| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 182/2023/04039/И |
| Дугаар | 210/МА2024/02008 |
| Огноо | 2024-11-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2024/02008
2024 11 22 210/МА2024/02008
Э ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2024/03832 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Н-, НГ-д тус тус холбогдох,
Гэм хорын хохиролд 806,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, хариуцагч НГ-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Э ТӨХК-ийг Төрийн өмчийн хорооноос зохион байгуулсан 1998 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дуудлага худалдаагаар худалдан авч 1998 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Төрийн өмчийн хорооны 463 дугаар тогтоол гарсан. Уг дуудлага худалдаагаар Э ХХК-ийг хувьчилж авах үед 539 нэр төрлийн эд хөрөнгийг хүлээн авсан бөгөөд тэрхүү эд хөрөнгийн жагсаалтад гаднаас орох 20 см зузаантай, 6,7 м өргөнтэй, 1,3 км урт бетон хучмал даацын зам буюу одоогийн Эрчим хүчний гудамжнаас М ХХК хүртэлх 1,3 км бетон зам багтсан. Компани нь өнөөдрийг хүртэл Э ХХК нэрээр үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ тус бетон даацын замын ашиглалт, эвдрэл гэмтэлтэй холбоотой бүхий л засвар үйлчилгээг хариуцан тухай бүр засварлаж ирсэн.
Гэтэл Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 11/33 дугаар тогтоолын дагуу Эрчим хүчний гудамжнаас М ХХК хүртэлх Таван толгойн түлш ХХК-ийн зүүн талаар 1,74 км авто зам тавигдахаар болж, уг авто замын трассд компанийн өмчлөлийн хашаан доторх газар болон объект өртсөн гэх үндэслэлээр манай компанитай тохиролцоо хийх саналыг гаргасныг компанийн зүгээс Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжин, авто замын трассд өртөж буй газрыг чөлөөлөхийг хүлээн зөвшөөрсөн. Харин үүний хариуд Нийслэлийн Засаг даргаас нөхөн олговрыг олгохоор болсон ба компанийн зүгээс зөвхөн манай компанийн хашаан доторх хэсэг өртөж байна гэж ойлгон дээрх тохиролцоог хийж өөрийн компанийн хашаан доторх өртөгдөж буй газар болон объектыг чөлөөлсөн.
Гэтэл 1,74 км авто замыг тавих явцад манай компанийн хашаан доторх газраас гадна хашааны гаднах 1998 онд өмч хувьчлалаар худалдаж авсан бетон даацын авто зам уг трассд өртсөн бөгөөд бид Нийслэлийн Засаг дарга болон НГ-д хандан манай компанийн өмчлөлийн өртөж буй 1,3 км авто замд холбогдуулан нөхөх олговрыг шийдэж өгөхийг хүссэн. НГ-аас Нийтийн эзэмшлийн газар тул нөхөх олговор олгохгүй гэсэн хариуг өгсөн.
Бид 1998 онд худалдаж авсан компани, түүнтэй дагалдан ирсэн 1,3 км урттай бетон даацын авто замын өмчлөгч мөн болохоо баталгаажуулах зорилгоор Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдуулан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд уг авто замын өмчлөгч мөн болохоо тогтоолгох тухай нэхэмжлэл гаргахад иргэний шүүхээс өмч хувьчлалаар худалдаж авсан эд хөрөнгийн өмчлөгчөөр дахин тогтоох боломжгүй гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Анх өмч хувьчлалын дуудлага худалдаагаар уг компанийг худалдаж авах үед компанийн бүх эд хөрөнгө өөрийн гэсэн үнэлгээтэй байхын зэрэгцээ Нийслэлийн өмчийн харилцааны газар нь уг 1,3 км бетон авто зам нь 1998 оны хувьчлалаар хувьчилж авах үед дагалдаж хувьчлагдсан гэдгийг, Замын хөгжлийн газар нь Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлсэн албан бичигтээ Э ХХК-ийн 1,3 км бетон зам шинээр хийгдэх автозамын нөлөөлөлд өртөж, давхцаж байгаа нь үнэн гэх буюу манай компанийн өмчлөлийн бетон зам өртсөн гэдгийг тус тус хүлээн зөвшөөрдөг.
Түүнчлэн, компанийг худалдаж авах үед уг авто зам нь 4,000,000 төгрөгийн үнэлгээтэй байсан бөгөөд тухайн үед хүлээлгэн өгсөн эд хөрөнгийн жагсаалтад гаднаас орох 1,3 км авто бетон зам гэж тодорхой тусгасан.
Иймд Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Э ХХК-ийн хашааны гадна байрлах Эрчим хүчний гудамжнаас М ХХК хүртэлх 1,3 км бетон авто зам буюу үл хөдлөх эд хөрөнгөд учруулсан гэм хорын төлбөрт 806,000,000 төгрөгийг хариуцагч Н-аас гаргуулж өгнө үү.
НГ-д холбогдох шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
2. Хариуцагч Н-ийн тайлбарын агуулга:
Газрын тухай хуульд газрыг өмчилж, эзэмшиж, ашиглаж болохоор заасан. Газрын эзэмшиж эсвэл ашиглах тохиолдолд газрыг баталгаажуулж, гэрээ байгуулан газар эзэмших эрхийн гэрчилгээ эсвэл газар ашиглах эрхийн гэрчилгээ авах ёстой.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсанаар Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ гэж заасны дагуу 1,3 км гаднаас орох зам гэж эд хөрөнгийн жагсаалтад бичсэн нь газрын мөн хамаатуулж ойлгох ойлголт. Иймд газраас салгаж үл болох, салгасан тохиолдолд зориулалтын дагуу ашиглах боломжгүй эд хөрөнгийн хувьд газар нь албан ёсоор баталгаажаагүй тохиолдолд тус компанийн өмч гэж үзэх боломжгүй.
НГ-аас Э ХХК-д илгээсэн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 01-11/3900 дугаар албан бичигт дурдсанаар хуулийн дагуу бүртгэлтэй байсан тус компанийн эзэмшлийн 1681900727 нэгж талбарын дугаартай 36,308 м.кв газраас 4,262 м.кв газар болон эд хөрөнгө төлөвлөлтөд өртөж, нөхөх олговрыг олгосон. Харин маргаан бүхий газар нь тус нэгж талбарт хамаарахгүй, нийтийн эзэмшлийн газарт хамаарч байгааг тодорхойлсон.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хавсаргасан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 06907 дугаар захирамжаар Э ХХК-ийн 1,3 км бетон авто замын өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байхад уг зөрчлүүдийг арилгахгүйгээр дахин нэхэмжлэлийг ирүүлсэн гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Мөн Замын хөгжлийн газар нь Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлсэн албан бичигт 1,3 км урттай бетон зам нь шинээр хийгдэх авто замын нөлөөлөлд өртөж давхцаж байгаа нь үнэн гэж тодорхойлсноос биш уг зам нь тус компанийн өмч гэж тодорхойлоогүй. Гэтэл нэхэмжлэгч уг захирамж, албан бичгийн агуулгыг илт мушгин гуйвуулсан байна.
Хариуцагчийн зүгээс хууль ёсны дагуу бүртгэлтэй байсан газраас тус компанийн эзэмшлийн газартай давхцаж байгаа хэсгийг тодорхойлж нөхөх олговрыг өгсөн. Харин маргаан бүхий авто зам, газар нь нэхэмжлэгчийн өмч биш төрийн өмчийнх учраас хариуцагчийн санаатай эсвэл болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч НГ-ы тайлбарын агуулга:
Нийслэлийн Засаг даргын 2018 оны 1135 дугаар захирамжаар ЭХБУТрест ХК нь 1681900827 нэгж талбарын дугаартай 36,308 м.кв газрыг эзэмшдэг байсан. Энэ эдэлбэр газрын 4,262 м.кв газар буюу Эрчим хүчний гудамжнаас М ХХК болон Т ХХК-ийн зүүн талаар шинээр хийгдэх авто замын нөлөөлөлд өртсөн.
Энэ авто замын нөлөөлөлд өртсөн талаар манай албанаас мэдэгдэж, хөрөнгийн үнэлгээ хийгдэж, НГ-ы даргын баталсан нөхөн олговрын үнийн дүнг зөвшилцөх хуудсаар үнийн дүнг тухайн компанитай зөвшилцсөн бөгөөд нийт эд хөрөнгөн дээр нь 601,322,119 төгрөгийн нөхөн олговор олгохоор тохиролцсон.
Өөрөөр хэлбэл, хилийн шугамаас гаднах газар бол Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д заасны дагуу нийтийн эдэлбэр газар байгаа. Нийтийн эдэлбэр газар нь нийтээр ашиглахаар тогтоосон төрийн өмчийн газрыг хэлнэ гэж хуульд заасан учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, мөн гадна байгаа эд хөрөнгийн асуудалд манай алба хариуцахгүй гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н-, НГ-д тус тус холбогдох хохирол 806,000,000 төгрөг гаргуулах тухай Э ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 4,187,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
5.1 Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Нэхэмжлэгч Э ХХК-ийг 1998 оны өмч хувьчлалаар худалдан авахад компанийн эд хөрөнгийн жагсаалтад 1.3 км авто зам нь 11,000,000 төгрөгөөр үнэлэгдэж, энэ хэмжээгээр дуудлага худалдааны үнэ нэмэгдэж 801,549,900 төгрөг болж байсан. Гэтэл Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 11/33 дугаар бүхий Эрчим хүчний гудамжнаас М ХХК хүртэл 1.74 км авто зам тавих тогтоол гарч, тогтоолыг Нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэхдээ манай нэхэмжлэгч компанийн 1998 онд дуудлага худалдаагаар худалдаж авсан компанийн эд хөрөнгө болох 1.3 км урттай гаднаас орох бетон автозамыг хуулж, дахин ашиглах боломжгүй болгож манай өмчид халдсан. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т учруулсан хохирлыг арилгуулах замаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан. Учир нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасны дагуу 1998 онд төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул компанийн эд хөрөнгийн жагсаалтад байсан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө бүхэлдээ дагаж ирсэн. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь компанийг худалдаж аваад төлбөрийг бүрэн төлж барагдуулсан нь хуулийн дээрх заалтын шаардлагыг бүрэн хангасан. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь нэхэмжлэгчийн өмчид халдаж хохирол учруулсан тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заалтыг үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлага гаргахад анхан шатны шүүх Газрын тухай хууль, Авто замын тухай хуулийг дурдаж нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэлээ нэхэмжлэгч нь нөхөн олговроо авсан буюу хохирлыг нөхөн олгосон тул хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж тайлбарласан. Нийслэлийн Засаг дарга нь нэхэмжлэгч Э ХХК-ийн хашаан доторх газар болон эд хөрөнгөд л нөхөн төлбөрийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Харин гаднаас орох 1.3 км бетон авто замын хохиролд нөхөн төлбөрийг төлөөгүй байхад төлсөн мэтээр тайлбарлан бичсэн нь нөхцөл байдлыг илт гуйвуулж шийдвэрлэсэн буюу шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.
Нэхэмжлэгчийн зүгээс Газар зохион байгуулалтын албыг хамтран хариуцагчаар татсан боловч ажиллагааны явцад уг хариуцагчаас татгалзсан ба газрын албаны тухайн газар нь нийтийн өмч гэдэг тайлбартай огт маргаагүй болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
НГ-аас маргаан бүхий газрын эд хөрөнгө нь өөрийнх нь эдэлбэр газарт багтаагүй учраас 2022 онд Эрчим хүчний барилга угсралтын гэрээгээр нөхөн олговорт орж, талууд гомдол маргаангүй гэх үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын захирамжаар нөхөн олговор олгосон. Үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгө нь газар болон газраас салгаж үл болох эд юмсын бүртгэлийг хэлдэг. Хэрэв Эрчим хүчний барилга угсралтын зүгээс замыг өөрийн өмч гэж үзсэн бол тухайн үед өмчлөгчийн бичиг баримтаа үндэслэн зам эзэмших эрхээ баталгаажуулан өөрийн болгох боломжтой байсан гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Н-, НГ-д тус тус холбогдуулан гэм хорын хохиролд 806,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоож хэргийг шийдвэрлэсэн байна.
2.1. Нэхэмжлэгч Э ХХК нь, Төрийн өмчийн хорооноос зохион байгуулсан 1998 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дуудлага худалдаагаар Э- ТӨХК-ийн 539 нэр төрлийн эд хөрөнгийг 801,549,000 төгрөгөөр худалдан авсан байна. Уг худалдан авсан эд хөрөнгүүдэд 20 см зузаантай 6,7 метр өргөнтэй 1,3 км урт бетон зам буюу одоогийн Эрчим хүчний гудамжнаас М ХХК хүртэлх 1,3 км урттай бетон зам багтсан талаар талууд маргаагүй байна.
2.2. Түүнчлэн Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон нэхэмжлэгч нар, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Иргэний өмчийн газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжнаас М ХХК хүртэлх Т ХХК-ийн зүүн талаар шинээр хийгдсэн авто замын нөлөөлөлд Э ХХК-ийн эзэмшлийн 4,262 м.кв газар болон эд хөрөнгө өртсөн үндэслэлээр 601,362,199 төгрөгийн нөхөх олговрыг нэхэмжлэгч талд олгосон байна.
3. Нэхэмжлэгч нь ...хариуцагчаас олгосон нөхөн олговорт 20 см зузаантай 6,7 метр өргөнтэй 1,3 км урт бетон зам буюу одоогийн Эрчим хүчний гудамжнаас М ХХК хүртэлх 1,3 км урттай бетон зам багтаагүй, уг замыг хуулж шинэ зам тавьснаас болж замын хучлага болох бетон замын хохирол буюу 806,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлсон, хариуцагч нараас ...хуучин замыг хуулж, шинэ зам тавьснаар нэхэмжлэгчид хохирол учраагүй гэсэн үндэслэлээр маргасан.
4. Анхан шатны шүүх Авто замын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10, 4.1.9, 4.1.23, 17 дугаар зүйлийн 17.1, 17.3 дахь заалтыг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн байна. Учир нь дээрх хуульд заасанчлан, тухайн маргаан бүхий авто зам нь нэхэмжлэгч байгууллагын нутаг дэвсгэр дээрх байгууллагын дотоодын авто замд хамаарахгүй байна.
5. Нэхэмжлэгч талаас ...маргаан бүхий хуучин зам байсан газарт тавигдсан шинэ замыг ашиглаж байгаа, түүнчлэн уг авто замыг аж ахуйн үйл ажиллагаанд ашиглуулахгүй байгаа зөрчил байхгүй... гэж тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.
5.1. Мөн, нэхэмжлэгч нь тухайн хуучин замаас хуулж авсан бетоныг дахин зориулалтын дагуу болон бусад хэлбэрээр ашиглах боломжтой эсэх талаарх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
5.2. Хэдийгээр нэхэмжлэгч нь дуудлага худалдаагаар авсан гэх 20 см зузаантай 6,7 метр өргөнтэй 1,3 км урт бетон зам нь 11,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн байсан боловч компанийн үндсэн өмч хөрөнгөд бүртгэлтэй тухай нотлох баримтгүй, мөн Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон нэхэмжлэгч нарын хооронд 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Иргэний өмчийн газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай гэрээ байгуулахад уг замын нөхөн олговрын асуудлыг тохиролцоогүй зэрэг үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгчид замыг шинэчилж барьсантай холбоотойгоор 806,000,000 төгрөгийн хохирол бодитоор учирсан байдал хэргийн баримтаар эргэлзээгүй, үнэн зөв тогтоогдохгүй байна.
6. Иймээс анхан шатны шүүхээс маргаанд хамаарах хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба нэхэмжлэгчид Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан гэм хорын хохирол учирсан байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Анхан шатны шүүх, шийдвэртээ шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг тусгасан нь Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.8 дахь хэсэгт нийцсэн байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2024/03832 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,187,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Ц.АЛТАНЦЭЦЭГ