Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2024/02091

 

 

 

 

 

 

 

 

 

2024 12 02 210/МА2024/02091

 

 

Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2024/03696 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.З-т холбогдох,

Ашиглалт, хадгалалт, хамгаалалтын зардалд нийт 6,330,585 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, Э.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Н ХХК нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 30 дугаар байр буюу үйлчилгээтэй, орон сууцны 10 давхар барилгыг манай компани 2017 онд барьж, ашиглалтад оруулсан. Барилгын 2 давхраас 8 давхар хүртэл орон сууцны чиглэлээр ашигладаг бөгөөд одоогоор нийт 10 гаруй айл өрх байдаг. Орон сууцны хэмжээнд СӨХ гэж байгуулаагүй ба учир нь оршин суугчдаас СӨХ байгуулах асуудлаар аливаа санал, хүсэлт уламжилж байсан удаагүй болно.

Дундын өмчлөлийн зүйлийн арчлалт, хамгаалалт, үйлчилгээний зардлыг манай компани дур мэдэн тогтоосон зүйлгүй бөгөөд нийт оршин суугчдын дунд удаа дараа уулзалт, хурал хийсний үр дүнд харилцан тохиролцсон байдаг бөгөөд бусад айл өрх, хуваарийн дагуу хэвийн төлөлт хийж байна. Мөн 41 тоотны оршин суугч нь энэхүү харилцан тохиролцсон төлбөрийг төлөхөө амаар болон бичгээр график гарган илэрхийлж, урьд нь төлөлтүүдийг хийж байсан удаатай. Гэтэл 41 тоотод оршин суугчийн зүгээс гэнэт орон сууцны барилгын дундын өмчлөлийн зүйлийн арчлалт, хадгалалт, хамгаалалттай холбогдсон зардал болон тухайн сууцны ашиглалтын төлбөрөө төлөхөөс татгалзаж, авлагын хуримтлал үүсгээд байна.

Мөн манай компанийн зүгээс 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 01/158 тоот мэдэгдэл, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 01/52 тоот мэдэгдэл, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/254 тоот мэдэгдлийг тухай бүр 41 тоотын оршин суугчид хүргүүлж байсан удаатай.

Тус компанийн хамгаалалт, аюулгүй байдлын алба нь 30 дугаар байрны аюулгүй байдлыг хангах зорилгоор 24 цаг 72 цагийн зохион байгуулалттайгаар нийт 3 ээлжийн харуул хамгаалалтын ажилтан тогтмол ажилладаг. Хамгаалалт, аюулгүй байдлын хэлтсийн даргын албан тушаалын зардлыг Н ХХК өөрөө хариуцаж байгаа. Харин ашиглалт үйлчилгээний албанд 1 аж ахуйн менежер, 3 үйлчилгээний ажилтны бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг. Үйлчилгээний ажилчид нь батлагдсан хуваарийн дагуу 30 дугаар байрны гадна дотно талбайн цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж, хийж гүйцэтгэсэн ажлаа аж ахуйн менежер дээр нь хянуулах зүйл зэргээр ажилладаг. Аж ахуйн менежер нь өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээ 30 дугаар байрны оршин суугчдын фейсбүүкт постолж мэдээлэл тавьж, ажилладаг. Үл хөдлөх хөрөнгийн ашиглалтын алба нь 30 дугаар барилгын бүрэн бүтэн байдал, эзэмшил, хадгалалт хамгаалалтыг сайжруулах, үр ашигтай байлгахад хяналт тавиад давхар ашиглалт үйлчилгээний албанд хяналт тавьдаг.

2019 оны 02 дугаар сараас 2024 оны 08 дугаар сарыг дуустал хугацааны цахилгааны төлбөрт 141,889 төгрөг, дулааны төлбөрт 124,816 төгрөг, цэвэр бохир усны төлбөрт 27,893 төгрөг, менежментийн зардал буюу 30 дугаар барилгын дундын өмчлөлийн зүйлийн арчлалт тордолт, хадгалалт, хамгаалалтын төлбөрт 6,035,986 төгрөг, нийт 6,330,585 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Н ХХК нь барилга угсралт, зураг төслийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани бөгөөд Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасны дагуу Сууц өмчлөгчдийн холбооны чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй субъект биш байна.

Хариуцагч Д.З- нь өөрийн өмчлөлийн орон сууцны зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр бохир ус, ариутгал хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлөх харин дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө. Д.З- нь тус дүүргийн 30 дугаар байрны 4 давхарт 31 тоот хаягт амьдардаг, өөрсдийн хэрэглэсэн ус, дулаан, цахилгааны төлбөрийг цаг тухай бүрд нь төлөөд явдаг. Манай оршин суугчид СӨХ байгуулъя гэдэг шаардлагыг удаа дараа тавьж байсан боловч, ойлголцолд хүрэхгүй шалтгаанаар өнөөдрийг хүртэл СӨХ байгуулагдаагүй.

