Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/02048

 

 

 

 

 

 

 

 

    2024        11            27                                    210/МА2024/02048

 

 

К ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2024/03481 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч К ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч А ХК-д холбогдох,

Гэрээнээс учирсан хохиролд 269,019,717 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ж.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан финтек зээлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой журмын шаардлагыг хангахын тулд 2022 оны 09 дүгээр сараас эхлэн А ХК-тай “Cloud.mn үйлчилгээний гэрээ”-г байгуулан хамтран ажиллаж байсан. Хамтран ажиллах болсон гол зорилго нь өөрийн үндсэн үйл ажиллагааг хэвийн явуулах, холбогдох мэдээ, мэдээллийг аюулгүй, найдвартай хадгалуулах, цахим орчинд үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх явдал байсан. Гэтэл А ХК нь Cloud.mn үйлчилгээний гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 9, 14, 16-д тус тус заасан үүргээ биелүүлэлгүй, түүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10.00 цагт манай байгууллагын үндсэн мэдээлэл бүхэлдээ устсан. Энэ мэдээллийг цуглуулахын тулд манай компани өөрсдөө дата болон бүх л мэдээллээ бүрдүүлэхийн тулд маш их хүч хөдөлмөр зарж олон цаг ажилласан. Үүний дүнд нийт 17,224 хэрэглэгчийн мэдээллийг бид нар үүсгэж чадсан байсан. Үүнтэй холбоотойгоор, зээлийн гэрээ байгуулсан үүрэг хүлээсэн 12,304 харилцагч мөн зээл авсан 5,124 зээлдэгч, идэвхтэй зээлийн харилцаа үүсгэсэн 3.306 зээлдэгчийн мэдээлэл байсан. Энэ мэдээллүүд дотор төрийн байгууллага болон танилт нэвтрэлтийн систем, зээлийн мэдээллийн сан, дан болон Хур систем гээд маш олон эх сурвалжаас авсан мэдээллүүд цогц байдлаар хадгалагдаж байсан. Эдгээр мэдээллүүдээ А ХК-д хадгалуулж байсан юм.

Зээлийн үйл ажиллагааны хувьд манай компани өндөр өсөлттэй явж байсан ч амин чухал Үндсэн дата мэдээлэл устаж үгүй болсноор манай компанид үнэлж баршгүй гарз хохирол учруулаад зогсохгүй үүнээс үүдэн компанийн хэвийн үйл ажиллагаанд доголдол үүсгэж, зээлийн үйл ажиллагааг 100 хувь зогсоосон.

Талууд хоорондоо үүссэн асуудлыг харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэж чадаагүй тул “cloud.mn үйлчилгээний гэрээ”-ний 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар гэрээний үүрэг зөрчсөнөөс үүссэн 305,628,766 төгрөгийн хохирлыг А ХК-аас гаргуулахаар анх шаардсан. Хохиролд мэдээлэл устсантай холбоотойгоор дахин сэргээх мэдээллийг цуглуулахад шууд гарсан зардалд 232,823,771 төгрөг гаргуулна. Энэ зардалд ДАН, Зээлийн мэдээллийн сан, Маркетинг, интернэт, СМС үйлчилгээ, ярианы төлбөрүүд, ажилтнуудын илүү цагийн зардал, АНУ-с дуудаж ирүүлсэн зардал, хөлсөөр ажиллуулсан хүмүүсийн хөлс багтана.

Систем нурсантай холбоотой ажиллаж чадаагүй өдрүүдэд олох боломжтой байсан орлого, тухайн асуудлыг шийдвэрлэх гэж алдагдсан цаг хугацааны хийх боломжтой байсан ажлын үнэ цэнэ буюу алдагдсан боломжид 36,195,946 төгрөг, нийт 269,019,717 төгрөг гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч компанийн хувьд Клауд сервер үйлчилгээний гэрээг цахимаар байгуулж, үйлчилгээ авч байсан. Гэрээний цаасан хувилбар бүхий санал, загварыг авч явсан боловч баталгаажуулж өгөөгүй буюу бичгээр гэрээ байгуулаагүй байна. Нэхэмжлэгч компанийн хувьд тус гэрээ, үйлчилгээний явцад хохирол учирсан хэмээн төлбөр нэхэмжилж байгаа боловч бид дараах нөхцөл байдал, шалтгаануудын улмаас тус нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, барагдуулах боломжгүй, үндэслэлгүй байгаа болно.

ББСБ-ын хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хангах нь тусгай зөвшөөрөл эзэмшигч ББСБ-ын гол үүрэг байх тул мэдээллийн аюулгүй байдал алдагдсан бол түүнд бусад этгээд хариуцлага хүлээх учиргүй юм. Тодруулбал, нэхэмжлэгч нь А ХК болон бусад этгээдээс үл хамааран мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүрэгтэй байна. Иймд тус зөрчлийн үр дагаврыг нэхэмжлэгч өөрөө хариуцах учиртай гэж үзэж байна.

Ийнхүү нэхэмжлэгч хороонд бүртгүүлээгүй, зохих журмын шаардлага хангахгүй цахим зээлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэн, хэрэглэгчдийнхээ мэдээллийн аюулгүй байдлыг хангаагүй нь нэхэмжлэгч байгууллагын гаргасан хуулийн ноцтой зөрчил юм. Үүний үр дагаврыг хариуцагч компани хариуцах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан А ХК-аас 146,463,442 /нэг зуун дөчин зургаан сая дөрвөн зуун жаран гурван мянга дөрвөн зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулж К ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 122,556,275 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,686,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 890,267 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Шүүх хэргийн үйл баримт болон хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Талуудын хооронд байгуулсан “Cloud” үйлчилгээний нөхцөл нь нэрлэгдээгүй гэрээ бөгөөд шүүх Иргэний хуулийн 195 дугаар зүйлд заасныг баримталж хэргийг шийдвэрлэсэн нь буруу юм. Учир нь талуудын хооронд “Cloud” үйлчилгээний нөхцөлийг харилцан тохиролцсон бөгөөд манай зүгээс зөвхөн “файл хадгалах” үүрэгтэй ба үйлчилгээний нөхцөлийн 5.13-т “Cloud” үйлчилгээний нөхцөлд “хадгалж байгаа мэдээлэл болон мэдээллийн аюулгүй байдлыг үйлчлэгч тал буюу хэрэглэгч тал хариуцна” гэж заасан байхад шүүх үйлчилгээний нөхцөлийн 7.5-т заасан ерөнхий заалтыг барьж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 160 дугаар Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолын дагуу батлагдсан Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журамд “Финтек зээлийн бүтээгдэхүүн гаргахдаа заавал урьдчилан бүртгүүлсэн байх” шаардлагыг тавьдаг. Нэхэмжлэгч тал 2022 оны 08 дугаар сард Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг авсан. Гэтэл маргаан бүхий “Төгрөг” аппликейшны бүртгэлийг 2024 оны 02 дугаар сард авсан бөгөөд тухайн цаг хугацаанд уг журам хэрэгжиж байсан.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “хариуцагч гэм буруугүй боловч хохирлыг төлөх нь зүйтэй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч компанийн ажилтны Америкийн нэгдсэн улс руу явсан 27,000,000 төгрөгийн зардлын 50 хувь буюу 13,000,000 төгрөгийг хангасан нь маргаан бүхий үйл баримттай ямар шалтгаант холбоотой болох нь тодорхойгүй, ойлгомжгүй. Иймд давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагчийн зүгээс файл хадгалах үүрэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч уг хэргийн маргаанд хэрэглэгчийн байршуулсан файл руу нэвтрэхэд хаагдсан гэж тайлбарладаг. Уг асуудлаар гэрээний үүргийн дагуу шаардах эрх үүссэн гэж үзэж байна. Мэдээллийн аюулгүй байдал тусдаа ойлголт бөгөөд гуравдагч этгээд тухайн мэдээллийг хулгайлах, нууц үгийн кодыг зөвшөөрөлгүй авах зэрэг нь мэдээллийн аюулгүй байдалд хамаарна. Хариуцагчийн зүгээс гэрээнд заасан файлыг тасралтгүй хадгалах үүргээ зөрчсөн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шинжээчийн дүгнэлтийг дурдсан. Гэвч уг дүгнэлтийг хариуцагчийн зүгээс буруу тайлбарлаж, давж заалдах журмаар гомдол гаргасан. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг журам зөрчсөн, зээлийн гэрээ байгуулаагүй гэх үндэслэлээр маргаж байна. Санхүүгийн зохицуулах хороонд тухайн аппликейшныг бүртгүүлэх хүсэлт гаргаснаас хойш талууд 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч А ХК-д холбогдуулан гэрээнээс учирсан хохиролд 269,019,717 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

4. Хариуцагч А ХК-д холбогдох нэхэмжлэгч К ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг анхан шатны шүүх 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж 181/ТМ2024/05060 дугаар шийдвэрийг гаргаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг шийдвэрт давж заалдах гомдол гаргажээ.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт “Шийдвэр удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ”, мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэж заасан. Гэтэл дээрх хуульд заасан шаардлагад анхан шатны шүүхийн шийдвэр нийцэхгүй байна. Тодруулбал, шүүхийн шийдвэрийн “үндэслэх” хэсгийн 14 дүгээр тал хэрэгт авагдаагүй байна.

 

6. Хариуцагчийн төлөөлөгч тус шүүхэд гаргасан гомдлын 5 дахь заалтаар шүүхийн шийдвэрийн 8.2 дахь хэсэгт гомдол гаргасан байх боловч гомдлын холбогдох хэсэгт хамаарах шүүхийн шийдвэрийн “үндэслэх” хэсгийн тухайн заалт бүхий хэсэг хэрэгт авагдаагүй байх тул үүнтэй холбогдуулан гэрээ болон нотлох баримтын талаарх үнэлэлт, хохирлын талаар анхан шатны шүүхээс өгсөн дүгнэлтийг хянах боломжгүй нөхцөл байдал үүсч байна./3хх 149-150, 157/

Давж заалдах шатны шүүхээс уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

 

7. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хянаж, эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байх тул хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2024/03481 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 890,267 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.БАДРАХ

 

                                           ШҮҮГЧИД                                    С.ЭНХБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