Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 266

 

 

 

 

 

 

 

 

      Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нарт холбогдох

       эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Хатанцэцэг,

ялтан Б.Дашмягмар, Л.Оюунтуяа /Цагдан хорих 461 дүгээр ангиас цахимаар

оролцов/,

ялтан Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нарын өмгөөлөгч Н.Санчиндорж, Р.Батцогт,

ялтан Л.Оюунтуяагийн өмгөөлөгч Ц.Алтанцол,

хохирогч Ё.Борын өмгөөлөгч Б.Оюунбилэг,

иргэний нэхэмжлэгч “Монгол Даатгал” ХХК-ийн төлөөлөгч Т.Билгүүн,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч Ч.Отгонбаяр, Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Дашмягмар, Л.Оюунтуяа, тэдгээрийн өмгөөлөгч Н.Санчиндорж, ялтан Л.Оюунтуяагийн өмгөөлөгч Ц.Алтанцол, хохирогч Г.Нямаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нарт холбогдох 201626020172 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Гарав овгийн Балцагийн Дашмягмар, 1979 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Сүхэс трейд” ХХК-ийн захирал гэх, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын нэрэмжит гудамжны 16а байрны 50 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ЧЕ79021313/

2. Элжгэн овгийн Лхагвасүрэнгийн Оюунтуяа, 1983 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, компьютер математик загварчлал мэргэжилтэй, “Си Си Ар” ХХК-ийн захирал гэх, ам бүл 4; нөхөр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн байрны 5 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ШЕ83092008/

 

Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нар бүлэглэн, давтан үйлдлээр 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таван Богд финанс” ББСБ-аас “Toyota Land Criuser-200” загварын, 42-88 УНД улсын дугаартай автомашиныг барьцаат зээлийн гэрээ байгуулан худалдан авч, уг зээлээ төлөөгүй атлаа зээлийн барьцаанд тавьсан эд хөрөнгийг бусдад давхар барьцаалан залилан мэхэлж  67,658 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 118,293,247 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, 15 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг тавилгын үйлдвэрт “Таван Богд финанс” ББСБ-д зээлийн барьцаанд байсан “Toyota Land Criuser-200” загварын, 42-88 УНД улсын дугаартай автомашиныг иргэн Ё.Борд өөрийн эзэмшлийнх мэтээр итгүүлэн 70,000,000 төгрөг зээлж, уг зээлээ төлөөгүй атлаа 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр барьцаанд тавьсан автомашинаа “3 хоног түр хэрэглээд өгье” гэж аваад бусдад давхар барьцаалан залилан мэхэлж 70,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хас” банкин дотор иргэн Г.Нямаад “Таван Богд финанс” ББСБ-ын зээлийн барьцаанд байсан “Toyota Land Criuser-200” загварын, 42-88 УНД улсын дугаартай автомашиныг барьцаалж 20,000,000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдөр нэмж 8,000,000 төгрөгийг тус тус авч, зээлийн барьцаанд байгаа, өөрийн эзэмшилд бүрэн шилжээгүй эд хөрөнгийг анхнаасаа үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүйг мэдсээр байж санаатайгаар өөрийн эзэмшлийнх буюу бодит байдлаас бага үнийн дүнтэй зээлийн барьцаанд байгаа гэж итгүүлэн төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, бусдад нийт 216,293,247 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                       

Баянгол дүүргийн Прокурорын газраас Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нарт холбогдох хэргээс “Таван богд финанс” ББСБ-ийг залилан мэхэлж 118,293,247 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож,

Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нарыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг давтан, бүлэглэж үйлдсэний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар Б.Дашмягмарт 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 11 жил хорих ял, Л.Оюунтуяад 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 10 жил 1 сар хорих ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Дашмягмарт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Л.Оюунтуяад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Дашмягмараас 26,200,000 төгрөг, Л.Оюунтуяагаас 26,200,000 төгрөг тус тус гаргуулж хохирогч Ё.Борд, Б.Дашмягмараас 2,100,000 төгрөг, Л.Оюунтуяагаас 2,100,000 төгрөг тус тус гаргуулж Г.Нямаад олгож,

иргэний нэхэмжлэгч “Монгол Даатгал” ХХК-ийн гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,

шүүгдэгч нарын бага насны хүүхдүүд болох 2010 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн Д.Мишээл, 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төрсөн Д.Тэнгис нарыг мөрдөн байцаагчийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор Ш.Бадамцоо, Л.Оюун-Эрдэнэ нарт харгалзан дэмжүүлэхээр шилжүүлсэн болохыг дурдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц JTMHV05J904123830 арлын дугаартай “Toyota Land Criuser-200” загварын, 42-88 УНД улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

            Ялтан Б.Дашмягмар давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Эхнэр Л.Оюунтуяа нь Ё.Бороос “мөнгө зээлэх боломж байна уу” гэхэд “ирж уулз” гэсний дагуу би хамт очиж Ё.Бор ахтай мөнгөний хэмжээ, хугацаа, хүүг ярьж тохиролцож зээлсэн. Л.Оюунтуяа тэр ярианд ер оролцоогүй, биднийг уулзуулаад тэнд байсан найзтайгаа уулзсан. Сувдаа эгчээс мөнгө авахад үйлдвэр нь хаана байдгийг мэдэхгүй болохоор л хамт очиж авсан. Бас автомашиныг авахад би очиж, ярьж түлхүүрийг аваад унаж ирсэн. Л.Оюунтуяа автомашин унаж ч чадахгүй. Ийм байхад тэр мөнгө зээлсэн, машин түр хэрэглэх бичиг хэзээд нь хийж өгөх вэ дээ. Анх өргөдөл өгч цагдаад шалгуулсан Ё.Борын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Өгөөдэйбаатартай хоёр хүүхэдтэйгээ очоод уулзахад нь загнаж байгаад мөнгө зээлсэн, автомашин түр хэрэглэхээр авч явсан баримтуудыг хэлж өгч бичүүлсэн байдаг. Миний эхнэр энэ авсан мөнгөнөөс нэг ч төгрөг авч хэрэглээгүй байтал энэ хоёр баримтаар мөнгө авсан болгоод хэрэгтэн болгосон... Яагаад Өгөөдэйбаатарыг дуудаж асуугаагүй юм бэ. Хохирогч үнэн хэлэх ёстой, шүүгдэгч худал хэлж болдог болохоор худлаа хэлж байна гэж үзэж болохгүй. Энэ хоёр баримтыг хэзээ, хэний үгээр ямар нөхцөлд бичүүлсэн талаар шалгуулах хүсэлтэй байна.

Г.Нямаа ахаас 20,000,000 төгрөг би зээлсэн. Зээлэхдээ лизингийн үлдэгдэл 30,000,000 төгрөг гэж огт хэлээгүй. Лизингийн урьдчилгаанд 50,000,000 төгрөг төлж авсан 20,000,000 төгрөг зээлэхэд урьдчилгааны зөрүү нь 30,000,000 төгрөг байна л гэсэн яриа байснаас яг лизингийн үлдэгдэл 30,000,000 төгрөг үлдсэн гэж ерөөс хэлээгүй. Яагаад Л.Оюунтуяагийн нэр дээр өргөдөл өгч байгаа юм бэ гэж асуухад өмгөөлөгч нь өргөдөл бичиж өгөөд эхнэрийг нь барьж өг, тэгвэл нөхөр нь мөнгө өгч таараа гээд зөвлөсний дагуу өргөдөл өгсөн гэсэн байсан... Г.Нямаа ахаас 20,000,000 төгрөг зээлсэн баримт миний нэр дээр, сүүлд зээлсэн 8,000,000 төгрөгийг би зуслангийн байшин газар, 5,5 сая төгрөгөөр авч байсан “KIRBY” тоос сорогчоор тооцож өгсөн Г.Нямаа гуайн гарын үсэгтэй баримт байгаа. Би хоригдож байгаад тэр баримтыг гаргаж өгөх боломжгүй байна. Хэрэв эдгээр баримт хавтаст хэрэгт байсан бол Л.Оюунтуяа нь энэ хэрэгт холбогдолгүй нь харагдана бас бусад баримтууд хавсаргагдвал энэ хэрэг нь иргэний хэрэг болох нь харагдана гэж бодож байгаа тул мөрдөн байцаалтад буцаан шалгуулж өгнө үү.

Би ОХУ-аас өөрийн компаний нэр дээр мод оруулж ирдэг байсан. Сүүлдээ Сэлэнгийн Алтанбулагт вагонд мод ачих буулгах хувийн 3 компани Улаанбаатарт шууд хямд худалдаг байсан болохоор би тэндээс аваад барилгад нийлүүлдэг болсон. Үүнийг Тэхийн зогсоолд мод зөөж байсан жолооч нар, мод ачиж, буулгаж байсан хүмүүс нотолж чадна. Мөрдөн байцаалт дээр би тэднийг дуудаж нотлуулмаар байна.

