Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2019/ШЦТ/108

 

 

 

                                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж 

          Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгч: Г.Б, Б.Б 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ийн Б, Шаргууд овогт Гийн Б нарт холбогдох 1912001140093 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:  Ш овогт Гийн Б /РД:.........../

 

Шүүгдэгч:  Б овогт Бийн Б /РД:......7/

 

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Г.Б, Б.Б нар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 16 цагийн үед Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Цагаан сүм хороололд оршин суух М.Нгийн хашааны гаднаас иргэн П.Бгийн мотоцикль дээр байсан хоёр шуудай 17 нэр төрлийн хүнс, бараа зэрэг эд зүйлийг хулгайлж, иргэн П.Бд 371.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгч шүүгдэгч Б.Б-ын мэдүүлсэн: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би ээж, аавтайгаа хүний мал маллаж амьдардаг гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б-ын мэдүүлсэн: Би аав, ээжийнхээ хамт амьдардаг. Аав, ээж хоёр маань бие муутай болохоор би харж ханддаг. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.  

Мөрдөн байцаалтын шатанд 1912001140093 дугаартай эрүүгийн хэргээс:                            

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Б-гийн мэдүүлсэн: ...2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хөдөө гэрээсээ цагаан сараар хэрэглэх шинийн бэлтгэлээ хангах зорилгоор сумын төвд орж ирээд У.Э гэх хүний дэлгүүрээс 380.000 мянган төгрөгийн эд зүйлийг зээлээр худалдаж аваад өдрийн 15 цаг өнгөрөөд 16 цаг дөхөж байхад Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Цагаан сүм хороололд оршин суух М.Н гэх танил ахындаа орсон. М.Н ахынд орох үедээ өөрийнхөө худалдаж авсан эд зүйлсээ мотоцикльдоо ганзгалж хашааных нь гадаа үлдээгээд орсон. Тэдний гэрт ороод удаагүй байхад миний араас Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн харьяат Б овогтой Б, Г овогтой Ц нар орж ирээд М.Н ахынд бид нар жаахан хууч хөөрцгөөж байгаад тэр хоёр залуу гараад явсан чинь М.Н ахын охин Н.О  хэлэхдээ Б ахаа таны мотоцикль дээр ганзгалсан байсан зүйлийг манайд орж ирээд гарсан саяын хоёр залуу аваад мотоцикль дээрээ бариад явчихлаа гэхээр нь би М.Н ахынхаас гараад араас нь мотоцикльтойгоо 1 км орчим дагаж яваад О.М гэх айлын хашааны гадаа гүйцэж очиход Б, Ц хоёр унаж явсан мотоцикльтойгоо цасан дээр хальтирч унаад босч байхаар нь би та хоёр яахаараа миний эд зүйлийг аваад явчихаж байгаа юм гэхэд Б.