Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2023/0110/З |
Дугаар | 001/ХТ2024/0024 |
Огноо | 2024-02-19 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2024/0024
Д.Н-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан
дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар
зохион байгуулалтын албанд холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч
Д.Батбаатар
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ц.Цогт
Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2023/0744 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2023/0714 дүгээр магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 38 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой захиргааны хэргийг нэхэмжлэгч Д.Н, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М, гуравдагч этгээдийн төлөөлөгч Л.Э, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, өмгөөлөгч М.М нарыг оролцуулан, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.Нэхэмжлэгч Д.Наас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан “2022 оны А/535 дугаар захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “газрын эрх шилжүүлэхээс татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэргийн нөхцөл байдал:
2.Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/535 дугаар захирамжаар “А” ХХК-ийн эзэмшиж байсан 4005 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг “Т” ХХК-д шилжүүлсэн байна.
2.1.Үүнийг нэхэмжлэгч Д.Наас эс зөвшөөрч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргад “... “Т” ХХК-д газар шилжүүлсэн захирамж, гэрээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг миний нэр дээр шилжүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий өргөдлийг гаргасан байна.
2.2.Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас “... Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан материалын бүрдэл хангасан тул газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээний нэрийг шилжүүлж шийдвэрлэсэн” гэсэн хариуг хүргүүлжээ.
2.3.Мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Д.Н-т “... Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасны дагуу газар эзэмшигч нь газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх эрхтэй тул хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй бөгөөд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй байна” гэсэн хариуг хүргүүлсэн байна.
3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ““А” ХХК нь 4007 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай эзэмшиж байгаад 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Д.Н надтай газрын эрх шилжүүлэх гэрээ хийж, эзэмшдэг газрынхаа талыг буюу 2003.5 м.кв газрыг 65,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч төлбөрийг бэлнээр болон машин оролцуулж 45,000,000 төгрөгийг авсан ба Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамж гарч, газрын эрх шилжиж, гэрчилгээ гарсны дараа үлдэгдэл төлбөр 20,000,000 төгрөгийг төлөхөөр болсон.
3.1.Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанд газрын эрх шилжүүлэх хүсэлтийг өгсөн бөгөөд газрын албаныхан “газрын эрх шилжүүлэх боломжгүй, цэргийн ангийн нөөцийн зориулалттай газар” гэж өргөдлийг хүлээж аваагүй.
3.2.Д.Н надад худалдан авсан газрын эрх шилжүүлж өгөхгүй байсан атлаа “Т” ХХК-д шилжүүлсэн байгаа нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна” гэж тайлбарлажээ.
4.Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга “... “А” ХХК нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмших эрхээ “Т” ХХК-д шилжүүлэх хүсэлт гаргасан тул шилжүүлсэн” гэж,
5.Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба “Дүүргийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/535 дугаар захирамжаар “Т” ХХК-д 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн гэрээг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээний нэрийг шилжүүлэн, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон” гэж,
6.Гуравдагч этгээд “Т” ХХК-аас “Иргэн Д.Н-тай 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд Засаг даргын захирамж гарч, газрын эрх шилжиж, гэрчилгээ гарсны дараа үлдэгдэл 20 сая төгрөг төлнө гэсэн заалт байхгүй. Уг гэрээний төлбөрийн төлөлт хийгдэлгүй гэрээний хугацаа дууссанаас хойш 5 жилийн дараа манай компани гэрээ байгуулж, газар эзэмших эрхийг холбогдох хууль журмын дагуу баримт бичгийг бүрдүүлж, хүсэлт өгч газар эзэмших эрхийн шилжилт хийгдсэн” гэж тус тус маргажээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр:
7.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2023/0744 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны А/535 дугаар захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “газрын эрх шилжүүлэхээс татгалзсан Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлал:
8.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2023/0714 дүгээр магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны А/535 дугаар захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгохыг дурджээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
9.Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б-аас шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.
9.1.Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/535 дугаар “газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай” захирамжийн 1 дэх заалтаар дүүргийн газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг үндэслэн хүсэлт гаргасан нэр бүхий 19 иргэн, 6 хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хавсралтад заасны дагуу шилжүүлсний дотор “А” ХХК-аас газар шилжүүлэн авсан “Т” ХХК хамаарч байна.
9.2.Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т “Газар эзэмшигч дараах эрхтэй”, 35.1.4-т “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх”, 38 дугаар зүйлийн 38.1-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”гэж заасан.
9.3.Анхан болон давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.4, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.3, 38.4 дэх заалтыг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн.
9.4.Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.8-д “Хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар газрыг бусдад шилжүүлэх тохиолдолд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.4-т заасан журмыг баримтлан, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу Засаг дарга захирамж гаргана" гэж заасны дагуу “Т” ХХК, “А" ХХК-ийн хүсэлтийг үндэслэн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан талуудын хүсэлт холбогдох баримт бичгийг шалгасны үндсэн дээр маргаан бүхий шийдвэрийг гаргасан.
9.5.Нэхэмжлэгч иргэн Д.Н нь Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд маргаан бүхий газрыг шилжүүлэн авах хүсэлтээ гаргаж байгаагүй мөн газар эзэмшигч өөрийн газраа хэнд шилжүүлэх, захиран зарцуулах асуудал түүнд хадгалагдаж байгаа. Маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй. Газар эзэмшигчийг хүсэлт гаргаагүй байхад дүүргийн Засаг дарга нь түүний эрхэд халдан нэхэмжлэгч Д.Н-т шилжүүлэх асуудлыг түүнд тавих эрх хэмжээ байхгүй. Харин нэхэмжлэгч нь иргэний журмаар газар эзэмшигчид өгсөн төлбөрөө нэхэмжилж авах бүрэн эрх нь түүнд байна. Угтаа нэхэмжлэгч нь газар эзэмшигчтэй тохиролцсон төлбөрөө төлж дууссаны дараа Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу хоёул хамт хүсэл сонирхлоо нэгтгэж, хүсэлт гаргаж, нэхэмжлэгчид шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Харин маргаан бүхий газрын өмнөх эзэмшигч “А” ХХК-ийн захирал анхан шатны шүүхэд гэрчээр тайлбар өгөхдөө Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасны дагуу газрын эрх хүчингүй болох нөхцөл бүрдэж байсан учраас “Т” ХХК-д шилжүүлэх санал тавьсан. Нэхэмжлэгч Д.Н-ийн хохирлыг “А” ХХК нь барагдуулахаа илэрхийлсэн. Харин нэхэмжлэгч Д.Н нь тухайн газраа заавал авна гэдэг байр суурь илэрхийлж байгаа нь иргэний эрх зүйн харилцааг зохицуулж байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байхад Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
10.Гуравдагч этгээд “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.
10.1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Д.Н-ийн гаргасан “газрын эрх шилжүүлэхээс татгалзсан Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, харин “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/535 дугаар захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох” шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
10.2.Уг шийдвэрийн хангаж шийдвэрлэсэн хэсгийг хариуцагч болон гуравдагч этгээдээс эс зөвшөөрч тус хэсгийг хэрэгсэхгүй болгуулахаар давж заалдах журмаар гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд хянасан бөгөөд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 744 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг үндэслэн маргаан бүхий актыг 6 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь дараах байдлаар алдаатай шийдвэр болсон.
10.3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тухайд: давж заалдах шатны шүүхийн 2023 оны 714 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1-т “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 744 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны А/535 тоот захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгохыг дурдсугай" гэсэн заалтыг нэмсүгэй” гэжээ.
10.4.Уг захиргааны маргаан нь нэхэмжлэлийн 2 шаардлагатай. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн “газрын эрх шилжүүлэхээс татгалзсан Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хуульд газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг “талууд” гаргана гэж заасан бөгөөд нэхэмжлэгч талаас шилжүүлж авах тухай, мөн “А” ХХК-аас нэхэмжлэгч Д.Н-т шилжүүлж өгөх тухай хүсэлт гаргаж байгаагүй болох нь олон баримтаар тогтоогдсон байдаг. Энэ талаар анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл хэсгийн 3.1-3.6 дахь хэсэгт зөв дүгнэлт хийсэн бөгөөд ингэж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор хэргийн аль нэг тал гомдол гаргаагүй болно.
10.5.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхлээр нь хянахдаа эс үйлдэхүйтэй холбоотой шаардлага, тухайн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт хэрхэн үнэлэлт, дүгнэлт өгсөн эсэх нь тодорхойгүйн дээр уг шаардлагыг магадлалын тогтоох хэсгээс хассан нь ихээхэн ойлгомжгүй байна.
10.6.Нэхэмжлэгчийн гаргасан 2 нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэл шаардлагын хувьд хамааралтай, хоорондоо уялдаа холбоо бүхий шаардлага байсан. Хэрэв нэхэмжлэгч өргөдөл өгч байсан, түүнийг хариуцагч шийдвэрлээгүй бол нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзээд маргаан бүхий актыг хүчингүй болгуулах 2 дахь шаардлагыг гаргах эрхтэй гэж үзнэ.
10.7.Өөрөөр хэлбэл, тухайн захиргааны акт хууль бус байх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхыг давхар шаарддаг. Гэтэл өргөдөл хүсэлт огт гаргаж байгаагүй этгээд буюу захиргааны байгууллагыг буруутгах эрхгүй, цаашлаад захиргааны журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн зөв мэтээр анхан шатны шүүх шийдсэн.
10.8.Шүүх үүссэн хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэх үүрэгтэй хэдий ч давж заалдах шатны шүүхээс маргааныг шийдвэрлэхээс зайлсхийсэн.
10.9.Маргаан бүхий акт нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан, тодруулбал өмнөх газар эзэмшигч болох “А” ХХК-ийн зүгээс маргаан бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Д.Н-т бус гуравдагч этгээд “Т" ХХК-д шилжүүлэх хүсэлтээ /маргаан бүхий акт гарах үед болоод одоо ч/ гаргасан, нөгөө талаас эрх шилжүүлэн авах хүсэлтэй байгаа болохоо илэрхийлсэн “Т” ХХК нь хуулийн нөхцөл шаардлагыг бүрэн хангасан. Дээрх хүсэлтүүдийг захиргааны байгууллага хүлээж аваад Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасан үүргийн дагуу шалгаж тодруулах ажиллагааг хийсний үндсэн дээр хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд захирамж гаргасан байдаг.
10.10.Өмнөх газар эзэмшигч болох “А” ХХК-ийн зүгээс хариуцагчид гаргаж өгсөн албан хүсэлт болон уг захиргааны хэрэгт гэрчээр дуудагдаж мэдүүлэг өгөх үедээ “газрын эзэмших эрхийн гэрчилгээг “Т” ХХК-д шилжүүлнэ, үүнтэй холбоотой Д.Н-ийн эрх хөндөгдөж байгаа тул түүнээс авсан мөнгөө эргүүлж төлж барагдуулна. Д.Н-ийн хохирлыг барагдуулах төлбөрийн чадвартай” гэх агуулгыг илэрхийлсээр байхад давж заалдах шатны шүүхээс дахин акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдэж байгаа нь учир дутагдалтай байна.
10.11.Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй бөгөөд газартай холбоотой хүсэлт захиргааны байгууллагад гаргаж байгаагүй иргэн нэхэмжлэл гаргасныг захиргааны шүүх хүлээн авч хэрэг үүсгээд, бүтэн 1 жилийн хугацаанд эцэслэн үнэн зөвөөр шийдвэрлэхгүй байгаа нь дэндүү харамсалтай байна.
10.12.Мөн давж заалдах гомдолдоо “анхан шатны шүүх гомдол гаргах эрхтэй захирамжийг гардуулж, танилцуулахгүйгээр өмнөх шүүх хуралдааны тэмдэглэл хэрэгт авагдаагүй, хавсаргаагүй байхад шүүх хуралдааныг хийсэн, нэр заан судлуулсан нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаар шийдвэрт тусгагдаагүй зэргийг дэлгэрэнгүй дурдаж, тайлбарласан байхад энэ талаар нэг ч дүгнэлт хийгээгүй, магадлалд тусгаагүй зэрэг нь шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
10.13.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу дээр дурдагдаж буй нөхцөл байдлыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй байсан бөгөөд нотлох баримтыг үнэлэх ажиллагаатай холбоотой ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн мөн магадлалд “А” ХХК-ийн оноосон нэрийг “А с” ХХК болон “А с г” ХХК зэргээр зөрүүтэй бичсэн байдал нь шүүхийн шийдвэр магадлал нь мөн хуулийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
10.14.Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тухайд: Тухайн маргаанд холбогдон хэрэглэгдэж байгаа хууль нь Газрын тухай хууль бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх харилцааг зохицуулсан 38 дугаар зүйл болно.
10.15.Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг үнэлж, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг тайлбарлахдаа газар эзэмших эрхийг шилжүүлэх нь газар эзэмшигчид хуулиар олгогдсон эрхийн агуулгад хамаарахгүй гагцхүү өмчлөх эрхийн хүрээнд байдаг тул Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасан хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр гэдэгт хамаарахгүй гэж үзсэн бол давж заалдах шатны шүүхээс шийдвэрийн уг хэсгийг хянаад “хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, учир дутагдалтай болсон талаар” 714 дүгээр магадлалын хянавал хэсгийн 4-6 дахь хэсэгтээ дурдсан байна.
10.16.Өөрөөр хэлбэл анхан болон давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн холбогдох хэсэг, заалтыг зөрүүтэй байдлаар тайлбарлан хэрэглэсэн.
10.17.Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан шударга ёсыг хангах, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны зарчимд нийцэх бөгөөд эдгээр бодит нөхцөл байдлуудыг шүүх тал бүрээс нь үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааныхаа үндэслэл болгож байж захиргааны хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитойгоор хамгаалагдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан зорилт хангагдах учиртай.
10.18.Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж, давж заалдах шатны шүүх хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэхээс зайлсхийсэн нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан “шударга ёс, тэгш байдлыг хангах” төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг хэрэгжүүлээгүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.
Иймд шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
11.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 38 дугаар тогтоолоор хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, гуравдагч этгээд “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
12.Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Тогтоогдсон үйл баримтын тухайд:
13.Нэхэмжлэгч Д.Н нь 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “А” ХХК-тай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулж, “А” ХХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 013 дугаар цэргийн ангийн баруун талд байрлах 2003.5 м.кв газрыг шилжүүлэн авахаар тохиролцжээ. Гэвч, Д.Н болон “А” ХХК нь Газрын тухай хуульд заасан зохих журмын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн газрын албанд гаргаж байгаагүй ба улмаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхтэй холбогдсон аливаа захиргааны үйл ажиллагаа явагдаагүй байна.
14.Үүнээс даруй 5 жилийн дараа 2022 онд “А” ХХК нь тус маргаан бүхий газрыг бүхэлд нь гуравдагч этгээд “Т” ХХК-д шилжүүлэх гэрээг байгуулж, талууд Газрын тухай хуульд заасан холбогдох баримт бичгийг хавсарган Сонгинохайрхан дүүргийн газрын албанд газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлт гаргасан. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга тус хүсэлтэд үндэслэн “А” ХХК-аас гуравдагч этгээд “Т” ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/535 дугаар захирамжийг гаргажээ.
Энэхүү хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж хариу өгөх, шаардлагатай хууль зүйн асуудал нь:
-Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг гэрээний тал дангаар гаргасан нь Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг гаргасанд тооцогдох эсэх
-Засаг дарга газар эзэмших эрхийг шилжүүлэх зөвшөөрөл олгохдоо Газрын тухай хуульд заасан журмаас гадна бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан үзэх шаардлагатай эсэх тухай байна.
Хууль хэрэглээний хувьд:
15.Газар эзэмшигч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхтэй бөгөөд уг газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхтэй холбоотой харилцааг мөн хуулийн 38 дугаар зүйлд нарийвчлан зохицуулжээ.
16.Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах ...” гэж тусгасан нь газар эзэмших эрх шилжүүлэх, шилжүүлэн авах аль аль талын хүсэл зоригийг газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх үндэс болгох агуулгатай байх тул талууд нэгэн зэрэг газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг холбогдох баримт бичгийн хамт газрын албанд гаргаснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх үндэслэл бүрдэнэ. Тодруулбал, аль нэг тал дангаар хүсэлт гаргасныг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан хүсэлтийг гаргасан гэж тооцохгүй.
17.Нэхэмжлэгч Д.Н нь 2017 онд Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг гаргасан гэж тайлбарлаж байх хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, шүүхийн үзлэгээр Д.Н тухайн хүсэлтийг гаргаж байсан нь нотлогдоогүй төдийгүй газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмшигч “А” ХХК ч Газрын албанд мөн хүсэлт гаргаж байсан нь тогтоогдохгүй байна.
18.Иймд, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх захиргааны үйл ажиллагааны үндэслэл болсон талуудын хүсэлт байхгүй тохиолдолд Газрын албыг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэх үндэсгүй бөгөөд анхан шатны шүүх “шилжүүлж өгч байгаа тал болон газар шилжүүлэн авч байгаа талууд зэрэг хүсэлтээ гаргаж хуульд заасан баримт бичгийг бүрдүүлэн хандах ёстой байна” гэж дүгнэж Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.
19.Харин давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасан хэргийг бүхэлд нь хянан үзэх үүргээ бүрэн хэрэгжүүлж, захиргааны шүүхээс шийдвэрлэж хариу өгөх шаардлагатай асуудлаа зөв тодорхойлж дүгнэлгүйгээр эс үйлдэхүйтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг орхигдуулж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны А/535 дугаар захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй. Энэ хүрээнд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.
20.Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар Засаг дарга нь 38.3.1 “энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх”, 38.3.2 “шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх”, 38.3.3 “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх” зэрэг газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхтэй холбогдсон хуульд заасан хэлбэрийн шаардлагыг тодруулах үүрэгтэй байна.
21.Энэ хуулийн зохицуулалтын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх зөвшөөрөл олгох Засаг даргын шалгалтын цар хүрээ нь гагцхүү хуульд урьдаас тогтоож өгсөн урьдчилсан нөхцөл болох дээрх шаардлагаар хязгаарлагдахаар байна.
22.Гэтэл нэхэмжлэгч нь газрыг шилжүүлж авахаар удаа дараа хүсэлт гаргасан гэх нөхцөл байдал нь дээр дурдсанаар тогтоогдохгүй, газар эзэмшигч “А” ХХК-ийн захирал Л.А-аас нэхэмжлэгч Д.Н-т гэрээгээр тохирсон 2003,5 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэхээр захиргааны байгууллагад хандаж байгаагүй гэж тайлбарлаж буй тохиолдолд хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албыг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж буруутгах үндэслэлгүй бөгөөд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасан ажиллагааг хийх үүрэг хариуцагчид үүсээгүй байна.
23.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, хариуцагч Засаг дарга нь “А” ХХК-ийн эзэмшлийн 4007 м.кв газрыг гуравдагч этгээд “Т” ХХК-д шилжүүлэхдээ 2 талын гаргасан хүсэлт, хүсэлтэд хавсарган ирүүлсэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /нотариатаар гэрчлүүлсэн/, газрын байршлын кадастрын зураг, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, газрын төлбөр тооцоо нийлсэн акт зэрэг баримтуудыг үндэслэн газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу шилжүүлжээ. Өөрөөр хэлбэл хариуцагч нь “А” ХХК-ийн эзэмшлийн газрыг гуравдагч этгээд “Т” ХХК-д шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3, 38.4-т заасныг зөрчсөн нь тогтоогдоогүй, иймд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны А/535 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
24.Анхан шатны шүүх “энэ нь тухайн маргаан бүхий газрыг эзэмшихийг хүсэж буй иргэн Д.Н-ийн эрх гэхээсээ илүү тухайн газартай холбоотой ашиг сонирхлыг хөндсөн” гэж дүгнэн Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, А/535 захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь буруу байна.
25.Нэгэнт газар эзэмшигч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх эрхтэй бөгөөд уул эрхийн хүрээнд газрыг шилжүүлэн авч буй этгээдийн хамтаар хүсэлт, холбогдох баримтыг өгсний дагуу газар эзэмших эрхийг шилжүүлсэн хариуцагч захиргааны байгууллагын буруу биш бөгөөд уг актын улмаас газрыг шилжүүлж авахаар хуульд заасан журмын дагуу хандаж байгаагүй нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй юм.
26.Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулав.
27.Харин нэхэмжлэгч нь газрын эрх шилжүүлэх гэрээний улмаас өөрт хохирол учирсан гэж үзэж байгаа бол энэ асуудлаар иргэний журмаар маргах, хохирлын асуудлыг шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2023/0714 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2023/0744 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.3, 38.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Н-ийн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “газрын эрх шилжүүлэхээс татгалзсан Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/535 дугаар захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.” гэж тус тус өөрчилж, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, гуравдагч этгээд “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТСУУРЬ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Д.БАТБААТАР
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