Би ОХУ-д хоёр ч газар ой худалдаж авахаар төлбөр төлчихсөн байгаа. Нийт 1,200,000 рубль тэр үеийн ханшаар 60,000,000 төгрөг. Одоо барьцаанд худалдаж авсан ой нь мод тайрч зам гарган огтлохоор бэлэн байгаа. Би эндээс огтлох зардлын мөнгөтэй очих ёстой.

Нүхтийн барилгад 1 м3 модыг 510,000 төгрөгөөр нийлүүлдэг байсан. Үүнийг мөрдөн байцаалт дээр гаргаж ирмээр байна.

Аж үйлдвэрийн яамнаас Mr.Pizza-тай хамтарч 583,000,000 төгрөгийн зээл, Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийн газраас 210,000,000 төгрөгийн бяслагны үйлдвэрийн зээл, 218,000,000 төгрөгт хуурай саамны үйлдвэрийн зээл хөөцөлдөж байсан. Үүнийгээ мөрдөн байцаалтад гаргаж өгмөөр байна. 218,000,000 төгрөгийн зээл бүтээж өгөх хүн нь мөнгө аваад алга болсон тул Сүхбаатар дүүргийн цагдаад өгч шалгуулж байсан баримт ч байгаа...

3-6 настай хоёр хүүхдийг минь 18  настай Л.Оюунтуяагийн дүү ганцаараа харж байгаа. Шүүх бидэнд дэндүү харгис хандлаа. 3-6 насны хоёр хүүхдийг минь ингэж өнчрүүлж үлдээнэ гэдэг арай ч дэндүү энэрэлгүй явдал боллоо.

Би Ё.Бор ахад 110,000,000 төгрөгийн зуурмаг нийлүүлэх гэрээ, баруун салаанд 3 зуслангийн байр газрын хамт санал болгож байсан. Өгөөдэйбаатар очиж үзсэн эдгээр чинь болохгүй байна гэдэг. Би байгаа боломжуудаа үзүүлээд л явдаг байсан...

Цагдаад шалгагдах хугацаандаа “Тенлеко” ХХК-нд 50 хувийн ажил авахаар тохиролцож Үржлийн адуу импортлох болон экспортлох тусгай зөвшөөрөл авч өгөн ОХУ-аас БНХАУ руу орос адууг экспорт хийдэг байсан. Сүүлд Сүхбаатар аймгаас 28 хурдны адууг БНХАУ-ын Авга хошуунд очиж уралдуулсан төлбөрт нь 2800 юань авах ёстой. Урдаас төлбөр орж ирээгүй.

Мөн Япон явах тусгай зөвшөөрөл Юманди ХХК-нд авч өгөн 7 хүн гаргасан. Үүний надад ногдох хувь байгаа.

Би богино хугацаанд их мөнгө олохоор тендер, тусгай зөвшөөрөл, зээл гээд олон ажил хөөцөлдсөн. Миний эхнэр энэ хэрэгт огт хамааралгүй, хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хохирлыг төлөх болно...” гэжээ.

 

Ялтан Л.Оюунтуяа давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нөхөр Б.Дашмягмар “Сүхэс трейд” ХХК нь модны гэрээ байгуулсан, мөнгө хэрэгтэй байна гэсэн тул урьд нь мөнгө зээлж байсан Ё.Бортой тэр хоёрыг зуучилж, уулзуулсан. Харин мөнгө авч өгөлцөх гэрээ хэлэлцээрт нь оролцоогүй. 70,000,000 төгрөг авахад нь хамт явж авалцсан бөгөөд энэ мөнгөнөөс би нэг ч төгрөг аваагүй болно. Харин тохиролцсон хүүг нь Ё.Борд би өгч байсан. Нийт 6,300,000 төгрөг 2 удаа, 5,000,000 төгрөг нэг удаа өгсөн. Нөхрийн бизнес амжилтгүй болж, хохирлыг төлөхөөр Ё.Борд олон санал тавьсан боловч хүлээж аваагүй. Ё.Борд үнэн учраа хэлж мөнгө зээлсэн болохоос биш хуурч мэхлэх буюу зээлийг нь эргүүлэн өгөхгүй байх санаа зорилго бидэнд байгаагүй. Автомашинаа өгөхдөө барьцаанд байгаа гэдгээ хэлсэн. Би замын тендерт хүн зуучлаад оронд нь авсан гэж, мөн Солонгос улсад виз гаргаж өгнө, хүн байна уу гэсэн зүйлүүд огт яриагүй.

Хоёр хүүхдээ салхинд гаргахаар Ё.Бороос автомашинаа авсан боловч нөхөр надтай муудалцаад автомашинаа аваачиж өгөлгүй алга болсон. Б.Дашмягмар хүнээс зээл авахаар боллоо хамт явна гэхэд нь очсон. Гэтэл хохирогч Г.Нямаа гэдэг хүн эхнэрийн хамт ирж гэрээ хийж авна гээд цүнхэнд байсан тамгаа дарчих гэхээр нь өөрийн “Си Си Ар” ХХК-ийн тамгыг дарж өгсөн бөгөөд дараа нь 8,000,000 төгрөг нэмж авсан нь үнэн ба энэ хүнээс авсан бүх мөнгийг нөхөр маань авч өөрийн компаний бизнест л хэрэглэсэн бөгөөд тохиролцсон хүүг сар бүр өгч байсан ба үндсэн зээлийн төлбөрийг нөхрийн найз, хамт ажилладаг нөхөд нь төлсөн гэж надад ярьж байсан. Нөхрийн маань модны бизнес амжилтай болж энэ авсан зээлээ эргэж төлнө гэж авсан зээлийн хүүг төлж байсан. Ингэж урьдчилан тооцоолох боломжгүйгээр эрсдэл үүсэх юм гэдгийг ойлгоогүй явсандаа харамсаж байна. Зээлийн барьцаа болгосон “Тоёота Ланд-200” загварын 42-88 УНД улсын дугаартай автомашин нь хэдийгээр “Таван Богд” ХХК-ийн нэр дээр боловч бид машины үнийн 30 хувь буюу 50,000,000 төгрөгийг төлсөн. Зээлийн төлбөрт 833 ам.доллар төлсөн бөгөөд бид машины хамтран эзэмшигч буюу өмчлөгч юм. Энэ талаар зээлийн гэрээ байгуулах буюу зээл өгөхдөө Ё.Бор, Г.Нямаа нар мэдэж байсан ба өөрсдөө бүгд гэрчилгээг үзэж, авч байгаа зээлийг нөхөр Б.Дашмягмарын модны бизнест зориулан авсныг мэдэж байсан бөгөөд бид хоёр тэднийг төөрөгдүүлсэн итгэлийг эвдсэн буюу залилж мэхэлсэн үйлдэл хийгээгүй, иргэний хэлэлцэж тохиролцсоноор хүү, зээлийг төлж байсныг холбогдох баримтуудад үндэслэн хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Хохирогч Г.Нямаа давж заалдах гомдолдоо: “... 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр бичгээр байгуулсан хэлцлийн дагуу Б.Дашмягмарт 20,000,000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдөр нэмэж 8,000,000 төгрөг зээлүүлсэн. Хэлцлээр тохирсон зээлийн хүү 5%, нийт 28,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатайгаар буюу хугацаа сунгах боломжтойгоор өгсөн. “Toyota Land Criuser-200” загварын 42-88 УНД улсын дугаартай автомашиныг анхнаасаа “Таван Богд финанс” ХХК-иас лизингээр авсан, лизингээ төлж дуусаагүй машин гэдгийг мэдэж байсан. Би өөрийн хүсэл сонирхлоор машиныг нь авч үлдсэн. Намайг ямар нэгэн байдлаар Б.Дашмягмар нь хуураагүй, мэхлээгүй, итгэл эвдээгүй. Түүний эхнэр Л.Оюунтуяа зээл авахад оролцоогүй ба сүүлд нь өгсөн 8,000,000 төгрөгийг Б.Дашмягмар гадаадад байсан учир эхнэрээр нь дамжуулж өгсөн. Б.Дашмягмарын өмнөөс надтай 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Болорчулуун /Дашмягмарын найз/ 29,000,000 төгрөг дээр үл хөдлөх хөрөнгө барьцаалж барьцааны гэрээ болон батлан даалтын гэрээ нотариатаар батлуулж хийсэн байгаа. Б.Дашмягмар бид хоёрын хооронд иргэд хоорондын хэлцэл үүсэж, зээлэх зээлдүүлэх маргааныг залилан мэхлэх гэмт хэрэг хэмээн ял оногдуулж байгаад гомдолтой байгаа тул дээрх иргэд хоорондын маргаантай асуудлыг иргэний шүүхээр шийдвэрлүүлж үлдэгдэл зээлээ, хүүтэй нь авах хүсэлтэй байгаа тул Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Ялтан Б.Дашмягмар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хүнээс мөнгө зээлэх гэж байж автомашины гэрчилгээг үзүүлэхгүйгээр барьцаанд тавихгүй. Миний нэр дээр байсан бол нэрийг нь шилжүүлээд өгөх байсан. Өгөөдэйбаатар л намайг өөрийнхөө машин гэж худлаа хэлсэн гэдэг байдлаар гомдол гаргасан учир Ё.Бор ах тэрний дагуу мэдүүлгээ өгсөн байдаг. Сонсголонгийн модны захаас мод авч Нүхтийн амны барилгын ажилд нийлүүлж 179,000,000 төгрөг авах байсан. Үүнээс багаар бодоход 90,000,000 төгрөгийг нь би авах байсан. Тухайн үед мод нийлүүлж байсан барилгад ажиллаж байсан хүмүүс надтай ярилцаж сард 10.000 м3 мод нийлүүлж чадах уу, бид төмөр замын барилгын ангийнх учир тээвэрлэлт хийхэд асуудалгүй гэж хэлж байсан. Би үүний дагуу бүх хүчээрээ модны бизнесийн талаар судалсан. Урагшаа Хятад руу биш юм гэхэд Нүхтийн барилгын ажилд мод нийлүүлж ашиг олох байсан. Барьцааны асуудал дээр тохирсон бол уг хэрэг иргэний хэрэг болох байсан. Би 52 ажилтантай, сард 30 гаруй сая төгрөгийн цалин тавьдаг байсан. 2012 онд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд ажиллаж байсан. Анх өгсөн өргөдлийг дутуу шалгасан. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэж хүсэж байна. Оросоос мод импортлохдоо цаад Оросууд хамгийн хямд үнээ бичдэг. Оросуудын үнээр л гаалийн мэдүүлэг явагддаг. Авах модны бодит үнэ 280,000 орчим ам.доллар байх ёстой...” гэв.

