| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/0515/Э |
| Дугаар | 517 |
| Огноо | 2019-05-10 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 517
-
2019 5 10 2019/ШЦТ/517
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
-
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч Ц.Гансүлд,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Батаа,
шүүгдэгч М.Ц, Д.Д, А.Х нарыг оролцу тус шүүхийн шүүх хуралдааны Г танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Цыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Д, А.Х нарыг холбогду яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808028090391 дүгээр 2 хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй, “Тарнийн арцат хайрхан” ХХК-д сантехникч, гагнуурчин ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Жадран овогт Магванжавын Ц /РД: /,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 24 дүгээр гудамж, 7а тоотод оршин суух бүртгэлтэй, р оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тайж овогт Даваабаатарын Д /РД: /,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Сартуул овогт Алтанчимэгийн Х /РД: /.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч М.Ц нь залилах гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, удирдан төлөвлөж, улмаар хуурамч баримт бичиг бүрдүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, яллагдагч А.Х, Д.Д нартай бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голомт” банкны “Цамбагарав” дахь салбараас 4.000.000 төгрөг, 1.558.450 төгрөгийн зээлийн эрхтэй 2 ширхэг “Амекс” картуудыг А.Х, Д.Д нарын нэрээр захиалан авч ашиглан бусдад нийт 5.558.450 төгрөгийн хохирол учруулж залилсан,
яллагдагч Д.Д нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурамч баримт бичиг ашиглан яллагдагч М.Ц, А.Х нартай бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голомт” банкны Цамбагарав дахь салбараас 4.000.000 төгрөг, 1.558.450 төгрөгийн зээлийн эрхтэй 2 ширхэг “Амекс” нэртэй картуудыг А.Х болон өөрийн нэрээр захиалан авч ашиглан бусдад нийт 5.558.450 төгрөгийн хохирол учруулж залилсан,
яллагдагч А.Х нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурамч баримт бичиг ашиглан яллагдагч М.Ц, Д.Д нартай бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голомт” банкны Цамбагарав дахь салбараас 4.000.000 төгрөг, 1.558.450 төгрөгийн зээлийн эрхтэй 2 ширхэг “Амекс” нэртэй картуудыг өөрийн болон Д.Дын нэрээр захиалан авч ашиглан бусдад нийт 5.558.450 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч М.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад бүх зүйлийг тодорхой ярьсан тул одоо мэдүүлэг өгөхгүй. Компьютер ашиглаад үйлдсэн. Хүнээс сонссон. Мөнгийг виз зуучилдаг газар өгсөн. Гэм буруугаа ойлгож байна. Хохирлоо төлнө. Дахин ийм үйлдэл хийхгүй” гэв.
Шүүгдэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хуурамч гэдгийг мэдээгүй, банк руу орохдоо л мэдсэн. Цаас 1.000.000 төгрөг авсан. Тухайн үедээ амьдрал хэцүү байсан учраас мөнгө авчихсан. Гэмшиж байна” гэв.
Шүүгдэгч А.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад болсон явдлыг үнэн зөв мэдүүлсэн. Банк руу авч орохдоо хуурамч гэж мэдсэн. Цаас 500.000 төгрөг авсан. Гэмшиж байна” гэв.
