Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2019/0516

 

 

 

 

Н.Ц, “Б х м” НҮТББ

нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Н.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, өмгөөлөгч Г.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0448 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд “Ш” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлоор, Н.Ц, “Б х м” НҮТББ нарын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0448 дугаар шийдвэрээр:

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 19.6, 22 дугаар зүйлийн 22.1, 22.4, 31 дүгээр зүйлийн 31.1, 401 дүгээр зүйлийн 401.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Ц-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 503 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, үлдэх шаардлага болох Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутаг А у гэдэг газарт олгогдсон ашигт малтмалын хайгуулын ХҮ-00000 дугаар тусгай зөвшөөрлийг цуцлахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “Б х м” ТББ-ын “Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын А у гэдэг газарт олгогдсон ашигт малтмалын хайгуулын ХҮ-00000 дугаар тусгай зөвшөөрлийг цуцлахаас татгалзсан хариуцагчийн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоох, уг тусгай зөвшөөрлийг цуцлахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд “Ш” ХХК давж заалдах гомдолдоо: “... “Ш” ХХК нь “Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутаг А у гэдэг газарт олгогдсон ашигт малтмалын хайгуулын ХҮ-00000 дугаар тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу эзэмшиж, хөрөнгө оруулалт хийж хайгуулын хайгуулын ажлыг хийж гүйцэтгэсэн юм.

Мөн түүнчлэн ашигт малтмалын хайгуулын ХҮ-00000 дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшигч нар нь анх олгогдсон 2007 оноос 2018 оны хооронд хайгуулын ажлын тайлан, төлөвлөгөөг зохих журмын дагуу эрх бүхий байгууллагад хүргүүлж, хянуулж, төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлж, хайгуулын ажлын батлагдсан зардлын доод хэмжээг батлуулсаар ирсэн тул тусгай зөвшөөрлийг зохих журмын дагуу хуульд нийцүүлэн сунгаж байсан болох нь баримтуудаар нотлогддог.

Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0448 дугаар шийдвэрээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 503 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь дараах байдлаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Үүнд:

1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3-д “...Хэдийгээр хариуцагчаас “...Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан” гэж тайлбарлах боловч нэхэмжлэгч нараас “Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзана гэж заасан. Мөн хуулийн 31 дүгээр зүйлд “...” гэж заасан, хариуцагч төрийн захиргааны байгууллага энэ үүргээ биелүүлээгүйгээр тусгай зөвшөөрлийг сунгасан нь үндэслэлгүй байна” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар үндэслэлтэй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх дээрх маргаантай холбогдуулан үзлэг хийсэн бөгөөд “2017, 2018 оны хайгуулын ажлын төлөвлөгөө, тайлан нь баталгаажаагүй, буцаагдсан төлөвтэй” байсан бөгөөд шалтгаан нь орон нутгийн байгаль орчны байцаагчийн дүгнэлт байхгүй гэх үндэслэлээр буцаагдсан зэргээс үзвэл гуравдагч этгээдийн хуулийн дагуу бүх зүйлээ баталгаажуулсан гэдэг нотлогдохгүй байна” гэж дүгнэж шийдвэрийнхээ үндэслэлийг болгосон нь илтэд нэг талыг барьсан, нөхцөл байдлыг бүрэн гүйцэд нотлох баримтад тулгуурлан тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлтэй юм.

Учир нь шүүгч ашигт малтмалын хайгуулын ХV-00000 дугаар тусгай зөвшөөрлийг 2016 онд хууль зөрчин сунгасан гэж дүгнэхдээ “2017, 2018 оны хайгуулын ажлын төлөвлөгөө, тайлан нь баталгаажаагүй, буцаагдсан төлөвтэй” байсан гэх үзлэгийн баримт гэх зүйлийг нотлох баримт болгож байгаа нь логик алдаатай шийдвэр болсон байна.

Өөрөөр хэлбэл, тус компани нь 2016 онд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4-д “хайгуулын тухайн үеийн үе  шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн тухай баримт”-ыг гэж заасны дагуу баримтыг өгөх зохицуулалттай байхад 2016 оноос хойших буюу 2017, 2018 оны ирээдүйд хийж гүйцэтгэх ажлын тайлан, төлөвлөгөө өгөх боломжгүй байхад шүүх эдгээр баримтыг тусгай зөвшөөрөл сунгуулахдаа өгсөн байх шаардлагатай мэтээр дүгнэж байгаа нь ихээхэн учир дутагдалтай юм.

Мөн түүнчлэн “Ш” ХХК нь 2018 оныг дуусах хүртэл хугацааны бүх онуудад хайгуулын ажлын тайлан, төлөвлөгөөг гаргаж цахим хэлбэрээр хүргүүлэхээс гадна, цаасан хэлбэрээр албажуулан Ашигт малтмал, газрын тосны газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын БОГУУХГ-ын байцаагч нараар хянуулсан байдаг.

Гэтэл шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий дээр дурдсан цаасаар албажин гарсан (2015, 2016, 2017, 2018 оны тайлан төлөвлөгөө зэрэг) нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ биелүүлэлгүй зөвхөн үзлэгийн гэх өнгөрсөн үе дээрх явцын дундах тэмдэглэлийг шийдвэрийнхээ үндэслэлээ болгож, хариуцагчийг буруутгахын тулд ашиглаж байгаа нь хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр гаргахад нөлөөлсөн байна.

2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 3-д “Гуравдагч этгээд “Ш” ХХК-ийн хайгуулын талбай нь нэхэмжлэгч Н.Ц-ын өвөлжөөний газартай давхацсан болох нь Завхан аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн ...албан бичиг, кадастрын зураг, Завхан аймгийн Засаг даргын захирамж зэргээр тус тус нотлогдож байна гэх агуулга бүхий дүгнэлтийг хийжээ.

Улмаар энэхүү дүгнэлтээрээ Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 503 дугаар шийдвэрээр “Ш” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгасныг буруутгах, нэхэмжлэгч Н.Ц-ын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэх Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг баримтлан шийдвэрээ гаргасан мэт ойлгогдож байна.

“Ш” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-00000 дугаар тусгай зөвшөөрөл нь анх 2007 онд олгогдсон бөгөөд үүнийг шүүхийн шийдвэрт хуулийн дагуу олгогдсон болохыг тогтоосон байдаг.

Гэтэл тухайн тусгай зөвшөөрлийг олгоход буюу 2007 онд тухайн газарт газар эзэмшдэггүй байсан нэхэмжлэгч Н.Ц-ын газартай давхцуулж хожим нь 2014 онд газар эзэмшүүлснээр түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдан зөрчиж ашигт малтмалын хайгуулын ХV-00000 дугаар тусгай зөвшөөрлийг олгосон мэтээр дүгнэсэн шүүхийн шийдвэр мөн л логик алдаатай, бодит нөхцөл байдлыг шударгаар шийдвэрлээгүй гэх үндэслэлтэй байна.

Харин эсрэгээрээ 2007 онд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үед нэхэмжлэгч Н.Ц-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөнө гэж таамаглан тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах боломжгүй байсан нь илэрхий билээ.

Иймд “Ш” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХҮ-00000 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилээр сунгасан захиргааны актын улмаас иргэн Н.Ц-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй гэх үндэслэл үгүйсгэгдэж байх тул тэрээр нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна.

3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 3-д “Түүнчлэн 2014 онд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орсноор уг хайгуулын ажиллагаа хийхээс өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 401 дүгээр зүйлийн 401.2-т зааснаар ашигт малтмалын хайгуул хийхдээ палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгааны ажил хийлгэсэн байхаар зохицуулсан. Гэтэл дээрх байдлаар хуульд өөрчлөлт орсноос хойш нэхэмжлэгч энэ үүргээ биелүүлээгүй байхад хариуцагч хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж шийдвэрлэсээр байгаа нь үндэслэлгүй байна” гэж дүгнэн шийдвэрийнхээ үндэслэлийг болгосон нь илтэд нэг талыг барьсан, нөхцөл байдлыг бүрэн гүйцэд нотлох баримтад тулгуурлан тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлтэй юм.

Учир нь 2016 онд “Ш” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХҮ-00000 дугаар тусгай зөвшөөрлийг сунгахаас өмнө буюу 2013 онд Шинжлэх ухааны Академи Археологийн хүрээлэн, Палеонтологийн төвөөс тухайн зөвшөөрөл бүхий “А У” гэх газарт судалгааны ажил хийгдэж дүгнэлт гарсан бөгөөд үүнийг  Шинжлэх ухааны Академийн Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/261 дугаар албан бичгээр баталгаажуулсан байдаг.

Мөн нөгөөтээгүүр палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгааны ажил хийгдсэн эсэх асуудал нь нэхэмжлэгч Н.Ц-ын эрх, хууль ёсны ашиг сонирхолтой хэрхэн холбогдож байгаа нь ойлгомжгүй буюу энэ талаар шүүх дүгнэлгүйгээр шийдвэрийнхээ үндэслэлийг болгож байгаа нь учир дутагдалтай, үндэслэлгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0448 дугаар шийдвэрийн тогтоох нь хэсгийн 1-д “нэхэмжлэгч Н.Ц-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 503 дугаар шийдвэрийг хүчингүй болгож” гэсэн хэсэг болон түүний үндэслэлүүд нь илэрхий үндэслэлгүй байх тул, уг шийдвэрийг өөрчилж нэхэмжлэгч Н.Ц-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Н.Ц-с “Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын А у гэдэг газарт олгогдсон ашигт малтмалын хайгуулын ХҮ-00000 дугаар тусгай зөвшөөрлийг цуцлахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай” 503 дугаар шийдвэрийг хүчингүй болгох”,

“Б х м” НҮТББ-аас “Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын А у гэдэг газарт олгогдсон ашигт малтмалын хайгуулын ХҮ-00000 дугаар тусгай зөвшөөрлийг цуцлахаас татгалзсан хариуцагчийн үйлдэл илт хууль бус болохыг тогтоож, уг тусгай зөвшөөрлийг цуцлахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Анх Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төвийн дарга /хуучин нэрээр/-ын 2007 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 1928 дугаар шийдвэрээр “Х” ХХК-д Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын А у нэртэй газарт 2762 га хайгуулын талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгожээ.

Хэрэгт цугларсан баримтуудаар 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг дээрх компаниас БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Ж Ю” компанид шилжүүлэн бүртгэж, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 736 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 297 дугаар шийдвэрээр 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 3 жилийн хугацаагаар сунгасан, 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийг “Ш” ХХК-д шилжүүлэн бүртгэсэн, мөн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 503 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 3 жилийн хугацаагаар сунгасан болох нь тогтоогдсон байна.

Нэхэмжлэгчээс “... А у нь Эрдэнэхайрхан сумын төвөөс 14 км байдаг бөгөөд Н.Ц-ын өвөлжөө ХҮ-00000 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай дотор байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т “...эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэйн хувьд энэ эрхээ эдэлж, тайван амгалан амьдрах хүсэлтэй байна. Уг тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан шийдвэрийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн дагуу хэрэгжүүлээгүй, шийдвэр гаргахдаа Н.Ц-ын оролцоог хангаагүй хууль зөрчсөн” гэж тайлбарлан, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай” 503 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргахдаа мөн хуулийн 22.1.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар ...”, 22.1.2 “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”, 22.1.4 “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” зэргийг ирүүлэхийг шаарджээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад гуравдагч этгээд “Ш” ХХК-иас Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутаг дахь “А У” талбайд 2007-2018 онд хийсэн хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг төрийн захиргааны байгууллагаар хянуулж баталгаажуулан ирүүлсэн, мөн хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулсан нь Геологи, хайгуулын хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 665 дугаар тодорхойлолтоор тогтоогдсон бөгөөд ашигт малтмалын хайгуулын ХҮ-000000 дугаар тусгай зөвшөөрлийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх шинэчилсэн төлөвлөгөөг Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг дарга баталж ирүүлснийг үндэслэн гуравдагч этгээдийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан хариуцагчийн шийдвэр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж заасныг зөрчөөгүй байна.

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 11-ний 29 дугээр шийдвэрийг үндэслэн 1400 м.кв /0.14 га/ газрыг /А а н д/-д 40 жилийн хугацаатай өвөлжөөний зориулалтаар Н.Ц-д эзэмшүүлсэн, энэ нь гуравдагч этгээд “Ш” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай талаар хэргийн оролцогчид маргаагүй.

Цаг хугацааны хувьд 2762 га газрыг “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн зориулалтаар” эзэмших эрх гуравдагч этгээдэд, 1400 м.кв газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмших эрх нэхэмжлэгчид нэгэн зэрэг үүссэн гэж үзэхээр байгаа хэдий ч энэ нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй, ийнхүү хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь нэхэмжлэгч Н.Ц-ын өвөлжөөний газартай давхацсан нь дээрх байдлаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байх үндэслэл болохгүй юм.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын ... явцад бусдын ... өвөлжөө ... соёлын дурсгалт зүйлсэд гэм хор учруулсан бол хэрхэн шийдвэрлэх талаар зохицуулснаас үзэхэд “Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хуулиар нэхэмжлэгчийн эзэмшиж буй газар нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан талбай биш” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн “тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан шийдвэр гаргахдаа 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн дагуу хэрэгжүүлээгүй, шийдвэр гаргахдаа Н.Ц-ын оролцоог хангаагүй хууль зөрчсөн” гэсэн тайлбарын тухайд, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчид тайлбар, санал гаргах боломж олгох үүрэгтэй байх хэдий ч нэгэнт “Ш” ХХК-д ашигт малтмалын хайгуулын талбайд давхцуулан газар эзэмшүүлсэн нь тогтоогдсон тохиолдолд сонсох ажиллагаа хийсэн ч уг үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 503 дугаар шийдвэрийг хүчингүй болгох нь учир дутагдалтай юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Н.Ц-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн, хариуцагч захиргааны байгууллагын гуравдагч этгээдийн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлахаас татгалзсан үйлдэл илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэгч “Б х м” НҮТББ маргасан байхад анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулсан хуулийн заалтыг баримталсан, мөн Ашигт малтмалын тухай хуульд байхгүй 401 дүгээр зүйлийн 401.1.4 гэх заалтыг баримталсан зэрэг алдааг зөвтгөсөн өөрчлөлтийг оруулав.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч “Б х м” НҮТББ болон хариуцагч нар давж заалдах гомдол гаргаагүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0448 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “Ашигт малтмалын тухай тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 19.6, 22 дугаар зүйлийн 22.1, 22.4, 31 дүгээр зүйлийн 31.1, 401 дүгээр зүйлийн 401.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Ц-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 503 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, үлдэх шаардлага болох ...” гэснийг “Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 31 дүгээр зүйлийн 31.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Ц-ын Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 503 дугаар шийдвэрийг хүчингүй болгох,” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Ш” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН