| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 102/2024/03252/И |
| Дугаар | 210/МА2024/01966 |
| Огноо | 2024-11-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2024/01966
2024 11 06 210/МА2024/01966
М.Ц-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2024/04332 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч М.Ц-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Б.Э-ад холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 55,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х, хариуцагч Б.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Миний өмчлөлийн Тоёота Хайльюкс АН-20 /Toyotа Hilux-AN20/ маркийн, арлын MROHA3CD700428309 дугаартай, 2018 онд үйлдвэрлэгдсэн, Монгол Улсад 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр орж ирсэн, хөдөлгүүрийн 2779, B, EVRO V багтаамжтай, 5 хүний суудалтай, суудлын пикап зориулалтын автомашиныг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэн Б.Э-ад 100,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, урьдчилгаанд 55,000,000 төгрөг, үлдэгдэл 45,000,000 төгрөгийг ББСБ-аас зээлээр төлөхөөр Худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний зүйлийн үнэ болох 45,000,000 төгрөгийг хариуцагч Б.Э- нь миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-ийн 505809919143 тоот дансанд 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлсэн боловч үлдэгдэл 55,000,000 төгрөгийг төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй.
Гэрээний 4.2-т худалдан авагч тал гэрээнд заасан хугацаанд харилцан тохиролцсон үнийг худалдагчид төлөх үүрэгтэй, 4.4-т худалдагч тээврийн хэрэгслийг худалдахаар харилцан тохиролцсон төлбөрийг худалдан авагчаас шаардах эрхтэй гэж заасан тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас нэхэмжилнэ.
Иймд хариуцагч Б.Э-аас 55,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь анх Шинээ гэх найз маань танд зээл гарах юм чинь зээл аваад өгөөч гэж гуйсны дагуу би банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч өгөх зорилгоор энэхүү худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан. Энэ машиныг би худалдан аваагүй, манай найз худалдан авсан. Б.Т- ч энэ талаар мэдэж байгаа. Анх уг автомашины үнийг тохиролцохдоо 100,000,000 төгрөг биш, 60,000,000 төгрөг гэж тохиролцож байсан. Банк бусаас өндөр зээл гаргуулахын тулд зээлийн гэрээг 100,000,000 төгрөгөөр хийсэн. Одоо үлдэгдэл 15,000,000 төгрөг өгөх ёстой. Би энэ нэхэмжлэлийн талаар найздаа хэлсэн. Нэхэмжлэгчтэй үлдэгдэл мөнгөний оронд газар өгөхөөр тохиролцсон гэж байсан гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Э-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 55,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Ц-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 432,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Ц-д олгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Хариуцагч Б.Э- миний бие тухайн автомашиныг худалдаж аваагүй бөгөөд миний найз Б.Т уг тээврийн хэрэгслийг авсан ба түүний нэр дээр зээл гарах боломжгүй байсан тул гэрээнд өөрийн гарын үсгийг зурсан болно. Тухайн гэрээнд тээврийн хэрэгслийн үнийг 100,000,000 төгрөгөөр бичсэн гол үндэслэл нь банк бус санхүүгийн байгууллагаас өндөр дүнтэй зээл гаргахын тулд тээврийн хэрэгслийн үнийг зориудаар өсгөж тавьсан ба энэ талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Т- нь мэдэж байсан.
Анх тээврийн хэрэгслийг 60,000,000 төгрөгөөр тооцож М.Ц-гоос авсан боловч гэрээний үнийн дүнгээр төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Анхан шатны шүүх хэт нэг талыг баримтлан үнэн зөвийг тогтоолгүйгээр надаас 55,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, намайг дахин мэтгэлцэж хэргийг үнэн зөвөөр шийдүүлэх нөхцөлөөр хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
1. Нэхэмжлэгч М.Ц- нь хариуцагч Б.Э-ад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 55,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Э-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 55,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Ц-д олгохоор шийдвэрлэсэн байна.
3. Дээрх шүүхийн шийдвэрт хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд уг эрхээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгжүүлэх боломжтой.
5. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэгч М.Ц-д 55,000,000 төгрөг төлөх тухай хариуцагч Б.Э-ын зөвшөөрлийг баталж, хариуцагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2024/04332 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Ц-гийн гаргасан 55,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Э- хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 432,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Ц.АЛТАНЦЭЦЭГ