Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 504

 

 

 

 

 

 

-

 

-

     2019           5           06                                         2019/ШЦТ/504         

-                                         

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Журагат,  

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатар,

шүүгдэгч Д.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Уыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808009780162 дугаар 2 хавтас хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт,

урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 482 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 510 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 сар 2 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Олхонууд овогт Дэчигсүрэнгийн У /РД: /.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Д.У нь 2018 оны 01 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын автобусны буудлын орчимд байрлах “Дэн буудал, үсчин, гоо сайхан, халуун ус” гэх хаяг бүхий дэн буудлын 7 тоот өрөөнд Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний мөнгөн тэмдэгт болох АА5686242 сери дугаартай 20.000-тын дэвсгэртийг хуурамчаар үйлдсэн, мөн хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хялбар аргаар мөнгө олъё гэж бодсон. Гэм буруугаа ойлгож байна. Бага ял шийтгэл оногдуулна уу” гэв.

 

Эрүүгийн  1808009780162 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Н.Цын: “Монгол Улсын мөнгөн дэвсгэртийг Улсын их хурлаар баталсан хэв загварын дагуу хэвлэж гүйлгээнд оруулдаг. 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт нь хэмжээний хувьд 150x72 мм хэмжээтэй, хамгаалалтын элементийн хувьд 4 түвшний хамгаалалт байдаг. Үүнд 1 дүгээрт энгийн нүдээр иргэд шууд хараад таних боломжтой, хурууны өндгөөр мэдрэгдэх боломжтой. 2 дугаар түвшний хамгаалалтын элемент нь тусгай багаж, төхөөрөмжөөр таних боломжтой. Жишээлбэл хэт ягаан туяаны гэрэл болон томруулдаг шилээр харахад мэдэгдэнэ. Гуравдугаарт тусгай тоолох машинд зориулагдсан соронзон чанартай хамгаалалт байна. 4 дүгээр түвшний хамгаалалт зөвхөн төв банк мэдэх нууцлалтай хамгаалалт байдаг. Илэрсэн хуурамч 20.000-тын дэвсгэрт нь Чингисийн зураг бүхий усан хээ байхгүй, МБ гэсэн бичиглэл байхгүй, гарын өндгөнд мэдэгдэхүйц товгор хээний хэвлэлт байхгүй, мөнгөн дэвсгэртийн баруун доод буланд 4 морьтон баатрын дүрс байхгүй байна. Бусад зүйлс шинжээчийн дүгнэлттэй тохирч байна. Хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-13-19/,

Гэрч П.Цэрэнбадамын: “Би 2018 оны 2 дугаар сарын 17-ны өдөр өөрийн хашаандаа мод нүүрс зарж байсан. Өдрийн орлогын мөнгөн дундаас хуурамч 20.000 төгрөг гарч ирсэн. Хүүгээсээ энэ мөнгийг хэн өгсөн талаар асуутал такси барьж ирсэн хүн нэг шуудай мод, нэг шуудай нүүрс худалдан аваад явсан. 6000 төгрөгийн гүйлгээ хийсэн, 14.000 төгрөг хариулт болгож өгсөн” гэсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-20/,   

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018.04.10-ны өдрийн 2527 дугаар дүгнэлтэд “1. Шинжилгээнд ирүүлсэн Монгол Улсын 20.000 төгрөгийн мөнгөн тэмдэгт гэх зүйл нь хуурамч мөнгөн тэмдэгт байна. 2.Сери дугаарыг ердийн өнгөт хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн. 3. Дээрх аргаар хийгдсэн хуурамч мөнгөн тэмдэгтүүд шинжилгээнд ирж байсан. 4.Лавлагаа мэдээлэл гаргаж өгөх асуудал нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамааралгүй болно” гэжээ /1 дүгээр хавтас, хх-25-27/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018.02.21-ний өдрийн 1475 дугаар дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ирүүлсэн АА5686242 дугаартай Монгол Улсын 20000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн АА5686242 дугаартай Монгол Улсын 20000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт нь хуурамч байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн ...мөнгөн дэвсгэртийг хуулбарлан олшруулах аргаар өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан ердийн цаасан дээр хэвлэсэн хуурамч мөнгөн дэвсгэрт байна. 4. Шинжилгээнд ирүүлсэн мөнгөн дэвсгэртийн сери дугаарыг өөрчлөөгүй байна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-76-77/,

Иргэний нэхэмжлэгч Г.Саранцэцэгийн: “2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд “Орших” нэртэй дэлгүүрт ажиллаж байхад шөнө 22 цагийн үед гаднаас үл таних 20-25 орчим насны залуу орж ирээд манай нөхөрт “2 гоньд, нэг ундаа авъя” гээд 20.000 төгрөг өгсөн. Тэр залуугийн өгсөн 20.000 төгрөгийг харахад хуурамч мөнгө байсан. “Энэ хуурамч мөнгө байна” гэж хэлэхэд нөгөө залуу зугтаах гэж оролдоход нөхөр Цолмонбат тэр залууг барьж аваад “чи яагаад хуурамч мөнгө ашиглаж байгаа юм бэ, хаанаас авсан мөнгө вэ” гэхэд тэр залуу “ахаа би наад мөнгийг чинь таксинаас авсан, ахтайгаа хамт явж байгаа, гадаа гараад солиод өгье” гээд байхаар нь Цолмонбат “худлаа яриад бай, ахыгаа дуудаад ир” гэж хэлэхэд тэр зугтаах гээд байхаар нь нөхөр бид хоёр дэлгүүрийнхээ ард талын амралтын өрөө рүү чирж оруулсан. Тэр залуу манай нөхөртэй зууралдаж байгаад манай лангууг эвдсэн. Манай дэлгүүрийн гадаа тэр залуугийн унаж байсан саарал өнгийн автомашин /марк, улсын дугаарыг сайн санахгүй байна/ түлхүүр нь зоолттой, асаалттай чигээрээ үлдсэн. Лангууг эвдэлсэн, засварт 150.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-72-73/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2019.01.29-ний өдрийн 671 дүгээр хөрөнгийн үнэлгээний тайланд “Эвдэрсэн лангуу 150.000 төгрөг, мөнгөн дэвсгэрт 20.000 төгрөг, нийт хохирлын дүн нь 170.000 төгрөг” гэжээ /1 дүгээр хавтас, хх-81-83/,

Иргэний нэхэмжлэгч Д.Санждансрангийн: “2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 182 тоот гэрээгээр 6 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй, 1.800.000 төгрөгийн, тээврийн хэрэгслийг өөрөө унаж хэрэглэж байхаар гэрээ байгуулсан. Одоогийн байдлаар 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр, 2018 оны 02 дугаар сарын 19-нөөс өдрийн төлөх ёстой зээлийн төлөлт хийгдээгүй байгаа. Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн хүүгийн төлөлт хийлгүй 30 хоног хэтэрсэн тохиолдолд хурааж авна гэсний дагуу автомашиныг манайх хураан авч Уын зээлийг төлж дууссанд тооцсон” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-24/,

Шүүгдэгч Д.Уын яллагдагчаар өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын дундуур би 3, 4 дүгээр хорооллын BSB дэлгүүрээс HP брэндийн өнгөт принтер аваад 21 дүгээр хорооллын автобусны буудлын арын 2 давхар зочид буудалд 2 цагийн хугацаатай цаг авч ороод 60 ширхэг бичгийн цаасан дээр 55 ширхэг Монгол Улсын 2 ширхэг 20.000 төгрөгийг нийтдээ 55 ширхгийг хэвлэсэн. Би Мандах бүртгэл сургуульд сурч байхдаа компьютер, принтерийн мэдлэгтэй болсон байсан учраас тэр мэдлэгээ ашиглаад хуурамч мөнгөн тэмдэгт үйлдэхээр болсон. Би нийтдээ 55 ширхэг мөнгөн тэмдэгтээс 48 ширхгийг нь гүйлгээнд оруулсан. Ерөнхийдөө би 7 буудал, Дэнжийн 1000, Толгойт хавийн нүүрс, мод худалдаалдаг цэгүүд, мөн хүнсний дэлгүүрүүдэд бага хэмжээний худалдан авалт хийгээд хариулт мөнгийг авч ашигладаг байсан. ...Миний хуурамчаар үйлдсэн 20.000 төгрөгийн мөнгөн тэмдэгт нь АА5686242 гэсэн дугаартай байсан.

...Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтод байх “Шөнийн дэлгүүр”-тэй ойролцоо байх гудамжаар явж байгаад HP брендийн 3 үйлдэлтэй өнгөт хувилагчийг хаясан. Тэгээд би 45 ширхэг хуурамч 20000 төгрөгийн дэвсгэртээр худалдаа хийж хариулт мөнгөнүүдийг нь бэлэн мөнгө болгон гаргаж авсан. Ингэхдээ Долоон буудал, Дэнжийн 1000, Толгойт хавиар мод, нүүрс зардаг цэг болон хүнсний дэлгүүрүүдээр бага хэмжээний худалдаа хийсэн. Ингэсээр байгаад надад 7 ширхэг хуурамч 20.000 төгрөгийн дэвсгэрт үлдсэн байсан. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, “Орших” нэртэй хүнсний дэлгүүр орж худалдаа хийж байгаад дэлгүүрийн эзэнд баригдаад цагдаагийн байгууллага дээр ирсэн. Тэр үед би цагдаагийн байгууллага дээр байхдаа гавласан байсан гаваа тайлаад зугтаагаад гэртээ очоод хуурамч 7 ширхэг 20000 төгрөгийн дэвсгэртээ шатаасан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-46-48, 192-195, 216-219, 2 дугаар хавтас, хх-34-37, 51-56/,

Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан иргэн н.Цэрэнбадамын өргөдөл /1 дүгээр хавтас, хх-16/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан иргэн Г.Саранцэцэгийн өргөдөл /1 дүгээр хавтас, хх-62/, хэвлэмэл мөнгөн тэмдэгт /1 дүгээр хавтас, хх-22, 74/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-31, 66/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хавтас, хх-32/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтас, хх-41/, “Нет инвест” ХХК-ийн хүсэлт, тодорхойлолт /1 дүгээр хавтас, хх-86-87/, гэрч Б.Санждансүрэнгийн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-89-90/, барьцаат зээлийн гэрээ /1 дүгээр хавтас, хх-91-97/, эд хөрөнгө битүүмжлэх мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-101-102/, “Вендо” ХХК-ийн 2018.03.12-ны өдрийн С02/018 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтас, хх-104-105/, гэрч Г.Оюунсүрэн, Н.Сувдаа нарын мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-108-109, 175-176/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хавтас, хх-114/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа /1 дүгээр хавтас, хх-119/, шийтгэх тогтоолуудын хуулбар /1 дүгээр хавтас, хх-135-143/, Асап сангийн бүртгэл /1 дүгээр хавтас, хх-144-156/, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /1 дүгээр хавтас, хх-221-222, 223-224/, эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /1 дүгээр хавтас, хх-225-226/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-205-210/, хохирлын мөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-232-233/ зэрэг баримтуудыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргахгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэж,

шүүгдэгч “Миний буруу гэмшиж байна” гэж тус тус дүгнэлтээ танилцуулав.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.У нь 2018 оны 01 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын автобусны буудлын орчимд байрлах “Дэн буудал, үсчин, гоо сайхан, халуун ус” гэх хаяг бүхий дэн буудлын 7 тоот өрөөнд Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний мөнгөн тэмдэгт болох АА5686242 сери дугаартай 20.000-тын дэвсгэртийг хуурамчаар үйлдсэн, мөн хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Н.Цын “...хуурамч 20.000-тын дэвсгэрт нь Чингисийн зураг бүхий усан хээ байхгүй, МБ гэсэн бичиглэл байхгүй, гарын өндгөнд мэдэгдэхүйц товгор хээний хэвлэлт байхгүй, мөнгөн дэвсгэртийн баруун доод буланд 4 морьтон баатрын дүрс байхгүй байна. Бусад зүйлс шинжээчийн дүгнэлттэй тохирч байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-17-19/, шинжээчийн 2527 дугаар “1. Шинжилгээнд ирүүлсэн Монгол Улсын 20.000 төгрөгийн мөнгөн тэмдэгт гэх зүйл нь хуурамч мөнгөн тэмдэгт байна. 2. Сери дугаарыг ердийн өнгөт хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн...” гэжээ /1 дүгээр хавтас, хх-25-27/ гэх дүгнэлт, иргэний нэхэмжлэгч Г.Саранцэцэгийн: “...20-25 орчим насны залуу орж ирээд ...“2 гоньд, нэг ундаа авъя” гээд 20.000 төгрөг өгсөн. ...20.000 төгрөгийг харахад хуурамч мөнгө байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-72-73/, шинжээчийн 1475 дугаар “...2.Шинжилгээнд ирүүлсэн АА5686242 дугаартай Монгол Улсын 20000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт нь хуурамч байна. 3. ..хуулбарлан олшруулах аргаар өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан ердийн цаасан дээр хэвлэсэн хуурамч мөнгөн дэвсгэрт байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтас, хх-76-77/, шүүгдэгч Д.Уын яллагдагчаар өгсөн “...HP брэндийн өнгөт принтер аваад ...60 ширхэг бичгийн цаасан дээр 55 ширхэг Монгол улсын 2 ширхэг 20.000 төгрөгийг нийтдээ 55 ширхгийг хэвлэсэн. ...55 ширхэг мөнгөн тэмдэгтээс 48 ширхгийг нь гүйлгээнд оруулсан. ...Миний хуурамчаар үйлдсэн 20.000 төгрөгийн мөнгөн тэмдэгт нь АА5686242 гэсэн дугаартай байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-46-48, 192-195, 216-219, 2 дугаар хавтас, хх-34-37, 51-56/, хэвлэмэл мөнгөн тэмдэгт /1 дүгээр хавтас, хх-22, 74/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-205-210/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Уын дэн буудлын өрөөнд ердийн өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан АА5686242 сери дугаартай 20.000 төгрөгийн мөнгөн тэмдэгтийг хуулбарлан олшруулах аргаар хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу мөнгөн тэмдэгтийг хуурамчаар бэлтгэх, ашиглах гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч Д.Уыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Г.Саранцэцэгт 150.000 төгрөгийн эд хөрөнгийн шууд бус хохирол учирсан бөгөөд эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтас, 232-233/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.      

