| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 102/2024/05285/И |
| Дугаар | 210/МА2024/02092 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2024/02092
2024 12 02 210/МА2024/02092
Г ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Г ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч П.С-эд холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 15,627,865.87 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө, хариуцагч П.С-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
П.С- нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Г банктай ЗГ/КР/20181226-1 тоот кредит картын гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг бэлэн мөнгө авсны хүү сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2,0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2,0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1,0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Бусад нөхцөл шаардлагыг гэрээнд тусгасан болно. Зээлдэгч нь кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй 24 сар хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 5,112,415.43 төгрөг, зээлийн хүүний төлбөр 5,379,043.01 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү төлбөр 4,274,396.57 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний хүү төлбөр 862,010.86 төгрөг, нийт 15,627,865.87 төгрөг төлөөгүй байна. Зээлдэгч П.С-ээс Голомт банктай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт нийт 15,627,865.87 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Нэхэмжлэлийн шаардлагаас 8,507,074 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хууль зүйн үндэслэлийн хувьд банк, банк бус зээлийн эрхтэй хуулийн этгээдээс мөнгөн зээл гаргахдаа зээлийн гэрээнд зээлийн гэрээний хугацаа, зээлийн хүүг зайлшгүй тогтоох ёстой. Талуудын хооронд байгуулсан кредит картын гэрээнд кредит картын гэрээг 2 жилийн хугацаатайгаар байгуулсан гэж үзэж болохоор байна. 5,112,415 төгрөгийн 2.0 хувийн хүүгээр 2 жилийн хугацаанд үндсэн зээлийн 48 хувь буюу 2,453,959 төгрөгийг үндсэн хүүд зөвшөөрч байгаа. Харин зээлийн гэрээнд зээлийн хугацаа хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүүг 1.0 хувиар бодсон байна. Нэмэгдүүлсэн хүүг хуульд зааснаар үндсэн зээлийн 20 хувиас хэтрүүлэхгүйгээр зохицуулсан. Иймээс 1.0 хувийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэн хүүгийн 20 хувиар нь нийтдээ 3 жил 10 сар буюу 46 сарын хугацаанд 940,700 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг бодох нь зүйтэй гэж бодож байна. Иймд зөвшөөрч байгаа үнийн дүн нь нийт 8,507,074 төгрөг болж байгаа учраас хуулийн дагуу төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч П.С-ээс 8,057,166.64 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,570,699.23 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,090 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч П.С-ээс 143,865 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г ХК-д олгож шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Гансүхтэй байгуулсан ЗГ/ЬСР/20181226-1 тоот кредит картын гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн хүчин төгөлдөр гэрээ мөн, нэхэмжлэгч хариуцагчаас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн атлаа уг ЗГ/КР/20181226-1 тоот гэрээний 2.1-т заасан ерөнхий нөхцлийн дагуу 3.2-т заасан Бэлэн мөнгө авсны хүү нь гүйлгээ хийсэн өдрөөс эхлэн төлбөр эргэн төлөх өдөр хүртэлх хугацаанд тооцогдоно, 3.3-т заасан Бэлэн бус гүйлгээний хүү төлбөр эргэн төлөх өдрөөс эхлэн тооцогдох ба тухайн төлбөрийг бүрэн төлсөн өдөр хүртэлх хугацаанд бодогдоно, 3.6-д Төлбөр эргэн төлөх өдрөөс өмнө эргэн төлөх доод хэмжээг төлөөгүй бол эргэн төлөх доод хэмжээнээс зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг гэрээний 2.1-т зааснаар тооцно гэсэн гэрээний заалтыг харгалзан үзээгүй.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 222 дугаар зүйлийн 222.5, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт гэж заасны дагуу хариуцагч нь зээлээ төлөх өдөр хүртэл гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй тул 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар бодогдсон хүү тооцооллоо дэмжих саналтай байна. Тухайлбал, зээлийн гэрээний 6.2.2-т оршин суух хаяг, холбоо барих утас, ажлын байр солигдсон бол тухай бүр банкинд мэдэгдэх үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч нь уг үүргээ биелүүлээгүй бөгөөд банк хариуцагчийг идэвхитэйгээр хайж байсан нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар нотлогдож байна.