Эрүүгийн 1808028090391 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч “Голомт банк” ХХК-ийн төлөөлөгч Т.Дөлгөөний: “...Х, Д нар нь Голомт банкны Цамбагарав салбараас хуурамч бичиг баримт бүрдүүлэн “Амекс” зээлийн картыг авч ашиглан нийт 5.558.450 төгрөг залилсан. Хгийн авсан картанд 4.000.000 төгрөг, Дын авсан картанд 1.558.450 төгрөг байсан. 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Д картаа хаалгуулсан. Хгийн хүү, алданги 9.371.280 төгрөг болж байгаа. Банк буруутай этгээдүүдээс 9.371.280 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-68, 69/,
Гэрч Б.Эрдэнэбаярын: “2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр А.Х, Д.Д нар нь манай Голомт банкны Цамбагарав тооцооны төв дээр очиж “Амекс” зээлийн карт захиалсан. Харилцагчийн анкет, орлого баталгаажуулсан дансны хуулга, ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг материалууд бүрдүүлэхдээ иргэний үнэмлэхний хуулбараас бусад бүх материалыг хуурамчаар бүрдүүлж авсан байна. Би 4 дүгээр сарын 05-ны өдөр Дд 1.558.450 төгрөгийн, А.Хд 4.000.000 төгрөгийн зээлийн эрхтэй карт олгосон. Эргэн төлөлт хийхгүй болохоор нь холбогдох байгууллага, ар гэр лүү нь холбоо барихад дээрх хүмүүс хуурамч материал бүрдүүлж зээлийн карт авсан нь тогтоогдсон. Би тэднийг “Туушин” ХХК-д ажилладаг, А.Х Хүний нөөцийн дарга ажилтай, сарын цалин 2.250.000 төгрөг гэсэн тодорхойлолттой, Д.Д Маркетингийн менежер ажилтай, сарын үндсэн цалин 2.260.000 төгрөг гэсэн тодорхойлолт бүрдүүлсэн байсан тул тэр компани руу залгахад “манайд тийм хүмүүс ажилладаггүй, өмнө нь ажиллаж байгаагүй” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-12-13/,
Гэрч Д.Эрдэнэбатын: “2018 оны 4 дүгээр сард санагдаж байна манай эхнэр Х руу хамаатных нь Ц гэж залуу утсаар яриад дуудсан байсан. Тэгээд хэд хоногийн дараа Х “хоёулаа 1 дүгээр хороолол руу явж Ц ахтай уулзчихаад ирье, банкнаас мөнгө авна” гэхээр нь “юун мөнгө, ямар учиртай юм” гэсэн чинь “юу ч гэсэн явъя” гээд намайг дагуулаад явсан. Тэгээд Цамбагаравын Голомт банкны гадаа очиход Ц ах нь Д гээд хамаатны залуутай хамт байсан. Ц нь манай эхнэрээр анкет зааж бөглүүлээд байсан. Ц нь намайг “чи зээл аваад өгөөч” гээд надаар давхар зээл авахуулах гээд байхаар нь “чадахгүй ээ, юу яриад байгаа юм” гээд дургүйцсэн. Би тухайн үед Хд “наадах чинь нэг л биш ээ, асуудал болох юм биш үү, дэмий юм биш үү” гэсэн чинь “би мэдэж байна, гайгүй байлгүй дээ, манай ах юм чинь би итгэж байна ” гэхээр нь “за за” гээд өнгөрсөн. Тэгээд Д гэж залуу банк руу орсон. Гарч ирсний дараа манай эхнэрийг Ц банк руу оруулсан. Тэрнээс хойш юу болсон талаар нь би мэдэхгүй. Эхнэр маань хэд хоногийн дараа “Цогоо ах 500.000 төгрөг өгсөн, би куртик авчихлаа” гээд хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-75-76/,
Гэрч Г.Нямсүрэнгийн: “...Дын авсан карт 1.558.450 төгрөгийн, Хгийн авсан карт 4.000.000 төгрөгийн зээлийн эрхтэй. Д нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн хугацаа хэтэрсэн хүү, алданги 3.212.850 төгрөгийг төлсөн бөгөөд картаа хаалгуулсан. Х нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй. Өнөөдрийн байдлаар 9.371.280 төгрөг төлж картаа хаалгуулах юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-78/,
Гэрч Г.Буянцогийн: “Би тухайн үед Цамбагарав тооцооны төвд харилцааны менежерээр ажиллаж байсан. 4 дүгээр сарын 04-ний өдөр эхлээд хүүхэн нь орж ирээд “зээлийн материалаа өгөөд Амекс карт захиалах гэсэн юм” гэсэн. Тэгээд би уг эмэгтэйн бүрдүүлж өгсөн материалыг хүлээн авсан. “Зээлийн материалыг судалж үзээд хариу хэлье” гээд бүрдүүлж өгсөн материалыг нь хуулбарлаж аваад эх хувиудыг тэр эмэгтэйд өгсөн. Тэр эмэгтэйг гарсны дараа 10-20 орчим минутын дараа нэг залуу орж ирээд “Амекс карт захиалъя” гээд материалаа өгсөн. Би зээлийн материалыг хүлээн аваад хуулбарлаад эх хувиудыг нь буцааж өгөөд “зээлийн карт авах талаар чинь судалж үзээд хариу хэлье” гээд явуулсан. ...Ингээд би ...А.Х, Д.Д нар луу утсаар холбогдоод “зээлийн карт чинь гарсан, ирж аваарай” гээд өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-80-81/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019.03.25-ны өдрийн 1470 дугаар дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн “Туушин” ХХК-ийн 016, 012/19 дугаартай тодорхойлолт гэсэн баримтуудад зурагдсан шинжилж буй гарын үсгүүд, 2017.04.03-ны өдрийн А.Х, Д.Дын нэртэй “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулганд зурагдсан шинжилж буй гарын үсгүүд нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн Д.Дын нэртэй 01259741 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, А.Хгийн нэртэй 01259702 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт байх шинжилж буй гарын үсгүүд нь хэвлэн олшруулах төхөөрөмж ашиглан хуулбарласан, хэвлэсэн байх тул шинжилгээнд тэнцэхгүй ба цаашид шинжилгээ боломжгүй байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн “Туушин” ХХК-ийн 016, 012/19 дугаартай тодорхойлолт гэсэн баримтуудад зурагдсан шинжилж буй гарын үсгүүд, 2017.04.03-ны өдрийн А.Х, Д.Дын нэртэй “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулганд зурагдсан шинжилж буй гарын үсгүүд нь А.Х, М.Ц, Д.Д нарын гарын үсгийн загваруудтай гарын үсгийн галиглал, бүтцээрээ тохирохгүй байна. 4.Шинжилгээнд ирүүлсэн “Туушин” ХХК-ийн 016, 012/19 дугаартай тодорхойлолт гэсэн баримтуудад зурагдсан шинжилж буй гарын үсгүүд, 2017.04.03-ны өдрийн А.Х, Д.Дын нэртэй “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулганд зурагдсан шинжилж буй гарын үсгүүд нь үл уншигдах элементүүдээс бүрдсэн, уншигдах үсэг байхгүй тул А.Х, М.Ц, Д.Д нарын бичгийн хэвийн загваруудтай тохирч байгаа эсэхийг тогтоох боломжгүй байна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-110-112/,
Шүүгдэгч М.Цын яллагдагчаар өгсөн: “Би “Голомт” банкнаас “Амекс” зээлийн картыг материал бүрдүүлж авдаг талаар 2016 онд Өмнөговь аймагт Ханбогд суманд явж байхдаа зүс таних нэг залуугаас сонсож байсан. ...Ингээд би өөрөө “Голомт” банкнаас баримт бүрдүүлээд уг зээлийн картыг авчихъя гэхээр хөдөөний хаягтай байсан болохоор зээл авч болохгүй байсан. Талийгаач ах Даваабаатарын хүү Д, эгч Алтанчимэгийн охин Х нар луу холбогдоод “ах нь Солонгос улс руу явах гэсэн чинь хөдөө орон нутгийн хаягтай болохоор зээл авч болохгүй байна, та хоёр хотын хаягтай юм чинь ахдаа тус болооч, “Голомт” банкнаас зээлийн карт аваад өгөөч, ах нь материалыг бүрдүүлээд өгнө” гээд гуйсан чинь зөвшөөрсөн. Х, Д нартай уулзаад цээж зураг, хорооны тодорхойлолтуудыг нь авсан. Тэгээд би Хархорин зах дээр очоод нийгмийн даатгалын дэвтэр зарж байгаа талаар хүн амьтнаас асуухад нэг залуу 32-ын автобусны буудлын урд хоёр, гурван залуу нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын хоосон дэвтэр зардаг гэхээр нь дэвтэр зардаг залууг олж уулзсан. Тэр үл таних залуугаас 2 ширхэг нийгмийн даатгалын хоосон юм бичээгүй дэвтрийг 40.