Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/02047

 

 

 

 

 

 

 

 

 

      2024          11            27                                       210/МА2024/02047

 

 

Э.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2024/03708 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Э.А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч А- ТӨҮГ-т холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Миний бие 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Автотээврийн үндэсний төвийн Дотоод хяналт шалгалт хариуцсан мэргэжилтнээр ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээг жил бүр үргэлжлүүлэн сунган ажиллаж байгаад 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ХШДАА23/01 дугаартай хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан. Гэтэл Автотээврийн үндэсний төвийн захирлын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/222 дугаар тушаалаар эрх бүхий байгууллага шаардсаны дагуу гэж надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан. Ажиллах хугацаандаа би ямар нэг зөрчил дутагдал гаргаж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ.

Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт заасан Цэргийн тэтгэвэр тогтоолгосон офицер эзэмшсэн мэргэжлийнх нь чиглэлээр төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон иргэний нөөцөд бүртгэлтэй тооцож Төрийн байгууллагад энгийн албан тушаалд томилон ажиллуулж болно гэж заасан байдаг. Мөн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 7 дугаар зөвлөмжийн 5 дахь заалтуудыг зөрчиж миний хөдөлмөрлөх эрхийг хууль зөрчин хязгаарлаж байна.

Иймд, намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эргүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

А- ТӨҮГ-т Зам, тээврийн хөгжлийн яамнаас Авлигатай тэмцэх шүүр ажиллагааны хүрээнд ажлын хэсэг хүний нөөцийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн.

Тус шалгалтаар илэрсэн зөрчил, зөвлөмжийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 05/1923 дугаар албан бичгээр ирүүлсэн. Тус албан бичгийн хавсралтад өндөр насны тэтгэвэрт гарсан иргэнийг ажиллуулсан болон бусад зөрчил гэсэн хэсэгт Э.А- нь цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан албан хаагч тул зөрчилтэй байна гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч нь 42 настай, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй байхад ажлаас чөлөөлсөн гэж нэхэмжлэл гаргасан байна. Гэвч нэхэмжлэгч 1998 оноос 2019 оны 12 дугаар сарыг хүртэл цэрэг, цагдаагийн албанд ажиллаж байсан нь өөрийн бичсэн төрийн албан хаагчийн анкет болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр тогтоогдсон байдаг. Монгол Улсын Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх нь бүхэлдээ үүсэж тэтгэвэр тэтгэмж авдаг.

Иймд, Зам, тээврийн хөгжлийн яамны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 05/1923 дугаар албан бичгээр ирүүлсэн зөрчлийг үндэслэл болгон тус үйлдвэрийн газрын захирлын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/222 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон болно. Тус тушаалын үндэслэл хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т эрх бүхий байгууллага шаардсан; гэх заалтыг баримталсан нь үндэслэлтэй бөгөөд хууль зөрчөөгүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн дагуу тус үйлдвэрийн газрын Хөдөлмөрийн маргаан таслах комисс нь 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хуралдаж шийдвэр гаргасан бөгөөд тус хуралдаанд А- ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлээс ажилтныг төлөөлөх 3 гишүүн, ажил олгогчийг төлөөлж 2 гишүүн болон нэхэмжлэгч оролцсон. Хуралдаанаар Үйлдвэрийн газрын захирлын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/222 дугаар тушаал нь бодитой шийдвэр гэж үзсэн байдаг тул Э.А-ын нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.А-ыг урьд эрхэлж байсан А- ТӨҮГ-ын Хяналт-шинжилгээ, дотоод аудитын албаны дотоод хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А- ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 31,261,349.2 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.А-ад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.А-ын 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч А- ТӨҮГ-т даалгаж шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Хууль буруу тайлбарлан өөр хоорондоо эрс зөрүүтэй дүгнэлт хийсэн.

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохыг хөдөлмөрийн гэрээний талууд санаачлаагүй боловч хөндлөнгийн этгээд уг санаачилгыг гаргаж болох тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасан үндэслэлд хамаарна.

Ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон шийдвэртээ үндэслэлээ гүйцэт тодруулаагүй гэж дүгнэсэн гэвч ажил олгогч эрх бүхий байгууллагаас шаардсаны дагуу гэж тушаалд тодорхой заасан, үйлдвэрийн газар нь дээд газрын албан бичигт тайлбар хийх боломжгүй. Зам, тээврийн яамны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08/1923 дугаар албан бичиг нь өнөөдрийг хүртэл хүчинтэй бөгөөд аливаа ямар нэгэн хувь хүн хуулийн этгээдээс тухайн албан шаардлагад гомдол гаргаж хүчингүй болгосон тохиолдол байхгүй болно.

4.2. Шүүх мөн “...10 иргэнээс 2 нь одоогоор ажил үүргээ хэвийн үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа талаар хариуцагч маргаагүйг дурдах нь зүйтэй” хэмээн нэхэмжлэлээс хальж байгууллагын дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон нэхэмжлэлийн хүрээнд бус хамааралгүй асуудлыг нэхэмжлэлд хамаатуулан татан авч шийдвэр гаргахдаа анхаарч байгаа үйлдэл нь зөвхөн нэхэмжлэлийн хүрээнд шийдвэрлэх зарчмыг алдагдуулсан байна. Тухайн 2 иргэний өөрийн болон гэр бүлийн хүний эрүүл мэндийн асуудал нь хувь хүний нууцад хамаарах бөгөөд хариуцагч ил гаргах боломжгүй ба энэ нь шүүхийн маргаанд огт хамаагүй болно. Өөрөөр хэлбэл шүүх мэтгэлцээний хүрээ хязгаараас давсан байж болохгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн зүгээс ажилд эргүүлэн тогтоолгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргасан учраас уг шаардлагын хүрээнд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагаас хальсан шийдвэр гаргаагүй. Мөн “манай байгууллагын дотоод үйл ажиллагаа руу орлоо, шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальсан” гэх хэсгийн тайлбар эсрэгээрээ зөрчил гаргасан гэж нийт 10 ажилтныг буруутгасан. Тухайн 9 ажилчид Э.А-тай адилхан ямар ч зөрчил гаргасан гэж тодорхойлогдоогүй бөгөөд 2 хүн нь одоог хүртэл ажиллаж байна. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч Э.А- нь хариуцагч А- ТӨҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийн үйл баримтыг зөв тогтоон хэргийг шийдвэрлэсэн байна.

 

2.1. А- ТӨҮГ-ын захирлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/578 дугаар тушаалаар Э.А-ыг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн Хяналт-шинжилгээ, дотоод аудитын албаны дотоод хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтнээр 3 сар хүртэл туршилтын хугацаагаар томилж, улмаар захирлын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/57 дугаар тушаалаар Э.А-ыг Хяналт-шинжилгээ, дотоод аудитын албаны дотоод хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтнээр тухайн өдрөөс эхлэн үндсэн ажилтнаар томилжээ. /1хх4-5/

 

2.2. Мөн ажил олгогч А- ТӨҮГ болон ажилтан Э.А- нарын хооронд 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ХШДАА23/01 дугаартай хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан байна. /1хх15-21/

 

2.3. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгийн 4-т Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, түүнчлэн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын дүрмээр тогтоосон журмын дагуу томилогдоогүй, ажил үүргийн тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил чадварын болон бусад шаардлагыг хангаагүй томилогдсон, албан тушаалтныг хуульд заасан журмын дагуу ажлаас чөлөөлөхийг А- ТӨҮГ-т чиглэл болгосон байна. /1хх 55-56/

 

2.4. Монгол Улсын Зам, Тээврийн хөгжлийн яамнаас 2023 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 05/1923 дугаар албан бичгийг А- ТӨҮГ-ын захиралд хүргүүлсэн. Тухайн албан бичигт “Монгол Улсын Засгийн газрын Авлигатай тэмцэх “шүүр” ажиллагааны хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 80 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт танай байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн. Шалгалтаар илэрсэн зөрчил, зөвлөмжийг хавсралтаар хүргүүлсэн байна. Уг зөвлөмжид өндөр насны тэтгэвэрт гарсан иргэнийг /Э.А-/ ажиллуулсан зөрчил гаргасан байна гэжээ. /1хх57-60/

 

3. А- ТӨҮГ-ын захирлын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/222 дугаар тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, 10 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4, 83 дугаар зүйлийн 83.2, 83.3, 83.5 дахь хэсэг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 55 дугаар тогтоолоор баталсан А- төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийн 6.10.7, 6.12 дахь заалтыг тус тус үндэслэн Хяналт-шинжилгээ, дотоод аудитын албаны дотоод хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтэн Э.А-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг эрх бүхий байгууллага шаардсаны дагуу 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон, ажлаас чөлөөлсөн байна. /1хх 6,107/

 

4. Дээрх тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар талууд маргасан байх ба анхан шатны шүүх маргааны зүйлийг зөв тодорхойлж хэргийг шийдвэрлэсэн байна. Тодруулбал, хариуцагч А- ТӨҮГ нь нэхэмжлэгч Э.А-тай байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаар болон Монгол Улсын Зам, Тээврийн хөгжлийн яамнаас 2023 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 05/1923 дугаар албан бичгийг тус тус үндэслэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасныг хэрэглэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэсэн нь зөв байна.

 

4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх хэсэг нь  маргааны зүйлд хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл, эрх бүхий байгууллагын шаардлага гэдэг нь ажилтны хөдөлмөрийн гэрээний дагуу гүйцэтгэж буй ажил, албан тушаалын чиг үүрэгтэй нь шууд хамаатуулан гаргасан шийдвэр байхыг ойлгоно.

 

4.2. Хөдөлмөрийн гэрээний харилцаа нь иргэний эрх зүйн гэрээний нэгэн төрөл болохын хувьд талуудын зарчим үйлчилнэ. Иймд гэрээг цуцлах, хугацааг сунгах, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг нь бусдаас үл хамаардаг боловч дээрх хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээг гуравдагч этгээд/хуулийн байгууллага/-ийн зүгээс цуцлахыг шаардах эрхтэй байдаг. Засгийн газар болон түүний яамд нь хуулийн биелэлтийг зохион байгуулж хангах талаар нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх, хууль зөрчсөн үйлдлийг мэдэгдэх эрхтэй боловч хөдөлмөрийн гэрээний харилцаанд шууд оролцож, гэрээг дуусгавар болгохыг шаардсан гэсэн үндэслэлээр ажил олгогч  буюу хариуцагч нь ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байна.

 

4.3. Түүнчлэн, хариуцагч А- ТӨҮГ-ын захирлын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/222 дугаар тушаалын үндэслэл болгосон Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаартай чиглэл өгөх тухай албан бичиг, Монгол Улсын Зам, Тээврийн хөгжлийн яамнаас 2023 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 05/1923 дугаар албан бичиг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт заасан шинжийг агуулаагүй байна. Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн дээрх тушаал нь эрх зүйн үр дагавар үүсгэх эрхийн актын хувьд Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байхыг шаардана. Гэтэл ажил олгогчийн зүгээс ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үйл баримт нь тушаалын хууль зүйн үндэслэлтэй тохирохгүй байна.

 

4.4. Иймд, анхан шатны шүүх ажил олгогчийн дээрх тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасанд нийцээгүй талаар хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Түүнчлэн, анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээ хязгаарын дотор үйл баримтыг зөв тогтоон хэргийг шийдвэрлэсэн байх тул мэтгэлцээний хүрээ хязгаарыг давж, нэхэмжлэлийн шаардлагаас хальсан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговорт хариуцагчаас 31,261,349.2 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт нийцсэн.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2024/03708 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 314,257 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МАНДАЛБАЯР

 

                                                       ШҮҮГЧИД                                    Т.БАДРАХ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