Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 471

 

 

 

 

 

 

-

 

     2019           4           29                                         2019/ШЦТ/471         

-                                         

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Журагат,  

улсын яллагч Д.Ганчимэг,

хохирогч О.Г,  

шүүгдэгч Ц.Б, өмгөөлөгч С.Ганбат,

шүүгдэгч Ц.У, өмгөөлөгч А.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Б, Ц.У нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808032500159 дүгээр эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой гэх, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эх, ах, дүүгийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Цэцгээгийн Б /РД: /.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 7, эцэг, эх, ах, дүү, эхнэр, хүүхдийн хамт оршин суух,

урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 955 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, Батхаан овогт Цэцэгсүрэнгийн У /РД: /.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Ц.Б, Ц.У нар бүлэглэж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Мустанг” баарны гадна 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр иргэн О.Гийн мөнгөн гинж, монетон гинжийг илээр, хүч хэрэглэж хууль бусаар авахаар довтолж бусдад 351.800 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирлыг учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “6 дугаар сарын 24-ний өдөр “цэргээс ирснийг чинь тэмдэглье, дайлъя” гээд “Мустанг” бааранд орсон. Гадаа тамхи татаж байхад 2 ах ирээд хөөсөн. Уыг 1 ах нь цохисон. Би найзыгаа өмөөрч 1 удаа цохисон. У 2 удаа цохисон. Гинж нь унасныг У аваад надад өгсөн. Гинжийг надад өгснийг би аваад явсан. 14 хоногийн дараа баригдсан. Дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхээр ярьсан зүйл байхгүй. Долоовор хурууны чинээтэй, тасарсан гинж байсан. Бид 2 эхэлж зодоон эхлүүлээгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж банйа. Дахин гэмт хэрэг хийхгүй. Хохирогчоос уучлалт гуйя. Хөнгөн ял өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ц.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Энэ ах эхэлж намайг цохисон. Энэ ахыг унагааж цохисон зүйл байхгүй. Монетон гинж байгаагүй. Би зууралдаж байхад гинж нь тасарсан байх гэж бодож байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна. Хохирогчоос уучлалт гуйя. Ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Хохирогч О.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 6 дугаар сарын 24-нд 23 цагийн алдад “Мустанг” бааранд очсон. У гэж намхан залуу нилээн согтуу, цээж нүцгэн гарч ирсэн. Намайг оруулахгүй хориод байсан. Тэгээд намайг 1 цохиж, өшиглөсөн. Тэгэхээр нь би нэг цохитол Б миний баруун шанаанд нэг цохисон. Дайраад зодоод эхлэхээр нь гинж тасарсан, гинжээ бариад суутал У “гинжээ өг” гээд толгой руу цохиод байсан. Тэгээд аваад явсан. Гинж тасраад унасан гэдэг нь худлаа. 2 гинжний төлбөрөө явъя л гэж бодож байна. Үгээ нэгтгэж намайг гүтгэж байгаад гомдолтой байна. Б бүгдийг мэдэж байгаа. Би алган дээр нь гинжээ тавьсан. Тэгээд л гүйгээд явцгаасан. Хүн гүжирдэж байгааг нь харахад гэмт хэрэг үйлдэх хүн байна гэж ойлгож байна. Хохирлоо авсан. Ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн  1808032500159 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч О.Гийн: “2018 оны 6 дугаар сарын 24-ний 23 цагийн үед хүргэн дүү Жаргалнэмэхийн хамт “Хархорин” захын гүүрний хойд талд таксинаасаа буугаад “Мустанг” баар луу орохоор алхаж явсан. Баарны үүдэнд очоод орох гэхэд үл таних 19-20 орчим насны 2 хүүхэд бид хоёрыг барьж аваад нэг нь миний баруун мөр лүү гараараа цохиод авсан. Тэр залууг У гэж байсан Бөмбүүлэй гэж дууддаг юм байна лээ. У намайг дахиад цохих гээд дайрахаар би зүүн шанаа руу нь гараа атгаад хальт цохиод авахад хажууд зогсож байсан өндөр залуу үсэрч орж ирээд миний зүүн шанаа руу гараараа нэг цохиод, зүүн гуя руу нэг өшиглөсөн. Тэр үед би өндөр залууд нь “чи арай архи уугаагүй эрүүл байх шиг байна, наад найзыгаа аваач” гэсэн. Өндөр залуу нь намайг цохихоо болчихсон. Тэр үед У намайг барьж аваад нүүр нүдгүй цохиод эхлэхээр нь би нүүрээ 2 гараараа хамгаалаад доошоо суугаад “чи болиоч ээ, би чиний аав шиг хүн байна шүү дээ” гэхэд нөгөө залуу миний хүзүүнд давхарлаж зүүсэн байсан нилээд өргөн мөнгөн гинж, нарийхан монетон гинж хоёрыг таслаад авах гэхэд нь би 2 гинжээ өрсөж аваад баруун гартаа атгаад суучихсан. Тэр үед нөгөө залуу намайг “гинжээ өг” гээд дахин дахин шаардаад миний 2 гар луу цохиод, өшиглөөд байхаар нь хүзүүний гинжээ “май ав” гэхэд тэр залуу гарын алгаа тоссон. Би алган дээр нь 2 гинжээ тавихад намайг цохихоо болиод яваад өгсөн. ...Цагдаагийн машин ирэхэд тэр залуус зугтаагаад нэг цагдаа нь нөгөө 2 дээрэмчнийг хөөгөөд барьж авсан.