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, урьдчилан хоригдсон 3 сар 8 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, битүүмжлэлийг хүчингүй болгож, эзэмшигчид нь буцаан олгох, шүүгдэгчээс 40.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох саналтай. Хувийн байдлын хувьд өмнө нь мөнгөн дэвсгэрт хуурамчаар үйлдэж байсан, засрахгүй байна гэж дүгнээд 6 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруу дээр маргаагүй. Гэм буруугаа хүлээж байгаа. Учирсан хохирлыг нөхөн төлсөн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү. Жинхэнэ мөнгөн тэмдэгт ашигласан бол хууль бус орлого гэж үзэх байх, хуурамч мөнгөний хувьд тийм зүйл яригдахгүй байх. Нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэж,

шүүгдэгч “Бага ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.  

Харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /ердийн өнгөт хэвлэх төхөөрөмж ашигласан, 20.000 төгрөгийн мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, ашигласан гэх, Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал, төрийн мөнгөний бодлого, мөнгө санхүү, зээлийн тогтолцоонд хүнд хор уршиг учруулах шинжтэй уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирол төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй/, шүүгдэгчийн хувийн байдал /урьд энэ төрлийн гэмт хэрэгт 2 удаа холбогдож Өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болгогдож байсан/ зэргийг харгалзан улсын яллагчийн хорих ял оногдуулах болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг тус тус үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Гэвч хэмжээний хувьд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал, төрийн мөнгөний бодлого, мөнгө санхүү, зээлийн тогтолцоонд хүнд хор уршиг учруулах шинжтэй болох нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, үйлдэлд 6 жилийн хорих ял оногдуулах үндэслэлтэй байх боловч шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлыг төлснийг харгалзан хууль ёсны зарчим болоод шударга ёсны зарчимд нийцэж байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ут 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг дээрх үндэслэлээр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Уын мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдэн, ашигласнаас олсон орлого болох 20.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Уын 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоног,  2019 оны 01 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл урьдчилан хоригдсон 94 хоног, нийт 96 /ерэн зургаа/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулах тооцох нь зүйтэй гэж үзэв. /1 дүгээр хавтас, хх-177, 202-203, 214-215, 2 дугаар хавтас, хх-40-41/.     

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан АА5686242 сери дугаартай 2 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэртийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн 67-24 УБЯ улсын дугаартай “Samsung SM5” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсын эзэмшигчид нь буцаан олгож, шүүгдэгч Д.У хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Олхонууд овогт Дэчигсүрэнгийн Уыг Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ут оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.Уын урьдчилан хоригдсон 96 /ерэн зургаа/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан АА5686242 сери дугаартай 2 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэртийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн улсын дугаартай “Samsung SM5” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсын эзэмшигчид нь буцаан олгож, шүүгдэгч Д.У бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уаас 20.000 /хорин мянга/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Уын эдлэх ялыг 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ут авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР