| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2019/0110/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/106 |
| Огноо | 2019-09-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2019/ШЦТ/106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: Э.Билгүүн
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн
Хохирогч: П.Ж
Шүүгдэгч: А.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Аын Нид холбогдох 1912001650113 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Дугаар /С% Цэцэрлэг
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 04 дүгээр баг 6 дугаар байрны 06 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт А-ын Н /РД:............. /
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч А.Н нь 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 18 цагт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Хасу” худалдааны төвийн гадна үүдэнд П.Ж-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг зодож, бие эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдаанд хохирогч П.Ж мэдүүлэхдээ: Би гэрээсээ 4 цагийн үед гараад наашаа яваад найзындаа ирээд 1 шил архи уусан. Найзынхаа гэрээс гараад харих гээд явж байгаад захаар дайраад явъя гэж бодоод зах руу орох гэтэл Н оруулахгүй гээд намайг унагаагаад зодсон. Би одоо болно гэж гуйсан боловч Н болихгүй, намайг зодоод байсан чинь цаанаас нь хоёр залуу ирээд салгасан. Би гомдолтой байна. Н надад хохирол төлбөр өгөхгүй гэсэн гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 1912001650113 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Ж-н мэдүүлсэн: ...2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 19 цагийн үед “Хасу” худалдааны төвийн үүдэнд зах руу орох гэтэл захын манаач Н нь яв гээд хөөгөөд оруулахгүй, чи согтуу байна, харьж амар гээд хөөгөөд байсан юм. Өдөр нь Мөнөө, Уламбаяр гээд таньдаг хоёр залуутай 1 шил архи уучихаад халамцуу явж байсан юм. Гэтэл намайг Н барьж аваад цохиж унагаагаад өшиглөсөн чинь тэрүүгээр явж байсан хүмүүс болиоч гээд байсан. Тэгээд захын нөгөө манаач нь ирж салгасан. Тэгээд би гэр рүүгээ яваад охин дүүтэйгээ ирж үзүүлсэн. Би тэр өдөр 1 шил 0.75 литрийн “Хараа” нэртэй архийг гурвуулаа хувааж уусан. Тэр хоёр одоо “Шаргай” төвийн арын цагаан байшинд амьдардаг. Ноос өөр хүн намайг зодоогүй. Дүгнэлттэй холбоотой санал, хүсэлт байхгүй. Би Улаанбаатар хотод биеэ үзүүлээд гарсан зардлыг Ноос нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Ж-н дахин мэдүүлсэн: ...Би энэ хугацаанд эмнэлэгт үзүүлээгүй. Нэхэмжлэх зардал байхгүй. Мөнгө төгрөг байхгүй тул үзүүлээгүй. Н намайг “Хасу” эмнэлэгт 210.000 төгрөгөөр хэвтүүлэн эмчлүүлсэн. Би 7 хоног хэвтэн эмчлүүлсэн. Би А.Нид зодуулсандаа гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Ж-гийн мэдүүлсэн: ...2019 оны 02 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед манай ах П.Ж нь хүнд зодуулсан байдалтай нүүр нь цус болж хавдаж хөхөрсөн, зүүн талын нүд нь битүү хавдартай гэртээ ирсэн. Тэгээд нүүрнийх нь цусыг цэвэрлэж өгөөд дүү охиныгоо авч явж эмнэлэгт үзүүлье гээд дүү охин маань авч явж үзүүлсэн. Тухайн үед ах хэнд зодуулсан талаар нь асуухад юм ярихгүй байсан. Өдөр нь 14 цагийн үед найзтайгаа уулзана гээд гарсан. Найздаа зодуулчихсан юм уу гэхэд юм хэлэхгүй, шоконд орчихсон байсан. Тэгээд эмнэлэгт үзүүлээд зүүн талын нүдний доод хамрын зүүн талд, мөн хоёр хөмсгөнд оёдол тавиулсан. Тэгээд гэртээ ирж амраад маргааш өглөө нь юу болсон талаараа бидэнд хэлээд зүс таних залууг ахыгаа дагуулаад хайж очиход нийтийн худалдааны төвийн манаач Н гэх залуу болохыг нь мэдсэн. Тэр залуутай уулзсан чинь ахыг чинь эмнэлэгт үзүүлээд, хэвтүүлээд өгье, шүүх, цагдаагаар яваад яах юм гэж хэлсэн. Манай ах 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр эмнэлэгт хэвтээд 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гарсан. Би гомдолтой байна. Ахыгаа Улаанбаатар хотод нарийн шинжилгээнд хамруулах гэж байгаа. Ш-тай гарсан зардлыг нэхэмжилнэ. Ш-тай эмчилгээг хийлгэнэ, эрүүл, саруул болгоно, гарсан зардлыг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.С-ын мэдүүлсэн: ...2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 18 цаг өнгөрч байхад худалдааны төв хаагаад дээд давхруудын гэрлүүдийг унтраагаад бууж ирэхэд худалдааны төвийн баруун талын шилэн хаалганы гадна талд Н нэг залуутай зодоон хийж байгаа байдалтай барьцалдчихсан байсан. Би очоод Н-ийг салгаад дотогш нь оруулсан. Тэр залуу гадна үлдсэн. Тэр хоёр өмнө нь зодолдож, цохилцсон байртай нөгөө залуугийн нүүр, амнаас нь цус гарч байсан. Би Н-ийг одоо боль, хүн зодож яах гээд байгаа юм гээд оруулсан. Тэр залуу нилээн согтуу байсан бөгөөд тэрүүгээр орилоод хогийн сав өшиглөж өнхрүүлж байгаад явсан. Надаас өөр зодооныг харсан хүн байхгүй. Зах хааж байсан тул хүмүүс тарчихсан байсан. Дараа нь Н-оос юунаас болж, яагаад зодоон хийсэн талаар асуухад зах хаагаад, хаалга барьчихсан байхад хаалга нүдээд орох гэж дайраад байхаар нь оруулахгүй гэхэд нь цохиж авсан гэсэн. Тэгээд л зодоон болсон гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Ц-ын мэдүүлсэн: ...Тэр үед би байгаагүй болохоор мэдэхгүй. Хоёр хоногийн дараа Н надад нэг хүнтэй зодоон хийсэн, цагдаа дээр намайг дуудсан гэж хэлсэн. Манайх тухайн үед камерын процессыг сольсон юм. Шинэ процессор нь кодтой ирсэн тул тухайн үед тайлж чадаагүй. Засварын ажил 03 дугаар сарын 11-ний өдрөөс бүрэн дуусч камер хэвийн ажиллагаанд орсон. Зодоон болоод салгасан гэж С харуул хэлсэн. Мөн Н надад хүнтэй зодоон хийсэн талаараа хэлсэн. Өөр хэлсэн хүн байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Ч-ын мэдүүлсэн: ...Биеийн байдал харьцангуй гайгүй, их согтолттой, нүүр нь нилэнхүйдээ цустай, хамар, нүдний хэсэгт ил шархтай, шархнаас цус нилээд гарсан байсан. Тухайн үед эмэгтэй хүнтэй хамт ирсэн. Эрүүл мэндийн тусламж авахгүй гэж өөдөөс эсэргүүцэл үзүүлсэн. Шархыг нь цэвэрлэж хэсгийн мэдээ алдуулалт хийж, шархыг угааж цэвэрлэн, 4 оёдол тавьсан. Их согтуу байсан тул хордлого тайлах шингэн хийж, өвчин намдаах тариа, амокцилин тариагаар, тархины хаван буулгах шингэн хийсэн. Хүлээн авах өрөөнд 2-3 цаг болоод архи нь гарсан тул ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Маргааш нь нүүрний зураг авахуулж, давтан үзүүлэх талаар зөвлөгөө өгч явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч А.Н-ийн мэдүүлсэн: ...2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 18 цагийн үед зах хааж байхад П.Ж нь согтуу захаас гарахгүй, Ш эсэргүүцээд байхаар нь “Хасу” худалдааны төвийн хаалгаар гаргаад хаалгаа хаах гэтэл өөдөөс орох гээд дайраад намайг 2 удаа өшиглөхөөр нь нэг удаа цохисон бөгөөд унахаар нь 2 удаа өшиглөсөн. Тэгээд манай нөгөө нэг хамгаалагч гарч ирээд салгасан. Өөр юм болоогүй. Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. П.Ж-н биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг би учруулсан. П.Ж нь миний хөл рүү өшиглөсөн. Тэр үед булчин жаахан зангирч өвдөж байснаа зүгээр болсон. Тухайн үед П.Ж-г гомдол гаргахгүй гэхээр нь “Хасу” хувийн эмнэлэгт хэвтүүлж төлбөрийг нь барагдуулсан юм. Надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 130 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...1. П.Ж-н биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хоёр нүдний зовхинд цус хуралт, хоёр хөмсөг, баруун зовхины доод хэсэгт шарх, хүзүүний баруун хажууд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 28 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 46 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 44 хуу/
Хохирогчийн хүсэлт /хх-ийн 32 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 18 цагт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Хасу” худалдааны төвийн гадна үүдэнд П.Жн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч А.Н нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 18 цагт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Хасу” худалдааны төвийн гадна үүдэнд П.Жг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Жн мэдүүлсэн “2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 19 цагийн үед “Хасу” худалдааны төвийн үүдэнд зах руу орох гэтэл захын манаач Н нь яв чи согтуу байна, харьж амар гээд хөөгөөд байсан юм. Намайг Н барьж аваад цохиж унагаагаад өшиглөсөн чинь тэрүүгээр явж байсан хүмүүс болиоч гээд байсан. Тэгээд захын нөгөө манаач нь ирж салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08/, мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Ж-гийн мэдүүлсэн “2019 оны 02 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед манай ах П.Ж нь хүнд зодуулсан байдалтай нүүр нь цус болж хавдаж хөхөрсөн, зүүн талын нүд нь битүү хавдартай гэртээ ирсэн. Тэгээд нүүрнийх нь цусыг цэвэрлэж өгөөд дүү охиныгоо авч явж эмнэлэгт үзүүлье гээд дүү охин маань авч явж үзүүлэхэд зүүн талын нүдний доод хамрын зүүн талд, мөн хоёр хөмсгөнд оёдол тавиулсан. Зүс таних залууг ахыгаа дагуулаад хайж очиход нийтийн худалдааны төвийн манаач Н гэх залуу болохыг нь мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/ мөрдөн байцаалтын шатанд гэрч А.С-ын мэдүүлсэн “2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 18 цаг өнгөрч байхад худалдааны төв хаагаад дээд давхруудын гэрлүүдийг унтраагаад бууж ирэхэд худалдааны төвийн баруун талын шилэн хаалганы гадна талд Н нэг залуутай зодоон хийж байгаа байдалтай барьцалдчихсан байсан. Тэгээд би очоод Н-ийг салгаад дотогш нь оруулсан. Тэр хоёр өмнө нь зодолдож, цохилцсон байртай нөгөө залуугийн нүүр, амнаас нь цус гарч байсан. Би Нийг одоо боль, хүн зодож яах гээд байгаа юм гээд оруулсан. Дараа нь Н-оос юунаас болж, яагаад зодоон хийсэн талаар асуухад зах хаагаад, хаалга барьчихсан байхад хаалга нүдээд орох гэж дайраад байхаар нь Нийг оруулахгүй гэхэд нь цохиж аваад л зодоон болсон гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Ц-ын мэдүүлсэн “хоёр хоногийн дараа Н надад нэг хүнтэй зодоон хийсэн, цагдаа дээр намайг дуудсан гэж хэлсэн. Зодоон болоод салгасан гэж С харуул хэлсэн. Мөн Н надад хүнтэй зодоон хийсэн талаараа хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Ч-ын мэдүүлсэн “биеийн байдал харьцангуй гайгүй, их согтолттой, нүүр нь нилэнхүйдээ цустай, хамар, нүдний хэсэгт ил шархтай, шархнаас цус нилээд гарсан байсан. Шархыг нь цэвэрлэж хэсгийн мэдээ алдуулалт хийж, шархыг угааж цэвэрлэн, 4 оёдол тавьсан. Их согтуу байсан тул хордлого тайлах шингэн хийж, өвчин намдаах тариа, амокцилин тариагаар, тархины хаван буулгах шингэн хийсэн. Хүлээн авах өрөөнд 2-3 цаг болоод архи нь гарсан тул ар гэрт нь хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/, мөрдөн байцаалтын шатанд А.Н-йн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 18 цагийн үед зах хааж байхад П.Ж нь согтуу захаас гарахгүй, Ш эсэргүүцээд байхаар нь “Хасу” худалдааны төвийн хаалгаар гаргаад хаалгаа хаах гэтэл өөдөөс орох гээд дайраад намайг 2 удаа өшиглөхөөр нь нэг удаа цохисон бөгөөд унахаар нь 2 удаа өшиглөсөн. Тэгээд манай нөгөө нэг хамгаалагч гарч ирээд салгасан. П.Ж-н биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг би учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43/, хохирогч П.Жн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 130 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б овогт А-ын Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч А.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч А.Н-ийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт А-ын Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-ид оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сард 90.000 /ерэн мянга/ төгрөгөөр тооцож 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч А.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч А.Нийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Нид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