Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 470

 

 

 

 

 

-

 

-

     2019           4           29                                         2019/ШЦТ/470         

-                                         

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Журагат,

улсын яллагч А.Ганзориг,

шүүгдэгч Ц.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Зыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808046490296 дугаар эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Цэрэнбалжирын З /РД: /.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Ц.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хөтөл төвийн орчим иргэн С.Дтэй “таксины мөнгө нэмж авах гэлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний хөл, нүүрэн тус газруудад нь цохиж зодон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Маргаж байгаа асуудал байхгүй. Таксины мөнгөнөөс болж маргалдсан. Гэм буруугаа хүлээж байна. Эмэгтэй хүнд гар хүрсэн нь миний буруу. Торгох ялыг багасгаж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн 1808046490296 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч С.Дгийн: “2018 оны 9 дүгээр сарын 27-ны 20 цагийн орчим ажлаасаа буугаад Сонгинохайрхан дүүргийн цахилгаан тээвэр автобусны буудлын ойролцоо өөрийн эзэмшлийн 01-92 УБК улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байтал хүүхэдтэй эмэгтэй гар өргөхөөр нь зогсож “хаа хүрэх юм” гэж асуусан чинь “7 буудал орох гэсэн юм” гэж хэлсэн. Тэгээд нөгөө хүүхэдтэй эмэгтэй миний машины урд талын суудал дээр сууж ард талд тэр эмэгтэйтэй хамт явж байсан 2 залуу суусан. Нөгөө хоёр залуу жаахан халамцуухан байх шиг байсан. Намайг “хэдээр явж байгаа юм” гэхээр нь би “1 км нь 1000 төгрөгөөр явж байгаа” гэсэн чинь “чи муу яахаараа 1000 төгрөгөөр явдаг юм, бид нар буумар байна” гэсэн. Нөгөө залуу буухаар нь би “чи мөнгөө өгөөч” гэсэн чинь “чамд яахаараа мөнгө өгдөг юм” гэсэн. Тэгээд би нөгөө залуугийн араас очиж “чи мөнгөө өг” гэж хэлээд барилцаж авсан. Нөгөө залуу миний толгойн хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиж, миний хэвлий рүү болон хөл рүү өшиглөсөн.

...Надад эмчилгээ хийлгэсэн баримт болон нэхэмжлэх зүйл байхгүй. ...Надад ямар нэгэн санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-25-26/,

Гэрч Л.Бямбасүрэнгийн: “...Манай нөхөр болох З нь анх зууралдаж байхдаа тэр хүүхнийг нүүр лүү цохисон...” гэх мэдүүлэг /хх-35-36/,

Гэрч О.Батсайханы: “2018 оны 9 дүгээр сарын 27-ны орой Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хөтөлийн автобусны буудал орчим дуудлага ирсэн. Очиж шалгахад таксины жолооч гэх эмэгтэйн уруул хавдсан байсан. Тэр эмэгтэй “энэ хүн намайг зодсон” гэж нэг эрэгтэйг зааж байсан...” гэх мэдүүлэг /хх-37-38/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.10.03-ны өдрийн 11770 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. С.Дгийн биед баруун нүдний дээд зовхины зулгаралт, дээд уруулын язарсан шарх, баруун гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэжээ /хх-40/,

Шинжээч Н.Энхцолмонгийн: “С.Дгийн биед учирсан гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан. Тухайн гэмтлийн өнгө, шархны байдал зэргээс харахад шинэ гэмтлүүд нь тус бүрдээ мохоо зүйлийн нэг нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Бүх гэмтлүүд нийлээд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх мэдүүлэг /хх-41-44/,  