Гэтэл нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтыг үзвэл айл өрхөөс авах төлбөрийн хэмжээ нь 104,400 төгрөг, 114,400 төгрөг гэсэн хоёр ялгамжтай дүнгүүд болж байна. Тэрхүү төлбөрийн хэмжээг тогтоосон, задаргаа гэх баримтыг 12 айлын гэрийн хаягийг бичээд оршин суугчдын гарын үсэг мөн эсэх нь эргэлзээтэй, санхүүгийн тэмдэг дарсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Сууц өмчлөгчдийн холбооны хурлаар төлбөрийн хэмжээг тогтоогоогүй, бүх оршин суугчдын хурлын тэмдэглэл байхгүй байна. Хуульд зааснаар Н ХХК нь сууц өмчлөгчдийн холбооны тарифын хэмжээг тогтоох эрх байхгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т тус тус зааснаар хариуцагч Д.З-оос дундын өмчлөлийн зүйлийн менежментийн зардал буюу харуул хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээ, лифт, гэрэлтүүлэг, хог ачилтын зардалд нийт 6,035,986 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар ус, дулаан, цахилгааны төлбөр нийт 294,589 төгрөгийг хариуцагч тал төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, зөвшөөрсөн дүнд хамаарах хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214,678 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас Д.З-оос 214,678 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Н ХХК нь улсын бүртгэлийн гэрчилгээнээс нь харахад барилга угсралт, зураг төслийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани бөгөөд Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасны дагуу Сууц өмчлөгчдийн холбооны чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй субъект биш юм.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Д.З- нь өөрийн өмчлөлийн орон сууцны зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр бохир ус, ариутгал хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлөх харин дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүргийг хүлээдэг.

Тухайн 30 дугаар байрны оршин суугч нарын 4-н айл нь энэ компанид хамааралгүй оршин суугч нар байдаг бол бусад оршин суугч нар нь бүгд хамааралтай, тус компанийн ажилтнууд нь хамаатан садангууд нь амьдардаг учраас удирдлагын шийдвэрийг дийлэнх олонхи нь дагадаг учраас СӨХ байгуулахад нэгдэж чаддаггүй.

Н ХХК нь өөрсдийнхөө ашигласан 1 болон 9 давхрын оффисын ашиглалт харуул хамгаалалт, менежментийн зардлыг өөрсдөө төлөхгүй оршин суугч нараар СӨХ гэсэн нэрийн дор төлүүлэх гэсэн 104,400 төгрөг, 114,400 төгрөг гэсэн ялгамжтай төлбөрүүдийг компани өөрсдөө дур мэдэн зохиосон, мөн хит өндөр дүнтэй зардал нэхдэг хууль зөрчсөн үйлдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас гомдолтой байгаа.

Дээрх зардлыг Сууц өмчлөгчдийн холбооны хурлаар төлбөрийн хэмжээг тогтоогоогүй, тогтоосон тухай бүх оршин суугчдын хурлын тэмдэглэл байхгүй. Хуульд зааснаар Н ХХК нь сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний тарифын хэмжээг тогтоох эрх байхгүй.

Иймд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Н ХХК нь анхан шатны шүүхэд СӨХ гэх статусаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Оршин суугчид СӨХ-г байгуулаагүй учраас Н ХХК менежментийн түвшинд хэрэгжүүлж ирсэн тул Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууц байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Холбоог зохион байгуулах хурлыг сууц өмчлөгчдийн санаачилгаар хуралдуулна, тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт Холбоог зохион байгуулах хурлын шийдвэрт хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурснаар түүнийг байгуулагдсанд тооцно. гэж заасан. Өөрөөр хэлбэл, тус орон сууцад амьдарч байгаа 2 болон түүнээс дээш хүмүүс өөрсдийн санаа бодол нэгдсэний үндсэнд СӨХ байгуулна. Н ХХК нь СӨХ байгуулах эсэх талаар хөндлөнгөөс оролцсон зүйл байхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Д.З-т холбогдуулан цахилгааны төлбөрт 141,889 төгрөг, дулааны төлбөрт 124,816 төгрөг, цэвэр бохир усны төлбөрт 27,893 төгрөг, менежментийн зардал буюу 30 дугаар барилгын дундын өмчлөлийн зүйлийн арчлалт тордолт, хадгалалт, хамгаалалтын төлбөрт 6,035,986 төгрөг, нийт 6,330,585 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь ус дулаан, цахилгааны төлбөр нийт 294,589 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны шүүх, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу зөв үнэлж, үйл баримтыг зөв тогтоосон байх боловч хэрэглэх ёсгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчилнө.

 

3. Нэхэмжлэгч Н ХХК нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Автозамчдын гудамж 30 дугаар байрыг барьж ашиглалтад оруулан, тухайн орон сууцны ашиглалт, харуул хамгаалалт, хэрэглээний бохир цэвэр ус, эрчим хүч зэрэг асуудлыг хариуцан ажиллаж, эрх бүхий газруудтай гэрээ байгуулан ажилладаг, ямар нэгэн тооцооны үлдэгдэлгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, тухайн байранд оршин суудаг айл өрх, албан газрын бүхий л төлбөрийг тухайн этгээдүүдийн өмнөөс нэгдсэн журмаар тооцоог хийдэг байх ба энэ талаар талууд маргаагүй байна.

 

3.1. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Автозамчдын гудамж 30 дугаар байрны Ашиглалтын зардлын задаргаа гэх баримтаар тухайн байрны оршин суугч айл өрхөд оногдох зардлын хуваарилалтыг хийж, харуул хамгаалалт 48,000 төгрөг, цэвэрлэгээ үйлчилгээний цалин 40,000 төгрөг, гэрэлтүүлэг 5,600 төгрөг, лифт 6,400 төгрөг, хог ачилт 2,000 төгрөг, цэвэрлэгээний зардал 1,600 төгрөг, нийт 103,600 төгрөг гэсэн байх ба уг баримтын доод хэсэгт харуул хамгаалалтын зардлаас хасах саналтай гэж 41 тоот гэж гарын үсгээ зурж, баталгаажуулсан байна. /1хх22/

 

3.2. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Автозамчдын гудамж 30 дугаар байрны 41 тоот, 165.3 м.кв талбай бүхий орон сууц нь хариуцагч Д.З-ийн өмчлөлийн хөрөнгө болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар тогтоогдож байна. /1хх38/

 

4. Н ХХК нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 30 дугаар байрны барилгыг барьж ашиглалтад оруулсан, тус 30 дугаар байр, орон сууцны ашиглалт, засвар, үйлчилгээг хариуцан ажиллаж байгаа талаар талууд маргаагүй. Харин, хариуцагч нь харуул хамгаалалтын зардалд сарын 48,000 төгрөгийг өндөр байгаа тул төлөхгүй гэж маргаж байна.

 

4.1. Хариуцагч талаас харуул хамгаалалтын сарын зардал 48,000 төгрөгөөр тогтоосон нь өндөр гэж маргасан байх боловч тухайн зардлын хэмжээг үгүйсгэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Түүнчлэн, түүний өмчлөлийн орон сууц нь 165.3 м.кв талбай бүхий байх ба нэхэмжлэгч талаас хэрэгт баримтаар өгсөн харуул хамгаалалтын сарын зардалд 3,000,000 төгрөг төлдөг, мөн тухайн байранд оршин суудаг айл өрх, албан газрын тоотой харьцуулан дүгнэхэд тухайн төлбөр нь хэт их гэж үзэхээргүй байна. Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй.

 

5. Харин, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ баримталсан хууль хэрэглээний алдааг залруулан өөрчилнө. Учир нь тухайн байрны оршин суугчид, дундын өмчлөлийн ашиглалт засвар үйлчилгээг хариуцах сууц өмчлөгчдийн холбоог байгуулаагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд тухайн орон сууцыг барьж гүйцэтгэсэн нэхэмжлэгч Н ХХК тухайн байрны ашиглалт засвар үйлчилгээ, харуул хамгаалалтыг хариуцан ажиллаж, ашиглалт, харуул хамгаалалтын зардлын талаар оршин суугчдад танилцуулан саналыг нь авч зөвшилцсөн болох нь хэргийн 22 дугаар талд авагдсан дээр дурдсан баримтаар тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүргийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ.

 

5.1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууцны ашиглалт, харуул хамгаалалтын зардлыг шаардах эрхтэй.

 

6. Иймд хариуцагч Д.З-оос цахилгааны төлбөрт 141,889 төгрөг, дулааны төлбөрт 124,816 төгрөг, цэвэр бохир усны төлбөрт 27,893 төгрөг, менежментийн зардал буюу 30 дугаар барилгын дундын өмчлөлийн зүйлийн арчлалт тордолт, хадгалалт, хамгаалалтын төлбөрт 6,035,986 төгрөг, нийт 6,330,585 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт нийцнэ.

 

6.1. Иймд нэхэмжлэгч нь сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний тарифын хэмжээг тогтоох эрхгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Анхан шатны шүүх, шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагаас зөвшөөрсөн хэмжээгээр хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хасч, 1 дэх заалтад нэгтгэн шийдвэрлэж, дугаарлалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэнэ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2024/03696 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.З-оос 6,330,585 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай. гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын хасч, 3 дахь заалтыг 2, 4 дэх заалтыг 3, 5 дахь заалтыг 4 гэж тус тус дугаарлалтыг өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111,526 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