...Намхан залуу нь ирээд миний гинжийг нэхээд толгой руу цохиод байсан болохоор би “Гинжнээс илүү амь нас, эрүүл мэнд чухал” гэж бодоод атгаж байсан гинжээ өгсөн. Намайг дээрэмдэж байна гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-25-26, 100-102, 56/,

Гэрч Д.Жаргалнэмэхийн: “2018 оны 6 дугаар сарын 24-ний 23 цагийн үед хүргэн ах Г ...бид хоёр “Мустанг” баарны үүдэнд явж очиход үл таних 20 орчим насны залуу гарч ирээд бид хоёрыг оруулахгүй ах Гийг бариад авсан. Намхан залуу нь цээж нүцгэн гарч ирснээ ахыг нүүрэн тус газар нь цохиод, өндөр залуу нь ахыг хөлөөрөө хавсарч унагаасан. Тэр үед би болохоо байлаа гэж бодоод эргэтэл миний араас тэд жаахан хөөж гүйгээд ард үлдсэн. Би жаахан холдоод цагдаагийн 102 дугаарын утсанд болсон явдлын талаар хэлж дуудлага өгсөн. Цагдааг хүлээж зогсож байгаад нөгөө 2 залуу ахыг орхиод явахаар нь би очиход ахын хүзүүнд байсан монетон гинж, зузаан мөнгөн гинжийг тэр залуус аваад явсан байсан. ...Г ахын хүзүүний баруун талд нь улайгаад хүрэнтсэн, бага зэргийн зулгарсан байдалтай, цус гарсан байсан. Ах тэр үед хүзүүндээ том мөнгөн гинжин дээр ороогоод жижиг нарийхан монетон гинж зүүчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-11-12/,

“Дамно” ХХК-ийн 2019.01.18-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний СХ3-19-041 дүгээр тайланд: “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 351.800 төгрөгөөр үнэлэгдэв” гэжээ /хх-61-62/,

