| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 181/2023/02074/И |
| Дугаар | 210/МА2024/02059 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2024/02059
2024 11 27 210/МА2024/02059
Б.О-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2024/03413 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Б.О-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Э ХХКК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ш, Ө.У, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Б.О- нь Э ХХКК-тай 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, өгөгдлийн шинжээч гэх ажлын байранд ажиллаж байсан. Хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байх хугацаандаа үүрэгт ажилдаа хариуцлагатай ажиллаж, аливаа зөрчил дутагдал гаргаж байгаагүй.
Гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Б/06 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь заалтыг үндэслэн компанийн бүтэц зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан өгөгдлийн шинжээч Б.О-гийн ажлын байр хасагдсан гэж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан ажлын байр хасагдсан гэдэг нь тухайн ажлын байр үгүй болж чиг үүрэг байхгүй болсон байхыг ойлгоно. Гэтэл Б.О-гийн ажиллаж байсан өгөгдлийн шинжээчийн ажлын байр бүхэлдээ хасагдаагүй, зөвхөн ажлын байрны нэршил өөрчлөгдсөн. Энэ нь хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгох үндэслэл болсон ажлын байр хасагдсан зохицуулалтад хамаарахгүй. Мөн Э ХХКК-ийн бизнесийн үйл ажиллагаа өөрчлөгдөөгүй, нөгөө талаар компанийн үйл ажиллагаа нь мэдээллийн технологи дээр суурилж явагддаг тул нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны чиг үүрэг бүхэлдээ хасагдах боломжгүй.
Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр хэрхэн хасагдсан талаарх үндэслэл бүхий тайлбар, тушаал шийдвэрийг танилцуулж, тайлбарлаагүй.
Иймд хууль зүйн үндэслэлгүйгээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд дуусгавар болгосон Э ХХКК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгон, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулан, холбогдох шимтгэл татварыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 426 дугаар тогтоолоор Э ХХКК-ийн дүрмийг шинэчлэн баталж, Э ХХКК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 56 дугаар тогтоолоор тус компанийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн, орон тооны дээд хязгаарыг баталсан.
Дээрх тогтоолуудад үндэслэн Э ХХКК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/144 дүгээр тушаалаар “Компанийн зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, орон тооны хязгаар, албан тушаалын жагсаалт”-ыг шинэчлэн баталсан ба Мэдээлэл технологи, олон нийттэй харилцах хэлтсийн чиг үүрэг өөрчлөгдөж, улмаар өгөгдлийн шинжээчийн ажлын байрны орон тоо хасагдсан.
Орон тоо хасагдсан тул ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг Б.О-д 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/938 тоот албан бичгээр 30 хоногийн өмнө мэдэгдсэн. Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, нээлттэй, ил тод болгох ажлын хүрээнд Э ХХКК-ийн нийт 88 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлахаар болсон тул нээлттэй зарласан ажлын байрнуудаас тавигдах шаардлагыг хангаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцох боломжийн талаар тус мэдэгдэлд дурдсан.
Ажлын байр хасагдсан хэдий ч Б.О- тус компаниас нээлттэй зарлагдсан өөр ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцох боломжтой байсан боловч оролцоогүй бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хийсэн хэлцлийн 1.3 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг авахаар ажил олгогчтой харилцан тохиролцсон тул гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/06 тоот тушаалаар Б.О-гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Ажил олгогч Компанийн тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд өөрийн хэрэгцээ, шаардлага, цаг үеийн нөхцөл байдал, санхүүгийн нөөц бололцоо, үйл ажиллагааны цар хүрээнд тохируулан дотооддоо зохион байгуулалтын өөрчлөлт хийж, тодорхой шалтгааны улмаас зарим ажлын байрыг хасах шийдвэр гаргасныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
Б.О-гийн ажиллаж байсан өгөгдлийн шинжээчийн ажлын байрны орон тоо хасагдсан ба тийм чиг үүрэгтэй орон тоо одоо тус компанид байхгүй. Системийн инженерийн гүйцэтгэх чиг үүрэг нэхэмжлэгчийн өмнө гүйцэтгэж байснаас өөр. Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэж, тэтгэмжийг хуульд заасны дагуу олгосон тул Б.О-гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон Э ХХКК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/06 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.О-г Э ХХКК-ийн Мэдээллийн технологийн хэлтсийн системийн инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Э ХХКК-аас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 61,170,472 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.О-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.О-гийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч Э ХХКК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.О-гийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Э ХХКК-аас 463,802 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дүгээр сарын 30-ны өдрийн 426 дугаар тушаалаар батлагдсан бүтэц, орон тоо, албан тушаалын жагсаалтаар нэхэмжлэгч Б.О-гийн ажиллаж байсан “Мэдээлэл технологи олон нийттэй харилцах хэлтэс” өөрчлөгдөн зохион байгуулагдаж, улмаар Өгөгдлийн шинжээчийн ажлын байр компанийн бүтцэд байхгүй болж, хасагдсан.
Тиймээс гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар “Өгөгдлийн шинжээчийн ажлын байр хасагдсан” гэсэн үндэслэлээр Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасны дагуу Б.О-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэл бүхий бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчөөгүй болно.
4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогчийн зүгээс хуульд заасан хугацаанд бичгээр мэдэгдсэн бөгөөд энэ мэдэгдлийг хүлээж авсны дараа нэхэмжлэгч Б.О- гүйцэтгэх захиралтай уулзаж хэлцэл хийсэн, мөн ажилтны төлөөллүүдтэй ажил олгогчийн төлөөлөл 2 удаа уулзалт зохион байгуулж, хэлэлцээр хийсэн.
УДШ-ийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан 33 дугаар тогтоолд мэдэгдлийг бичгээр өгөх шаардлагыг тавьснаас бус үндэслэлийг нь үг үсэггүй дурдана гэж заагаагүй бөгөөд харин “хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаал гаргахдаа үндэслэлээ тодорхой зааж, хөдөлмөрийн хууль болон холбогдох бусад хуулийг баримталсан байна” гэж уг тогтоолд заасан. Гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дүгээр сарын 30-ны өдрийн 426 дугаар тушаалаар Компанийн бүтэц, орон тоо өөрчлөгдөж, Өгөгдлийн шинжээчийн ажлын байр хасагдсан бөгөөд энэ тушаал компанийн бүх ажилтнуудад танилцуулагдсан.
Түүнчлэн, мэдэгдэлд дурдсан Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т 4 үндэслэл байдаг ба эдгээр үндэслэлүүдийн 1 нь “ажлын байр хасагдсан” гэдэг үндэслэл байгаа болно.
Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрт тухайн мэдэгдлийг хууль бус гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэт нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.
4.3. Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн албан бичигт Э ХХКК-ийн “Үйлдвэрчний эвлэлийн хороо” ҮЭБ-ын улсын бүртгэлийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/1345 дугаар тушаалаар хассан” гэжээ.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу тус Үйлдвэрчний эвлэлийн хороог 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлээс хассан байна. Тиймээс Э ХХКК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 426 дугаар тушаал гарах үед Э ХХКК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны үйл ажиллагаа зогссон байсан гэдгийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа нотолж байна.
Ажил олгогч нь ажилтнуудыг бөөнөөр халах тухай болон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл, хамрагдах ажилтны нэр, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох өдрийн тухай Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоонд, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.6 дахь хэсэгт заасны дагуу Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт тус тус мэдэгдсэн.
4.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.О- нь ямар нэг албан тушаалд ажиллах талаар хүсэлт гаргаагүй, сонгон шалгаруулалтад ч оролцоогүй бөгөөд системийн инженерийн ажлын байрны зорилго, чиг үүрэг нь түүний өмнө эрхэлж байсан өгөгдлийн шинжээчийн ажлын байрны зорилго, чиг үүргээс ялгаатай, мөн тавигдах шаардлага нь өөр байгаа ба мэргэшлийн хувьд л гэхэд нарийн өндөр шаардлага тавигдсан зэргээс үзэхэд Б.О-г Хүмүүнлэгийн Их Сургуулийг компьютер программ хангамж мэргэжлээр бакалаврын зэргээр төгссөн гэдгээр нь тухайн шинээр бий болсон системийн инженерийн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрээр Б.О-г шинээр бий болсон Мэдээлэл технологийн хэлтсийн Системийн инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоосон нь үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагчид мэдэгдэл өгсний дараа хэлцэл хийгдсэн, түүний дараа тэтгэмж авсан тэгэхээр нэхэмжлэгчийн эрх ашиг нь зөрчигдөөгүй гэх агуулгаар тайлбарладаг. Гэтэл мэдэгдэл нь өөрөө хууль бус учраас түүний дараагаар хийгдсэн хэлцэл нь хүчингүй, хэлцлийн дагуу авсан 9,000,000 төгрөгийг буцааж олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Талуудын хоорондох маргааныг анхан шатны шүүх үндэслэлтэй шударга шийдвэрлэсэн бөгөөд хэн нэгэнд давуу байдал олгоогүй. Ажил олгогч нь ажилтанд илүү мөнгө төлж ажилтны эрх зүйн байдлыг дээрдүүлсэн зүйл байхгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч Б.О- нь хариуцагч Э ХХКК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажилт хийлгэхийг даалгахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Талууд нэхэмжлэгчийн ажлын байр бодитоор хасагдсан эсэх, бөөнөөр халах үеийн зохицуулалтыг хуульд заасан журмын дагуу явуулсан эсэх нь маргааны зүйл болжээ.
3. Хэргийн баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна.
3.1. Э ХХКК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар Б.О-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон өгөгдлийн шинжээчийн ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байна. /хх 14/
3.2. Б.О-гийн ажлаас чөлөөлсөн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/06 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Э ХХКК-ийн дүрмийн 7.7.10, 7.7.12 дахь заалт, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 56 дугаар тогтоол, Хөдөлмөрийн гэрээний 9.2.2.7 дахь заалтыг баримталж “...өгөгдлийн шинжээчийн ажлын байр хасагдсан...” гэх үндэслэл заажээ.
3.3. Монгол улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 426 дугаар тогтоолоор Э ХХКК-ийн дүрмийг шинэчлэн баталсан байх бөгөөд уг дүрмийн 5.12.6-д толгой компанийн зохион байгуулалтын бүтцийг батлах, орон тооны дээд хязгаарыг тогтоох бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр, мөн дүрмийн 7.7.9-т толгой компанийн бүтэц, зохион байгуулалтын талаар санал боловсруулж, баталсан орон тооны хязгаар, зохион байгуулалтын бүтцийн хүрээнд ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг батлах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр тус тус заасан байна.
3.4. Дээрх тогтоолыг үндэслэн Э ХХКК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 56 дугаартай тогтоолоор компанийн нийт орон тооны дээд хязгаарыг 2 дугаар хавсралтаар нийт 91 байхаар баталсантай холбоотойгоор Э ХХКК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/144 дугаар тушаалаар бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, ажлын байрны нэр, орон тоо, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталжээ. /1хх 35,59/
3.5. Ажил олгогч Э ХХКК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/145 дугаар тушаалаар Э ХХКК-ийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтын журмыг баталж, сонгон шалгаруулалт зарласан байна./1хх 123-126/
3.6. Түүнчлэн, ажил олгогч Э ХХКК-ийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/938 дугаартай мэдэгдлээр компанийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөн зохион байгуулагдаж, ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг өөрчлөгдсөнтэй холбогдуулан ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцож болохыг мэдэгдэж, сонгон шалгаруулалтын үр дүнгээр тухайн ажлын байрны сонгон шалгаруулалтад тэнцээгүй, оролцоогүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2, хөдөлмөрийн гэрээний 9.2.2.3, 9.2.2.7, 9.2.2.8-д зааснаар ажилтан Б.О-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар мэдэгджээ. /1хх56/