 

Ялтан Л.Оюунтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ё.Бор ахын итгэмжлэгдсэн төлөөлөгч Өгөөдэйбаатар нь 2015 оны 8, 9 дүгээр сараас эхэлж надтай холбогдож эхэлсэн. Мөнгөө өгөхгүй бол ажилгүй болгоно, интернэтээр цацна гэж хэлж байсан. Ё.Бор ах автомашиныг барьцаанд авчихаад өөрөө унаад явдаг байсан. Түүнээс яагаад автомашиныг унаад яваад байгаа юм бэ гэж асуухад хүүхэд Герман улсаас ирээд унасан, 5 дахь өдөр миний машин явдаггүй учир унасан юм гэж хэлж байсан. Тухайн үед унаж явж байсан тул гэрчилгээг нь харсан байх ёстой. Өгөөдэйбаатар дарамталдаг байсан тул данс руу нь мөнгө шилжүүлж Ё.Бор ахад хэлж байсан...” гэв.

 

Ялтан Л.Оюунтуяагийн өмгөөлөгч Ц.Алтанцол давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан талбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаж чадаагүй.

1. Барьцаанд тавьсан “Toyota Land Criuser-200” загварын, 42-88 УНД улсын дугаартай автомашины эзэмшигч улсын бүртгэлд “Таван Богд” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй боловч Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нар автомашины үнийн 30 хувь буюу 50,700,000 төгрөг /лизинг 813 ам.доллор/ төлсөн тул автомашиныг хамтран өмчлөх эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Мөн “Таван Богд” ХХК нь “Монгол Даатгал” ХХК-нд иргэний болон даатгалын гэрээний дагуу даатгуулсан 118,300,000 төгрөгийн шаардах эрхээ шилжүүлсэн байхад 167,300,000 төгрөг буюу автомашиныг бүхэлд нь шилжүүлсэн мэтээр дүгнэж шийдвэрлэсэн байна.

Иймээс тэдний өмчийн эрхийг үгүйсгэсэн анхан шатны шүүхийн тогтоолын дүгнэлт, 7, 10 дугаар заалтуудыг хуульд нийцүүлэн шийдвэрлэх шаардлагатай юм.

2. Б.Дашмягмар өөрийн “Сүхэс трейд” ХХК-ийн модны бизнест нэмж хөрөнгө
оруулахаар эхнэр Л.Оюунтуяагийн танил Ё.Бороос 70,000,000 төгрөгийг 3 сарын
хугацаатай сарын 9 хувийн хүү төлөхөөр тохиролцон, зээлийн гэрээг иргэний
хуулийн дагуу байгуулан авсан ба 3 сарын хүүд тооцон 17,600,000 төгрөг төлсөн байна. Зээлийг компани аж ахуйн үйл ажиллагаанд буюу модны бизнестээ хөрөнгө оруулан ОХУ-ын аж ахуйн байгууллагатай “Сүхэс трейд” ХХК нь мод нийлүүлэх гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж, удаа дараа импортоор мод оруулан худалдаалж, ажиллаж байсан нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар /гэрээ, гаалийн бүрдүүлэлт, дансны хуулга, яллагдагчийн мэдүүлэг/ нотлогдсон байна.

Анхан шатны шүүх эдгээр баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийлгүй, яллагч, хохирогчийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчсөн үйлдэлд болон Өгөөдэйбаатар, хохирогч, гэрчээр өгсөн мэдүүлэгт үндэслэн зээлийг эргүүлэн төлөлт хийж чадаагүй, шалтгаан, нөхцөлийг анхааран үзэлгүй анхнаасаа зээлийг төлөхгүй, шунахай зорилгоор, бүлэглэн өмчлөх эрхийг авсан буюу үйлдсэн хэмээн хэт нэг талыг баримтлан иргэний гэрээний маргаанд ял оногдуулсан нь үндэслэлгүй болжээ.

Анхан шатны шүүх Л.Оюунтуяагийн оролцоо буюу гэм буруугийн байдал, зээлийн гэрээнд эхнэр буюу зуучлагчийн хувиар оролцсон байхад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.3 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн талаар шалгаж, тогтоовол зохих байдал, хэргийн сэдэлт, гэм буруу, гэмт хэрэгт хамтран оролцсон байдал” зэргийг таамаглан үзэж, төлбөрийн баталгаанд үлдээсэн автомашиныг барьцааны гэрээ байгуулан үлдээсэн гэж, эхнэрийг нь давтан, бүлэглэн үйлдсэн хэмээн дүгнэсэнд бид гомдолтой байна. Мөн хохирогч Г.Нямаатай байгуулж авсан зээлийн талаар мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу явагдсан ба шалгагдаагүй үлдсэн гэрээ, баримт материалуудыг бүрэн шалгаж, тогтоон шийдвэрлээгүй.

Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нарын үйлдэлд шунахай сэдэл байна уу, залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүн байна уу, үгүй юу гэдгийг бүрэн гүйцэд шалгаж чадаагүй гэж үзэж байна. Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нарын үйлдэл залилан мэхлэх гэмт хэрэг биш, иргэний хэргийн эрсдэл юм гэж дүгнэж байна...” гэв.

 

Ялтан Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нарын өмгөөлөгч Н.Санчиндорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан талбартаа: “Хохирогч Ё.Бороос 70,000,000 төгрөг зээлэхэд үйлдсэн гэх барьцааны гэрээг хүлээн зөвшөөрдөггүй. Улсын яллагч, мөрдөн байцаагч, хохирогч Ё.Бор, түүнийг төлөөлж байсан Өгөөдэйбаатар нар автомашиныг барьцаанд тавьсан гэх зүйл ярьж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Барьцааны тухай хуульд зааснаар барьцааны гэрээ нь нотариатаар баталгаажуулж, бүртгэлийн газарт бүртгүүлснээр хууль ёсны болдог. Б.Дашмягмар нь бусдаас мөнгө зээлэхийг хүсэж байсан тул эхнэр Л.Оюунтуяагаар зуучлуулж Ё.Бортой уулзсан. Л.Оюунтуяа өөрийнх нь нөхөрт зээл хэрэгтэй байгааг Ё.Борд хэлж, түүний хаягийг нөхөртөө хэлснээс өөрөөр зээл авах үйл ажиллагаанд оролцоогүй. Б.Дашмягмар Ё.Бортой ганцаарчлан уулзаж зээлийн хэмжээ, зээлийн хүү, эргэн төлөх хугацаа зэргийг хэлцлээр тодорхойлж, зээл авсан. Зээлийн барьцаанд тавьсан гэх “Toyota Land Criuser-200” загварын, 42-88 УНД улсын дугаартай автомашин буюу барьцааны зүйл нь хуульд заасан журмыг хангаагүй учир барьцаанд байсан, барьцаалсан гэж үзэх боломжгүй юм. Б.Дашмягмар мөнгө зээлэх, Ё.Бор мөнгө зээлүүлэх сонирхолтой байсан. Хэрэв М.Дашмягмар зээлсэн мөнгөө буцааж өгөхгүй бол автомашинаа бусдад худалдан борлуулж, өөрийнх нь мөнгийг өгөх боломжтой юм гэдэг үүднээс автомашиныг нь авч үлдсэн. Тэдний хооронд барьцааны гэрээ байгуулагдаагүй, автомашиныг барьцаанд тавиагүй. Улсын яллагч, анхан шатны шүүх “барьцааны үүргийг хангах боломжгүй эд зүйл барьцаалсан” гэж дүгнэсэн. Барьцааны эрх зүйн харилцаа үүсээгүй учир барьцааны үүрэг үүсээгүй юм. Зээлэх, зээлүүлэх хэлцлийн үүрэг үүссэн... 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 7 дугаар нүүр Ё.Бор, Г.Нямаа нараас мөнгө авсан үйлдлийг мөнгө хүлээн авсан баримт /1-р хх-18/, автомашин түр хүлээн авсан баримт /1-р хх-21/, гэрч Б.Сувд, хохирогч Ё.Бор нарын мэдүүлэг, Г.Нямаас мөнгө авсан баримт /2-р хх-206/, түүний мэдүүлэг зэргээр нотлогдсон. Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ хэмээн тодорхойлж дүгнэжээ. Гэтэл мөнгө зээлсэн баримт гэх Л.Оюунтуяа, Ё.Бор нарын хоорондоо хийсэн баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлээгүй хуурамч нотлох баримт бөгөөд тэр ч байтугай энэхүү баримтыг үйлдэхдээ гэмт хэргийн сэдэлт санаа зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж олж авсан болох нь Л.Оюунтуяагийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт “Өгөөдэйбаатар над руу залгаад би урьд нь шоронд байсан хүн яахаараа Ё.Бор ахаас зээл авчихдаг юм бэ гээд хэлж байсан... Өгөөдэйбаатар гэрээ хийж өг. Нөхөр чинь хамаагүй чи холбож өгсөнөөрөө гэрээ хийж өг гэж дарамталсан. Би Б.Дашмягмараас нэхэж байгаад 5,000,000 төгрөг аваад Өгөөдэйбаатар ахаас хэний данс руу хийх вэ гэхэд Өгөөдэйбаатар өөрийнхөө данс руу авна гэсэн... манайг дарамталж байгаад гэрээ бичүүлж байсан” гэх мэдүүлэг. Гэрч Б.Сувдын “мөнгө авах үедээ би ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй. Учир нь Ё.Борыг яриагаа хийгээд тохирсон гэж бодож байсан гэх мэдүүлэг. Хохирогч Ё.Борын “тэгээд би зөвшөөрч машинаа авчирч манай гэрийн гадаах зогсоол дээр тавиад манай эхнэр Сувд дээр очиж мөнгөө авчих гэж хэлээд явуулж байсан. 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Л.Оюунтуяа нь надтай утсаар холбогдоод барьцаанд тавьсан машинаа 3 хоног баярын өдрүүдээр уначихаад буцаагаад өгье гэж надаас гуйхаар нь би бичиг хийж аваад машиныг нь Оюунтуяад өгч явуулсан” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Өөрөөр хэлбэл Ё.Борын итгэмжилсэн төлөөлөгч Өгөөдэйбаатар нь Л.Оюунтуяаг дарамталж өөрт нь болон хүүхдүүдэд нь хүч хэрэглэхээр айлган сүрдүүлж нэр хүндийг нь гутаасан мэдээ баримт тараахаар сүрдүүлж дээрх хуурамч баримт бичгийг нөхөн бичүүлж, тэрхүү баримтыг Л.Оюунтуяа, Б.Дашмягмар нар нь Ё.Борыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болгох хэрэгсэл болгосон байна. Л.Оюунтуяа, Б.Дашмягмар нар нь “Toyota Land Criuser-200” загварын 42-88 УНД улсын дугаартай автомашиныг “Таван Богд” ХХК-ийн нэр дээр байгаа гэж анхнаасаа мэдүүлж байсан, хуурч мэхэлж Ё.Борын эд хөрөнгийг авахаар төөрөгдүүлэх, итгэл эвдэх, хуурч мэхлэх үйлдэл, эс үйлдэл хийгээгүй, залилан мэхлэх гэмт хэргийн субъектив санаа зорилго агуулаагүй байна. Мөн хохирогч Г.Нямаа нь Б.Дашмягмарт зээл өгөхдөө “Toyota Land Criuser-200” загварын 42-88 УНД улсын дугаартай автомашиныг “Таван Богд” ХХК-ийн нэр дээр байгааг анхнаасаа мэдэж байсан, түүнчлэн гэрээ хэлцэл байгуулсан гэдгээ мэдүүлж, гэрээ хэлцлийн дагуу хүү, эд зүйл авч байсан гэдгээ мэдүүлж, энэ нь иргэд хоорондын зээлийн гэрээ хэлцлээс үүссэн маргаан байхад анхан шатны шүүх Г.Нямаад мөн зээлийн үүргийг түүнд барьцаалсан автомашинаар гүйцэтгэх боломжгүй байсаар байхад төлөх боломжтой мэтээр ойлгуулан хуурч мэхэлсэн хэмээн хууль зүйн дүгнэлт өгсөн нь буруу гэж үзэж байна. Тиймээс Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин мөрдөн байцаалтад буцааж, дээрх асуудлыг шалгуулж өгнө үү...” гэв.

 

Ялтан Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нарын өмгөөлөгч Р.Батцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Уг хэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Б.Дашмягмар “Надад боломж байсан. Би гурвалжингийн гүүрний Тэх захаас мод ачуулж нүхтийн аманд хүргэж өгдөг байсан. Тэнд ажилладаг жолооч нар болон мод худалдаж авдаг байсан газрын захирал нь гэрчилнэ” гэж мэдүүлсэн. Түүний мэдүүлгийн дагуу шалгалт хийгдээгүй бөгөөд анхнаасаа яллах талыг барьж мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан гэж ойлгож байна. Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нар шүүхээр ял шийтгүүлээгүй байхад буюу 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаагч, мөрдөн байцаах хэлтсийн дарга нь тэдний хүүхдүүд болох Д.Мишээл, Д.Тэнгис нарын асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр Л.Оюунтуяагийн төрсөн эгч Л.Оюун-Эрдэнийг тогтоосон. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд байхгүй ажиллагаа юм. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэсэн зарчмыг зөрчиж, энэ хоёр хүнийг ял авах нь тодорхой гэж үзсэн байна. Гэр бүлийн тухай хуульд зааснаар сум, дүүүргийн Засаг дарга асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох ёстой. “Сүхэс трэйд” ХХК нь Оросын холбооны улсаас 3000 м.куб, 225.000 ам.долларын үнийн дүн бүхий мод худалдаж авах гэрээ байгуулсан. Хэрэв энэ асуудал болоогүй бол гэрээ биелэх боломжтой байсан. Тэгээд ч Б.Дашмягмар бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг, нилээд хөдөлгөөнтэй залуу. Ё.Бороос авсан зээлийн тухайд барьцааны гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй байна. Тэдний хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлагыг зөрчсөн байдаг. Барьцааны гэрээг бичгээр байгуулж нотариатаар батлуулсан байх шаардлагатай. Гэтэл бичгээр байгуулсан гэрээ байхгүй. Сүүлд Өгөөдэйбаатар гэж хүн “би шоронгоос гарч ирсэн, яаж ч магадгүй шүү” гэж Л.Оюунтуяаг 2 хүүхдийнх нь хажууд дарамталж байгаад гэрээ хийлгэсэн байдаг. Ё.Борын хувьд ч мөн адил “наад хүн чинь шоронгоос гарсан хүн шүү, яаж ч мэднэ шүү, мөнгөө хурдан өгөөрэй” гэж байсан. Л.Оюунтуяа өөрт нь ирж байгаа дарамтын талаар мөрдөн байцаагчид хэлэхэд “Тэр ямар хамаатай юм бэ, мөнгөө хурдан өг” гэж хэлж байсан. Амарзаяа өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгч байхад хүртэл энэ байдал давтагдаж байсан. Л.Оюунтуяаг энэ хэрэгт оролцоогүй гэж үзэж байна. Учир нь нөхрийнхөө бизнесийг дэмжихийн тулд Ё.Бортой холбож өгсөн. Л.Оюунтуяад энэ хэрэг хамааралгүй юм...” гэв. 

 

Хохирогч Ё.Борын өмгөөлөгч Б.Оюунбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хуульд заасан журмын дагуу хэргийн бүрдэл хангагдсан гэж үзэж ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй. Өмгөөлөгч нар Л.Оюунтуяа уг гэмт хэрэгт ямар нэг оролцоогүй гэж байгаад Л.Оюунтуяа өмнө нь Ё.Бортой цуг ажиллаж байсан, түүний ажилтан нь байсан. Ё.Бор Б.Дашмягмараас илүү Л.Оюунтуяаг сайн мэднэ. Л.Оюунтуяа түүн дээр ирж мөнгө хэрэгтэй байна гэдгээ хэлсэн. Барьцаа нь юу байгаа юм бэ гэдэг асуудал яригдахад “Бид хятадуудтай бизнес хийж Ландкруйзер 200 загварын автомашин авсан, үүнийг барьцаанд тавьна” гэж хэлсэн бөгөөд Ё.Бор энэ талаар удаа дараа мэдүүлж байсан. Ё.Бор барьцаа хөрөнгө болох автомашин өөрсдийнх нь эзэмшлийнх гэдэгт итгэсэн учир гэрчилгээг хараагүй байдаг. Хэдэн төгрөг, хэдэн хувийн хүүтэй зээлэх талаар ярьж тохиролцоод эхнэр лүүгээ ярьж Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нар очно автомашины түлхүүр авч үлдээд, 70,000,000 төгрөг өгөөрэй гэж хэлсэн. Гэрээ хийлгүй итгэж мөнгө өгсөн. Бусдын итгэлийг эвдэж, бусдын эд хөрөнгө эзэмшлийн зүйлийг өөртөө олж авах нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан гэмт хэргийн гол шинж юм. 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 6,300,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 6,300,000 төгрөг тус тус өгсөн бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр автомашинаа 3 хоног хэрэглээд буцаагаад өгье гэж хэлээд авч яваад тэр чигтээ алга болсон. Автомашинаа ч өөгөөгүй, зээлээ ч өгөөгүй. 2015 оны 10 дугаар сард Өгөөдэйбаатарыг уулзахад 5,000,000 төгрөг өгсөн. Үүнээс хойш утсаа ч авахаа больсон тул Цагдаагийн байгууллагад өгсөн байдаг. Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нар буцааж төлөх боломжгүй гэдгээ мэдсээр байж зээл авсан. “Сүхэс трэйд” ХХК-ийн модны бизнест хөрөнгө оруулалт хийсэн, бизнесийн алдагдалд орсон гэж байна. “Сүхэс трэйд” ХХК-ийн бүх бичиг баримтыг мөрдөн байцаалтын шатанд шалгасан. Модны бизнес эрхэлж байсан. Гэхдээ зээл авахаас өмнө бүх гэрээнүүд хийгдсэн байдаг. Л.Оюунтуяагийн хувьд анхнаасаа мөнгөний хэрэг байна гэж Ё.Бортой уулзсан. Автомашиныг авч явахдаа хүртэл хамт ирж авсан. Үг үйлдлээрээ уг гэмт хэрэгт оролцож байгаа нь харагддаг. Л.Оюунтуяа уг гэмт хэрэгт оролцоогүй гэдгийг нотлох зүйл байдаггүй. Хэргийн талаар шалгавал зохих бүх зүйлийг шалгаж тогтоосон. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь хохирол төлөх хугацаа л авдаггүй юм бол өөрөөр ямар ч ач холбогдолгүй. Энэ 2 хүн Ё.Бортой огт уулздаггүй байсан бөгөөд шүүхэд хэрэг ирэхэд л уулзаж би ийм зүйл хийх гэж байна, бизнес эрхлэх гэж байна гэж өөр өөр зүйл ярьж хүний бичиг баримт барьсан байдаг. Наадах чинь чинийх юм уу гэж асуухад энэ хүн надад туслана гэсэн юм, туслах гэж байгаа гэх мэт хариулт хэлдэг байсан. Анхан шатны шүүх хуралдааны өмнө Л.Оюунтуяа “дансанд 1,500,000 төгрөг байна, ядаж энийг ч гэсэн өгье” гэж хэлж байснаа шүүх хуралдааны дараа уг мөнгөө ч өгөлгүй тэр чигтээ алга болсон. Хэрэг гарснаас хойш 3 жилийн хугацаа өнгөрч байгаа ч төлбөр хийгдэхгүй байна. Ё.Бор Б.Дашмягмарт хандаж эхлээд 20,000,000-25,000,000 төгрөг өгчих, үлдэгдлийг графикаар төлөөч гэж хэлж байсан ч одоог хүртэл төлсөн зүйл байхгүй. Ялтны өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч “Монгол Даатгал” ХХК-ийн төлөөлөгч Т.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нар 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “Таван Богд” ХХК-аас “Ландкруйзер Ви Экс 200” загварын автомашиныг 97.000 ам.доллар буюу 160,000,000 төгрөгөөр зээлээр худалдаж авсан. Тэд зээл авснаас хойш нэг удаа 833 ам.доллар төлсөн. Үүнээс хойш эргэн төлөлт огт хийгээгүй. “Таван Богд” ХХК нь “Монгол Даатгал” ХХК-тай “Даатгалын гэрээ”-тэй ажилладаг. Л.Оюунтуяа, Б.Дашмягмар нарын өмнөөс “Монгол Даатгал” ХХК нь “Таван Богд” ХХК-д үндсэн зээлийн төлбөрт 118,000,000 төгрөг, хүүнд 5,000,000 төгрөг, нийт 123,000,000 төгрөг төлсөн. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт заасны дагуу гэм буруутай этгээдээс өр төлбөр шаардах эрх нь манай компанид бүрэн шилжсэн. Энэ талаар “Таван Богд” ХХК нь албан бичиг үйлдэж шүүхэд ирүүлсэн. Барьцаат зээлийн гэрээний дагуу барьцаалуулагчийн эрх манай компанид шилжсэн. Зээлийн гэрээний 4.2.5 дахь хэсэгт “Зээлдэгч нь гэрээний 2.3-д заасан үүргээ биелүүлээгүй бол барьцаа эд хөрөнгийг банк бус санхүүгийн байгууллагаас шаардсан буюу түүний эрх олгогдсон гуравдагч этгээдэд шилжүүлэн өгөх үүрэгтэй” гэж заасан. Мөн гэрээний 4.2.6-д “зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас банк бус санхүүгийн байгууллага гэрээг хугацаанаас өмнө цуцалсан тохиолдолд барьцаа хөрөнгийг банк бус санхүүгийн байгууллагын шаардсанаар үл маргах журмаар шилжүүлэн өгнө” гэж заасан байдаг. Өмгөөлөгч нар “автомашины урьдчилгаанд 50,000,000 төгрөг төлсөн тул хамтран өмчлөгчийн асуудал яригдана” гэж байна. Ийм зүйл байхгүй. Автомашин худалдан авч урьдчилгааг төлсөн нь үнэн боловч үлдсэн 67.000 ам.долларын барьцаанд автомашинаа брьцаалсан тул автомашин нь зээлийн гэрээний барьцаа хөрөнгө юм. Зээлийн гэрээний дагуу “Монгол Даатгал” ХХК нь барьцаа хөрөнгийг зарж үүргийн гүйцэтгэлийг хангуулах бүрэн эрхтэй. Мөн “Зээлийн гэрээний хэлбэр шаардлага зөрчсөн” гэж байна. Хуульд зааснаар үл хөдлөх хөрөнгө барьцаалсан гэрээг заавал улсын бүртгэлд бүртгүүлэхийг шаардсан байдаг бол бусад барьцааны гэрээг бичгээр байгуулж, нотариатаар батлуулсан байхыг шаарддаг. Иймд өмгөөлөгч нарын ярьж байгаа зүйл үндэслэлгүй. Анхан шатны шүүх танайх гэрээний дагуу автомашиныг худалдан борлуулах эрхтэй. Тийм учир танай нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхилоо. Автомашиныг битүүмжилсэн тогтоол хүчингүй болж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц захиран зарцуулах эрхтэй байдлаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж зээлийн барьцаа хөрөнгөөр манай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэв.

 

Прокурор Г.Хатанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Энэ гэмт хэрэг давж заалдах гомдлуудад дурьдсан шиг иргэний хэрэг биш, залилан мэхлэх гэмт хэрэг болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хохирогч Ё.Бор “Л.Оюунтуяа, Б.Дашмягмар нар нь Хятадуудад тендер авч өгөөд шагналд нь энэ автомашиныг авсан. Бидний эзэмшлийн автомашин гэж зээл авсан” гэж тодорхой мэдүүлсэн. Ё.Бор, Б.Дашмягмар нар зээлийн талаар харилцан тохиролцсон бөгөөд Ё.Бор “эхнэрт автомашинаа аваачиж өгөөд мөнгө аваарай” гэсэн байдаг. Тухайн үед гэрчилгээг нь үзэж, шалгаагүй бөгөөд өөрсдийнх нь юм байна гэж итгээд зээл өгсөн. Өгөөдэйбаатар анх гомдол гаргасны дагуу түүнийг хохирогчоор тогтоосон ч жинхэнэ хохирогч нь Ё.Бор байсан тул түүнийг хохирогчоор тогтоож мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээнүүдийг зээл авснаас хойш дарамталж бичүүлсэн гэж байна. Гэтэл Ё.Борд бичиж өгсөн гэх баримт нь хохирогч Г.Нямаад бичиж өгсөн зүйлтэй утга, агуулга нь адилхан байдаг. Дарамталсан, дарамтлаагүй гэж байгаа хоёр бичиг нь адил хэлбэртэй бичигдсэн байдаг. Дарамталж бичүүлсэн юм бол яагаад ийм адил байна вэ. Ё.Бороос зээл гэж итгүүлж мөнгө авсан ч буцааж өгөөгүй. Б.Дашмягмар нь мөрдөн байцаалтын шатанд Баяраа гэж нэрнээс цаашгүй хүнд машинаа өгөөд алдсан гэж хэргийн үйл баримтыг тогтооход саад учруулж, худал мэдүүлэг өгч байсан. Тэрээр өөрийгөө модны бизнес эрхэлж байсан гэдэг. Гэтэл 1 жилийн хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаа явагдахад нэг ч удаа түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байхад хохирол барагдуулаагүй. Нүхтийн амны барилгад мод нийлүүлж байсан гэж хэлдэг ч энэ нь тогтоогдоогүй. Ё.Бороос авсан мөнгийг модны бизнестээ зарцуулсан гэдэг ч үүнийгээ нотолж чадаагүй. Л.Оюунтуяагийн хувьд уг гэмт хэрэгт оролцсон гэж үзэж байгаа шалтгаан нь зээл авахдаа “энэ манай ах, энэ манай нөхөр” гэх итгэл олох үг хэллэг хэлсэн байдаг. Ё.Бор тээврийн хэрэгслийн гэрчилгээг шалгахгүй авсан нь Л.Оюунтуяагийн хэлсэн үгэнд нь итгэсэн. Мөн Г.Нямаад автомашин нь барьцаанд байгаа, Ё.Борын мөнгийг өгөөгүй гэдгийг мэдсээр байж бичиг хийж өгч итгэл төрүүлж байгаа нь энэ гэмт хэрэгт оролцсон түүний оролцоог тодорхойлж байгаа. Гэмт хэрэг үйлдэхдээ санаа зорилгоороо нэгдэж авсан л бол цаашид авсан мөнгийг юунд, яаж зарцуулсан нь хамаагүй. 2 хүүхдийн тухайд мөрдөн байцаагч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 181 дүгээр зүйлд зааснаар асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоосон тогтоол үйлдсэн. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах талаар гаргасан давж заалдах гомдлууд нь ямар ажиллагааг хийлгэх гэж байгааг ойлгосонгүй. Бичгээр гэрээ хийж өгч байгаа нь итгэл төрүүлж байгаа хэлбэр юм...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нар бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “Таван богд финанс” ББСБ-ын зээлийн барьцаанд байсан “Toyota land criuser-200” загварын 42-88 УНД улсын дугаартай автомашиныг иргэн Ё.Борд “Хятадуудад замын тендер олж өгөөд шагналд нь авсан, өөрсдийн эзэмшлийн хөрөнгө” мэтээр ойлгуулан барьцаалж 70,000,000 төгрөг зээлж, уг зээлээ төлөөгүй атлаа 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “автомашинаа 3 хоног түр хэрэглээд өгье” гэж буцаан авч хуурч мэхлэх аргаар 70,000,000 төгрөгийг залилан мэхлэж авсан гэмт хэрэг,

давтан үйлдлээр 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр “Таван богд финанс” ББСБ-ын зээлийн барьцаанд байсан дээрх “Toyota Land Criuser-200” загварын 42-88 УНД улсын дугаартай автомашиныг иргэн Г.Нямаад “Таван богдоос зээлээр авсан, одоо 30,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа” гэж бодит байдлыг нуун төөрөгдүүлж 20,000,000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдөр нэмж 8,000,000 төгрөгийг тус тус хуурч мэхлэх аргаар залилан авч, бусдад нийт 98,000,000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- хохирогч Ё.Борын: “... Улсын их дэлгүүрт лангуу түрээслэн ажиллуулж гэр ахуйн тавилга хэрэгсэл зарж борлуулдаг байсан ба тухайн үед Л.Оюунтуяагийн төрсөн эгчийг цалинжуулан ажиллуулж байсан. Тэр үеэс Л.Оюунтуяаг мэддэг болсон... 2014 оны 9 дүгээр сарын үед Л.Оюунтуяа нь нөхөр Б.Дашмягмартай ирээд “70,000,000 төгрөгийг сарын 9 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлье, барьцаанд нь өөрийн унаж яваа Toyota Land Criuser-200 загварын 42-88 УНД улсын дугаартай автомашиныг үлдээнэ, энэ автомашиныг хятадуудад замын тендер авч өгөөд шагналд нь авсан юм, миний нэр дээр байдаг” гэж Л.Оюунтуяа хэлсэн. Би үүнийг зөвшөөрч “автомашинаа авчирч манай гэрийн гадаа зогсоол дээр тавиад эхнэр Сувдаас мөнгөө авчих” гэж хэлээд явуулсан. Тэгээд Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар байранд эхнэр Сувдаас 70,000,000 төгрөг авч, автомашинаа манай гэрийн гадаах зогсоолд тавиад, түлхүүрийг нь Сувдад үлдээгээд явсан байсан. Харин мөнгө авснаас хойш 6,300,000 төгрөгөөр 2 удаа хүүний мөнгө гэж өгсөн... 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Л.Оюунтуяа нь надтай утсаар холбогдоод “барьцаанд тавьсан автомашинаа 3 хоног баярын өдрүүдээр унаад буцаагаад өгье” гэж гуйхаар нь би бичиг хийлгээд автомашиныг Л.Оюунтуяад өгч явуулсан. Гэтэл үүнээс хойш автомашинаа авчирч өгөөгүйгээс гадна зээлсэн мөнгөө ч өгөөгүй одоог хүрсэн... Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгнө гэхэд 2015 оны 10 дугаар сарын үед 5,000,000 төгрөг өгсөн... Оюунтуяа гэж эмэгтэй мөнгө зээлэхээс 2-3 сарын өмнө надтай утсаар холбогдож ажил дээр ирж уулзаад Солонгосын виз гаргах ажил байвал хэлээрэй Солонгосын хөрөнгө мөнгөтэй хүмүүстэй хамтарч ажил хийх гэж байгаа, та хамтарч ажиллах уу ашигтай гэх мэтээр ярьж ятгаж байсан... Хөдөө орон нутагт эксковатор түрээслэн ажиллуулдаг, манай нөхөр тендерийн ажил зохицуулдаг, ОХУ-аас мод оруулж ирдэг гэх мэтээр хэлж байсан. Дээрх бүгдэд итгэж би мөнгө зээлүүлэх болсон...” /1-р хх-199-201/,

- хохирогч Г.Нямаагийн: “... 2015 оны 4 дүгээр сард танил Мөнхжаргал “нэг хүн надад Toyota Land Criuser-200 загварын автомашин барьцаалж мөнгө зээлүүлээч гэж гуйгаад байна... та хоёр боломжтой бол мөнгө зээлүүлчих” гэхээр нь ирж уулз гэж хэлүүлсэн. Үүний дагуу манай гэрт Б.Дашмягмар гэх хүн эхнэр болох Л.Оюунтуяатайгаа хамт ирсэн. Барьцаалах гэж байгаа автомашиных нь бичиг баримтыг үзэхэд “Toyota Land Criuser-200” загварын 42-88 УНД улсын дугаартай автомашин “Таван Богд” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан. Б.Дашмягмар нь надад хэлэхдээ “би наад машиныг чинь “Таван Богд” ХХК-иас зээлээр аваад, одоо 30,000,000 төгрөг үлдсэн байгаа” гэсэн. Ингээд 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Хас” банкин дээр Б.Дашмягмар, Л.Оюунтуяа болон манай эхнэр Энхбулган бид 4 очоод данснаасаа 20,000,000 төгрөг авч бэлнээр өгч явуулсан. Тэгтэл Л.Оюунтуяа нь хэд хоногийн дараа буюу 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдөр дахин залгаад “ахаа 8,000,000 төгрөг нэмээд зээлчих” гэж гуйхаар нь зайсан толгой руу явах замд байдаг “Оргил” төвийн “Хас” банкнаас 8,000,000 төгрөг авч өгсөн. Түүнээс хойш Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нар нь эхний 4-5 сарын хүүний мөнгө болох 7,500,000 төгрөгийг өгч байгаад 2015 оны 9 дүгээр сараас эхлэн мөнгөө өгөхөө больж, “мөнгөө удахгүй өгнө” гэж хэлсээр байгаад өнөөдрийг хүрсэн... Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нар нь надаас зээлсэн мөнгөө төлөхгүй алга болохоор нь уг машиныг зээлээс нь чөлөөлүүлээд авчих санаатай “Таван Богд” дээр очиж лавлахад 30,000,000 төгрөг биш 123,000,000 төгрөгийн өртэй байсныг мэдсэн... Л.Оюунтуяа нь надаас мөнгө авсан талаар гараараа бичиж өгсөн бичиг нь байгаа...” /2-р хх-211-212/,

- гэрч Б.Сувдын: “... Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нарт “Toyota Land Criuser-200” загварын автомашин барьцаалж 70,000,000 төгрөг зээлэх асуудлын талаар Ё.Бор ярьж тохирсон байх. Миний хувьд зээл өгөх, авах асуудалд нь оролцоогүй. Харин зээл өгөхөөр болоод “Л.Оюунтуяа, Б.Дашмягмар нарт 70,000,000 төгрөг өгөөрэй, барьцаанд нь автомашин тавьсан, манай гэрийн гадаа үлдээсэн” гэж хэлсэн тул 70,000,000 төгрөгийг 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр манай тавилгын үйлдвэр болох Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Жамсранжав гудамжны 15 дугаар байранд Л.Оюунтуяа, Б.Дашмягмар нарт өгсөн. Мөнгө өгөх үедээ би ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй. Мөнгөө авснаас хойш нэг сарын дараа буюу 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүү гэж 6,300,000 төгрөг Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нар, 2014 оны 11 дүгээр сарын үед хүү гэж 6,300,000 төгрөг Б.Дашмягмар надад өгсөн. Түүнээс хойш ямар ч мөнгө өгөөгүй... 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ирж “хүүхдээ ойрхон салхинд гаргаад ирье” гэж хэлээд машинаа авч яваад буцааж өгөөгүй... Тэр үед нь машиных нь гэрчилгээг хэний нэр дээр байсан талаар шалгаж үзээгүй. Машин дотроо л байсан байх...” /1-р хх-37-38/,

- гэрч Б.Мөнхжаргалын: “... Аагий гэх залуу тухайн үед надтай холбогдоод “манай нэг найз Land cruiser 200 загварын автомашинаа барьцаанд тавиад 20,000,000 төгрөг зээлж аваад 20 гаран хоногийн дараа өгье гэнэ, таньд зээлүүлэх мөнгө байна уу” гэсэн. Тухайн үед надад мөнгө байхгүй байсан учраас Г.Нямаа, эхнэр Булгаа эгчтэй утсаар холбогдоод “нэг машин тавиад 20,000,000 төгрөг 5 хувийн хүүтэй зээлэх хүн байна” гэхэд... Булгаа эгч миний утасны дугаарыг өгчих гэхээр нь утасны дугаарыг Б.Дашмягмар гэх залууд өгсөн... миний хувьд Б.Дашмягмарыг таньж мэдэхгүй, зээлсэн мөнгөнөөс нь өөртөө авсан зүйл огт байхгүй...” /2-р хх-214/ гэсэн мэдүүлгүүд,

- Л.Оюунтуяагийн Ё.Борд “Toyota Land Criuser-200” загварын, 42-88 УНД улсын дугаартай автомашиныг барьцаалан 70,000,000 төгрөг зээлсэн, уг автомашиныг 3 хоногийн хугацаатай хэрэглээд буцаан өгнө гэж гараар бичсэн тодорхойлолт /1-р хх-18, 21/,

- Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нар “Таван Богд” ХХК-иас “Toyota Land Criuser-200” загварын автомашиныг урьдчилгаа 50,700,000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрт автомашинаа барьцаалан “Таван Богд Финанс” ББСБ-аас 67,658.38 ам.долларыг 24 сарын хугацаатай төлөхөөр байгуулсан гэрээнүүд /1-р хх-225-235/, 

- Л.Оюунтуяа Г.Нямаагаас “Toyota Land Criuser-200” загварын, 42-88 УНД улсын дугаартай автомашин барьцаалж 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 20,000,000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 8,000,000 төгрөг зээлж, “Си Си ар ХХК”-ийн тамгаар баталгаажуулсан, тэдний гарын үсэгтэй баримт /2-р хх-206/,

- Л.Оюунтуяагийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “... 2014 оны 9 дүгээр сард нөхөр Б.Дашмягмар “ОХУ-аас мод оруулж ирэхэд мөнгө хэрэгтэй байна” гэхээр нь Ё.Бор ах дээр Б.Дашмягмартай хамт “Мишээл Экспо” дээр очиж уулзаж байсан. Учир нь Ё.Бор ах “Мишээл Экспо” дээр гэр ахуйн тавилгын дэлгүүр ажиллуулдаг юм. Ё.Бор ахтай уулзаад 70,000,000 төгрөгийг сарын 9 хувийн хүүтэй /сарын хүү 6,300,000 төгрөг/ зээлэх талаар ярьсан. Энэ үед Ё.Бор барьцаа хэрэгтэй гэсний дагуу тухайн үед манай нөхөр “Таван богд финнанс”-аас лизингээр худалдан аваад унаж байсан 42-88 УНД улсын дугаартай, “Land cruiser 200” загварын автомашинаа барьцаанд үлдээхээр болсон. Харин мөнгөө Ё.Бор ахаас аваагүй. Ё.Бор ах барьцаанд тавьж байгаа машинаа манай гэрийн гадаа тавиад түлхүүрийг нь манай эхнэр Сувдаад аваачиж өгөөд мөнгөө аваарай гэж хэлсэн тул нөхөр бид хоёр машинаа Ё.Бор ахын Хан-Уул дүүрэг дэх байх гэрийнх нь хашаанд тавиад түлхүүрийг нь авч Ё.Бор ахын эхнэрт өгөөд 70,000,000 төгрөг авч байсан...

2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ё.Бор ахын ажлын шинэ жил болж Б.Дашмягмар бид хоёрыг урьсан тул би ганцаараа очсон. Тэгээд Ё.Бор ахтай уулзаж байгаад шинэ жилийн үеэр хүүхдүүдээ салхинд гаргамаар байна гэдгээ хэлээд машинаа 3 хоног унахаар болж 12 дугаар сарын 31-ний өдөр Б.Дашмягмар очиж авсан... түүнээс хойш машинаа өгөөгүй ба Б.Дашмягмар нь мөнгө хайж байна гэдэг л байсан. Харин би гэртээ хүүхдээ хардаг байсан... “Toyota Land Criuser-200” загварын, 42-88 УНД улсын дугаартай автомашиныг манай нөхөр Б.Дашмягмар “Таван Богд” ББСБ-аас урьдчилгаа 50,000,000 гаран төгрөг үлдэгдэл мөнгийг нь сар сард нь төлж барагдуулахаар авсан... лизингийн гэрээ нь дээр би хамтран зээлдэгчээр орж гарын үсэг зурж байсан...” /1-р хх-57-59, 65-67, 202-203/,

“... Б.Дашмягмар 2015 оны 3 дугаар сард мөнгөний хэрэг болсон учир өөрийн машин болох 42-88 УНД улсын дугаартай, “Toyota Land Criuser-200” загварын автомашиныг Г.Нямаа гэх хүнд 20,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан... 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдөр манай нөхөр над руу залгаад “дахин 8,000,000 төгрөг хэрэг болоод байна, өмнө нь миний машин барьцаалсан хүнээс очоод аваад ир” гэхээр нь тухайн өдөртөө очиж өмнөх зээл дээр нэмж 8,000,000 төгрөг зээлж, бичиг хийж өгөөд, мөнгийг аваад нөхөр рүүгээ шилжүүлсэн...” /3-р хх-8-9/, 

- Б.Дашмягмарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “... Би БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны иргэн Эрдэнэ гэх залуутай хамтарч ОХУ-аас зүсмэл мод Монгол Улс руу оруулж ирж Нүхтийн аманд баригдаж байгаа орон сууцны хороололд нийлүүлдэг байсан. 2014 оны 9 дүгээр сард мөнгө хэрэг болоод би өөрийн эхнэр Л.Оюунтуяагаас “мөнгө зээлэх хүн байна уу, Ё.Бор ахаас асуугаач” гэж хэлсэн... Тэгээд манай эхнэр бид хоёр Ё.Борын ахын ажил болох “Мишээл Экспо” төв дээр очиж уулзсан. Тэр үед Ё.Бор ахаас 70,000,000 төгрөг 1 сарын хугацаатай 9 хувийн хүүтэй зээлэх санал тавихад барьцаанд үлдээх эд зүйл хэрэгтэй гэхээр нь “Toyota Land Criuser-200” загварын, 42-88 УНД улсын дугаартай автомашинаа барьцаанд үлдээхээр болж ярьж тохирсон... Ё.Бор “манай эхнэрээс мөнгөө очиж аваарай, машинаа гэрийн гадаа аваачиж тавиад эхнэрт түлхүүрийг нь өгөөрэй” гэж хэлэхээр нь Л.Оюунтуяа бид хоёр унаж байсан машинаа Ё.Бор ахын Зайсанд байх гэрийнх нь хашаанд оруулж тавиад түлхүүрийг нь Ё.Бор ахын эхнэр болох Б.Сувдаа эгчид тавилгын үйлдвэрийн байр болох Гэмтлийн эмнэлгийн урд талд байрлах байранд нь аваачиж өгөөд 70,000,000 төгрөгийг бэлнээр авсан. Мөнгө авах үедээ ямар нэг гэрээ хэлцэл хийсэн зүйл байхгүй, амаар тохироод л авсан. Авсан мөнгөө бүгдийг нь ОХУ-аас оруулж ирж байсан модны бизнестээ оруулсан... Тэгээд ОХУ-аас оруулж ирж байсан бүх модоо Эрдэнэтэй хамт Яармагийн Нүхтийн аманд барьж байсан барилгын компанид нийлүүлсэн... 2015 оны 3 дугаар сарын үед Яармагийн Нүхтийн аманд баригдаж байгаа барилга дээр очиж модныхоо мөнгийг авах талаар ярихад Эрдэнийг бүх тооцоогоо нийлээд мөнгөө аваад явсан гэдгийг нь мэдсэн. Тэр үеэс Эрдэнэтэй холбогдох гээд чадаагүй... 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ё.Бор ахад барьцаанд тавьсан байсан “Toyota Land Criuser-200” загварын, 42-88 УНД улсын дугаартай автомашинаа 3 хоногийн хугацаатай аваад хүүхдүүдээ салхинд гаргаад шинэ жилээр уначихаад өгье гэж хэлээд очиж авсан...” /1-р хх-61-63, 204/,

“... 2015 оны 3 дугаар сард 20,000,000 төгрөгийн хэрэг гарсан учир өөрийнхөө автомашиныг барьцаанд тавьж мөнгө олохоор болоод найз нөхдөөрөө дамжуулан Г.Нямаа гэх хүнтэй холбогдсон. Тэр хүнд өөрийнхөө 42-88 УНД улсын дугаартай автомашиныг 20,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан... нэг сарын дараа 8,000,000 төгрөгийн хэрэг гараад байхаар нь Г.Нямаатай утсаар ярьж нэмж авахаар болж эхнэр Л.Оюунтуяагаар авхуулж өөр лүүгээ шилжүүлж авсан...” /3-р хх-6-7/ гэсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих зүйлүүдийг бүрэн шалгасан байна.

Анхан шатны шүүх Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нарыг бүлэглэн, давтан үйлдлээр иргэн Ё.Бор, Г.Нямаа нарыг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан талаар хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийж, тэдний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон ял оногдуулжээ.  

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд “Таван Богд финанс” ББСБ-аас Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нарт 67,658.38 ам.долларын зээл олгохдоо тодорхой тооцоо, судалгаанд үндэслэсэн байх ба хэрэв зээлдүүлэгч төлбөрөө хугацаанд нь төлөөгүй нөхцөлд үүсэх эрсдлийг “Монгол Даатгал” ХХК-д гэрээ байгуулан даатгуулсан болох нь барьцаат зээлийн гэрээ, даатгалын гэрээ, зээлийн судалгааны баримтууд /1-р хх 225-245, 2-р хх 174-181/ болон “Таван Богд финанс” ББСБ-ыг төлөөлж хохирогчоор тогтоогдсон Г.Зандан /2-р хх 184-185/, гэрч Х.Жанат /2-р хх 186/ нарын мэдүүлгээр тогтоогджээ.

 

“Таван Богд финанс” ББСБ-тай байгуулсан зээлээр автомашин худалдан авах гэрээ нь тооцоо, судалгаанд үндэслэж зохих хууль, журмын дагуу хийгдсэн, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг даатгасан зэргээс дүгнэж үзвэл автомашин худалдан авсан үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй, иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн гэрээний үүргийн биелэлттэй холбоотой маргаан байх тул анхан шатны шүүх уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ялтан Б.Дашмягмар, Л.Оюунтуяа, тэдгээрийн өмгөөлөгч Н.Санчиндорж, Ц.Алтанцол нарын тус тусын гаргасан давж заалдах гомдлуудын дагуу хэргийг хянаж үзвэл:

Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нар хохирогч Ё.Бороос 70,000,000 төгрөг зээлэхдээ “Таван Богд финанс” ББСБ-аас зээлээр худалдан авсан Toyota land criuser-200 загварын, автомашинаа “хятадуудад замын тендер олж өгөөд шагналд нь авсан” гэж худал танилцуулаад, хэрэв хугацаандаа зээлээ төлж чадаагүй нөхцөлд автомашиныг өмчлөлд нь шилжүүлнэ хэмээн илт биелэгдэх боломжгүй баталгаа гаргаж хохирогчийг итгүүлсэн, улмаар барьцаалсан автомашинаа түр хэрэглэх нэрийдлээр авч хохирогч Г.Нямаад 28,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавихдаа “автомашиныг зээлээр худалдан авсан, одоо 30,000,000 төгрөг үлдсэн” гэж бодит байдлын талаар буруу ташаа мэдээлэл өгсөн, хохирогчийг “Тендерийн ажил хөөцөлдөж байна”, “ОХУ-аас мод импортлох бизнес эрхэлж байгаа, удахгүй зээлсэн мөнгөө өгнө” гэж хуурч мэхэлсэн болох нь хохирогч нарын мөрдөн байцаалтад өгсөн удаа дараагийн мэдүүлгээс гадна гэрч Б.Сувдын мэдүүлэг, Л.Оюунтуяагийн бичгээр үйлдсэн баталгаанууд, зээлийн болон барьцааны гэрээнүүд зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогджээ.

Л.Оюунтуяа нь хохирогчдоос мөнгө зээлэх асуудлыг хэлэлцэн тохирох, зээлийг хүлээн авах, баримт баталгаа гаргах, хохирогчдыг мөнгөө нэхэхэд удахгүй өгнө гэж илтгүүлэх гэх мэт идэвхтэй хэлбэрээр нөхөр Б.Дашмягмарын үйлдэлд хамтран оролцсон байх тул түүнийг “Залилан мэхлэх гэмт хэрэгт оролцоогүй” гэх давж заалдах гомдлуудыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нар мөнгө зээлэхийн тулд зээлээр худалдан авсан “Toyota land criuser-200” загварын автомашинаа хохирогч Ё.Борд хүний ажил бүтээж шагналд авсан, хохирогч Г.Нямаад барьцаалсан боловч зээлийн үнийн дүн бага мэтээр бодит байдлыг ташаа танилцуулсан. Өндөр үнийн дүнтэй автомашин барьцаалж, хэрэв зээлээ төлж чадаагүй нөхцөлд өмчлөлд нь шилжүүлнэ хэмээн баталгаа гаргасан нь хохирогч нарын итгэлийг төрүүлж мөнгө зээлдүүлэх шалтгаан болжээ. Иймээс тэдний үйлдлийг хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөгийг залилан авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна гэж үзэв.

Ялтан Б.Дашмягмар нь “Хохирогч нараас зээлсэн мөнгийг ОХУ-аас мод импортлоход зарцуулсан ба тодорхой шалтгааны улмаас бизнес нь эрсдэлд орсон” гэж давж заалдах гомдол гаргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад Б.Дашмягмарын мод нийлүүлэх гэрээ нь хохирогч нараас мөнгө авсан үйлдлээс өмнөх цаг хугацаанд хийгдсэн, үүнээс хэдэн төгрөгийн ашиг олсон нь тодорхой бус, модоо Нүхтийн ам гэх газарт баригдаж буй орон сууцны хороололд нийлүүлсэн гэсний дагуу мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулж, холбогдох хүмүүсээс гэрчийн мэдүүлэг, баримтууд авахад уг нөхцөл байдал тогтоогдоогүй  тул дээрх гомдлын үндэслэлийг хүлээж авах боломжгүй байна. 

 

“Таван Богд финанс” ББСБ-аас автомашин барьцаалан зээл авсан асуудлыг иргэний эрх зүйн маргаан гэж үзэн үүнтэй холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон учраас “Toyota Land Criuser-200” загварын, 42-88 УНД улсын дугаартай автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзлээ.

 

            Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг хасах буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил гараагүй байна. Л.Оюунтуяагийн “автомашин барьцаалан мөнгө зээлсэн”, “зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд автомашиныг өмчлөлд нь шилжүүлж өгнө” гэж хохирогч нарт бичгээр гаргасан баталгаа нь хэн нэгний дарамт шахалтаар үйлдсэн гэх үндэслэл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсонгүй. 

 

Иймд ялтан Б.Дашмягмар, Л.Оюунтуяа, тэдгээрийн өмгөөлөгч Н.Санчиндорж, ялтан Л.Оюунтуяагийн өмгөөлөгч Ц.Алтанцол, хохирогч Г.Нямаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Харин анхан шатны шүүх Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нарын бага насны хүүхдүүдийн асран хамгаалалын асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан байх тул энэ талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолд “Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйийн 188.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нарын хүүхдүүд болох 2010 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин Д.Мишээл, 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Д.Тэнгис нарт асран хамгаалагчийг тогтоохыг Б.Дашмягмарын оршин суудаг харъяа Баянгол дүүргийн Засаг даргад даалгасугай” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан Б.Дашмягмар, Л.Оюунтуяа, тэдгээрийн өмгөөлөгч Н.Санчиндорж, ялтан Л.Оюунтуяагийн өмгөөлөгч Ц.Алтанцол, хохирогч Г.Нямаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

 

ШҮҮГЧИД                                                       Т.ӨСӨХБАЯР

 

М.ПҮРЭВСҮРЭН