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд “Туушин” ХХК-д ажилладаг нь үнэн гэсэн тодорхойлолтыг хорооллын интернэт, ПС тоглоомын газар сууж байгаад фотошоп программаар хийгээд хэвлээд гаргасан. Тэгээд материалыг бүрдүүлээд 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Х, Д хоёртой Цамбагарав дээр уулзаад материалаа өгөөд банк руу оруулсан. Тэр хоёр материалаа өгчихөөд гарч ирсэн. ...Дын картанд 1.500.000 төгрөг, Хгийн картанд 4.000.000 төгрөг байсан. Тэгээд бид гурав хоолонд орсон. Дд 1.000.000 төгрөг, Хд 500.000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг нь би Солонгос явахдаа визний материалдаа зарцуулсан бөгөөд виз гараагүй. Би тэрнээс хойш олигтой ажил хийгээгүй болохоор мөнгө төгрөггүй болж зээлээ төлж чадаагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-138-140/,
Шүүгдэгч Д.Дын яллагдагчаар өгсөн: “...Ц “ах нь Солонгос явах гэж байгаа, банкнаас мөнгө зээлэх хэрэгтэй байна, заавал хотын хаягтай байх шаардлагатай байна, Х та хоёр хотын хаягтай юм чинь Голомт банкнаас зээлийн карт аваад өгөөч” гэж гуйсан. Ц ах Х бид хоёрын цахим иргэний үнэмлэх, цээж зураг, хорооны тодорхойлолтыг хэрэгтэй гээд авсан. Тэгээд 7 хоногийн дараа уулзаад “зээл авах бичиг баримтууд бүрдчихлээ” гээд “Туушин” ХХК-ийн ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгал төлсөн бичиг баримтуудыг “Голомт банкны Цамбагарав салбараас зээлийн карт авчих” гээд Х бид хоёрт өгсөн. Би эхэлж ороод эдийн засагчид Ц ахын өгсөн материалуудыг өгөөд гарч ирэхэд ...Х зөрөөд банк руу ороод материалаа өгчихөөд гарч ирсэн. Гэтэл тэрнээс хойш 7 хоногийн дараа банкны ажилтан яриад “картаа ирж аваарай” гэсэн. Би Ц ах руу яриад “банкнаас картаа ирж аваарай гэж байна” гэсэн чинь “тэгвэл Цамбагарав дээр уулзъя” гэсэн. Би эхэлж банк руу ороод эдийн засагчаас “Амекс” картыг авч гарч ирээд Ц ахад өгсөн. Х ороод зээлийн картаа авч гарч ирээд Ц ахад өгсөн. Ц ах надад 1.000.000 төгрөг, Хд 500.000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш 2, 3 сарын дараа байх “Голомт” банкнаас утсаар “зээлийн төлөлтөө хийнэ үү” гээд ярьсан. Би үүнийг Ц ахад хэлсэн чинь “мөнгөгүй байна, төлнөө, ахад нь мөнгөний боломж гарч өгөхгүй байна” гэж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-147-149/,
Шүүгдэгч А.Хгийн яллагдагчаар өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын эхээр Ц ах утсаар “ахын дүүд мөнгө хэрэгтэй юу, Голомт банкнаас зээлийн карт захиалаад өгөөч, ахтайгаа уулзаадахаач” гээд ярьсан. Уулзсан чинь “ах нь Солонгос явах гэсэн чинь мөнгөний хэрэг гараад байна, би өөрөө зээл авчихъя гэхээр орон нутгийн хаягтай болохоор зээл авч болохгүй байна, ахын дүү хотын хаягтай юм чинь аваад өгөөч” гээд ярьсан. “За за” гэсэн чинь “цээж зураг, хорооны тодорхойлолт чинь хэрэгтэй, дараа ирэхдээ аваад ирээрэй” гэж хэлсэн. Тэгээд Ц ахаас салаад явсан. Хэд хоногийн дараа Ц ах над руу утсаар яриад “1 дүгээр хорооллын Саппоро дээр хүрээд ир” гээд дуудсан. ...Ц ах “одоо хэдүүлээ Цамбагаравын Голомт банк явъя” гээд явсан. Ц ах Д бид хоёроос цээж зурагнуудыг аваад нийгмийн даатгалын дэвтэр дээр наагаад буцааж өгснөө “одоо та хоёр наад материалуудаа аваад банк руу ороод зээлийн карт захиалчих” гэсэн. Д бид хоёр нэг нэгээрээ ороод банкны ажилтанд Ц ахын бүрдүүлж өгсөн материалыг өгсөн. 