3.7. Э ХХКК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/13 тоот албан бичгээр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс болон Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоонд хандан ... компанийн зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, орон тооны хязгаар, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталж зарим газар хэлтсийг татан буулгах, нэгтгэх, зарим ажлын байр, орон тоог хасах шийдвэр гаргасантай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.6 дахь хэсэгт заасны дагуу компанийн гүйцэтгэх захирлын шийдвэрээр 47 ажилтанд хөдөлмөрийн гэрээг цуцлах талаарх ажилтны жагсаалтыг хүргүүлсэн бөгөөд уг мэдэгдэлд нэхэмжлэгчийн нэр орсон байна. /1хх 173/
3.8. Улмаар ажил олгогчийг төлөөлж Э ХХКК-ийн гүйцэтгэх захирал С.Н болон нэхэмжлэгч Б.О- нарын хооронд 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 03 дугаартай хэлцэл байгуулсан бөгөөд уг хэлцэлд “...Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан хөдөлмөр эрхлэлтийг цуцалсны тэтгэмжийн хэмжээг ажил олгогчийн зүгээс нэмэгдүүлж, 5 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгож, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох”-оор тохиролцсон. /1хх58/
4. Хэрэгт хариуцагч тал болон ажилтны төлөөлөлтэй хийсэн 2023 оны 01 дүгээр сарын 19 болон 20-ны өдрийн хэлэлцээрийн хурлын тэмдэглэлүүд авагдсан байх бөгөөд уг хэлэлцээрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3 дахь хэсэгт зааснаар халагдах ажилтны тоог багасгах, тухайн аж ахуйн нэгж, байгууллага сул орон тоонд ажилтныг шилжүүлэх, ажлын байр шинээр бий болгох, орон тоо нэмэгдэхэд эхний ээлжид авч ажиллуулах, ажилтныг мэргэшүүлэх, өөр мэргэжлээр сургах, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосны хэмжээ зэрэг асуудлыг бүхэлд нь авч хэлэлцэж шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байна./2хх87-96/
Тодруулбал, уг хэлэлцээрээр шинээр бий болгосон орон тоонд сонгон шалгаруулалтад тэнцсэн ажилтныг авах, мөн цомхотголд орсон ажилчдыг сонгон шалгаруулалтад оруулах мөн ажлаас чөлөөлөгдөх ажилтнуудад олгох тэтгэмжийн хэмжээний талаарх асуудлыг хэлэлцсэн байна.
Иймд анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3 дахь хэсэгт заасан асуудлыг хэлэлцээгүй гэж дүгнэн нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т нийцсэн байна.
5. Харин, Э ХХКК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/144 дугаар тушаалаар Мэдээлэл технологийн хэлтсийг мэдээлэл технологийн хэлтсийн менежер-1, системийн инженер-1, техник хангамжийн инженер-1, мэдээллийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн-1 байхаар орон тоог өөрчлөн тогтоосноос үзэхэд нэхэмжлэгчийн ажлын байр хасагдсан байхад /1хх 59-67/ анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Б.О-гийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ орон тоогоор хасагдсан системийн инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцэхгүй байна.
Иймд нэхэмжлэгчийг Э ХХКК-ийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/144 дугаар тушаалаар баталсан ажлын байрны тодорхойлолт, албан тушаалын зорилго, зорилт, чиг үүрэг, агуулгын хувьд өмнө ажиллаж байсан өгөгдлийн шинжээчийн ажил албан тушаалтай адил чанарын ажил, албан тушаалд Б.О-г эгүүлэн авч ажиллуулахыг хариуцагчид үүрэг болгосон өөрчлөлтийг шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад оруулна.
6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговорт хариуцагчаас 61,170,472 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт нийцсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2024/03413 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Э ХХКК-ийн Мэдээллийн технологийн хэлтсийн системийн инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоож” гэснийг “Өгөгдлийн шинжээчийн ажил, албан тушаалтай адил чанарын өөр ажлын байранд эгүүлэн авч ажиллуулахыг хариуцагч Э ХХКК-д үүрэг болгож” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 463,802 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Ц.АЛТАНЦЭЦЭГ