Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 529

 

 

 

 

 

 

-

 

     2019           5           14                                         2019/ШЦТ/529         

-                                         

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Журагат, 

улсын яллагч Р.Очирсүрэн,

шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Сыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908000000459 дүгээр хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага, менежмент мэргэжилтэй, ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Мянган овогт Дашпунцагийн С /РД: /.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Д.С нь Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны 390 тоот өөрийн гэртээ 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр эхнэр П.Зийг хардалтын улмаас марган бие махбодийн хүчирхийлэл үйлдэн зодож, зүүн нүдний дээд зовхи, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж байгаа. Цаашид ийм зүйл хийхгүй. Ажилд ороод удаагүй, 4 хүүхэдтэй тул хөнгөн шийтгэж өгнө үү” гэв.

Эрүүгийн 1908000000459 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч П.Зийн: “Би С гэж хүнтэй 1997 онд танилцсан. Бид хоёр гэрлэлтийн баталгаатай, дундаасаа дөрвөн хүүхэдтэй. 2019 оны 3 дугаар сарын 16-ны өглөө гэрээ цэвэрлэж байхад С босож ирээд намайг хардаж хэрүүл өдөөд байсан. Миний дургүй хүрч тэсвэр алдаад “чиний хэлснээр хүнтэй унтсан ч яадаг юм бэ” гэж хэлэхэд над руу дайраад баруун гараараа миний амыг дараад зүүн гараараа хүзүү базаад арагш савуулаад хойш газар унагаасан. Намайг газар унасан байхад дээрээс баруун гараараа баруун шанаа руу цохиход би толгойн зүүн хэсгээр шал мөргөсөн. Би хэвтээд уйлж байхад над руу их хэмжээний ус цацаад миний өмсөж явсан хувцас нэлэнхийдээ норсон. ...Би нөхөр Ст гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-92-93/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.03.19-ний өдрийн 3526 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.П.Зийн биед зүүн нүдний дээд зовхи, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-27/,

Шүүгдэгч Д.Сын яллагдагчаар өгсөн: “Би эхнэр Зтэй гэрлэлтийн баталгаатай. ...2019 оны 3 дугаар сарын 16-ны ...13 цагийн үед ...би эцэг эхийн хурлаас ирээд хүүхдийнхээ сургалтын дүн, элсэлтийн шалтгалтын талаар ярихад эхнэр учиргүй уурлаад “чи хүүхдийн их сургуулийн төлбөр төлж чадахгүй байж, чи үх, авсандаа ор, би хэнтэй ч хамаагүй өөр хүнтэй унтана” гэж над руу дайрсан. Би “чи юу гэнээ” гээд уурлаад эхнэр дээрээ очиход хоёр гараараа намайг самардах гэж дайрахад би өөр лүүгээ ойртуулахгүй, нүүрээ самардуулахгүй гээд хоёр гарыг нь барих гэж оролдож байхад эхнэр газар хөл алдаад унасан. Эхнэр газар уначихаад чанга дуугаар уйлаад орилоод байхаар нь би аргадаад босгоход завжнаас нь цус гарсан бололтой шалан дээр цустай шүлс байсан. Зүүн нүдний хажуу шанаан дээр нь бондойгоод хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-38-41/,

аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-4-5/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-6-10/, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-12/, дуудлагын лавлагааны хуудас /хх-15/, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны тодорхойлолт /хх-47/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-48/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-49/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-50/, дипломны хуулбар /хх-51-52/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-55/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-56-58/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргаж өгсөн “Туушин зочид буудал” ХХК-ийн захирлын “Ажилд томилох тухай” тушаалыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.С нь Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны 390 тоот гэртээ 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр эхнэр П.Зийг хардалтын улмаас зодож, биед нь зүүн нүдний дээд зовхи, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч П.Зийн “С ...баруун гараараа миний амыг дараад зүүн гараараа хүзүү базаад намайг арагш савуулаад хойш газар унагаасан. Дээрээс баруун гараараа баруун шанаа руу цохиход би толгойн зүүн хэсгээр шал мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-92-93/, шүүх эмнэлгийн 3526 дугаар “1.П.Зийн биед зүүн нүдний дээд зовхи, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-27/, шүүгдэгч Д.Сын яллагдагчаар өгсөн: “...хоёр гарыг нь барих гэж оролдож байхад эхнэр газар хөл алдаад унасан. ...босгоход завжнаас нь цус гарсан бололтой шалан дээр цустай шүлс байсан. Зүүн нүдний хажуу шанаан дээр нь бондойгоод хавдсан харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-38-41/, аюулын зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-4-12/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Сын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр П.Зийг зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул Д.Сыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч П.Зийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн “...Би нөхөр Ст гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-92-93/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдож байх тул 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэж,

шүүгдэгч  “Хийсэн хэргээ хүлээж байна, хөнгөн ял шийтгэж өгнө үү. Ар гэрийн байдлыг харгалзан үзнэ үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.  

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хардалтын улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн, хохирогчийг хүч хэрэглэн унагасны дараа ус цацах, цохих мэтээр хүч хэрэглэсэн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай, гэр бүлийн байдал, үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хандлага/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзэн шүүгдэгч Д.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс /сарын 1.200.000 төгрөгийн цалинтай/-ийг үндэслэн шүүгдэгч Д.Сыг 800.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.С урьдчилсан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Мянган овогт Дашпунцагийн Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сыг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.С торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.С урьдчилсан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

                   

 

 

ДАРГАЛАГЧ                                 Л.БААТАР