| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 182/2023/05477/И |
| Дугаар | 210/МА2024/02121 |
| Огноо | 2024-12-06 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2024/02121
2024 12 06 210/МА2024/02121
Н.Б-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2024/04086 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Н.Б-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч МХ-нд холбогдох,
Эд хөрөнгийн хохиролд 9,725,971 төгрөг, сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөг, нийт 59,725,971 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О, Т.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Н.Б- нь МХ-нд холбогдуулан эд хөрөнгийн хохиролд 9,725,971 төгрөг, сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөг, нийт 59,725,971 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Миний бие Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 21 дүгээр тойрогт бие даан нэрээ дэвшүүлж 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчээр бүртгүүлэхээр хүсэлт гаргасан боловч Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэх шалтгаанаар нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тухай 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 73 тоот тогтоолыг өгсөн. Миний бие 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд хандсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр болон Монгол Улсын дээд шүүхээс миний нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэсэн.
Гэтэл Сонгуулийн Ерөнхий хороо дээд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Н.Б- нь Сонгуулийн ерөнхий хорооны хууль бус шийдвэрээс үүдэн 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшиж чадалгүй, сонгуулийн үйл ажиллагаанд зарцуулсан өөрийн хөрөнгөөр хохирсноос гадна тус шийдвэртэй холбоотойгоор гарсан нийтлэл, шийдвэрүүд нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн, сэтгэл санааны хохирол амссан. Тодруулбал, хууль бус шийдвэрээс үүдэн интернэт орчинд нэр хүндэд халдсан мэдээнүүд гарсан, мэдээний сэтгэгдэл хэсэгт интернэт хэрэглэгчдийн доромжилсон, нэр хүндэд илт халдсан сэтгэгдлүүд ирж байсан, Н.Б- нь Азийн хөгжлийн банкинд Техникийн мэргэжилтэн-ий орон тоонд зөвлөхөөр ажиллаж байсан ч нэр хүндэд халдсан мэдээ, мэдэгдлүүдээс болж Хөлсөөр ажиллах гэрээ цуцлагдсан.
Шүүх хуралдааны явцад 59,725,971 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 801 сонгогчийн гарын үсэг зуруулахад гарсан зардал 9,725,971 төгрөг, олох байсан орлого буюу цалин 28,661,470 төгрөг, эрүүл мэндэд учирсан хохирол 11,612,558 төгрөг, сэтгэл санааны хохирол 9,725,972 төгрөг, нийт 59,725,971 төгрөгийг гаргуулна гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 73 дугаар Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай тогтоол гарснаар нэхэмжлэгчид ямар бодит хохирол үүссэн нь тодорхойгүй бөгөөд тогтоогдоогүй байна. Харин, нэхэмжлэгчийн нэр дэвшигчээр бүртгүүлэхэд зарцуулсан 9,725,971 төгрөг нь дээрх тогтоол гарахаас өмнөх үйл явдал юм.
Нэхэмжлэгчид сэтгэл санааны хохирол учруулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг Сонгуулийн ерөнхий хороо гаргаагүй бөгөөд мөн хууль зүйн хувьд тогтоогдоогүй. Сонгуулийн ерөнхий хорооны 73 дугаар тогтоолоор нэхэмжлэгчид хохирол учруулсныг тогтоосон аливаа шийдвэр байхгүй.
Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгуулийн ерөнхий хорооноос 9,725,971 /есөн сая долоон зуун хорин таван мянга есөн зуун далан нэг/ төгрөгийг гаргуулан Н.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 50,000,000 /тавин сая/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 456,580 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 170,566 төгрөг /нэг зуун далан мянга таван зуун жаран зургаа/-ийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Н.Б- нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшихээр 801 дэмжигч сонгогчийн гарын үсэг зуруулах үйл ажиллагааны зардалд 9,725,971 төгрөг гаргасан гэж тайлбарлах бөгөөд түүнийг нотлох баримтаар хавтас хэрэгтэй авагдсан Үндэсний аудитын газарт 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүргүүлсэн Нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлангийн хураангуй болон Н.Б-гийн Төрийн банк дахь 340003794107 тоот дансны хуулгыг үндэслэн тайлбарласан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн дээрх тайлбар болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтад үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар нэр дэвшигч" гэж 25 нас хүрсэн, хуульд заасны дагуу Монгол Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг ойлгох бөгөөд мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т зааснаар сонгуулийн тойрогт нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэхээр хуульчилсан. Гэтэл нэхэмжлэгч Н.Б- нь хуульд заасны дагуу нэр дэвшигчээр бүртгэгдээгүй тул сонгуулийн зардлын данс нээх, улмаар мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 52 дугаар зүйлийн 52.1, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу сонгуулийн сурталчилгааны зориулалтаар зардал гаргах, тайлан гаргахтай холбоотой харилцаа үүсэх боломжгүй.
Гэтэл нэхэмжлэгч Н.Б- нь сонгуулийн зардлын явцын тайлангийн хураангуй маягтыг бөглөж Үндэсний аудитын газарт хүргүүлсэн байдаг. Уг маягтыг зөвхөн нэр дэвшигч холбогдох журмын дагуу бөглөж, мөн холбогдох анхан шатны санхүүгийн баримтын хамт Үндэсний аудитын газарт хүргүүлж улмаар мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэр дэвшигч зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан Үндэсний аудитын газар хүргүүлэх зохицуулалттай. Харин, нэхэмжлэгч Н.Б-гийн тухайд хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй, зөвхөн маягтыг бөглөж түүн дээр сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах зардлын ангилалд 9,725,971 төгрөг зарцуулсан гэх зөвхөн тоон утгыг бөглөж хүргүүлсэн. Дээр дурдсанаар нэхэмжлэгч Н.Б- нь уг тайланг гаргах эрхгүй. Мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсоох бөгөөд нэхэмжлэгч Н.Б- нь сонгуулийн сурталчилгааны хугацаанд гаргасан зардал гэх тоон утгыг бөглөж өгсөн байна.
Гэтэл шүүх анхан шатны санхүүгийн баримтаар нотлогдоогүй, мөн хугацааны хувьд бие даан нэрээ дэвшүүлэгч дэмжигч сонгогчийн гарын үсэг зуруулахад цаг хугацааны хувьд хамааралгүй, өөр ангилалд бөглөсөн зөвхөн тоон утгад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Мөн шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэхдээ нэхэмжлэгчээс шаардлагынхаа үндэслэл болгож буй зөрүүтэй, анхан шатны баримтаар нотлогдохгүй 2 төрлийн баримтыг харьцуулж, үнэлж дүгнэж үзсэнгүй. Тухайлбал, нэхэмжлэгч Н.Б- нь хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй, зөвхөн маягтыг бөглөж түүн дээр сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах зардлын ангилалд 9,725,971 төгрөг зарцуулсан гэх зөвхөн тоон утгыг бөглөж өгсөн боловч мөн бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагаа буюу 801 дэмжигч сонгогчийн гарын үсэг зуруулах үйл ажиллагааны зардалд нийт 4,400,000 төгрөг зарцуулсан гэх тоон утга бүхий анхан шатны санхүүгийн баримтаар нотлогдоогүй хүснэгтийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэтэл шүүх дээрх 2 зөрүүтэй баримт гэх тоон утга бүхий хүснэгтийг харьцуулан дүгнэж, эдгээр тоон утга нь санхүүгийн анхан шатны баримттай тулгаж, нягтлалгүйгээр бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагаа буюу 801 дэмжигч сонгогчийн гарын үсэг зуруулах үйл ажиллагааны зардалд 9,725,971 төгрөг зарцуулсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнээгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагч тал нь нэхэмжлэгчийг нэр дэвшигчээр бүртгэгдээгүй учир нэр дэвшигчийн тайлан гаргаж өгөх боломжгүй гэх зүйлийг ярьдаг. Гэтэл хариуцагч тал нь нэхэмжлэгчийг нэр дэвшигчээр бүртгэхээс өөрсдөө татгалзсан бөгөөд энэхүү татгалзал нь хууль бус болохыг шат шатны шүүх тогтоосон. Иймд, нэхэмжлэгчийг нэр дэвших эрхээр нь хангаагүй учир нэр дэвшихдээ зориулж гаргасан зардлаа нэхэмжилж шүүхэд хандсан тул энэ нь зайлшгүй шалтгаант холбоотой юм.
Нэхэмжлэгчийн хувьд төрийн байгууллагад олон жил ажилласан, сонгуульд анх удаа оролцож байсан, мөн олон түмний дэмжлэг, 20 жил төрийн байгууллагад ажилласан туршлага, мэдлэг зэрэгт маш их хохирол учирсан юм. Ерөнхийдөө сонгуультай холбоотойгоор 60,000,000 төгрөг орчим зардал гарсан ба үүнээс анхан шатны шүүх 801 сонгогчдын гарын үсэг цуглуулахтай холбоотой хэсгийг л хариуцагч талаас гаргуулахаар шийдвэрлэсэн. 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сар хүртэлх 2 сарын хугацаанд миний дансанд 12,313,000 төгрөгийн орлого орж, 12,267,000 төгрөгийн зарлага гарсан бөгөөд эдгээр зарлагуудаас би 9,725,971 төгрөгийг нь сонгуулийн зардалд гарсан болохыг тэмдэглэж нотлох баримтаар анхан шатны шүүхэд гаргаж өгсөн гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
1. Нэхэмжлэгч Н.Б- нь хариуцагч МХ-нд холбогдуулан сонгуулийн зардал 9,725,971 төгрөг, сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөг, нийт 59,725,971 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
2. Нэхэмжлэгч нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд явцад нэхэмжлэлийн шаардлагаа 801 сонгогчийн гарын үсэг зуруулахад гарсан зардал 9,725,971 төгрөг, олох байсан орлого буюу цалин 28,661,470 төгрөг, эрүүл мэндэд учирсан хохирол 11,612,558 төгрөг, сэтгэл санааны хохирол 9,725,972 төгрөг, нийт 59,725,971 төгрөгийг гаргуулна гэж өөрчилжээ. /1хх234/
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн шүүгч нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах, хариу тайлбар, татгалзал болон нотлох баримт өгөх үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг тайлбарлаж өгөх үүрэгтэй.
Тодруулбал, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь анх гаргасан нэхэмжлэлийг өөрчилсөн байхад шүүх уг өөрчилсөн шаардлагыг хариуцагч талд гардуулж, түүнтэй холбоотой тайлбар, холбогдох нотлох баримтыг бүрдүүлэх боломж олгож, талуудыг уг өөрчилсөн шаардлагатай холбогдуулан мэтгэлцэх боломж олгоогүй, зохигчдын хуульд заасан эрхийг зөрчсөн байна.
4. Түүнчлэн, нэхэмжлэгчээс 801 сонгогчийн гарын үсгийг цуглуулахад гарсан зардал 9,725,971 төгрөгийг эд хөрөнгөнд учирсан хохиролд тооцон нэхэмжилсэн ба 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлангийн хураангуй гэх баримтыг анхан шатны шүүх үндэслэн хэргийг шийдвэрлэжээ./1хх203-206/
4.1. Гэтэл уг баримтыг нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Үндэсний аудитын газраас авсан бөгөөд нэхэмжлэгч нь уг хураангуй тайлантай холбоотой санхүүгийн анхан шатны эх баримтуудыг Үндэсний аудитын газарт өгсөн атал түүнийг ирүүлээгүй, зөвхөн тайлангийн хураангуй маягтыг ирүүлсэн гэж тайлбарлаж байна./1хх196-200/
4.2. Иймд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн тус шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШТ/2024/00277 дугаартай тогтоолын биелэлт бүрэн хангагдаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.
4.3. Түүнчлэн, нэхэмжлэгч нь 801 нэр дэвшигчийн гарын үсгийг цуглуулахтай холбоотой гарсан зардлыг жагсаасан Нэр дэвшихтэй холбоотой гарсан зардал гэх баримтыг үйлдэж өгсөн байна. Гэтэл шүүхээс уг баримтыг тодруулж, шүүхийн шийдвэрт уг баримтыг хэрхэн үнэлсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна./1хх13/
5. Дээрх хэрэг ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаав.
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2024/04086 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Ц.АЛТАНЦЭЦЭГ