Шүүгдэгч Ц.Зын яллагдагчаар өгсөн: “2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ...Дамдинрагчаа ахыг 7-н буудалд гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Бид нар Мираж зочид буудлын урдаас такси барихад Приус-20 маркийн автомашин ирж зогссон. Тэгээд явж байгаад би жолооч эмэгтэйгээс хэдэн төгрөгөөр явж байгаа талаар асуусан чинь “км-г нь 1000 төгрөгөөр явж байгаа” гэж хэлэхээр нь би “хол явж байгаа юм чинь 800 төгрөгөөр явчихна биз дээ” гэж хэлсэн. Түүнээс болоод би таксины жолооч эмэгтэйтэй маргалдаж эхэлсэн. Хөтөлийн автобусны буудлын харалдаа ирж зогсоод нөгөө жолооч эмэгтэй намайг арын суудлаас чирч гаргасан. Би гарсан чинь тэр эмэгтэй миний толгой руу гараараа 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би нүүр лүү нь гараараа нэг удаа цохиод ахиад хүчтэй нүүр лүү нь түлхчихсэн чинь эхнэр хүүхдээ тэврээд гараад ирсэн...” гэх мэдүүлэг /хх-76-79/,

шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-63/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-69/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-80-81/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-86/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-87/, дансны хуулга /хх-91-94/, эвлэрлийн гэрээ /хх-95/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

 

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ц.З согтуурсан үедээ 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хөтөл төвийн орчим хохирогч С.Дтэй “илүү үнээр таксинд явах гэлээ” гэх шалтгааны улмаас маргалдан цохиж зодон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч С.Дгийн “...нөгөө залуу миний толгойн хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиж, миний хэвлий рүү болон хөл рүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-25-26/, гэрч Л.Бямбасүрэнгийн “...Манай нөхөр З анх зууралдаж байхдаа тэр хүүхний нүүр лүү нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-35-36/, гэрч О.Батсайханы “...таксины жолооч гэх эмэгтэйн уруул нь хавдсан байсан. Тэр эмэгтэй “энэ хүн намайг зодсон” гэж нэг эрэгтэйг зааж байсан...” гэх мэдүүлэг /хх-37-38/, шүүх эмнэлгийн 11770 дугаар “1.С.Дгийн биед баруун нүдний дээд зовхины зулгаралт, дээд уруулын язарсан шарх, баруун гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-40/, шүүгдэгч Ц.Зын яллагдагчаар өгсөн “...би нүүр лүү нь гараараа нэг удаа цохиод ахиад хүчтэй түлхчихсэн...” гэх мэдүүлэг /хх-76-79/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-80-81/ зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Зын хохирогч С.Дгийн нүүр лүү гараараа цохиж, хөл рүү өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Дгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн хохирогчийн “...Надад эмчилгээ хийлгэсэн баримт болон нэхэмжлэх зүйл байхгүй. ...Надад одоо ямар нэгэн санал гомдол байхгүй.” гэх мэдүүлэг /хх-27-28/, мөн “...С.Д, Ц.З бидний хооронд ямар нэг гомдол санал байхгүй. Эрүү болон иргэний шугамаар дахин нэхэмжлэх төлбөр мөнгө байхгүй болно” гэсэн эвлэрлийн гэрээ /хх-95/-г тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нь эмэгтэй хүн учраас 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зохимжгүй гэж үзэн 600.000 төгрөгөөр торгох саналтай” гэж,

шүүгдэгч “Гэм буруугаа хүлээж байгаа. Эмэгтэй хүнд гар хүрсэн нь миний буруу. Торгох ялыг багасгаж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хувийн таарамжгүй харилцааны улмаас үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /хувиараа хөдөлмөр эрхэлж орлого олдог гэх, үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хандлага/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Гэвч хэмжээний хувьд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд буюу согтуурсан үедээ хохирогчийн эрх чөлөөнд халдаж зодсон үйлдэлд 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь хууль ёсны зарчим болоод шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Зыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлсийг үндэслэн шүүгдэгч Ц.Зод 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.З урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Цэрэнбалжирын Зыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Зыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Зыг 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.З торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.З урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Зод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР