Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энэбишийн Золзаяа |
Хэргийн индекс | 102/2016/05511/и |
Дугаар | 1507 |
Огноо | 2016-08-31 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 1507
Д.**ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/04412 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Д.**ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Л.**ад холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 14 850 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.**
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.**, Ж.**
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.
Нэхэмжлэгч Д.** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.** нь 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр надаас 9 900 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлсэн. Би зээлийн гэрээг бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлсэн ба хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Ингээд зээлийн гэрээний дагуу зээлдүүлсэн мөнгөө хүүгийн хамт нэхэхэд 396 000 төгрөгийг хүүд төлсөн. Үндсэн зээлээ нэхэж хэд хэдэн удаа утасдаж, гэрээр нь очсон боловч байхгүй, арга буюу эхнэртэй нь холбогдоход би мэдэхгүй, та нар өөрсдөө учраа ол гэж хэлсэн.
Иймд Л.**аас үндсэн зээл 9 900 000 төгрөг, алданги 20 245 000 төгрөг боловч гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож 4 950 000 төгрөг, нийт 14 850 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.**аас 14 850 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.**эд олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 232 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
Итгэмжлэгдсэн төлөөлөгч А.** нь хүндэтгэн үзэх шалтгаанаа бичиж холбогдох баримтыг хавсаргасан. 4 жилд нэг удаа болдог Улсын Их хурлын сонгуулийн сурталчилгааг 18 хоног хийх эрхтэйгээр хуульчилсан бөгөөд уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ. Энэ хугацаанд 19 шүүх хуралдаан товлогдсоноос 18 нь Улсын Их хурлын сонгуульд өрсөлдөж байгаа миний хүсэлтийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзсэн.
Л.** 2013 оны 5 000 000 төгрөгийг амаар тохиролцон хүүгүй зээлсэн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлд зааснаар мөнгө хүлээж авснаар зээлийн гэрээ байгуулагдсан. 2013 онд 5 000 000 төгрөг зээлж, 2015 онд нэг ч төгрөг аваагүй, харин хуурамч гэрээ нөхөж хийсэн. Үүнийг нотлох гэрчийг хайж явсаар олсон ба хэрэв шийдвэрийг хүчингүй болгож буцаавал гэрчийг шүүх хуралдаанд оролцуулах боломжтой болно.
Гэрч олж тайлбар бичүүлсний дараа шүүхэд хариу тайлбар өгч гэрч асуулгах хүсэлтэй байсан боловч гэрчээ олж чадаагүй хугацаа алдсан, нөгөө талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их хурлын сонгуулийн 49 дүгээр тойрогт бие даан нэр дэвшээд завгүй боломжгүй болсон. Иймд мэтгэлцэх боломжоор хангаагүй, хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлох хүсэлтээ ирүүлсэн байдад хүсэлт, нотлох баримтыг үнэлээгүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Д.** нь хариуцагч Л.**ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14 850 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагчид нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гардуулж, тэрээр 14 хоногийн дотор буюу 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хариу тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй хэдий ч 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн итгэмжлэлээр А.**, Ж.** нарт өөрийгөө шүүхэд төлөөлөх эрхийг олгосон байна.
Итгэмжлэгдсэн төлөөлөгч А.** нь Улсын Их Хурлын 49 дүгээр тойрогт бие даан нэр дэвшиж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.** нь сонгуулийн штабын менежерээр ажиллаж байгаа учраас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг нэр дэвшигчийн үнэмлэхийн хамт ирүүлсэн байх тул тэднийг 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд ирээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзнэ.
Түүнчлэн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын дээрх хүсэлтэд шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байгааг дурдсанаас үзвэл нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн оролцогч шүүх хуралдаанд оролцох эрхийг шүүх зөрчсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/04412 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.**аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн төлсөн 232 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Э.ЗОЛЗАЯА