Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 143

 

П.З-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар, Д.Эрдэнэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/149 дүгээр шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ДШМ/28 дугаар магадлалтай, П.З-д холбогдох 2218000000073 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч П.З-гийн  гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Их хурд хүч” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *** оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд:

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1017 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссанд тооцсон, Т овогт П.З /РД:***/

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/149 дүгээр шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Т овогт П.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.З-г 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.З-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ДШМ/28 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.З-гийн өмгөөлөгч Ж.Туяа, Б.Чинбаатар нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.З- нь хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Миний бие П.З- нь хүн амины хэрэгт холбогдож 435 дугаар хаалттай хорих ангийн  тусгайд ял эдэлж байна. Найзыгаа нас барсанд маш их харамсаж буруу зүйл хийсэн гэдгээ ухамсарлаж бодож сууж байгаа. Иймд та бүхнээс дараах хүсэлтийг чинь сэтгэлээсээ уламжилж байна. Надад холбогдох хэргийг хянан үзээд дэглэмийг өөрчилж хөнгөрүүлж өгнө үү ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... шүүх Эрүүгийн хуулиар хамгаалагдсан харилцааг зөрчсөн, аливаа хор хохирол учруулсан хэн нэгэн этгээдийн гэм буруутай үйлдлийг тогтоохдоо түүний нотлогдсон байдал, нотлох баримтыг үндэслэл болгож, хууль зүйн дүгнэлт гаргах ёстой. Нөгөөтэйгүүр тухайн гэмт этгээдийн хэрэг учрал болох үеийн үйлдэлдээ хандсан хандлага, санаа зорилгыг зайлшгүй харгалзан үзэх ёстой. Бусдыг санаатай алах гэм буруутай үйлдэл нь энэ хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй, эргэлзээтэй байхад анхан болон давж заалдах шатны шүүх гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Шүүгдэгч П.З-д холбогдох хэргийн шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэнгүй. Шүүх хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Талийгаач сандлыг ар түшлэгийн босоо төмөрт зоогдож нас барсан бөгөөд уг сандлын ар хөндлөн түшлэг тухайн үед бүрэн бүтэн байсан, төмөр нь ил гараагүй, түшлэгтэйгээ байсан. Шүүгдэгчийн хувьд хохирогчийг санаатай алах сэдэл, зорилго байгаагүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хэргийн зүйлчлэлийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” буюу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн өөрчлөлтийг оруулж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шүүгдэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох ёстой. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дурдсан нотлох баримтууд эргэлзээтэй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх насанд хүрээгүй гэрч н.Энхцацралын мэдүүлгийг гол нотлох баримтаа болгосон. Гэтэл мөрдөгч хууль ёсны төлөөлөгчийг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн                   9.5 дугаар зүйлийн 1.1-д заасан үндэслэл тогтоогдсон байна гэж үзээд хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон ба тус зохицуулалт нь бага насны гэрчид хууль ёсны төлөөлөгч тогтоохтой огт хамааралгүй заалт. Мөн 4 нас 8 сартай хүүхдийг шөнийн 21 цаг 50 минутад байцааж дууссан. “Аав сандлын түшлэг дээр унасан” гэх мэдүүлгийг өгсөн бөгөөд энэ асуудлыг тодруулах зорилгоор анхан шатны шүүх хуралдаан дээр “...сандлын түшлэг нь аль вэ” гэж асуухад тайлбарлаж чадаагүй. Анхан шатны шүүх шүүгдэгч П.З-д 8 жилийн хорих ял оногдуулж хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүх хууль зүйн дүгнэлт хэсэгтээ уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж тусгасан атлаа тогтоох хэсэгтээ өөрчлөлт оруулаагүй. Тэгэхээр шүүгдэгч П.З-гийн дэглэмийн талаарх гаргасан гомдлыг дэмжиж байна. Өмгөөлөгчийн хувьд эргэлзээ бүхий нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Шүүгдэгч П.З-д холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай эсэхийг тогтооход хүрэлцэхүйц хэмжээнд авагдсан, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг шалгасан байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн үйл баримтад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэж байна. Шүүгдэгч П.З-д холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн санаатай хийсэн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон гэх үйл баримт тогтоогдсон тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй байна. Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор, хохирлын хэр хэмжээнд нийцсэн байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн П.З-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзээд шүүхүүд хүнийг алах гэмт хэрэг үйлдэх нь шүүгдэгчийн санаа зорилгын хүрээнд багтаж байсан, эсхүл өөрийнх нь үйлдлийн улмаас бусдын амь нас хохирохыг мэдэх боломжгүй байсан эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

2. Эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой байдаг бөгөөд шүүхээс оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээнд шууд нөлөөлөх тул тэдгээрийг заавал тогтоож тодорхойлох нь зүйтэй.

3. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж, хохирол, хор уршиг учруулсан этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо хохирогч, шүүгдэгч нарын хоорондын харилцаа, гаргасан зан авир, үйлдлийн өрнөл, түүнчлэн шүүгдэгчийн зүгээс тухайн үйл явдал, санаа зорилго, үйлдэлдээ хандаж байгаа хандлага буюу гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлсны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болно.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч П.З-г 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09 цагийн орчимд согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг 12  дугаар байрны 22  тоотод Б.У-тай маргалдан түлхэж сандлын хурц иртэй түшлэг дээр унагаан “хэвлий цээжний хавсарсан гэмтэл, бүсэлхий нурууны баруун далаар хэвлийд нэвтэрсэн шарх, бүсэлхийн 2 дугаар нугалмын их бие хажууг сэтлэн нойр булчирхай, элэг, өрц, баруун уушгийг дайран баруун талын 5  дугаар хавиргыг хугалан цээжний баруун өмнө хэсгээр гарсан шарх” бүхий гэмтэл учруулж алсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэн түүнд уг зүйл, хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэлээ.

5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргээс “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийг гэм буруугийн хэлбэрээс гадна гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үргэлжилсэн хугацаа, гэмтэл учруулсан арга, үйлдлийн тоо болон шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, гэмт хэрэг үйлдсэн хүний субъектив санаа зорилго, үйлдэлдээ болон хохирол, хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа зэргийг харгалзан ялган зүйлчилдэг.

Өөрөөр хэлбэл, аливаа болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдах, эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч хэрэг үйлдсэн нөхцөлтэй холбож үзвэл тэрхүү хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байх буюу хайхрамжгүй хандах гэсэн хоёр хэлбэрээр илэрдэг. Харин санаатай гэмт хэргийн тухайд, гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр атлаа хүсч хийсэн, эсхүл тэр хор уршигт зориуд хүргэсэн байдгаараа дээрх гэм буруугийн болгоомжгүй хэлбэрүүдээс ялгагдана.

6. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас (гэрч Ө.Д-, насанд хүрээгүй гэрч У.Э-, Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаартай дүгнэлт) үзэхэд шүүгдэгч  П.З- нь амь хохирогчтой маргалдан, өөрөөсөө холдуулах зорилгоор “түлхэх” үйлдэл хийхэд уг түлхэлт болон согтуурлын хавсарсан үйлчлэлийн улмаас хохирогч сандлын түшлэг дээр унаж амь насанд аюултай хүнд гэмтэл учирч нас барсан байна. Хохирогчид учирсан амь насанд аюултай гэмтэл нь П.З-гийн нэг удаагийн түлхсэн үйлдэлтэй шалтгаант холбоотой боловч энэхүү түлхэлтийн улмаас хохирогч сандлын үзүүртэй түшлэг дээр унаж амь хохирохыг урьдчилан баттай мэдэж тооцсон гэж дүгнэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч, хохирогч нарын зууралдаж барьцалдсан, таталцаж түлхэлцсэн, цохих, цохигдох зэрэг харилцан хүч үйлчилсэн, хэрэглэсэн тухайн үйлдлүүд ба хор уршиг тэдгээрийн хоорондын шалтгаант холбоо зэрэгт хамаарах үйл баримтуудаас үзэхэд шүүгдэгч П.З-гийн үйлдэл нь гэм буруугийн хэлбэр буюу гэмт хэргийн субъектив шинжийн хувьд “Б.У-ыг санаатай алах” зорилго, сэдэлттэй байсан гэж үзэх эргэлзээгүй үндэслэл, нотлох баримтгүй байх тул шүүгдэгчийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр бусдын амь насыг хохироосон гэмт буруутайд тооцох үндэслэлтэй байна.

7. П.З- нь өөрийн үйлдлийн улмаас хохирогч гэмтэл авахыг мэдэх ёстой, мэдэх бололцоотой байсан атлаа үүнийг тооцоолоогүй, мэдэлгүй үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн шинжтэй байх тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, түүнийг 4 жил хорих ялаар шийтгэх нь хувийн болон гэм буруугийн байдалд нь тохирно гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

8. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

9. Иймд шүүгдэгч П.З-гийн “гэм буруугаа ойлгож байна, хорих ял эдлэх дэглэмийг өөрчилж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хэргийн зүйлчлэл, ялыг хөнгөрүүлсэн өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь :

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч П.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай”, 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.З-г 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй”, 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.З-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлт тус тус оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч П.З-гийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

             ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                        Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                 С.БАТДЭЛГЭР

                                                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН