Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/02046

 

 

 

 

 

 

 

 

    2024        11            27                                    210/МА2024/02046

 

 

А.З-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2024/03513 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч А.З-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.С-д холбогдох,

2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.С-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Манай дүү А.З- надаар дамжуулан өмгөөлөгч Б.С-тэй харилцан тохиролцож, н.Г гэх хүнд 86,000,000 төгрөг залилуулсан хэрэгт өмгөөлөгчөөр ажиллуулахаар тохиролцож, 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Өмгөөлөгч Б.С-, түүний туслах Л.М- нар өмнө нь манай дүү И.С-, А.З- нарын нэхэмжлэлтэй, С.Э-ээс 30,000,000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт оролцсон. Энэ хэргийн ажлын хөлс тусдаа хийгдсэн.

Харин, н.Г-аас 86,000,000 төгрөг гаргуулах ажлыг хийж гүйцэтгүүлэх ажлын хөлсийг 8,000,000 төгрөгөөр тохиролцож, урьдчилгаа 2,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан атлаа өмгөөлөгч Б.С-, туслах Д.М-тай хамт Эрдэнэт рүү 3 удаа явснаас өөр ажил хийгээгүй. Эрдэнэтэд очиход нь манай дүү И.С-, А.З- нар бүх зардлыг нь төлж байсан. Гэвч энэ ажил эхлээгүй, 2,000,000 төгрөгтөө ямар ч ажил хийгээгүй учраас 2,000,000 төгрөг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч А.З- нь н.Г- гэх хүнд 86,000,000 төгрөг залилуулж, хохирсон хэрэгт өмгөөлөгчөөр ажиллуулахаар 2,000,000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн. Миний дансанд мөнгө орж ирмэгц би туслах Д.М-ын данс руу 1,000,000 төгрөгийг нь шилжүүлсэн.

Би туслах Д.М-т тогтмол цалин өгч чадахгүй, ажлын хөлсийг 50, 50 хувиар авч байя гэж тохиролцсоны дагуу 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Туслах Т.М- өмгөөлөгч миний нэрийг барьж, хүмүүсээс мөнгө авсан асуудал байдаг. Би залилан хийсэн гэх н.Г- гэдэг эмэгтэйтэй маш олон удаа утсаар ярьж, хэл амаар доромжлуулсан. Мөн энэ ажлаар хоёр удаа Эрдэнэт рүү явсан. Нэг удаа туслах Д.М-ын хамт явсан. Дараагийн удаа өөрийн дүү болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ авч явсан. Эрдэнэт рүү галт тэргээр явж, зочид буудалд байрлаж байсан бүх зардлыг би өөрөө гаргасан.

И.С- нь өөрийн хувийн ажилд маш олон удаа намайг оролцуулж байсан. Түц ажиллуулдаг хүн дээр очно гээд хайгаад явсан. Дараа нь “Нэт капитал ББСБ” ХХК-д өртэй байгаа очоод уулзаад өгөөч гэсэн. Би очиж уулзсан. Барс зах дээр түрээсийн маргаантай асуудал байгаа гээд очиж уулзсан. А.З-гаас авсан 1,000,000 төгрөгт би маш олон ажлыг хийж өгсөн.

Миний түрээсэлж байсан байрыг Монгол ардын намын байр аваад бичиг баримтуудыг маань алга болгосон учраас гэрээгээ шүүхэд гаргаж өгч чадаагүй. Хуульч нарын цаг үнэтэй гэдгийг нэхэмжлэгч ойлгохгүй байна. Миний хувьд авсан хөлсөнд тохирох ажлаа хийсэн учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.С-эс 1,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.З-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2,000,000 төгрөгийг Б.С- өмгөөлөгчид өгсөн нь батлагдсан. Энэ хугацаанд Эрдэнэт рүү 2 удаа явж, зардлыг бүгдийг манайх даасан, гэвч үйлдэл эхлээгүй алга болсон нь батлагдаж байгаа.

Б.С-тэй ярихад эхний хийсэн ажлаа 2 дахь ажилтайгаа хольж ярьдаг. Бид 2-ын хувьд дүүгийн 2 ажлын дараа миний асуудалд орохоор тохиролцсон. 2 дахь ажлаа хийж дуусгаад миний асуудлыг шийднэ гээд тохиролцсон боловч дүү нарын 2 ажлын урьдчилгааг аваад алга болсон. Иймд нэхэмжлэлээс үлдсэн 1,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас гаргасан тайлбарын агуулга:

И.С- нь давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл эсвэл гомдол гаргаад байгаа нь ойлгомжгүй. Шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий гарсан.

Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд нэхэмжлэлд 1,000,000 төгрөг эсвэл 2,000,000 төгрөг нэхэж байгаа нь тодорхойгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч А.З- нь хариуцагч Б.С-д холбогдуулан өмгөөллийн хөлсөнд төлсөн 2,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.С-, хариуцагч Б.С- нарын хооронд байгуулсан 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Хууль зүйн туслалцаа, өмгөөлөл үзүүлэн хамтран ажиллах гэрээ” авагдсан байх бөгөөд уг гэрээгээр хэнд холбогдох ямар маргаанд үйлчлэх гэрээ болох нь тодорхойгүй байх бөгөөд хариуцагч талаас уг гэрээг нэхэмжлэгч А.З-гийн асуудалд хамааралгүй, түүнтэй байгуулсан  хууль зүйн туслалцаа үзүүлэхээр хийсэн гэрээгээ олохгүй байгаа бөгөөд уг гэрээ нь харин И.С-д хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөл хийх ажлын хүрээнд хийгдсэн гэж тайлбарлаж байна./хх5/

 

2.1. Нэхэмжлэгч А.З- нь өөрийн эзэмшлийн Хаан банкны 5090360017 тоот данснаас 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “өмгөөлөгч төлбөр” гэх утгаар хариуцагч Б.С-ийн данс руу шилжүүлсэн байх бөгөөд зохигчийн хооронд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний харилцаа байсан тухайд маргаагүй байна.

 

3. Анхан шатны шүүхээс талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт нийцжээ.

 

3.1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан байх ба хөлсөөр ажиллах гэрээний зүйл нь тодорхой үр дүн биш, тодорхой үйл ажиллагаа байдаг.

 

3.2. Өмгөөллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т “өмгөөллийн үйл ажиллагаа” гэж өмгөөлөгчөөс үйлчлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор үзүүлж байгаа хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээг ойлгохоор заасан байна.

 

4. Зохигчийн тайлбар, хэргийн баримтаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдох эрх зүйн маргаанд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргийг биелүүлж тодорхой үйл ажиллагааг гүйцэтгэсэн гэж үзэхээр байна. Тодруулбал, хариуцагч талаас гэрээгээр тохиролцсон ажлаар 2 удаа Орхон аймаг руу явсан гэснийг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна. Нэхэмжлэгч нь тухайн аймагт очсон, зардлыг өөрөө төлсөн гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Түүнчлэн, талуудын хооронд байгуулсан гэрээгээр ямар ажлыг хэрхэн гүйцэтгэхээр тохиролцсон байдал нь тодорхойгүй, үүнийг нэхэмжлэгч талаас нотлоогүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Иймд анхан шатны шүүхээс өмгөөллийн хөлсөнд төлсөн 2,000,000 төгрөгөөс хариуцагч Б.С-эс 1,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.З-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2024/03513 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ЭНХБАЯР

 

                                                       ШҮҮГЧИД                                    Б.МАНДАЛБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