өөрчлөлтөө зогсоож, анхны хийж байгаад зогсоосон ажлаа үргэлжлүүлэн хийж дуусган хүлээлгэн өгч, түүний дагуу тохиролцсон хөлсөө авч дууссан.

1.8. Нэхэмжлэгч нь тохиролцсон ажлаа хийж дуусгасны дараа учирсан асуудлаа шийдүүлэхийн тулд нэмэлт ажлын төлбөрөө Э ХК-аас 2022 оны 12 сарын 06-ны өдөр албан тоотоор нэхэмжилсэн боловч тухайн үед Э ХК нь бидэнд хариу өгөөгүй юм.

Иймд манай компанийн шинээр нэмж хийсэн эскиз зургийн гүйцэтгэлийн төлбөр 48,394,842 төгрөгийг Э ХК-аас гаргуулан нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж, биднийг хохиролгүй болгуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. Э ХК-ийн зүгээс спорт цогцолборын барилга, агуулахын барилга, харуулын байр, гадна хашааны байгууламжийн зураг төсөл, төсөв боловсруулах үйлчилгээ үзүүлэх нээлттэй тендер сонгон шалгаруулалтын зарласан бөгөөд уг тендерт А ХХК шалгарсан.

2.2. А ХХК-тай 2021 оны 07 сарын 09-ний өдөр ЭТТ-2021/501 дугаартай Э ХК-ийн Спорт цогцолборын барилга, агуулахын барилга, харуулын байр, гадна хашааны байгууламжийн зураг төсөл, төсөв боловсруулах гэрээ-г байгуулсан. Гэрээ байгуулагдсаны дараа ЭТТ-2021/501 дугаартай гэрээнд 4 удаагийн нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд уг нэмэлт, өөрчлөлтөөр А ХХК-ийн ажил гүйцэтгэх хугацааг сунгаж шийдвэрлэсэн.

2.3. ЭТТ-2021/501 дугаартай үндсэн гэрээ болон нэмэлт, өөрчлөлтүүдийг Э ХК болон А ХХК-ийн зүгээс 2022 оны 11 сарын 02-ны өдөр Гэрээ дүгнэсэн акт үйлдэж, дээрх гэрээний үүргийг дуусгавар болгосон. Гэрээ дүгнэсэн актаар ЭТТ-2021/501 дугаартай үндсэн гэрээгээр тохирсон 176,013,371 төгрөгийн төлбөрийг шилжүүлснээр талуудын хүлээсэн үүрэг дуусгавар болсныг баталгаажуулсан.

2.4. ЭТТ-2021/501 дугаартай Э ХК-ийн Спорт цогцолборын барилга, агуулахын барилга, харуулын байр, гадна хашааны байгууламжийн зураг төсөл, төсөв боловсруулах гэрээ нь Иргэний хуулийн 343-358 дугаар зүйлийн үндэслэн хийгдсэн.

2.5. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж тус тус заасан.

2.6. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу Э ХК нь гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авч, байгуулагдсан гэрээнд заасан төлбөрийг бүрэн шилжүүлсэн. Талуудын гэрээгээр тохиролцсон үүрэг дуусгавар болсныг баталгаажуулан гэрээ дүгнэсэн акт үйлдсэн.

2.7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн дагуу өөрийн үндсэн ажлаа гүйцэтгэсний дараа уг төсөв өртөгт багтаагүй ажил гарсан тохиолдолд нэмэлт, ажлын гэрээ байгуулах хууль зүйн боломжтой. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийг зөрчиж ажил гүйцэтгэсэн нэмэлт ажлын төлбөрийг манай компаниас нэхэмжилж байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй.

2.8. Түүнчлэн, Иргэний хуульд заасан гэрээ байгуулах санал хүргүүлсэн гэх боломжгүй буюу Компанийн тухай хуульд заасны дагуу манай компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу гүйцэтгэх захирлаас санал хүргүүлээгүй, Тендерийн хуульд заасны дагуу ажил гүйцэтгээгүй.

2.9. Компанийн зүгээс уурхайн шинэ кемпийг үерийн уснаас хамгаалах, түүнийг хуримтлуулах хиймэл нуурын ажлыг бусдаар гүйцэтгүүлэх талаар шийдвэр гаргаагүй байхад ямар шалтгааны улмаас нэхэмжлэлд дурдсан этгээдүүдтэй хурал хийж уг ажлыг гүйцэтгэх болсон нь ойлгомжгүй төдийгүй холбогдох албан тушаалтнуудтай үгсэн тохиролцож ажил гүйцэтгэчхээд уг ажлыг хуулийн дагуу гүйцэтгэсэн гэж нэхэмжлэл гаргаж байгаа өөрөө хуулийн үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э ХК-д холбогдох нэмэлт ажлын төлбөр 48,394,842 төгрөг гаргуулах тухай А ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 399,924 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 09-ний өдрийн 182/ШШ2024/04141 тоот шийдвэрийн /цаашид шүүхийн шийдвэр/ маргааны гол үйл баримтыг тогтоож, үнэлж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

4.2. Э ХК-тай 2021 оны 07 сарын 09-ний өдөр Спорт цогцолборын барилга, агуулахын барилга, харуулын байр, гадна хашааны байгууламжийн зураг төсөл, төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний ажил гүйцэтгэх ЭТТ-2021/501 дугаар гэрээг байгуулсан. Түүнээс хойш гэрээнд 4 удаагийн нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд тус нэмэлт өөрчлөлтөөр зөвхөн хугацааг сунгаж явсан байдаг.

4.3. Маргааны гол үйл баримт нь 2021 оны 12 сарын 27-ны өдөр хийсэн хурлаар хэлэлцэн тохирсон нэмэлт ажил бөгөөд тус хэлэлцээрээр Олон улсын жишигт нийцсэн 800-1000 хүний багтаамжтай спорт заал бүхий хүчин чадал, цар хүрээгээ 2 дахин нэмэгдүүлсэн спорт цогцолборын барилга мөн усан бассейн нэмж төлөвлөн өөрчлөх шаардлагатай байна гээд тус ажлыг нэмж хийлгүүлэхээр манай компанитай тохиролцсон байдаг.

4.4. Дээрх хэлцлээр тохирсон нэмэлт өөрчлөлтийн ажил нь анхны байгуулсан ЭТТ-2021/501 тоот гэрээнд заагдсан ажлын хэмжээнээс 2 дахин томорч өөрчлөгдөх тул тус анхны гэрээний үнийн дүнд багтаан хийх ямар ч боломжгүй болсон тул хариуцагчаас нэмэлт ажлын санхүүжилт шийдэж, гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулахаар тохиролцсон. Үүний дагуу манай компани 2022 оны 01 сарын 04-ний өдрийн 01 тоот албан бичгээр нэмэлт ажлын үнийн саналаа явуулсан.

4.5. Э ХК-ийн зүгээс ажлын даалгавраа өөрчилж өгсний дараа ажлаа эхэлж байгаараа бид удахгүй санхүүжилтээ шийдүүлж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулна гэсний дагуу бид ажлаа хийж эхлүүлсэн. Үүнээс хойш хэсэг хугацаанд ажлаа хийж байсан ч гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахгүй байсан тул удаа дараа утсаар болон уулзалтаар анх байгуулсан үндсэн гэрээний төлбөрт болон хугацаанд нэмэлт өөрчлөлтөө оруулж шийдэж өгөхийг сануулж байсан ч удахгүй үндсэн гэрээний үнэд нэмэлт өөрчлөлт оруулна гэсэн амлалт өгч байсан ч Э ХК-ийн 2021/501-2 тоот гэрээндээ зөвхөн ажлын даалгавраа хавсралтаар нэмж өөрчлөн мөн хугацаа сунгаж өөрчилсөн байдаг.

4.6. Хариуцагч 2022 оны 07 сарын 05-ны өдрийн хурлаар нэмэлт ажлаа болиулж, анхны ажлын даалгаврын дагуу зурахыг шаардсан ба санхүүжилт шийдэх боломжгүй болсон талаар мэдэгдсэн ба тус хурлын тэмдэглэлдээ зөвхөн зарим хэсгийг оруулан үйлдсэн байдаг Тухайн үед нэмэлт хийсэн ажлын эскиз зураг 100 хувь, ажлын зураг 30 хувийн гүйцэтгэлтэй болсон байсан /2022.05.13-ны №41 тоот /

4.7. Анхан шатны шүүх тус хурлын тэмдэглэлийг үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох байсан бол утга агуулгын хувьд бүрэн бүтэн эх хувийг шаардаж гаргуулсны дараа үнэлэх ёстой байсан.

4.8. Түүнчлэн анхан шатны шүүхээс Э ХК-ийн 2022 оны 11 сарын 02-ны өдрийн гэрээ дүгнэсэн актыг үндэслэн, манай компанийг ажил гүйцэтгэх ЭТТ-2021/501 тоот үндсэн гэрээ болон хугацааг сунгахаар түүнд 4 удаагийн нэмэлт өөрчлөлт оруулсан нэмэлт гэрээнүүдийг дүгнэж дуусгаж, гэрээний төлбөрөө авсан байна. Иймээс энэхүү нэмэлт ажлын төлбөрийг шаардах үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь мөн учир дутагдалтай юм. Тус үндсэн гэрээ болон нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээнд бидний хэлцлийн үр дүн болох бидний нэмэлт хийсэн ажлын төлбөрийг нэмж өөрчилж оруулаагүйгээс гадна гэрээндээ ч оруулж дүгнүүлээгүй зөвхөн анхны үндсэн гэрээний буюу ЭТТ-2021/501 тоот гэрээний үүргийг дүгнүүлэн дуусгаснаар бидний нэмэлт ажлыг үгүйсгэж, маргах эрхгүй гэсэн нь үндэслэлгүй юм.

4.9. Хариуцагч Э ХК-ийн хүсэл зоригоор манай компанитай хэлэлцэж тохирон хийсэн хэлцлийн үр дүнд хийгдсэн ажлыг хариуцагч Э ХК-ийн санхүүжилт шийдэх боломжгүй гэх үндэслэлээр хэлцлийг үгүйсгэж, бидний хийсэн нэмэлт ажлын төлбөрийг үгүйсгэн анхны үндсэн гэрээний үнийн дүнд нэмж оруулалгүй, анхны гэрээний ажлын хүрээнд дүгнэж гэрээний актад маргахгүй гэсэн нь бидний хэлцлийн үр дүнд хийгдсэн ажлыг үгүйсгэх үндэслэлгүй юм.

4.10. Хариуцагч Э ХК-ийн нэмэлт ажил хийлгүүлэх хэлцлээр манай компанийн хувьд нэгэнт хийж гүйцэтгэсэн бодитой ажил бий болсон төдийгүй түүнийг хариуцагч Э ХК нь батлан хүлээн зөвшөөрсөн боловч гэрээндээ нэмж оруулж өгөөгүй нь хэлцлийг үгүйсгэх буюу хэлцлээс үүссэн үр дагавар, үр дүнг үгүйсгэх үндэслэлгүй юм. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн үйл баримтыг бодитой үнэлэлгүй хэт өрөөсгөл шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талаар тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Э ХК-д холбогдуулан нэмэлт ажлын төлбөр 48,394,842 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ.

 

3.1. А ХХК болон Э ХК нар 2021 оны 07 сарын 09-ний өдөр №ЭТТ-2021/501 дугаартай Э ХК-ийн спорт цогцолборын барилга, агуулахын барилга, харуулын байр, гадна хашааны байгууламжийн зураг төсөл, төсөв боловсруулах гэрээ байгуулж, уг гэрээгээр зөвлөх А ХХК нь захиалагчид Спорт цогцолборын барилга, агуулахын барилга, харуулын байр, гадна хашааны байгууламжийн зураг төсөл, төсөв боловсруулах үйлчилгээг 176,013,371 төгрөгөөр, гэрээг байгуулснаас хойш 180 хоногийн дотор гүйцэтгэх, захиалагч Э ХК нь гэрээний төлбөрийг үйлчилгээний гүйцэтгэлийг баталгаажуулсныг үндэслэн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон; /хх-10-19/

 

3.2. Мөн талууд 2021 оны 12 сарын 13-ны өдөр №ЭТТ-2021/501-01, 2022 оны 12 сарын 31-ний өдөр №ЭТТ-2021/501-02, 2022 оны 07 сарын 08-ны өдөр №ЭТТ-2021/501-03, 2022 оны 10 сарын 06-ны өдөр №ЭТТ-2021/501-04 дугаар Э ХК-ийн спорт цогцолборын барилга, агуулахын барилга, харуулын байр, гадна хашааны байгууламжийн зураг төсөл, төсөв боловсруулах гэрээний нэмэлт өөрчлөлт гэх гэрээнүүдийг байгуулж, уг гэрээнүүдээр №ЭТТ-2021/501 дугаар үндсэн гэрээний ажлын даалгаврыг шинэчлэн баталж, гэрээний хугацаа болон зураг төсөл, төсөв боловсруулах хугацааг сунгасан байна. /хх-20-22, 137/

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн.

 

5. Нэхэмжлэгч нь захиалагчид 2022 оны 09 сарын 26-ны өдрийн 72 дугаар албан бичгээр нэмэлт хөлс 48,394,842 төгрөг болсон талаар мэдэгдэж байжээ.

 

Дээрх албан бичиг явуулсны дараа талууд 2022 оны 11 сарын 02-ны өдөр Гэрээ дүгнэсэн акт үйлдэж, уг актаар 2021 оны 07 сарын 09-ний өдөр №ЭТТ-2021/501 дугаар үндсэн гэрээ болон 2021 оны 12 сарын 13-ны өдөр №ЭТТ-2021/501-01, 2022 оны 12 сарын 31-ний өдөр №ЭТТ-2021/501-02, 2022 оны 07 сарын 08-ны өдөр №ЭТТ-2021/501-03, 2022 оны 10 сарын 06-ны өдөр №ЭТТ-2021/501-04 дугаар үндсэн гэрээн болон нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээнүүдийг дуусгавар болгож, нэгтгэн дүгнээд хариуцагч байгууллага нь 68,997,241 төгрөгийг зөвлөхийн Голомт банкны 1801005422 тоот дансанд шилжүүлэхээр тохиролцон баталгаажуулжээ. /хх-187-188/

 

Нэхэмжлэгч байгууллага нь үндсэн гэрээ болон нэмэлт гэрээнүүдийг нэгтгэн дүгнэж, улмаар тооцооны үлдэгдлийг тохиролцсоны дагуу хариуцагч нь гэрээний үлдэгдэл төлбөрт 68,997,241 төгрөг шилжүүлсэн үйл баримтад талууд маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь нэмэлт ажлын зардлын тооцооллыг тооцоо нийлсэн акт үйлдэхээс өмнө гаргасан байсан атлаа үндсэн гэрээний хөлсөөр ажлын хөлсийг тооцож, гэрээг дуусгавар болгосон гэж анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

6. Нэхэмжлэгч нь ... ажлын хэмжээг өөрчилсөн тул нэмэлт ажил гүйцэтгэж, уг ажлын хөлс 48,394,842 төгрөгийн зардал гарсан байхад гэрээ дүгнэсэн актыг үндэслэн маргааны шийдвэрлэсэн үндэслэлгүй ... гэсэн гомдлыг хангахгүй.

 

Тодруулбал, дээр дурдсанаар зохигч нарыг 2022 оны 11 сарын 02-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдэхээс өмнө нэхэмжлэгчийн 2022 оны 09 сарын 26-ны өдрийн 72 дугаар албан бичигт дурдсан нэмэлт ажлын хөлс гэх нэмэлт хөлс 48,394,842 төгрөгийг хариуцагч нь төлөх талаар үүрэг хүлээсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, талууд дээрх актаар гагцхүү 68,997,241 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмаар үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байхын зэрэгцээ зохигч талуудын гэрээ дүгнэсэн актаар үндсэн гэрээ болон хожим байгуулагдсан нэмэлт гэрээнүүдийг нэгтгэн дүгнэж, гэрээг дуусгавар болгосон нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагч талд нэмэлт ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн байдал баримтаар тогтоогдохгүй байх тул нэмэлт ажлын хөлсийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 09-ний өдрийн 182/ШШ2024/04141 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 399,924 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

 

С.ЭНХБАЯР