7 хоногийн дараа Голомт банкнаас “таны захиалсан карт чинь гарсан, ирж аваарай” гээд ярьсан. Ц ах руу яриад “зээлийн карт гарсан байна, ирээд ав гэнээ” гээд хэлсэн чинь “тэгвэл Цамбагарав дээр уулзъя” гэсэн. Тэгээд би банк руу ороод банкны ажилтнаас зээлийн картыг аваад Ц ахад өгсөн. Ц ах надад 500.000 төгрөг өгсөн. ...Гэтэл 2017 оны 5 дугаар сарын эхээр миний утсанд Голомт банкнаас “төлбөрөө хийнэ үү” гэсэн мессэж ирсэн. Би мессежийг уншаад Ц ахад “банкнаас мессэж ирээд мөнгөө төл гэж байна” гэсэн чинь “ахад нь мөнгөний боломж байдаггүй, ямар ч байсан төлнө, санаа зоволтгүй” гээд хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-157-159/,
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан “Голомт банк” ХХК-ийн өргөдөл /1 дүгээр хавтас, хх-10-11/, А.Хгийн кредит карт эзэмших хүсэлтийн маягтын хуулбар /1 дүгээр хавтас, хх-15-16/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /1 дүгээр хавтас, хх-17-18/, “Туушин” ХХК-д ажилладаг гэх тодорхойлолтын хуулбар /1 дүгээр хавтас, хх-19/, “Хаан банк” ХХК-ийн дансны хуулгын хуулбар /1 дүгээр хавтас, хх-20-25/, кредит картын хуулгын хуулбар /1 дүгээр хавтас, хх-30-31/, Д.Дын кредит карт эзэмших хүсэлтийн маягтын хуулбар /1 дүгээр хавтас, хх-33-34/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /1 дүгээр хавтас, хх-35-36/, “Туушин” ХХК-д ажилладаг гэх тодорхойлолтын хуулбар /1 дүгээр хавтас, хх-37/, “Хаан банк” ХХК-ийн дансны хуулгын хуулбар /1 дүгээр хавтас, хх-38-43/, кредит картын хуулгын хуулбар /1 дүгээр хавтас, хх-47-48/, гэрч Г.Даваасүрэнгийн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-85/, гэрч Н.Саруулсайханы мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-87-88/, шүүгдэгч М.Цын иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хавтас, хх-163/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтас, хх-165/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтас, хх-182-190/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтас, хх-195-196/, Нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын мэдээлэл /1 дүгээр хавтас, хх-204-205/, шүүгдэгч Д.Дын иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хавтас, хх-208/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтас, хх-210/, шүүгдэгч А.Хгийн иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хавтас, хх-243/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтас, хх-245/, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны тодорхойлолт /1 дүгээр хавтас, хх-246/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /2 дугаар хавтас, хх-2/, “Голомт” банкны орлогын мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-11/, “Зээлийн эрхтэй карт хаасан тухай” Голомт банкны албан бичиг /2 дугаар хавтас, хх-12/, кредит картны хуулга /2 дугаар хавтас, хх-13-38/, хохирогч “Голомт банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дөлгөөний хүсэлт /2 дугаар хавтас, хх-47/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн гаргаж өгсөн Д.Цын ажлын газрын тодорхойлолтыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэн шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Д.Ц нь залилах гэмт хэргийг санаачилж, удирдан төлөвлөж, бүлэглэж үйлдсэн, Д.Д, А.Х нар нь залилах гэмт хэргийг гүйцэтгэж, бүлэглэж үйлдсэн тус тус гэм буруутай болох нь тогтоогдсон. Бодит хохирлыг төлсөн. Хохирогчийн хор уршгаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг шийтгэх тогтоолд дурдаж өгнө үү” гэж,
шүүгдэгч нарын өмгөөлөгч “Гэм буруугийн асуудлаар маргахгүй. Бодит хохирол 5.558.450 төгрөг төлөгдсөн. Хор уршигтай холбоотой 5.1 сая төгрөгийг 3 хуваан төлүүлэх саналтай байна. Хугацаа тогтоох боломжтой” гэж тус тус дүгнэлт гаргалаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч М.Ц нь залилах гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, удирдан төлөвлөж, хуурамч баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, шүүгдэгч А.Х, Д.Д нартай бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, “Голомт” банкны “Цамбагарав” салбараас 4.000.000 төгрөг, 1.558.450 төгрөгийн зээлийн эрхтэй 2 ширхэг “Амекс” картыг А.Х, Д.Д нарын нэрээр захиалуулж шилжүүлэн авсан,
шүүгдэгч Д.Д нь хуурамч бичиг баримт ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож шүүгдэгч М.Ц, А.Х нартай бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, “Голомт” банкны “Цамбагарав” салбараас 4.000.000 төгрөг, 1.558.450 төгрөгийн зээлийн эрхтэй 2 ширхэг “Амекс” картыг А.Х болон өөрийн нэрээр захиалан авсан,
шүүгдэгч А.Х нь хуурамч баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож шүүгдэгч М.Ц, Д.Д нартай бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, “Голомт” банкны “Цамбагарав” салбараас 4.000.000 төгрөг, 1.558.450 төгрөгийн зээлийн эрхтэй 2 ширхэг “Амекс” нэртэй картыг өөрийн болон Д.Дын нэрээр захиалан авч залилсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогчийн төлөөлөгч Т.Дөлгөөний “...Х, Д нар нь манай Цамбагарав салбараас зээлийн эрхтэй “Амекс” картыг хуурамч бичиг баримт бүрдүүлж авсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-68, 69/, гэрч Б.Эрдэнэбаярын “...А.Х, Д.Д нар манай “Цамбагарав” тооцооны төв дээр очиж “Амекс” нэртэй зээлийн картыг хуурамч материал бүрдүүлж авсан байна. ...Компани руу залгахад “манайд тийм хүмүүс ажиллдаггүй, өмнө нь ажиллаж байгаагүй” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-12-13/, гэрч Д.Эрдэнэбатын “...Ц манай эхнэрээр анкет зааж бөглүүлээд байсан. ...Д гэж залуу банк руу орсон. Гарч ирсний дараа манай эхнэрийг тэр Ц банк руу оруулсан. Эхнэр хэд хоногийн дараа “Цогоо ах надад 500.000 төгрөг өгсөн...” гээд хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-75-76/, шинжээчийн 1470 дугаар “...2. Шинжилгээнд ирүүлсэн Д.Дын нэртэй 01259741 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, А.Хгийн нэртэй 01259702 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт байх шинжилж буй гарын үсгүүд нь хэвлэн олшруулах төхөөрөмж ашиглан хуулбарласан, хэвлэсэн байх тул шинжилгээнд тэнцэхгүй ба цаашид шинжилгээ боломжгүй байна. 4. Шинжилгээнд ирүүлсэн Туушин ХХК-ийн 016, 012/19 дугаартай тодорхойлолт гэсэн баримтуудад зурагдсан шинжилж буй гарын үсгүүд, 2017.4.03-ны өдрийн А.Х, Д.Дын нэртэй Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулганд зурагдсан шинжилж буй гарын үсгүүд нь үл уншигдах элементүүдээс бүрдсэн, уншигдах үсэг байхгүй тул А.Х, М.Ц, Д.Д нарын бичгийн хэвийн загваруудтай тохирч байгаа эсэхийг тогтоох боломжгүй байна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтас, хх-110-112/, шүүгдэгч М.Цын яллагдагчаар өгсөн “Хархорин зах дээр очоод ...2 ширхэг нийгмийн даатгалын хоосон юм бичээгүй дэвтрийг 40.