Б нь ахаа би таны юмыг хүргэж өгөх гэж байсан юм гээд, харин Ц нь агсан тавьж зодох маягтай, яагаад байгаа юм чи гээд над руу уурлаад байхаар нь манайх энэ зүгт байдаг болоо юу гэж хэлээд өөрийнхөө хоёр хайрцагтай эд зүйлийг аваад явсан. Миний худалдаж авсан бараа нь хоёр тусдаа хайрцаг болсон бөгөөд хайрцаг тус бүрээр нь нэг, нэг шуудайнд хийгээд мотоциклийнхоо хоёр тал руу нэг, нэгээр нь унжуулж дохоод цагаан өнгийн мяндсан уяагаар хөдлөхгүй зорилгоор суудалтай даруулан сайн баглаж тайлагдахааргүй болгож уясан байсан. Гэтэл тухайн хоёр залуу миний мотоцикль дээр байсан ганзгалааг тайлаад Б-ын ногоон өнгийн мотоцикль дээр аваад явсан байсан. Би М.Н ахынд 30 гаруй минут болсон. М.Н ахын охин О-аа хараагүй байсан бол тэгээд л өнгөрөх байсан байна. Би хоёр шар өнгийн шуудайнд хийж ганзгалсан байсан бөгөөд М.Н ахын гэрийн гаднаас гараад харахад л тэр хоёрын дунд миний шар шуудай харагдаж байсан. Би тэр хоёрыг барьж аваад шуудайгаа уудлаад хайрцагтай эд зүйлсээ бүртгэхэд авсан зүйлс маань бүрэн байсан. Харин дотроос нь 2 ширхэг том пивоны ёроол нь цоорч, гоожсон байсан. Надад түүнээс өөр хохирол гараагүй. Би М.Н ахын гэрт байсан учраас тэр хоёрыг хулгай хийгээд авах үед нь хажууд нь байгаагүй. Алдсан эд зүйлсээ нэг бүрчлэн нэр, үнээр нь хэлбэл 0.75 литрийн хэмжээтэй “Экс” нэртэй архи 4 ширхэг, 76.000 төгрөг, 0.5 литрийн хэмжээтэй “Экс” нэртэй архи 2 ширхэг, 30.000 төгрөг, 0.5 литрийн хэмжээтэй “Ерөөл” нэртэй архи 1 ширхэг, 9000 төгрөг, 0.33 литрийн хэмжээтэй “Ерөөл” нэртэй архи 1 ширхэг 7000 төгрөг, 2.5 литрийн савлагаатай “Боргио” нэртэй пиво 2 ширхэг 14.000 төгрөг, том хүний давуун оймс 5 ширхэг 7.500 төгрөг, хүүхдийн дуваан оймс 10 ширхэг 15.000 төгрөг, эмэгтэй солонгос давуун ноосон цамц 1 ширхэг 15.000 төгрөг, том хүний солонгос давуун подволк 2 ширхэг 12.000 төгрөг, 0.5 литрийн хэмжээтэй “Нутгийн буян” нэртэй архи 1 ширхэг 5.500 төгрөг, том хүний солонгос давуун ноосон цамц 1 ширхэг 25.000 төгрөг, “Чук-Гек” нэртэй чихэр 2 кг 24.000 төгрөг, “кокорнет” нэртэй самартай том чихэр 3 кг, 40.500 төгрөг, “Яшинко” нэртэй солонгос вафли 20 ширхэг 50.000 төгрөг, “Өнгөт” нэртэй үрэл 2 кг 10.000 төгрөг, 3 хос еэвэн 1 ширхэг 13500 төгрөг, герман сахар 3 ширхэг 16500 төгрөг зэрэг эд зүйлс худалдаж аваад, түүнийгээ хулгайд алдсан. Би өөрийн алдсан эд зүйлсээ тухайн өдөр худалдаж авсан үнээр нь буюу 380.000 мянган төгрөгөөр үнэлж байна. Би маш их гомдолтой байна. Мөн нааш, цаашаа мэдүүлэг өгөх гэж явсан машины бензины мөнгө болох 100.000 төгрөг, мөн үнэлгээний хөлс нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 17-21 хуу/ 

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Н-гийн мэдүүлсэн: ...2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн иргэн П.Б нь цагаан сараар хэрэглэх хүнс, бэлэгний зүйл цуглуулах гэсэн чинь мөнгө байхгүй зээл авья гэж надад хэлэхээр нь би зөвшөөрч манай дэлгүүрээс 380.000 мянган төгрөгийн хүнс, бараа зээлж авсан. Манайх тухайн үед НӨАТ-ийн баримт хэвлэж өгдөг төхөөрөмжгүй байсан, харин одоо бол НӨАТ-ийн баримт хэвлэж өгч байгаа. Би П.Б-д зээл өгөх үедээ өөрийнхөө зээл бичдэг дэвтэр дээрээ зээлээ авсан барааны мөнгөн дүнг нэг бүрчлэн бичсэн эсхүл бөөнд нь нэг мөнгөн дүн тавьсан эсэхээ санахгүй байна, гэхдээ энэ хоёрын нэгээр нь бичсэн. Би түүнд зарсан эд зүйлсээ сайн санаж байна. Яагаад гэвэл тухайн үед манайхаас олон хүн зээл аваагүй, ганц нэг л хүн зээл авсан бөгөөд түүний нэг нь П.Б байсан. Би түүний худалдаж авсан зүйлсийг нь нэг бүрчлэн хэлбэл 0.75 литрийн хэмжээтэй “Экс” нэртэй архи 4 ширхэг, 76.000 төгрөг, 0.5 литрийн хэмжээтэй “Экс” нэртэй архи 2 ширхэг, 30.000 төгрөг, 0.5 литрийн хэмжээтэй “Ерөөл” нэртэй архи 1 ширхэг, 9000 төгрөг, 0.33 литрийн хэмжээтэй “Ерөөл” нэртэй архи 1 ширхэг 7000 төгрөг, 2.5 литрийн савлагаатай “Боргио” нэртэй пиво 2 ширхэг 14.000 төгрөг, том хүний давуун оймс 5 ширхэг 7.500 төгрөг, хүүхдийн дуваан оймс 10 ширхэг 15.000 төгрөг, эмэгтэй солонгос давуун ноосон цамц 1 ширхэг 15.000 төгрөг, том хүний солонгос давуун подволк 2 ширхэг 12.000 төгрөг, 0.5 литрийн хэмжээтэй “Нутгийн буян” нэртэй архи 1 ширхэг 5.500 төгрөг, том хүний солонгос давуун ноосон цамц 1 ширхэг 25.000 төгрөг, “Чук-Гек” нэртэй чихэр 2 кг 24.000 төгрөг, “кокорнет” нэртэй самартай том чихэр 3 кг, 40.500 төгрөг, “Яшинко” нэртэй солонгос вафли 20 ширхэг 50.000 төгрөг, “Өнгөт” нэртэй үрэл 2 кг 10.000 төгрөг, 3 хос еэвэн 1 ширхэг 13500 төгрөг, герман сахар 3 ширхэг 16500 төгрөгийн хүнс, барааг тус тус зарж борлуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Б-ийн мэдүүлсэн: 2019 оны 02 дугаар сарын 01-ны өдөр манай ах Б нь сумын төв орж цагаан сарынхаа эд зүйлсийг цуглуулчихаад гэртээ орой ирсэн юм. Тэгээд гэртээ ирээд ярихдаа манай ах цагаан сарын жаахан юмыг бөөгнүүлж аваад айлын гадаа мотоцикль дээр ганзгалаад үлдээсэн байсан чинь манай саахалт айлын Б, Ц нар нь хулгайлж зугтсан байсан. Манай ах өөрөө хөл муутай хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаа юм. Тухайн хоёр залуу нь манай ахыг элэг барьж байгаа учраас маш их гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Я.О-гийн мэдүүлсэн: ...Манай нөхрийн ах Б нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр сумын төвөөс 380.000 төгрөгийн бараа, эд зүйл худалдан авсныг нь айлын гаднаас Б, Ц гэж дууддаг хоёр залуу хулгайлж авч яваад баригдсан байсан. 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Бын аав Б гуай Ц гэж дууддаг залууг дагуулж ирээд манай ахыг өргөдлөө буцааж авахыг гуйж байгаад явсан. Б манай саахалт айлын залуу байгаа юм. Манай хадамж ахыг элэг барьсан явдалд нь гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Я.С-ын мэдүүлсэн: ...Манай худ болох Б.Бг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр цагаан сараар хэрэглэх 380.000 төгрөгийн бараа худалдаж аваад явж байхад нь манай саахалт айлын Б.Б нь Ц гэх залуутай хамт мотоцикль дээрээ ганзагалсан байсан эд зүйлийг нь хулгайлаад баригдсан байсан. Дараа нь Б нь Ц гэх залуутай ирж Б ахтай уулзаж, уучлалт гуйгаад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/

           Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Н-гийн мэдүүлсэн: ...Манай охин Н.О нь Б.Б, Г.Б хоёрыг гарах үед нь байшингийн цонхоор гадагш хараад зогсож байгаад гэнэт П.Б-д хандаад нөгөө хоёр чинь таны мотоцикль дээр ганзгалсан байсан зүйлийг аваад явлаа гэж хэлсэн. П.Б нь манайхаас гарч араас нь яваад төд удалгүй буцаж орж ирсэн. Манайд орж ирэхдээ тэр хоёр доор гудамжинд явж байна. Би ганзгалаатай байсан эд зүйлээ буцаагаад авлаа гэж П.Б нь ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуу/

 

           Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.О-ын мэдүүлсэн: ...2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр П.Б ах манай аавынд орж ирээд тэр хоёр нэг шил архи гаргаад уугаад сууж байгаад манай нутгийн Б, Б нар нь гаднаас халамцуу орж ирээд аав Б ах хоёртой юм яриад байж байгаад удалгүй тэр хоёр гэрээс гараад явсан. Би тэр үед байшин дотор байшингийн цонхоор хараад зогсож байхад П.Б ахын мотоцикль дээр ганзгалсан зүйлийг тайлаад аваад явсан. Би тэр үед цонхоор харж байсан. Дээрээс нь хашааны гадаа байсан зүйлийг харсан учраас яг Б.Б, Г.Б хоёрын хэн нь ганзгалаатай байсан зүйлийг тайлсан гэдгийг нь сайн анзаараагүй. Ямар ч байсан аваад өөрийнхөө мотоцикль дээр аваад явахаар нь би П.Б ахад хэлээд П.Б ах араас нь яваад удалгүй өөрийнхөө ганзгалсан байсан зүйлийг олж ирээд явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/ 

 

           Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Б-ийн мэдүүлсэн: ...2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр би эхнэрийн хамт Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багт хадам аав Н-ийнд очоод цагаан сарын бэлтгэлийг нь базааж өгч байсан юм. Тэгсэн чинь Б гэх настай хүн аав дээр орж ирээд аавтай хууч хөөрөөд сууж байсан чинь гаднаас 2 залуу орж ирээд сууж байгаад гарсан юм. Тэгсэн чинь манай эхнэр байшингийн цонхон дээр, дотор талд зогсож байснаа П.Б ахад хандаад ахаа таны ганзгалсан байсан зүйлийг Б.Б, Г.Б хоёр аваад явчихлаа гэж хэлсэн чинь П.Б гуай манай эхнэртэй гараад манай эхнэр хаана явж байгааг нь П.Б ахад хэлээд явуулсан байсан. Б ах манай хадам аавынд ирэх үедээ мотоцикль дээрээ 2 хэсэг зүйл ганзгалсан ирсэн байсан. Манай хадам аавынд бол ганзгалаатай зүйлийг авч явахыг зөвшөөрсөн талаар ямар нэгэн яриа болоогүй. Манай ахыг элэг барьж байгаа аятай хулгай хийгээд аваад явсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 хуу/

 

           Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Б-ын мэдүүлсэн: ...2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр сумын төвд Н ахын гэрт ороход Б ах, Н ахтай хамт архи уугаад сууж байсан. Б бид 2 хууч хөөрч сууж байгаад гарч явахдаа Б ах согтуу байна, хөл, гар муутай хүн юм чинь ганзгалсан юмыг нь аваад явъя, маргааш гэрт нь оруулаад өгье гэж ярилцаад аваад явсан. 2 шуудайтай юмаа, амаар нь холбоод мотоцикль дээрээ тохсон байсан. Тэгээд аваад явж байсан чинь араас давхиж ирээд 2 дүү яаж байна гэхээр нь бид 2 тоглоод аваад явсан юм, гэрт чинь аваачиж өгөх гэсэн юм, миний буруу гэж хэлсэн. Тэгээд л Б ах юмаа аваад явсан. Бид 2 тухайн үед шуудайтай юмыг нь задалж үзээгүй болохоор юу, юу байсан талаар нь огт мэдэхгүй. Б ах ч мөн агсарсан асуудал огт байхгүй. Н ахын охин Обаяр харсан, өөр харсан хүн байхгүй. Хулгай хийх байсан бол бид 2 анхнаасаа Б ахын гэрт оролгүй гаднаас нь аваад явчих байсан. Бид хоёр ямар ч хулгай хийх санаа зорилго байгаагүй. Б ахад хандаж би анх Б ахын юмыг аваад явъя гэж хэлсэн. Манай гэр ойрхон байдаг учир аваачиж өгье гэж бодсон юм. Тэндээс бид 2 бензин авахаар явж байсан бөгөөд бензин аваад шууд хөдөө гарах гэж байсан. Хулгай хийгээгүй учир зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 59-62 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Г.Б-ын мэдүүлсэн: ...2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 17 цагийн үед Н ахынд Б бид 2 орсон. Тухайн үед Н ах Б ахтай архи уугаад сууж байхаар нь бид 2 жаахан хуучилж байгаад гарсан. Гараад явахдаа хашааны гадаа мотоцикль дээр байсан Б ахын шуудайтай юмыг нь замаараа гэрт нь оруулаад өгчихье гэж Б хэлэхээр нь тэг, тэг гэж хэлээд аваад явсан. Бид хоёрыг мотоцикль дээрээс юм авч байхад О эгч цонхон дээрээ харж байсан учир харж байхад нь аваад явсан. Бид хоёрыг гудамж уруудаад явж байтал араас Б ах ирээд та 2 яагаад юм аваад явж байгаа юм бэ гэж хэлээд юмаа аваад явсан. Тэр үед Б таны юмыг гэртээ харих замаараа гэрт чинь аваачиж өгөх гэсэн юм гэж хэлсэн чинь Б ах тийм юм бол хойшоо явахгүй, яагаад уруудаж байгаа юм гэж хэлэхээр нь Б клонк орж бензин аваад гарна гэж хэлсэн. Тэгээд л Б ах яваад өгсөн. Өөр ямар нэгэн асуудал болоогүй. Би агсарсан зүйл байхгүй. Б ах өөрөө нилээн халсан байсан. Задалж үзээгүй учир шуудайнд юу, юу байсан талаар огт мэдэхгүй. Хулгай хийх санаа огт байгаагүй. Хулгай хийх санаатай байсан бол айлд нь орохгүйгээр аваад явчих боломжтой байсан. Б ахад хэлээд авч явах боломж байсан бөгөөд Б ах согтуу байсан учир хэлээгүй аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 68-71 хуу/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-05 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07-08 хуу/

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 09-10 хуу/

2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 44 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45 хуу/

2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 12 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50 хуу/ 

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 74хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 77, 79 хуу/ зэрэг болно. 

 

Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 16 цагийн үед Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Цагаан сүм хороололд оршин суух М.Нгийн хашааны гаднаас иргэн П.Б-гийн мотоцикль дээр байсан эд зүйл хулгайлагдаж, иргэн П.Бд 371.000 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Г.Б, Б.Б нар нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Г.Б, Б.Б нар нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 16 цагийн үед Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Цагаан сүм хороололд оршин суух М.Н-гийн хашааны гаднаас иргэн П.Б-гийн мотоцикль дээр байсан хоёр шуудай бараа зэрэг эд зүйлийг хулгайлж, иргэн П.Б-д 371.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Б-гийн мэдүүлсэн “2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хөдөө гэрээсээ цагаан сараар хэрэглэх шинийн бэлтгэлээ хангах зорилгоор сумын төвд орж ирээд У.Э гэх хүний дэлгүүрээс 380.000 мянган төгрөгийн эд зүйлийг зээлээр худалдаж аваад өдрийн 15 цаг өнгөрөөд 16 цаг дөхөж байхад Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Цагаан сүм хороололд оршин суух М.Н гэх танил ахындаа орсон. М.Н ахынд орох үедээ өөрийнхөө худалдаж авсан эд зүйлсээ мотоцикльдоо ганзгалж хашааных нь гадаа үлдээгээд орсон. Тэдний гэрт ороод удаагүй байхад миний араас Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн харьяат Б овогтой Б, Г овогтой Ц нар орж ирээд М.Н ахынд бид нар жаахан хууч хөөрцгөөж байгаад тэр хоёр залуу гараад явсан чинь М.Н ахын охин Н.О хэлэхдээ Б ахаа таны мотоцикль дээр ганзгалсан байсан зүйлийг манайд орж ирээд гарсан саяын хоёр залуу аваад мотоцикль дээрээ бариад явчихлаа гэхээр нь би М.Н ахынхаас гараад араас нь мотоцикльтойгоо 1 км орчим дагаж яваад О.М гэх айлын хашааны гадаа гүйцэж очиход Б, Ц хоёр унаж явсан мотоцикльтойгоо цасан дээр хальтирч унаад босч байхаар нь би та хоёр яахаараа миний эд зүйлийг аваад явчихаж байгаа юм гэхэд Б.Б нь ахаа би таны юмыг хүргэж өгөх гэж байсан юм гээд, харин Ц нь агсан тавьж зодох маягтай, яагаад байгаа юм чи гээд над руу уурлаад байхаар нь манайх энэ зүгт байдаг болоо юу гэж хэлээд өөрийнхөө хоёр хайрцагтай эд зүйлийг аваад явсан. Тухайн хоёр залуу миний мотоцикль дээр байсан ганзгалааг тайлаад Б-ын ногоон өнгийн мотоцикль дээр аваад явсан байсан. Би архи дарс уугаагүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-21/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Нгийн мэдүүлсэн “2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн иргэн П.Б нь цагаан сараар хэрэглэх хүнс, бэлэгний зүйл цуглуулах гэсэн чинь мөнгө байхгүй зээл авья гэж надад хэлэхээр нь би зөвшөөрч манай дэлгүүрээс 380.000 мянган төгрөгийн хүнс, бараа зээлж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/, мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Б-ийн мэдүүлсэн ”гэртээ ирээд ярихдаа манай ах цагаан сарын жаахан юмыг бөөгнүүлж аваад айлын гадаа мотоцикль дээрээ ганзгалаад үлдээсэн байсан чинь манай саахалт айлын Б, Ц нар нь хулгай хийж зугтсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Я.О-гийн мэдүүлсэн “манай нөхрийн ах Б нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр сумын төвөөс 380.000 төгрөгийн бараа, эд зүйл худалдан авсныг нь айлын гаднаас Б, Ц гэж дууддаг хоёр залуу хулгайлж авч яваад баригдсан байсан. 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Бын аав Б гуай Ц гэж дууддаг залууг дагуулж ирээд манай ахыг өргөдлөө буцааж авахыг гуйж байгаад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Я.Сын мэдүүлсэн “манай худ болох Б.Бг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр цагаан сараар хэрэглэх 380.000 төгрөгийн бараа худалдаж аваад явж байхад нь манай саахалт айлын Б.Б нь Ц гэх залуутай хамт мотоцикль дээрээ ганзагалсан байсан эд зүйлийг нь хулгайлаад баригдсан байсан. Дараа нь Б нь Ц гэх залуутай ирж Б ахтай уулзаж, уучлалт гуйгаад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/, мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Нгийн мэдүүлсэн “манай охин Н.Обаяр нь Б.Б, Г.Б хоёрыг гарах үед нь байшингийн цонхоор гадагш хараад зогсож байгаад гэнэт П.Бд хандаад нөгөө хоёр чинь таны мотоцикль дээр ганзгалсан байсан зүйлийг аваад явлаа гэж хэлсэн. П.Б нь манайхаас гарч араас нь яваад төд удалгүй буцаж орж ирсэн. Би ганзгалаатай байсан эд зүйлээ буцаагаад авлаа гэж П.Б нь ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Обаярын мэдүүлсэн “2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр П.Б ах манай аавынд орж ирээд тэр хоёр нэг шил архи гаргаад уугаад сууж байгаад манай нутгийн Б, Б нар нь гаднаас халамцуу орж ирээд аав Б ах хоёртой юм яриад байж байгаад удалгүй тэр хоёр гэрээс гараад явсан. Би тэр үед байшин дотор байшингийн цонхоор хараад зогсож байхад П.Б ахын мотоцикль дээр ганзгалсан зүйлийг тайлаад аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Б-ийн мэдүүлсэн “тэгсэн чинь Б гэх настай хүн аав дээр орж ирээд аавтай хууч хөөрөөд сууж байсан чинь гаднаас 2 залуу орж ирээд сууж байгаад гарсан чинь манай эхнэр байшингийн цонхон дээр, дотор талд зогсож байснаа П.Б ахад хандаад ахаа таны ганзгалсан байсан зүйлийг Б.Б, Г.Б хоёр аваад явчихлаа гэж хэлсэн чинь П.Б гуай манай эхнэртэй гараад манай эхнэр хаана явж байгааг нь П.Б ахад хэлээд явуулсан байсан. Б ах манай хадам аавынд ирэх үедээ мотоцикль дээрээ 2 хэсэг зүйл ганзгалсан ирсэн байсан. Манай хадам аавынд бол ганзгалаатай зүйлийг авч явахыг зөвшөөрсөн талаар ямар нэгэн яриа болоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт Б.Б-ын гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Б бид 2 хууч хөөрч сууж байгаад гарч явахдаа Б ах согтуу байна, хөл, гар муутай хүн юм чинь ганзгалсан юмыг нь аваад явъя, маргааш гэрт нь оруулаад өгье гэж ярилцаад аваад явсан. Тэгээд аваад явж байсан чинь араас давхиж ирээд 2 дүү яаж байна гэхээр нь бид 2 тоглоод аваад явсан юм, гэрт чинь аваачиж өгөх гэсэн юм, миний буруу гэж хэлсэн”, “Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 59-62/, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт Г.Бын гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “гараад явахдаа хашааны гадаа мотоцикль дээр байсан Б ахын шуудайтай юмыг нь замаараа гэрт нь оруулаад өгчихье гэж Б хэлэхээр нь тэг, тэг гэж хэлээд аваад явсан. Бид хоёрыг гудамж уруудаад явж байтал араас Б ах ирээд та 2 яагаад юм аваад явж байгаа юм бэ гэж хэлээд юмаа аваад явсан. Батцэрэн ахад хэлээд авч явах боломж байсан бөгөөд Б ах согтуу байсан учир хэлээгүй аваад явсан”, “Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв” гэх мэдүүлэг /хх-ийн 68-71/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-05/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07-08/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч Б овогт Бийн Б, Ш овогт Гийн Б нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Б.Б, Г.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Б, Г.Б нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 14 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн шүүгдэгч Б.Б-ын эзэмшлийн 800.000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоциклийг хурааж улсын төсөвт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

           Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай гэж үзэв. 

           Шүүгдэгч Б.Б, Г.Б нар нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.  

            Шүүгдэгч Б.Б, Г.Б нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж гэм хорыг арилгасан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх боломжтой гэж үзэв.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Бийн Б, Ш овогт Гийн Б нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5-д заасан зан үйлээ засах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5-д заасан зан үйлээ засах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Г.Б нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9-т заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Б, Г.Б нарын тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 14 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн шүүгдэгч Б.Бын эзэмшлийн 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий мотоциклийг хурааж улсын төсөвт оруулсугай. 

6.  Шүүгдэгч Б.Б, Г.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Б, Г.Б нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, хохирогч өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх  тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Б, Г.Б нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