Иймд хариуцагчийн банкинд өгсөн оршин суугаа хаяг болох Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 10 дугаар байрны 0 тоот хаягаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гаргасан боловч тухайн хаягт байхгүй гэдэг шалтгаанаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлах тухай нэхэмжлэл гаргаж 182/ШШ2021/02904 тоот захирамжаар эрэн сурвалжилж цагдаагийн байгууллагын олж тогтоосон хаягаар дахин нэхэмжилсэн ч хаяг тодорхойгүй шалтгаанаар хэрэгсэхгүй захирамж гарсан тул дахин эрэн сурвалжилж, Сүхбаатар дүүргийн хаяг тогтоогдож дахин нэхэмжлэл гаргасан боловч хэрэгсэхгүй захирамж гарсан. 2024 оны 07 дугаар сарын 24-ны өдөр харилцагчтай биечлэн уулзаж амьдран суугаа хаягаа гараар бичиж өгсний дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Зээлдэгч нь зээлийн талаар банкинд огт хандаагүй, зээлдэгчид Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасан гэрээнээс татгалзах эрх нь байсаар байтал ийнхүү зөвхөн зээлдүүлэгч зээлийн төлбөрийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байгаа нь хэт нэг талыг баримталсан шүүхийн шийдвэр гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
Г ХК-тай байгуулсан кредит картын гэрээг 2018 онд 2 жилийн хугацаатай байгуулсан. 2020 онд дуусах ёстой атал 2024 он хүртэл хүүг хэтрүүлэн тооцсон. Талуудын хооронд байгуулсан 2 жилийн хугацаан дахь хүү болох 8,571,999 төгрөгийг хүлээн зөвшөөрөөд түүнээс хойш тооцсон хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч П.С-эд холбогдуулан кредит картын гэрээний үндсэн зээл 5,112,415.43 төгрөг, зээлийн хүү 5,379,043.01 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 4,274,396 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний хүү 862,010.86 төгрөг, нийт 15,627,865.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч 8,507,074 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
2. Г ХК нь П.С-тэй байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/КР/20181226-1 дугаар Кредит картын гэрээ-гээр Г ХК нь 5,000,000 төгрөгийн бэлэн бус гүйлгээний хүү 2 хувь, бэлэн мөнгөний хүү 3.5 хувь, зээлийн эрх хэтрүүлэх хэмжээ 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь, эргэн төлөх доод хэмжээ 10 хувь байхаар 2 жилийн хугацаатай карт эзэмшигчид зээлдүүлэхээр харилцан тохиролцжээ./хх7-8/
2.1. Зээлдүүлэгч Г ХК нь дээрх гэрээний дагуу 5,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит картыг зээлдэгч П.С-эд шилжүүлэн өгч, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна.
3. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв.
4. Харин, анхан шатны шүүх хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагаас 8,507,074 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн байхад нэхэмжлэлийн шаардлагаас 8,057,166 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь талуудын зарчимд нийцээгүй байна.
5. Түүнчлэн, хариуцагч П.С- нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд биелүүлээгүй, үүргийн зөрчил гаргасан байхад түүний төлбөл зохих зээлийн хүүг үндэслэлгүйгээр хасч тооцож, нэхэмжлэгчийн шаардаагүй нэмэгдүүлсэн хүүг тооцон гаргуулж шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулна.
5.1. Иймд хариуцагчаас үндсэн зээлд 5,112,415.43 төгрөг, зээлийн хүүд 5,379,043.01 төгрөг, нийт 10,491,458 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХК-д олгож шийдвэрлэх нь талуудын хооронд байгуулсан гэрээ болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцнэ.
5.2. Харин, нэхэмжлэгч нь зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 4,274,396 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний хүү 862,010.86 төгрөгийг нэхэмжилсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2024/04634 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 8,057,166.64 гэснийг 10,491,458 гэж, 7,570,699.23 гэснийг 5,136,407 гэж,
2 дахь заалтын 143,865 гэснийг 182,813 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 136,082 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Ц.АЛТАНЦЭЦЭГ