Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/01959

 

 

 

 

 

 

 

 

 

2024 11 06 210/МА2024/01959

 

 

Н.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2024/03463 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.А-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Р ХХК-д холбогдох,

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 8,580,000 төгрөг, дутуу олгосон цалин хөлс 490,909 төгрөг, нийт 9,070,909 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай үндсэн,

243,291 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.А-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1. Миний бие Р- компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажилласан. Намайг хүүхэд хөөж гаргасан гэдэг зүйл яриад ажлаас халсан. Ажлаас халахдаа тодорхой шалтгаан хэлээгүй бөгөөд чамайг өнөөдрөөс ажлаас чөлөөлж байгаа тул ажлаа хүлээлгэж өг, хүүхдүүдээс гомдол ирсэн болохоор буцаалт хийнэ гэж хэлсэн.

1.2. Миний 2023 оны 08 дугаар сарын 28-31, 10 дугаар сарын 19-25-ны өдөр хүртэл хугацаанд ажилласан цалинг үндэслэлгүйгээр өгөхгүй. Би нэхэмжлэл дээрээ 9 өдрийн 490,909 төгрөгийн цалин гэж буруу бодсон байна. Нийт 11 өдрийн цалин 660,000 төгрөг өгөхгүй байгаа. 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл ажлын 15 хоног ажилласан. Үүнээс 5 хоногийн цалинг барьцаалж авсан. 10 дугаар сарын 18-ны өдрөөс 25-ны өдөр хүртэл 6 өдөр ажилласан бөгөөд нийт 11 өдрийн цалин юм. Миний нэг өдрийн цалин 60,000 төгрөгөөр тооцно гэж хэлсэн. Хариуцагч 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх цалингаас зөөврийн компьютерын 390,000 төгрөгийг суутгаж, миний дансанд 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 210,000 төгрөг шилжүүлсэн. Зөөврийн компьютер авахад компаниас 300,000 төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлж, би өөрөө 390,000 төгрөгийг нь гаргасан. Дараа нь 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 11 өдөр ажилласан цалин 600,000 төгрөг, 10 дугаар сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 11 өдөр ажилласан цалин 600,000 төгрөгийг надад өгсөн.

Анх ажилд ороход 1,200,000 төгрөгийг 2 хувааж олгоно. Үүнээс гадна эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлнө гэж ойлгуулсан. Гэтэл ажиллаад 21 хоног болж байхад 5 өдрийн цалин барьцаална гэсэн. Үүнээс харахад миний цалингаас 390,000 төгрөг суутгасан нь тодорхой харагдаж байгаа. Хэрвээ зөөврийн компьютер компанийн эзэмшил байсан бол надад өгөхдөө хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу бичгээр хүлээлгэж өгөх ёстой байсан.

1.3. Анх ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргах үед ажилгүй байсан хугацааны цалин бодоход 9,070,909 төгрөг болж байсан. Тооцоог дахин гаргахад 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 9 сар 20 хоног буюу 12,000,000 төгрөг болж байгаа. 11 өдөр ажилсан цалин 660,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 12,000,000 төгрөг буюу нийт 12,660,000 төгрөгийг нэхэмжилж байна.

1.4. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, анх ажилд ороход гарт олгох цалин 1,200,000 төгрөг, үүнээс гадна нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлнө гэж хэлсэн учир гэрээний дагуу төлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Н.А- нь манай байгууллагад 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд СУИС-ийн салбарын А рlus сургалтын төвд төгөлдөр хуурын багшаар ажилласан. Н.А-ийн хөдөлмөрийн гэрээгээр тохирсон үндсэн цалин нь 1,200,000 төгрөг бөгөөд 08 дугаар сарын 28-ны өдрөөс 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд 1,200,000 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл 11,5 хувь, ХАОАТ-н 10 хувь хасаад гарт олгох ёстой цалин 971,800 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн цалин нийт 22 хоногоос 20 хоног ажилласан 1,090,909 төгрөгөөс гарт олгох ёстой цалин нь 884,909 төгрөг, нийт цалин 1,856,709 төгрөг болно. Энэхүү цалинг 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 210,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 600,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 600,000 төгрөг нийт 1,410,000 төгрөг шилжүүлсэн.

Үүнээс 2023 оны 09 сарын 18-ны өдөр Н.А-ийг нөүтбүүк авахад нь зориулж урьдчилгаанд 690,000 төгрөгийг шилжүүлснээр манай байгууллага Н.А- рүү нийт 2,100,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд компаниас цалин гэж илүү төлсөн 243,291 төгрөг болно. Иймд дутуу авсан цалин хөлсний шаардлагыг зөвшөөрөхгүй.

2.2. Нэхэмжлэгч нь 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Анужин гэх сурагчийг үсэг тоо мэддэггүй гэх шалтгаанаар хичээл заагаагүй. 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ану-Үжингийн дүүг 7 хүртэлх тоо мэдэхгүй гэдэг шалтгаанаар ангиас хөөж гаргаад суулгасан байсан. Энэ асуудлуудаас үүдэж нэхэмжлэгчийг ажилдаа хайнга хандаж, удаа дараа зөрчил гаргасан гэж үзэж ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.

2.3. Нөүтбүүкний үнэ 690,000 төгрөгийг манайх шилжүүлсэн. Үүний 300,000 төгрөгийг манайх гаргасан. 390,000 төгрөг нь Н.А-ийн цалингаас суутгасан. Тав хоногийн барьцаа авсан гэж яриад байна. Ийм зүйл болоогүй. Байгууллагад нягтлан байхгүй байснаас нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байна. Хөдөлмөрийн гэрээн дээр үндсэн цалинг 1,200,000 төгрөг гэж дурдсан. Хуулиараа үндсэн цалингаас нийгмийн даатгалын шимтгэл төлдөг.

Н.А- нь ажлаас халагдсанаа хүлээн зөвшөөрч, цалингийнхаа асуудлаар Хөдөлмөрийн маргаан таслах комисст хугацаандаа гомдол гаргасан. Харин хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон асуудал дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан 30 хоногийн дотор хандаагүй гэдэг шалтгаанаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Н.А-ийг нөүтбүүк авахад нь зориулж манайх 690,000 төгрөгийг шилжүүлсэн. Зөөврийн компьютерыг нэхэмжлэгч өөрөө авна гэж байгаа учраас 690,000 төгрөгийг бүхэлд нь цалинд шилжүүлэн тооцоход 243,291 төгрөгийн цалин илүү олгосон. Иймд 243,291 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Буцалтгүй тусламжийг 2 жилээс дээш жил ажилласан хүмүүст олгодог. Гэтэл нэхэмжлэгч 2 сар ажилласан байж нөүтбүүкийг миний өмч, байгууллагын хөрөнгө биш гэж байгаа нь учир дутагдалтай. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

Зөөврийн компьютер 690,000 төгрөгөөр авснаас 390,000 төгрөгийг нь миний цалингаас суутгаж авсан. Нэг удаагийн буцалтгүй тусламж гээд компанийн зүгээс 300,000 төгрөг гаргасан. Зөөврийн компьютер нь 100% минийх болно гэдгийг мэдэж байсан. Хэрвээ энэ зүйл компанийн өмч хөрөнгө байсан бол надад бичгээр анхнаасаа хүлээлгэж өгөх байсан. Компанийн эд хөрөнгө байсан бол өөрийнхөө цалингаас 390,000 төгрөг суутгуулахгүй байсан. Тэрнээс гадна 2 жил гэдэг зүйл ярьж байна. Огт ийм зүйл яриагүй, чинийх болно гэж хэлсэн. Би анхнаасаа урт хугацаанд ажиллана гэж байсан. Надаас 243,291 төгрөг шаардах үндэслэл байхгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч И.Амартөгсийг урьд эрхэлж байсан төгөлдөр хуурын зөвлөх багшийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 12,000,000 төгрөг, дутуу олгосон цалин хөлс 488,370 төгрөг, нийт 12,488,370 төгрөгийг хариуцагч Р ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 171,630 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, илүү олгосон цалин хөлс 243,291 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2,288,370 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл 12,000,000 төгрөгөөс тус тус тооцон нэхэмжлэгч Н.А-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Р ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар энэхүү нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгч Н.А-өөс төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж түүнд олгож, хариуцагч Р ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 214,763.92 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэсэн байна.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Нэхэмжлэгч Н.А- нь манай байгууллагад ажиллах хугацаандаа 2023 оны 09 сарын 22-ны өдөр А гэх сурагчийг үсэг тоо мэддэггүй гэх шалтгаанаар хичээл заагаагүй, Мөн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр АҮ-ийн дүүг 7 хүртэлх тоо мэдэхгүй гэх шалтгаанаар ангиас хөөж, хүүхдийн амь насанд эрсдэл учруулах нөхцөл байдал бий болгож, ажилдаа хайнга, сэтгэлгүй хандсан. Үүнийг гэрч М болон үзлэг хийсэн чат, менежер Оюун-Эрдэнэ, М нарын хооронд бичсэн чатаар тогтоогддог.

Энэ байдлыг захирал О.О нь А рүү ажлаас чөлөөлөгдсөн, ажлаа хүлээлгэж өгөх болон байгууллагаас өгсөн нөүтбүүкийн хамт хүлээлгэж өгөх тухайгаа өөрийнх нь чат мессенжер хаяг руу 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдэхэд зөрүү цалингаа авъя гэсэн шаардлага гаргахад манай байгууллагаас хүлээлгэж өгсөн Dell маркын нөүтбүүкийг хүлээлгэж өгөөд аваарай гэж хэлсэн боловч нөүтбүүкийг хүлээлгэж өгөөгүй, ажлаа хүлээлгэж өгөөгүй ажлаа таслаад, ажлаа орхиод явсан.

Хэрвээ Н.А- нь зөвхөн цалингийн зөрүүний асуудал дээрээ нэмэлтээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцалсан гэж үзэж байсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.2.2-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан бол хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүх шууд хянан шийдвэрлэнэ гэсэн заасан.

Иймд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журам зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

6.2. Манай байгууллагын өмч хөрөнгө болсон нөүтбүүкийг нэхэмжлэгч авч явсан нь өөрийнх нь тайлбараар нотлогддог. Манай байгууллага 2 сар ажилласан ажилтанд буцалтгүй тусламж болгож нөүтбүүк олгодоггүй. Анхан шатны шүүх нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад үндэслэл бүхий тайлбарыг дутуу хийсэн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Нөүтбүүк нь компанийн эд хөрөнгө байсан бол компани нэр дээр бүртгэлтэй, надад бичгээр хүлээлгэж өгөх ёстой бөгөөд би цалингаасаа 390,000 төгрөгийг төлж компанид авч өгөхгүй, компанийг нөүтбүүкний мөнгийг нь 100 хувь төл, би ажлаас гарахдаа хүлээлгэж өгнө гэж тохирох байсан. Намайг ажиллах хугацаанд ажилчдын хурал хийсэн. Уг хуралд н.О захирал компани зүгээс Н.А- багшид нэг удаагийн буцалтгүй тусламжаар нөүтбүүк авч өгсөн бөгөөд компани 50 хувийн төлбөрийг гаргасан гэж хэлсэн. Энэ талаарх баримт хэргийн материалд авагдсан байдаг гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч Н.А- нь хариуцагч Р ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 8,580,000 төгрөг, дутуу олгосон цалин хөлс 490,909 төгрөг, нийт 9,070,909 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 243,291 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

2. Анхан шатны шүүх, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу зөв үнэлж, үйл баримтуудыг зөв тогтоосон байна.

 

2.1. Нэхэмжлэгч Н.А-ийг, хариуцагч Р ХХК-д 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс төгөлдөр хуурын зөвлөх багшаар ажиллуулж, үндсэн цалинг 1,200,000 төгрөгөөр тогтоож, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

/хх6-10,62, 226-230/

 

3. Р ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №2310048 дугаар Н.А-ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар нэхэмжлэгч Н.А-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлд заасныг удирдлага болгон хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан, сургалтын чанарын доголдолтой ажиллаж байгууллагын нэр хүнд, үйлчлүүлэгчдийн урсгалд сөрөг нөлөө үзүүлсэн гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалжээ./хх 63/

 

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан байхад талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил гэж юуг авч үзэх талаар харилцан тохиролцож нэрлэн заагаагүй, түүний гаргасан гэх зөрчлийг шалган тогтоосон нотлох баримтгүй, ажлаас чөлөөлсөн тушаалд уг үндэслэлийг тодорхой заагаагүй байна. Иймд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т нийцээгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

5. Түүнчлэн, нэхэмжлэгч Н.А-өд 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гардуулж өгөөгүй, хариуцагч уг тушаалыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас шүүхэд ирүүлснээр уг тушаалтай анх танилцсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдсөн, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болсныг мэдэж байсан гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсэгт ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн нэг хувийг гардуулж өгнө гэж заасныг зөрчсөн байна.

 

5.1. Мөн, хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмыг зөрчсөн учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулна гэх хариуцагчийн гомдлыг хангахгүй. Тодруулбал, нэхэмжлэгч нь цалин хөлсний асуудлаар Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийн дагуу тус дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хандаж улмаар шүүхэд нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байх тул урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчсөн гэж үзэхгүй.

 

6. Нэхэмжлэгч Н.А-ийг ноцтой зөрчил гаргасан, сургалтын чанарын доголдолтой ажиллаж байгууллагын нэр хүнд, үйлчлүүлэгчдийн урсгалд сөрөг нөлөө үзүүлсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас нотлох баримтаар нотлоогүй байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 12,000,000 төгрөг, мөн дутуу олгосон цалин хөлсөнд 488,370 төгрөг, нийт 12,488,370 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

8. Нэхэмжлэгчээс байгууллагын өмчлөлийн нөөтбүүкийг авч явсан гэх үндэслэлээр 243,291 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангуулах тухай хариуцагчийн гомдол үндэслэлгүй. Учир нь ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлгүй тул ажилтныг ажилд нь буцаан тогтоосон үндэслэлээр нөөтбүүкийг нэхэмжлэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж үзэж сөрөг нэхэмжлэлийг хангаагүй анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ. Түүнчлэн, уг нөөтбүүкийн өмчлөгч бөгөөд уг эд хөрөнгийг шаардах эрхтэй болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас нотлох баримтаар нотлоогүй байна.

 

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2024/03463 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 222,714 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