Шүүгдэгч Ц.Уын яллагдагчаар өгсөн: “2018 оны 6 дугаар сарын 24-ний 23 цагийн үед найз Бтэй уулзаж “Мустанг” бааранд орж шар айраг уучихаад Б надаас түрүүлж гарсан. Би ардаас нь цамцаа аваад гарсан чинь Б үл таних 50 орчим насны хамт явж байсан хоёр ахын нүднийхээ доор мэнгэтэй, мяраалаг ахтай нь муудалцчихсан зогсож байсан. Би тэр мяраалаг ах болон найзыгаа салгах гэж хоёр тийш нь түлхтэл мяраалаг ах миний баруун шанаа руу нэг удаа цохисон. Тэр үед Б намайг өмөөрөөд тэр ахын нүүрэн тус газар луу нэг удаа цохисон. Мяраалаг ах үргэлжлүүлэн надтай муудалцаж, би тэр ахын нүүрэн тус газар гараараа 3-4 удаа цохиж бид хоёр зууралцаж, барилцаж байх үед мяраалаг ахын хүзүүнд байсан гинж тасраад унасан. Тэгж зууралцаж байгаад нөгөө ах замын хашлаганд тээглээд уначихаар нь Б бид хоёр нөгөө мяраалаг ахыг орхиод төв зам тийшээ алхаад явж байтал ардаас цагдаа хүрээд ирэхээр нь би зугтах гэж байгаад баригдаад тэр өдөр эрүүлжүүлэх байранд хоносон. Хүзүүндээ ганцхан мөнгөн гинж зүүсэн байсан. Өөр монетон гинж байгаагүй. Гинж нь тасраад газар унаж байхыг би харсан. Гэхдээ би гинжийг аваагүй.” гэх мэдүүлэг /хх-83-85/,

Шүүгдэгч Ц.Бн яллагдагчаар өгсөн: “2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр багын найз Ц.Утай уулзаад “Мустанг” бааранд 19 цагийн үед ороод хэдэн шил шар айраг хувааж уунгаа юм ярьж сууцгаасан. Тэгээд 23 цагийн үед гарахаар болоод үүдэнд зогсож байтал урдаас 40 гаран насны үл таних хоёр эрэгтэй хүн ирээд нэг өтгөн хөмсөгтэй, махлаг эрэгтэй нь манай найз У дээр ирээд эндээс холд гэснээс болж тэр хоёр хоорондоо маргалдсан. У нөгөө махлаг эрэгтэйн гуя руу нэг удаа өшиглөөд нэг удаа шанаадахад нөгөө эрэгтэй зөрүүлээд шанаадсан. Би найзыгаа өмөөрөөд нөгөө махлагдуу эрэгтэйн нүүрэн тус газар гараа зангидаж байгаад цохичихсон чинь нөгөө эрэгтэй хойшоо ухраад замын хашлаган дээр суучихсан. У ардаас нь очоод заамдаад тэр хоёр барилцаад зууралцаж авсан. Нөгөө махлагдуу ахын хүзүүнд байсан гинжийг У хараад нөгөө эрэгтэйд хандаж “гинжээ өг” гэж хэлээд толгойн тус газар луу нь хоёр удаа гараараа цохих шиг болсон. Тэгсэн чинь нөгөө эрэгтэй гинжээ гаргаж ирээд Уад өгсөн. Тэгээд бид хоёр нөгөө залуугаас салаад явцгаасан. Цааш явж байхдаа би Уаас нөгөө авсан гинжийг нь “өгч бай” гэж хараад халаасандаа хийчихсэн. Тэр үед цагдаа ирж байгааг хараад бид хоёр салаад зугтаацгаасан...” гэх мэдүүлэг /хх-93-96, 97-99/,

хохирогчийн мэдүүлэг /хх-8-9/, эд зүйлийн үнэлгээ /хх-16/, шинжээч томилсон тогтоол /хх-17/, хохирогч О.Гийн биед хийсэн шүүх эмнэлгийн 8501 дүгээр шинжилгээ /хх-18/, гэрч Г.Цэцэгээгийн мэдүүлэг /хх-37-38/, шүүгдэгч Ц.Бн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-39/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-119/, гэрч Ц.Цэцэгсүрэнгийн мэдүүлэг /хх-46-47/, шүүгдэгч Ц.Уын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-42, 109/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-68-71/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа /хх-110/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-119, 121/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-124-128/, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.03.21-ний өдрийн 3/7059 дүгээр албан бичиг /хх-129/ зэрэг баримтуудыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нар бүлэглэж, согтуурсан үедээ О.Гийн 2 ширхэг гинжийг авсан, довтолсон болох нь хохирогчийн удаа дараагийн мэдүүлэг, гэрч Жаргалнэмэхийн мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэргээр хангалттай нотлогдсон гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай. 351.800 төгрөгийн хохирол тогтоогдсон. Түүнийг гаргуулах саналтай. “Дамно” ХХК-ийн 18.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах саналтай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд тогтоогдсон. Мэдүүлэг зөрүүтэй гэх ойлголт байхгүй. Хохирогчийн зүй бус үйлдэл байхгүй, нөлөөлөөгүй” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ганбат “3 шил пиво уусан гэдэг. Хохирогч эхэлж цохисон. Түүнийг таслан зогсоох зорилгоор 1 цохиж, 1 өшиглөсөн байдаг. Б гинж авахад оролцсон зүйл байхгүй. Хэрэгт авагдсан мэдүүлэг, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зөрүүтэй байгаа. Шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдоогүй байна” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэр “Хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн. Дээрэмдэх гэмт үйлдэх санаа зорилгогүй байсан. Хэлбэрийн төдий агуулж байна. Гинж байсан эсэх нь бүрэн тогтоогдоогүй. Гэм буруу дээр маргаагүй. Хүч хэрэглэж довтолсон гэдгийг зөвшөөрөхгүй байна” гэж,

хохирогч “хүн гүжирдэж байгааг нь харахад дахиад гэмт хэрэг үйлдэх хүн байна гэж ойлгож байна. Гомдолтой байна” гэж,

шүүгдэгч Ц.Б “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин хэрэг хийхгүй гэж амалж байна” гэж,

шүүгдэгч Ц.У “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна” гэж тус тус дүгнэлт гаргалаа.      

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ц.Б, Ц.У нар бүлэглэж согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, “Мустанг” баарны гадаа 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хохирогч О.Гийн мөнгөн гинж, монетон гинжийг илээр, хүч хэрэглэж авахаар довтолсон нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч О.Гийн “...үл таних 19-20 орчим насны 2 хүүхэд бид хоёрыг барьж аваад нэг нь миний баруун мөр лүү гараараа цохиод авсан. У намайг дахиад цохих гээд дайрахаар нь би урдаас нь зүүн шанаа руу нь гараа атгаад хальт цохиод авахад хажууд зогсож байсан өндөр залуу үсэрч орж ирээд миний зүүн шанаа руу гараараа нэг цохиод, зүүн гуя руу нэг өшиглөөд авсан. ...У намайг барьж аваад нүүр нүдгүй цохиод ... “гинжээ өг” гээд дахин дахин шаардаад миний 2 гар луу цохиод, өшиглөөд байхаар нь гинжээ “май ав” гэхэд тэр залуу гарын алгаа тоссон. Би алган дээр нь 2 гинжээ тавихад намайг цохихоо болиод яваад өгсөн....” гэх мэдүүлэг /хх-25-26, 100-102, 56/, “Дамно” ХХК-ийн СХ3-19-041 дугаар “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 351.800 төгрөгөөр үнэлэгдэв” гэх тайлан /хх-61-62/, гэрч Д.Жаргалнэмэхийн “...20 орчим насны залуу гарч ирээд бид хоёрыг оруулахгүй ах Гийг бариад авсан. Намхан залуу нь цээж нүцгэн гарч ирснээ ахыг нүүрэн тус газар нь цохиод, өндөр залуу нь ахыг хавсарч унагаасан. ...ахын хүзүүнд байсан монетон гинж, зузаан мөнгөн гинжийг тэр залуус аваад явсан байсан. ...Ах тэр үед хүзүүндээ том мөнгөн гинжин дээр ороогоод жижиг нарийхан монетон гинж зүүчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-11-12/, шүүгдэгч Ц.Уын яллагдагчаар өгсөн “...Б ...мяраалаг ахын нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиод авсан. ...би тэр ахын нүүрэн тус газар гараараа 3-4 удаа цохиж бид хоёр зууралцаж, барилцаж байх үед мяраалаг ахын хүзүүнд байсан гинж нь тасраад унасан...” гэх мэдүүлэг /хх-83-85/, шүүгдэгч Ц.Бн яллагдагчаар өгсөн “...У нөгөө махлаг эрэгтэйн гуя руу нэг удаа өшиглөөд шанаан тус газар нэг шанаадахад нөгөө эрэгтэй зөрүүлээд Уыг шанаадсан. Би найзыгаа өмөөрөөд нөгөө махлагдуу эрэгтэйн нүүрэн тус газар гараа зангидаж байгаад цохичихсон чинь нөгөө эрэгтэй хойшоогоо ухраад замын хашлаган дээр очоод суучихсан. У ардаас нь явж очоод заамдаж аваад тэр хоёр хоорондоо хувцаснаасаа барилцаад зууралцаж авсан. Тэр үеэр нөгөө махлагдуу ахын хүзүүнд байсан гинжийг У хараад нөгөө эрэгтэйд хандаж “гинжээ өг” гэж хэлээд толгойн тус газар хоёр удаа гараараа цохих шиг болсон. Тэгсэн чинь нөгөө эрэгтэй гинжээ гаргаж ирээд Уад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-93-96, 97-99/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохиргчийн өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Б, Ц.У нарын бүлэглэн хохирогч О.Гийг зодож, эд зүйлийг нь авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч Ц.Б, Ц.У нарыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Өөрөөр хэлбэл шөнийн цэнгээний газар орох гэж явсан хохирогч, гэрч нарыг оруулахгүй хориглон, улмаар хохирогчийг хүч хэрэглэн шүүгдэгч нар зодож цохисон, тэр цаг хугацаанд хохирогчийн хүзүүн дэх гинж тасарсныг харсан даруйд өгөхийг шаардан хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн нь хохирогч О.Гийн “...Миний хүзүүнд байсан 2 ширхэг гинжийг тас татаад авах гэхээр нь би гартаа атгасан. Тэгэхэд хоёр залуугийн нэг /У/ нь “гинж өг, гинж өг” гэж 2-3 удаа хэлээд миний толгой руу цохиод байсан. Би айгаад Уын гарт 2 гинжээ өгсөн...” гэх мэдүүлэг /хх-25/, гэрч Д.Жаргалнэмэхийн “...Намхан нь ахыг цохиод, өндөр нь хавсарч унагаасан. Ахын гинжийг аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-11-12/, шүүгдэг Ц.Бн “... Ахын хүзүүнд байсан гинжийг У хараад “гинжээ өг” гэж хэлээд толгойн тус газар нь 2 удаа гараараа цохих шиг болсон...” гэх мэдүүлэг /хх-95/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “Хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, эхэлж цохисон, дээрэмдэх гэмт хэргийн санаа зорилгогүй байсан, гинж байсан эсэх нь бүрэн тогтоогдоогүй, хүч хэрэглэж довтолсон гэдгийг зөвшөөрөхгүй” гэх гэм буруугийн дүгнэлт няцаагдаж байна.      

Гэмт хэргийн улмаас хохирогч О.Гт 351.800 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, “Дамно” ХХК-аар хөрөнгийн үнэлгээ хийлгэсний төлбөр 18.000 төгрөгийн зардал тус тус учирсан байна. Эдгээр хохирол, төлбөрийг шүүгдэгч Ц.Б, Ц.У нар төлсөн болох нь шүүхийн хуралдаанд шүүгдэгч нарын гаргаж өгсөн баримтуудаар тогтоогдох тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.    

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Уад 3 жил 10 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.Бд 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл хэрэглэх үндэслэлгүй. Учир нь тэд гэм буруугийн талаар маргасан. У санаатай гэмт хэрэг 2 удаа үйлдсэн. Уын зүгээс идэвхтэй үйлдэл хийсэн, хүч хэрэглэсэн байгааг харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулсан” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ганбат “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Эрх зүйн боловсрол багатай, томоогүй байдлаасаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээж байгаа, оролцоо багатайг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэр “Шүүгдэгч Ц.У нь ганц бие эцэг, хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Өмнөх тогтоолоор оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж, нийт 1 жил 1 сарын хорих ял оногдуулж өгнө үү” гэж,

хохирогч “Хохирлоо авсан. Б анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Ойлгож гэмшиж байгаа тул өмгөөлөгчийн хэлснийг дэмжиж байна. У ой 6 сартай хүүхэдтэй. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэж найдаж ялыг нь хөнгөрүүлж өгнө үү. Гомдолгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ц.Бн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, шүүгдэгч Ц.Уын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тус тус дурдаж байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэрийн дүгнэлтдээ дурдсан Ц.Уын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй болно. Тухайлбал шүүгдэгч Ц.У нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 955 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж, уг ялаа эдлээгүй болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбар /хх-124-128/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.3.21-ний өдрийн 3/7059 дүгээр албан бичиг /хх-129/ зэргээр тогтоогдсон тул түүнийг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн болно.   

Харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн, оролцсон оролцоо/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлөгдсөн байдал, хохирогч “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх хүсэлт/, шүүгдэгч нарын хувийн байдал /ар гэрийн байдал, хийсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, шүүгдэгч Ц.У урьд торгох ял шийтгэгдэж биелүүлээгүй/ зэргийг харгалзан шүүгдэгч нарт ялгамжтай эрүүгийн хариуцлага хүлээлгэх улсын яллагчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэн шүүгдэгч Ц.Бд 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Ц.Уад 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, тэдэнд оногдуулсан хорих ялыг дээрх үндэслэлээр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Уын ямар нэгэн шалтгаангүйгээр хохирогчтой маргаан үүсгэж, хохирогчийг “гинжээ өг” гэж шаардан зодож, эрх чөлөөнд нь халдан гинжийг нь авсан үйлдэл болон шүүгдэгч Ц.Бн Ц.Уын хууль бус үйлдлийг дэмжиж, хохирогчийг цохиж эрх чөлөөнд халдсан үйлдэлд эрүүгийн хариуцлагыг адилхан оногдуулах нь тухайн хүмүүсийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж шүүх дүгнэн шүүгдэгч нарт ялгамжтай эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хорих ял оногдуулж өгнө үү” гэж дүгнэлтээ танилцуулсан боловч шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн дээрх нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал /Ц.У урьд ял шийтгэгдсэн, Ц.Бн гэмт хэрэгт оролцсон оролцоо/-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй байна гэж дүгнэснийг тэмдэглэж байна.    

Харин шүүгдэгч Ц.Уад энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн ял дээр өмнөх буюу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 955 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон, 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Ц.Уын биечлэн эдлэх хорих ялыг нийт 3 жил 1 сарын хугацаагаар тогтоолоо.    

Шүүгдэгч нар 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 7 /долоо/ хоног урьдчилан хоригдсоныг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулахаар шийдвэрлэв.   

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Батхаан овогт Цэцэгсүрэнгийн У, Боржигон овогт Цэцгээгийн Б нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Уыг 3 /гурав/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Ц.Бг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Уад энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр өмнөх Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 955 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон, 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Ц.Уын биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У, Ц.Б тус бүрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У, Ц.Б тус бүрийн урьдчилан хоригдсон 7 /долоо/ хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.У, Ц.Б нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.У, Ц.Б нарын эдлэх ялыг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.У, Ц.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР