| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/02919/И |
| Дугаар | 210/МА2024/01958 |
| Огноо | 2024-11-06 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2024/01958
2024 11 06 210/МА2024/01958
Д.М-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2024/03406 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Д.М-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч Ш- БГ-т холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х ХХК,
Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2022/02332 дугаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Х ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаасаа 20,467,550 төгрөгөөс татгалзаж, хариуцагч талын зүгээс үлдэх 105,467,550 төгрөгийг, 9 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт, 6 дугаар хэсэг гудамж, 00 тоотод байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай 400 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг битүүмжлэн хураасан.
Төлбөр төлөгч Д.М-ын зүгээс үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний Б ХХК-ийн 021 дугаартай тайлан үнэлгээг хэд хэдэн шалтгааны улмаас хүлээн зөвшөөрөхгүй.
021 тоот хөрөнгийн үнэлгээний тайланд төлбөр төлөгчийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт, 6 дугаар хэсэг гудамж, 00 тоотод байрлах хувийн сууцны зориулалттай 216 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн хийцийг Палкаар барьж шавардсан. Нүүрэн тал банзан өнгөлгөөтэй. Ханан пийшин халаалттай гэж тодорхойлсон. Бодит байдал дээр 00 тоотод байрлалтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хувьд 64-н буюу 64 см зузаан тоосгон ханатай, халаалтай нам даралтын зуух болон цахилгаан хосолсон халаалтын системтэй болно.
Б ХХК-ийн 021 тоот тайлангийн 2.5-т Хөрөнгийн үнэлгээ ҮOYC 105 үнэлгээний хандлагууд ба аргуудыг үндэслэн зах зээлийн хандлагын жиших ажил гүйлгээний арга болон өртгийн хандлагын орлуулалтын аргаар тус тус хийж гүйцэтгэлээ гэж бичсэн. Харин 021 тоот тайланд барилга байгууламжийг зах зээлийн жиших аргаар хийсэн тооцоолол байх боловч өртгийн хандлагын аргаар тооцооллыг огт хийгээгүй.
Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгийг өртөгийн хандлагын аргыг хэрэглэх боломжгүй, шаардлагагүй гэсэн нэг ч үг өгүүлбэр байхгүй байгаа нь Б ХХК-ийн зүгээс 021 тоот хөрөнгийн үнэлгээний тайланг санаатайгаар бүрэн гүйцэт хийгээгүй.
Иймд тус 021 тоот үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Хураасан хөрөнгийн үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу тогтоох зорилгоор талуудаас үнийн санал авах, үнэлгээг тохиролцуулах ажиллагааг хийсэн боловч талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч болох Б ХХК-ийг томилж, хөрөнгийн үнэлгээг тогтоолгож, талуудад хуулийн хугацаанд танилцуулж, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэлээр баталгаажуулсан.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Ш- Банкны төлбөр барагдуулах газрын эрхийн улсын бүртгэлийн Ү-2203016927 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт 6 хэсэг гудамж, 00 тоотод байрлах 216 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах эзэмших эрхтэй 400 м.кв талбай бүхий газрын зах зээлийн үнийг 232,523,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш- БГ-аас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.М-ад олгож шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
Б ХХК-ийн 021 тоот тайлангийн 2.5-т Хөрөнгийн үнэлгээ ҮОУС 105 үнэлгээний хандлагууд ба аргуудыг үндэслэн зах зээлийн хандлагын жиших ажил үйлчилгээний арга болон өртгийн хандлагын орлуулалтын аргаар тус тус хийж гүйцэтгэлээ гэж бичсэн.
Харин 21 тоот тайланд барилга байгууламжийг зах зээлийн жиших аргаар хийсэн тооцоолол байх боловч өртгийн хандлагын орлуулалтын аргаар хийсэн тооцоолол огт байхгүй, өртгийн хандлагын орлуулалтын аргыг яагаад ашиглаагүй болох нь тодорхойгүй. Мөн маргаж буй хөрөнгийг үнэлэхдээ ямар шалтгааны улмаас дан ганц зах зээлийн хандлагын аргад ач холбогдол өгсөн талаар нэг ч үг, өгүүлбэр дурдаагүй.
Харин анхан шатны шүүх Д.М-ын нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ хөрөнгийн үнэлгээний 21 тоот тайланд огт бичигдээгүй хөрөнгийн зах зээлийн үнийн судалгаанд тулгуурлан зах зээлийн хандлагын үнэлгээнд ач холбогдол өгсөн байх гэсэн үндэслэл гаргаж ирж нэхэмжлэлийн үндэслэлийг үгүйсгэсэн.
Харин хөрөнгийн үнэлгээний Б ХХК нь 21 тоот тайланд дурдсан шиг зах зээлийн хандлагын жиших ажил үйлчилгээний арга болон өртгийн хандлагын орлуулалтын аргаар тооцоолол хийж аль нь Д.М-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг илүү бодитой тогтоож байна гэдгээр дүгнэлтээ гаргах ёстой байсан гэж үзэж байна.
Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж 03406 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт хөрөнгийн үнэлгээний тайланг хийхдээ өртгийн хандлагын орлуулалтын аргыг хэрэглээгүй нь буруу байна гэх утга агуулгыг нэмж оруулж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.
6. Давж заалдах гомдолд гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга: Гомдлыг дэмжихгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
1. Нэхэмжлэгч Д.М- нь хариуцагч Ш- БГ-т холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу үнэлж, үйл баримтыг зөв тогтоож хэргийг шийдвэрлэсэн байна.
3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2022/02332 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Х ХХК нь 20,467,550 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б ХХК, Д.М- нараас 105,467,550 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах, тухайн төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ./хх49-50/
3.1. Хуулийн хүчин төгөлдөр уг шийдвэрийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр шүүхээс 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 181/ГХ2024/00359 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. /хх 46,51/
4. Хариуцагч байгууллагаас барьцааны зүйл болох Д.М-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203016927 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт 6 хэсэг гудамж, 00 тоотод байрлах 216 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах эзэмших эрхтэй 400 м.кв талбай бүхий газрыг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 24360833/03 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 24360833/05 дугаартай тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна./хх 54-55,57-58/
5. Хариуцагч нь 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 4/40 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар Б ХХК-ийн үнэлгээчин Ц.О-ийг шинжээчээр томилсон байна./хх 60-61/
5.1. Б ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 021 дугаар Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан-д Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт 6 хэсэг гудамж, 00 тоотод байрлах 216 м.кв талбайтай хувийн сууцыг палкаар барьж шавардсан. Нүүрэн тал банзан өнгөлгөөтэй. Ханан пийшин халаалттай барилга гэж тодорхойлсон байна. /хх70/
5.2. Анхан шатны шүүхээс 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлээр маргаан бүхий хувийн сууц нь цутгамал суурьтай, 64-ийн тоосгон ханатай, гадна хана шавардлага, дотор хана эмульс обой, плита өнгөлгөөтэй, модон хучилт төмөр дээвэртэй, цэвэр бохир усны худаг шугамтай, нам даралтын галлагаа, цахилгаан хосолсон халаалттай болох нь тогтоогджээ. /хх147-150/
5.3. Мөн Б ХХК-аас 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд ирүүлсэн албан бичгээр тухайн тайланд алдаа гаргасныг залруулсан байна. /хх139/
5.4. Шүүх хуралдаанд оролцсон үнэлгээчин ...тайлан гаргахдаа алдаа гаргасан гэж тайлбарласан байх ба хувийн сууцны бүтээц нь тоосгоор хийгдсэн байхад палкаар барьсан гэж дүгнэлт гаргасан нь тухайн хөрөнгийн зах зээлийн үнэлгээг бодит бусаар гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.
5.5. Дээрх үйл баримтуудаас үзэхэд маргаан бүхий хувийн сууцыг үнэлсэн тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан хөрөнгийн үнэлгээний тайланд тавигдах шаардлагад нийцээгүй байх тул уг үнэлгээг хуульд нийцээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
6. Анхан шатны шүүх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээний тайланг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн байхад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг хийхдээ өртгийн хандлагын орлуулалтын аргыг хэрэглээгүй нь буруу байна гэсэн агуулгаар гаргасан гомдол нь үндэслэлгүй байх тул давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2024/03406 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Ц.АЛТАНЦЭЦЭГ