Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 23

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул, улсын яллагч А.Тунгалагтуяа, шүүгдэгч Р.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Р.Д д холбогдох эрүүгийн 1940000000023 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт оршин суух, улсаас авсан гавьяа, шагнал, ял шийтгэлгүй, Р.Д

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

 Р.Д нь Хэнтий аймгийн Галшар сумын “Соёлын төв”-ийн гадаа 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 02 цагийн орчим П.Б хөлийн шилбэ рүү өшиглөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

 Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Д “2019 оны 03 дугаар сарын 08-ны шөнө 12 цагийн үед П.Б ахтай таарч гар барьж мэндэлсэн. П.Б ах ээж, эгчдээ бэлэг авч өгч баярлуулсан уу гэхээр нь би тэгсэн гэж гэсэн. Тэгээд би жоохон явж байгаад барашиг ууж ирээд Соёлын төвөөр орсон. Соёлын төвөөс гараад Ч  гэдэг ахтай уулзсан. 0,5 литрийн архи уугаад байж байсан. Надад архинаасаа өгөхөөр нь би маргааш ямаагаа самнах ажилтай гээд уугаагүй. Тэгээд тэр архиа ууж дуусчихаад яасанг мэдэхгүй намайг нэг цохисон. Би цохиулаад эргүүлээд түүнийг хавсарч унагаасан. Өөр хүн амьтантай муудалцаагүй” гэв.

Хохирогч П.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2019 оны 03 дугаар сарын 09-ний шөнийн 01 цагийн үед Д.Б надад 0,5 литрийн савалгаатай “Ерөөл” нэртэй архи өгөхөөр нь манай ажлын галч А.А хамт тэр архиа хувааж уугаад Соёлын төвд орж ганц хоёр бүжиглэчихээд Соёлын төвийн урд талд хэдэн залуучууд бахиралдаад байхаар нь очтол Р.Д хэдэн залуучуудтай зогсож байхаар нь ахархаж хэдэн үг хэлтэл Р.Д надтай муудсан тэгээд муудалцаж байгаад тэр миний зүүн хөлийн шилбэ рүү өшиглөсөн тэгээд намайг унасан хэвтэж байхад нүүрэн тус газар намайг цохисон. Тэгээд босох гэтэл хөл хөдөлж болохгүй, хугарсан юм шиг байсан. Тэр үед манай ажлын галч А , Ө  нар намайг Галшар сумын Эрүүл мэндийн төвд аваачиж бага эмч  очиж үзүүлэхэд хөл чинь хугарсан байна. Сул санжганаж хөдлөөд байна гэж байсан. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Чингис хотын нэгдсэн эмнэлэгт үзүүлж рентген зураг авахуулахад зүүн хөлний шилбэний бүдүүн яс хугарч бага зэрэг зөрсөн, мөн хөлний савхан яс шагайны дээд хэсгээр хугарсан байна гэж байсан хөлийг чинь хадаасаар бэхэлж хадна гэхээр нь би аймагт хэвтээд намайг асрах хүн байхгүй мөн эхнэр жирэмсэн болохоор эхний удаа гипсдүүлчиж болох уу гэхэд болно харин таны хөл 21 хоногийн дараа бороолохгүй бол таны хөлийн ясан дотор төмөр хийж хадаасаар бэхэлж хадна гэж хэлээд гипсдэж өгсөн. Тэгээд би Галшар сумын гэртэй тэр өдөртөө буцаж ирсэн. Чингис хот орж үзүүлсэн зардал, эм тарианы зардлыг нэхэмжилж байна. Мөн 21 хоногийн дараа хөл бороолохгүй бол хагалгаанд орж хадуулах болон бусад зардлыг нэхэмжилж байна. Яг одоогийн байдлаар нийт хэдэн төгрөг гэж мэдэхгүй байна. Одоогийн байдлаар  хохирлын талаар авсан мөнгө төгрөг байхгүй. Түүний эцэг эх ирж уулзаад хохирлыг тань бүрэн барагдуулна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-н 23-24-р хуу/

Гэрч А.А  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2019 оны 03 дугаар сарын 09-ний шөнө 01 цагийн үед малчин Д.Б гэдэг хүн Эрүүл мэндийн төвийн жолооч П.Б бид хоёрт 0,5 литрийн савалгаатай Ерөөл нэртэй архи өгөхөөр нь П.Б  Приус-11 маркийн маркийн машинд бид хоёр  хувааж уусан тэр үед  машин дотор байсан Б.Ө  жолоо барьж байгаа гээд уугаагүй. Тэгээд архиа ууж дуусчихаад Б.Ө , П.Б нар Соёлын төв рүү орж бүжиглэлээ гээд орсон. Би тэр үед өөр машинд суугаад үлдсэн. Тэгээд 20 орчим минутын дараа тэр хоёр  гарч ирээд Соёлын төвийн урд талд хэдэн залуучуудтай муудалцаж байхаар нь очих гэж байтал ЗДТГ-ын үйлчлэгч А  том хүү нь гүйж ирээд  цохисон тэгээд муудалцах гэж байтал манай эгч Б.М  намайг салгаж аваад Соёлын төвийн баруун талд гаргаад байж байтал Б.Ө  ирээд Р.Д  хавсраад унагаачихлаа, хөл нь хугарчихсан юм шиг байна гэхээр нь  бид хоёр аваад эрүүл мэндийн төвд аваачсан. ... Би яг өөрийн нүдээр хараагүй. Б.Ө  хэлэхдээ “Р.Д  зүүн хөл рүү нь хавсраад унагаасан, тэгээд хөл нь хугарсан ” гэж байсан” гэх мэдүүлэг /хх-н 4-5-р хуу/

Гэрч Б.Ө  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2019 оны 03 дугаар сарын 09-ний шөнө 01 цагийн үед малчин Д.Б гэдэг хүн Эрүүл мэндийн төвийн жолооч П.Б , галч А.А  нарт 0,5 литрийн савалгаатай “Ерөөл” нэртэй архи өгсөн. Тэгээд П.Б ий Приус-11 маркийн машинд тэр хоёр хувааж уусан тэр үед би машин барьж байсан болохоор уугаагүй. Тэгээд архиа ууж дуусаад П.Б Соёлын төв рүү түрүүлээд орсон. Тэгээд би гадуур тамхи татаж хүн амьтантай уулзаж байгаад 20-30 минутын дараа Соёлын төв рүү орж П.Б г аваад Одоо болсон гэртэй харьж амарцгаая гээд аваад гарч ирээд би машинаа асаагаад эргүүлж байх үед П.Б , Р.Д нар муудаж байхаар нь А.А  ирээд салгах гэж байтал Э , Ч  нар А.А  руу дайраад байхаар нь би очоод Ч  гэдэг залууг барьж аваад Чи болиоч хүн амьтан аллаа гэж хэлэхэд тэр Ч  нилээн согтсон байдалтай байсан. Миний гараас мултараад А.А тай зууралдаад цаашаа явсан хойгуур Р.Д гүйж очоод П.Б г хавсраад унагаачхаад Р.Д цаашаа яваад өгсний дараа П.Б орилоод хөл хугарчихлаа гэж байсан. Тэгээд А.А цаанаас очиж Р.Д хавсарч унагаагаад П.Б ий хөлийг хугалчихлаа, эмнэлэг хүргэж өгье гээд бид 2 эмнэлэгт хүргэж өгөхөд бага эмч Д.Т эмч үзээд Хугарсан байна, яаралтай чиг тавьж бооё гээд хөлийг нь чиг тавьж боосон. Би соёлын төвийн гадаа намайг машинаа эргүүлж байх хооронд П.Б , Р.Д нар муудалцаж байсан. Р.Д гүйж очоод П.Б г хавсраад унагаахыг нь би өөрийн нүдээр харсан. Түүний дараа л хөл хугарчихлаа гэж орилж” гэх мэдүүлэг /хх-н 6-7-р хуу/

Гэрч М.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2019 оны 03 дугаар сарын 09-ний шөнө 01 цагийн орчимд Соёлын төвөөс гарч ирэхэд Соёлын төвийн урд талд эмнэлгийн жолооч П.Б , манай найз Р.Д нар муудалцаад зогсож байсан /яг юунаас болж муудсаныг бол сайн мэдэхгүй байна/ Би П.Б ах руу очоод Болио ах битгий муудаад бай гэж хэлэхэд П.Б ах нилээн согтуу Тавь писда нараа ална шүү гэж над руу дайраад байхаар нь тавиад явуулахад манай найз Р.Д зүүн хөл рүү нь хавсраад унагаасан. Түүний дараа П.Б ах  эвгүй болчихлоо гээд босч ирэхгүй байсан. Тэгээд Р.Д бид хоёр буцаад соёлын төв рүү орсон. Тухайн үед А.А , Ө  нар хажууд нь байсан.” гэх мэдүүлэг /хх-н 8-9-р хуу/

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 114 дугаартай

  1. П.Б биед зүүн шаант, тахилзуур, гадна хавчаар ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 19 хуу/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхээс шүүгдэгч Р.Д гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Р.Д нь 2019 оны 03 дугаар сарын 09-ний шөнийн 02 цагийн орчим Хэнтий аймгийн Галшар сумын “Соёлын төв”-ийн урд талд хувийн таарамжгүй харьцааны улмаас П.Б г хавсарч унаган түүний биед зүүн шаант, тахилзуур ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үйлдсэн болох нь:

Хохирогч П.Б “...Соёлын төвийн урд талд хэдэн залуучууд бахиралдаад байхаар нь очтол Р.Д  хэдэн залуучуудтай зогсож байхаар нь ахархаж хэдэн үг хэлтэл Р.Д надтай муудсан тэгээд муудалцаж байгаад тэр миний зүүн хөлийн шилбэ рүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг

Гэрч Б.Ө ын “...Р.Д гүйж очоод П.Б г хавсраад унагаачхаад Р.Д цаашаа яваад өгсний дараа П.Б орилоод хөл хугарчихлаа гэж байсан...” гэх мэдүүлэг

Гэрч М.Т “...П.Б ах нилээн согтуу Тавь пизда нараа ална шүү гэж над руу дайраад байхаар нь тавиад явуулахад манай найз Р.Д зүүн хөл рүү нь хавсраад унагаасан. Түүний дараа П.Б ах  эвгүй болчихлоо гээд босч ирэхгүй байсан...” гэх мэдүүлэг

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 114 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогчийн биед учирсан гэмтлийг шүүгдэгч Р.Д учруулсан болохыг шүүгдэгч өөрөө болон хохирогч, гэрч хэн аль нь мэдүүлсэн, хохирогчийг хавсарч унагасны улмаас гэмтсэн, тус гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр хөдөлмөрийн чадварыг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр гэмтэл болохыг тогтоосон зэрэг үйл баримтыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. 

Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Өөрөөр хэлбэл өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын эрх ашигт хор уршиг учрахыг мэдсэн хэр нь уг хор уршигт зориуд хүргэжээ.  

Дээрх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогчийн хоёрын хэн аль нь архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн байдал,  олон нийтийн газар бусдыг үл хүндэтгэн биеэ зүй зохисгүй авч явсан зэрэг нь нөлөөлжээ.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Шүүхээс шүүгдэгч Р.Д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

          Шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлага оногдуулах санал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял шийтгэхээр тогтов.

          Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч П.Б эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ оношилгоо хийлгэх болон бусад зайлшгүй гарсан зардал зэрэг нь хохирол учирсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тус тус тооцогдоно.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд ...санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэх/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. 

                      Хохирогч П.Б нь шүүхэд “ ...Эмчилгээ, үйлчилгээ, эмнэлэгт үзүүлэх замын зардал, ажилгүй байсан хугацааны цалин нийт 4.625.199 төгрөг болсон. Р.Д нь 2019 оны 03 дугаар сарын 19-нд 1.000.000 төгрөг өгсөн. Үлдсэн 3.625.199 төгрөгийг барагдуулсан тохиолдолд цаашид гомдол саналгүй” гэсэн хүсэлтийг холбогдох нотлох баримтуудын хамт  ирүүлсэн байна.

Хохирогчийн нэхэмжилсэн 3.625.199 төгрөгийг шүүгдэгч Р.Д нь төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгчээс 3.625.199 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд тус тус дурдсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

Т О Г Т О О Х нь:

 

  1. Шүүгдэгч Мөнх овогт Р.Д хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Д 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Д 3.625.199 /гурван сая зургаан зуун хорин таван мянга нэг зуун ерэн ес/ төгрөгийг гаргуулан хохирогч П.Б д олгосугай.
  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Р.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ                           Р.БАТБАЯР