Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/02156

 

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 13 өдөр Дуга 210/МА2024/02156

 

 

Б.Х ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Мандалбаяр, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 06-ны өдрийн 102/ШШ2024/05080 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Х ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: М эд холбогдох,

 

Ажилгүйдлийн тэтгэмж 3,638,745 төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Гэрэлсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч нь Мгийн программын нэгдсэн захиргааны хөгжим төлөвлөгчийн албан тушаалаас 2024 оны 04 сарын 22-ны өдөр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн.

1.2. Ажилгүй байх хугацаандаа хуульд заасан үндэслэл журмын дагуу ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газарт гаргасан боловч тус газраас ирүүлсэн 2024 оны 05 сарын 14-ний өдрийн 322 дугаар албан бичигт ... таны ажиллаж байсан М нь Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тайлагнадаг бөгөөд 2024 оны 04 сарын 15-ны өдрийн байдлаар 2,371,278,974 төгрөгийн өртэй байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.6 дахь заалтад ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж хуульчилсан байдаг тул М ээс уг мөнгийг гаргуулах нь зүйтэй гэсэн хариуг өгсөн.

1.3. М нь ажилчдынхаа нийгмийн даатгалыг хуульд заасан хугацаандаа төлөөгүй өр үүсгэсэн буруутай үйл ажиллагааны улмаас миний эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж, өнөөдрийг хүртэл уг тэтгэмжийг авч чадахгүй байгаа тул Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.6-д заасны дагуу ажилгүйдлийн тэтгэмж болох 3,638,745 төгрөгийг М ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

Мгийн программын нэгдсэн захиргааны хөгжим төлөвлөгч Б.Х ын хүсэлтийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2024 оны 04 сарын 22-ны өдөр дуусгавар болгосон бөгөөд ажилгүйдлийн тэтгэмжийг нийгмийн даатгалын сангаас олгох тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.6-д заасныг баримтлан М ээс 3,638,745/гурван сая зургаан зуун гучин найман мянга долоон зуун дөчин таван/ төгрөг гаргуулан Б.Х д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, М ээс 73,200 төгрөг гаргуулан Б.Х д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу хэрэглэн, хэргийг үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна.

4.2. Тодруулбал, Монгол улсын дээд шүүхийн 2017 оны 02 сарын 02-ны өдрийн тогтоолд Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж заасан. Ийнхүү гэм хорыг хариуцах үүрэг үүсэхийн тулд ажил олгогчийн хууль бус үйлдэл, гэм буруу, учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх шаардлагатай бөгөөд гэм буруугүй бол хуулийн дээрх зохицуулалтаар ажил олгогчид хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй ба төлөгдөөгүй явдалд ажил олгогч өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм буруутай тохиолдолд хуульд заасны дагуу ажилтанд учирсан хохирлыг хариуцах юм.

4.3. М нь нэхэмжлэгчийг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Ажил олгогч нь ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлсөн бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Х нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмжийг авах эрхтэй байсан боловч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газар тэтгэмжийг олгоогүй нь тус газрын буруутай үйлдэл ба М нь ажилгүйдлийн тэтгэмж олгох үүрэггүй.

4.4. Төсвийн санхүүжилттэй холбоотой 2024 оны 04 сарын 15-ны өдрийн байдлаар хариуцагч нь Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газарт нийгмийн даатгалын шимтгэлийн 2,371,278,974 төгрөгийн өглөгтэй байсан ба М , Баянгол дүүргийн Татварын хэлтэстэй Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ-г байгуулж, хавсралтад заасны дагуу төлбөрийг бүрэн барагдуулж төлсөн. Энэ асуудал нь Б.Х ын тэтгэмж авах асуудлаас тусдаа харилцаа атал уг асуудлын улмаас нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн нь хууль бус гэж үзэж байна.

4.5. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар ажил олгогчийн cap бүр нийгмийн даатгалд төлсөн шимтгэлийн 0.5 хувь нь ажилгүйдлийн даатгалын санд төвлөрдөг бөгөөд нийгмийн даатгалын байгууллага нь ажилтанд тус сангаас зохих тэтгэмжийг олгох үүрэгтэй. Гэтэл Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газар уг үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй бөгөөд хуульд заасны дагуу ажилгүйдлийн тэтгэмжийг ажилтанд олгох үүрэгтэй жинхэнэ хариуцагч нь Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын газар атал хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар солиогүй хэргийг хянан шийдвэрлэсэн.

4.6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсгийн тооцоолол буруу, шүүх хуулийг буруу хэрэглэж, нотлох баримтыг үнэлээгүй. Өөрөөр хэлбэл, хавтаст хэргийн 34 дүгээр талд авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч Б.Х нь 2024 оны 07 сараас эхлэн Х ХХК-д ажиллаж, албан журмаар нийгмийн даатгал төлж эхэлсэн болох нь нотлогдож байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч Б.Х дараагийн ажилд орсон өдөр хүртэлх хугацаанд ажилгүйдлийн тэтгэмжийг нийгмийн даатгалын сангаас авах юм.

4.7. Тодруулбал, Б.Х нь ажлаас чөлөөлөгдсөн өдрийн дараагийн өдөр буюу 2024 оны 04 сарын 19-ний өдрөөс Х ХХК-д ажиллаж эхэлсэн 2024 оны 07 cap хүртэлх хугацааны ажилгүйдлийн тэтгэмж 2,322,744 төгрөгийг авах байсан боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасантай нийцэхгүй, мөн хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

5.1. Хариуцагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон учирсан хохирол тодорхой байх бөгөөд хариуцагч нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүй тул тэтгэмжийг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газраас олгохгүй тухай албан бичгийг бидэнд хүргүүлсэн. Хожим нөхөн төлсөн боловч мөн олгох боломжгүй тухай бидэнд мэдэгдсэн. Энэ тухай нотлох баримтыг хэрэгт өгсөн байдаг.

5.2. Хариуцагчийн хариуцлагагүй үйлдлийн улмаас 2024 оны 04 сард авах ёстой байсан 3,638,745 төгрөгийг 2024 оны 12 сарын 13-ны өдрийг хүртэл авч чадахгүй хохирч байна. Б.Х нь Эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд MҮОНPT болон Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газраас аль аль нь ажилгүйдлийн тэтгэмжийг олгохгүй тухай хариуг өгсний улмаас санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд орсон. Хэн нэгэн албан тушаалтны хариуцлагагүй үйлдлийн улмаас ажилтанд учирсан хохирлыг буруутай этгээд нөхөн төлөх эрх зүйн үндэстэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэлтэй юм.

5.3.******* Нийгмийн даатгалын шимтгэлийг тогтоосон хугацаанд төлөх гэрээ байгуулсан гэх боловч гэрээний үүргийн биелэлт болон талуудын тохиролцооны асуудал тусдаа юм. Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газар*******-ийг ажил олгогчийн хувиар нийгмийн даатгалын өр төлбөрөө төлөөгүй үндэслэлээр Б.Х ын Ажилгүйдлийн тэтгэмжийг олгоогүй. Хууль болон нийгмийн даатгалын газрын даргын өгсөн чиглэмжид өр төлбөрийг тогтоосон хугацаанд төлөхөөр гэрээ байгуулсан тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмжийг ажилтанд олгох эрх зүйн үндэслэл байхгүй байна.

Улсын төсвийн байгууллага гэж тайлбарлаж байгаа боловч Олон нийтийн радио телевизийн тухай хуульд заасны дагуу үндсэн гол санхүүжилт нь нэвтрүүлгийн үйлчилгээний хөлс, хандив, дэмжлэг байх тул улсын төсвийн байгууллага гэж үзэх үндэслэлгүй байна.

5.4.******* нь Олон ннйтийн радио телевизийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу олон нийтийн байгууллага болох тодорхой байх бөгөөд нэвтрүүлгийн үйлчилгээний хөлс, зар сурталчилгааны орлого, хандив тусламж, дэмжлэгээр санхүүждэг байгууллага болохын хувьд улсын төсвийн байгууллага гэж үзэх нь үндэслэлгүй юм. Иймд улсын тэмдэгтийи хураамжаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл бүрдээгүй байна.

5.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т Давж заалдах журмаар гомдол гаргаж байгаа этгээдээс энэ хуулийн 57.1, 57.4-т заасан журмаар улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлүүлнэ гэж заасан байдаг. Хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байх бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар 162.4, 57 дүгээр зүйлийн 57.1, 57.4-т заасантай нийцэхгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг зохих ёсоор төлөөгүй тохиолдолд тухайн гомдлыг давж заалдах шатны шүүх хүлээн авах, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүй.

5.6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.3 Давж заалдах гомдол гаргахад энэ хуульд заасан журмыг баримтлаагүй бол шүүх гомдлыг хүлээн авахгүй бөгөөд энэ тухай шүүгч захирамж гаргана гэж хуульчилсан. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хувь хэмжээгээр төлөөгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан давж заалдах гомдол гаргах журмыг баримтлаагүй, хариуцагчийн гаргасан гомдол бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч М ид холбогдуулан ажилгүйдлийн тэтгэмж болох 3,638,745 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь нийгмийн даатгалаас төлөх үүрэгтэй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нь М нь нийгмийн даатгалыг хуульд заасан хугацаандаа төлөөгүйн улмаас тэтгэмжийг аваагүй тул Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.6-д заасны дагуу ажилгүйдлийн тэтгэмж болох 3,638,745 төгрөгийг М ээс гаргуулна гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан.

 

Нийгмийн даатгалын байгууллагаас нэхэмжлэгчид ажилгүйдлийн тэтгэмжийг олгохоос татгалзсан үндэслэлээр хугацаандаа шимтгэлийг төлөөгүй этгээд болох М ээс гэм хорын хохирол шаардсан агуулгатай байхад уг маргааныг шүүгч дангаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

 

Түүнчлэн, хэрэгт авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байх байх ба уг баримтуудыг үнэлэн хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

 

4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тухайн шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 06-ны өдрийн 102/ШШ2024/05080 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Б.МАНДАЛБАЯР

 

С.ЭНХБАЯР