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд “Туушин” ХХК-д ажилладаг нь үнэн гэсэн тодорхойлолтыг хорооллын интернэт, ПС тоглоомын газар сууж байгаад фотошоп программаар хийгээд хэвлээд гаргасан. Х, Д хоёр банк руу ороод материалаа өгчихөөд, 7 хоногийн дараа зээлийн картаа авсан. Нийлээд 5.500.000 төгрөг гарсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-138-140/, шүүгдэгч Д.Дын яллагдагчаар өгсөн “...Ц ...Голомт банкнаас зээлийн карт аваад өгөөч” гэж гуйсан. “Туушин” ХХК-ийн ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгал төлсөн бичиг баримтуудыг Х бид хоёрт өгсөн. Тэгээд би эхэлж ороод банкны зээлийн эдийн засагчид Ц ахын өгсөн материалуудыг өгөөд гарч ирэхэд ...Х зөрөөд банк руу ороод материалаа өгчихөөд гарч ирсэн. ...Тэгээд би эхэлж банк руу ороод зээлийн эдийн засагчаас картыг авч гарч ирээд Ц ахад өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-147-149/, шүүгдэгч А.Хгийн яллагдагчаар өгсөн “...Ц ах ...“одоо та хоёр наад материалуудаа аваад банк руу ороод зээлийн карт захиалчих” гэсэн. ...Зээлийн картыг аваад Ц ахад өгсөн. ...надад 500.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-157-159/, зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч М.Цын залилах гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удидрсан, төлөвлөсөн мөн “Туушин” ХХК-д А.Х, Д.Д нарыг ажилладаг гэх тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийг хуурамчаар үйлдэн зохиомол байдлыг зориудаар бий болгосон, шүүгдэгч А.Х, Д.Д нарын шүүгдэгч М.Цын өөрсдөд нь өгсөн “Туушин” ХХК-д ажилладаг гэх тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр хуурамчаар үйлдэгдсэн болохыг мэдсээр байж “Голомт” банкын “Цамбагарав” салбарт зээлийн эрхтэй карт авахаар өгсөн, картыг авч мөнгийг нь ашигласан санаатай үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Дээрх гэмт хэргийн улмаас “Голомт банк” ХХК-д 5.558.400 төгрөгийн хохирол учирсан байна. Шүүгдэгч Д.Ц гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг төлсөн болох нь түүний мэдүүлэг, хохирогч “Голомт банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дөлгөөний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээр тогтоогдох тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогчийн төлөөлөгч Т.Дөлгөөний “А.Х, Д.Д нар нь банкинд учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн боловч хүү, алданги, торгуулийг төлөөгүй байгаа бөгөөд уг төлбөрийг иргэний журмаар төлүүлэх хүсэлтэй байна. 3 сарын хугацаанд нийт үлдэгдлийг төлөхийг зөвшөөрч байгаа...” гэх хүсэлт гаргасныг тэмдэглэж, хохирогч Голомт банк гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай буюу хүү, алданги, нэмэгдүүлсэн хүү зэрэгтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нар урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, бодит хохирол төлөгдсөн, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Д.Цд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, түүний цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялаас нь хасаж, нийт 684 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгч Д.Д, А.Х нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай” гэж,
шүүгдэгч нарын өмгөөлөгч “Шүүгдэгч нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд Д.Д, А.Х нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж, шүүгдэгч Д.Цыг цалин хөлс, орлогын эх үүсвэрийг нь харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргалаа.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Харин шүүгдэгч Д.Цын зээлийн карт хэрхэн авдаг талаар хүнээс сонсоод, хуурамч бичиг баримт бүрдүүлж, улмаар шүүгдэгч Д.Д, А.Х нарын тухайн бичиг баримтыг хуурамч гэдгийг мэдсэн атлаа банкнаас мөнгө залилан авч буй үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирол, хор уршгийг шүүгдэгч нар бүрэн төлөөгүй байх тул дээрх зүйлийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох хууль зүйн үндэслэлгүй юм.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунахайн сэдэлттэйгээр бүлэглэж, зохион байгуулалттайгаар үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогч хуулийн этгээдэд 5.558.450 төгрөгийн хохирол учруулсан, бодит хохирол төлөгдсөн/, шүүгдэгч нарын хувийн байдал /шүүгдэгч Д.Ц эрхэлсэн тодорхой ажилтай, шүүгдэгч Д.Д, А.Х нар эрхэлсэн тодорхой ажилгүй, тэдний гэр бүлийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо/ зэргийг харгалзан улсын яллагчийн шүүгдэгч нарт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэн шүүгдэгч нарт нийтэд тустай ажил хийлгэх оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Шүүгдэгч Д.Цын хувийн байдал, ажил эрхэлдгийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, шүүгдэгч Д.Д, А.Х нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэв. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо тухайлбал шүүгдэгч Д.Ц залилах гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, түүнчлэн хуурамч баримт бичиг үйлдэж ашигласан, шүүгдэгч А.Х, Д.Д нар өөрсдөө эрхэлсэн тодорхой ажилгүй атлаа “Туушин” ХХК-д ажилладаг, мөн нийгмийн даатгалын шимтгэл төлдөг мэтээр хуурамчаар үйлдсэн ажлын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр зэргийг хуурамч бичиг баримт болох, зохиомол байдлыг бий болгож байгааг мэдсээр байж уг гэмт хэрэгт хамтран оролцсон зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг үндэслэн өмгөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Цын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 16 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгч Д.Цын нийт эдлэх ялаас хасаж шийдвэрлэлээ. /1 дүгээр хавтас, хх-125, 131/.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Д, А.Х нар урьдчилан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Жадран овогт Магванжавын Цыг залилах гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, хуурамч баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бүлэглэж залилах гэмт хэрэг үйлдсэн,
шүүгдэгч Тайж овогт Даваабаатарын Д, Сартуул овогт Алтанчимэгийн Х нарыг хуурамч бичиг баримт ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бүлэглэж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цыг 700 /долоон зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д, А.Х тус бүрийг 450 /дөрвөн зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Цын урьдчилан хоригдсон 2 /хоёр/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүний эдлэх ялаас 16 /арван зургаа/ цагийн ажлыг хасаж тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц, Д.Д, А.Х нар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Д, А.Х нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Хохирогч, түүний төлөөлөгч нар гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Ц, Д.Д, А.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР